Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 518

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Батбаатар, шүүгч Н.Долгорсүрэн тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Б, Ц.Д, С.О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/101, Б/104 дүгээр тушаалуудыг хууль бус байсныг тогтоолгож, хүчингүй болгуулах, хууль бус актын улмаас учирсан хохирол ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын зөрүүг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, Ц.Д, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч С.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, иргэдийн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б, Ц.Д, С.О нар нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/101 дүгээр тушаалаар тус Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн С.О-г, Б/98 дугаар тушаалаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Д-г, Б/104 дүгээр тушаалаар Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Б-г тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч С.О нь төрийн албанд 10 дахь жилдээ, Ц.Д нь төрийн албанд 13 дахь жилдээ, Ч.Б нь төрийн албанд 26 дахь жилдээ тус тус ажиллаж байна. Нэхэмжлэгч С.О, Ц.Д, Ч.Б нарыг ажлаас чөлөөлөх тухай Б/101, Б/98, Б/104 дүгээр тушаалыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалт батлах тухай” А/862 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын 2017 оны А/33 дугаар захирамжийг тус тус үндэслэсэн. Тушаалын хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “...тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчимтай зөрчилдөж байна гэж үзэж байна.

Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “...тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.” гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалт батлах тухай” А/832 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт “Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын ажлын байр /албан тушаал/-ны үлгэрчилсэн жагсаалт”-аар Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 68 хүртэл байхаар нэмэгдүүлсэн. Төрийн албан хаагчдын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан, Тамгын газрын ажлын байр /албан тушаал/-ын орон тоо хасагдаагүй зэргийг харгалзан үзээгүй, төрийн жинхэнэ албан тушаалд орох мэргэшлийн сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүсийг ажилд томилсон үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”- ыг дагаж мөрдөөгүй байна.

Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлнө:”, 23 дугаар зүйлийн 23.3.2 дахь заалтад “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон; гэж заасан. Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол хариуцсан мэргэжилтнээр томилогдсон Б.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар БНСУ-д 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байсан. Ажлаас түр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан чиг үүргээ “сайн” үнэлүүлж ажиллаж байсан нэхэмжлэгч Ц.Дг чөлөөлж томилсон нь төрийн албаны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч С.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.Б, Ц.Д, С.О нар ажлаас үндэслэлгүй халсан тушаалуудыг хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай. Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын Б/98 тоот тушаалаар Ц.Дг, Б/104 тоот тушаалаар Ч.Бг, Б/101 тоот тушаалаар С.Ог тус тус ажлаас халсан боловч бүгд нэг үндэслэлээр халагдсан байдаг. Уг тушаалуудын хууль зүйн үндэслэлд байгууллагад бүтцийн өөрчлөлт хийсэн тул эдгээр хүмүүсийг ажлаас халсан гэж тайлбарласан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг зөрчиж нэхэмжлэгч нарыг хөдөлмөрийн харилцаанд ялгарал, давуу байдал тогтоож ажлаас халсан гэж үзэж байна. Бүтцийн өөрчлөлт хийсэн мэт боловч нэхэмжлэгч нарын ажиллаж байсан албан тушаалд өөрчлөлт хийгдээгүй, орон тоо хасагдаагүй, нэмэлт орон тоо гарсан байхад бүтцийн өөрчлөлт гэсэн шалтгаанаар ажлаас халсан байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “...Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан байхад тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчиж гарсан тушаал юм. Ц.Д нь эрх зүйч мэргэжилтэй, тус байгууллагад боловсрол хариуцсан мэргэжилтэн байсан. Гэтэл бүтцийн өөрчлөлтөөр төрийн бус байгууллага, боловсрол хариуцсан мэргэжилтэн буюу зөвхөн нэрийг нь өөрчилж ажлаас халсан байдаг. Боловсролын тухай хуулийн дагуу боловсролын байгууллага нь төрийн бус байгууллагуудыг шалгах чиг үүрэгтэй байдаг учраас ажлын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэх үндэслэлтэй байна. Ц.Дгийн ажлыг авсан н.Т нь эрх зүйч биш багш мэргэжилтэй бөгөөд удаан хугацаагаар гадаадад амьдарсан, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн буюу нөөцөд бүртгэлтэй иргэн байсан. Чиг үүргийн дагуу ажиллаж байсан ажилтныг халж, нөөцөд бүртгэлтэй иргэнийг сонгосон нь хөдөлмөрийн харилцаанд шударга бус байдлыг бий болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн албаны үндсэн зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна.

Ч.Б нь Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн байсан. Өвчтэй буюу эмнэлэгт хэвтэж байхад ажлаас чөлөөлсөн тухай тушаал гарсан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчсөн тул хууль бус акт юм. Ч.Бгийн хэлтэст бүтэц орон тоо хасагдаагүй харин нэмэгдсэн байдаг.

С.О нь банк хариуцсан, төлбөр тооцооны мэргэжилтэн байсан. Тус харьяалагдах хэлтэст мөн орон тоо нэмэгдсэн боловч хасалт огт явагдаагүй. Хариуцаж байсан албан тушаалын нэр ч өөрчлөгдөөгүй байхад ажлаас халсан нь мөн хууль бус шийдвэр болсон. Мөн ажлаас халагдсан бүх хүнд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагаа явуулаагүй буюу ажлаас халагдах талаар хэлсэн, сонсгосон, хариу тайлбарыг нь авсан ажиллагаа огт хийгдээгүй боловч бүх ажилтанд бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаас чөлөөлж байгаа талаар мэдэгдэл хүргүүлж, тус мэдэгдлийн дагуу тушаал гарган эгүүлэн томилохдоо нэхэмжлэгч нарын эрхийг зөрчиж ажлаас халсан тухай хууль бус акт гаргасан байдаг. Нэхэмжлэгч нар ажлаас халагдсаны дараа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад эдгээр маргаан бүхий захиргааны актууд нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсний дагуу Б******* дүүргийн Тамгын газарт өргөдөл гаргахад хариу тайлбар өгөөгүй. Мөн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тэтгэвэрт гарах насанд ойртсон ажилтныг ажлаас халахыг хориглоно гэж заасан байдаг. Ч.Б нь тухайн ажлаас халагдах үед, тэтгэвэрт гарахад 2 жил дутуу байсан бөгөөд одоо 1 жил дутуу болсон. Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн ба байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг ч мөн зөрчиж хууль бус актууд үйлдсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7-д заасны дагуу маргаан бүхий тушаалуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож мөн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу учирсан хохирлыг хариуцагчаар арилгуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай. Хохирлоо тодорхойлохдоо: Ч.Б нь нийт 97 өдөр ажилгүй байсан. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 5,634,471 төгрөг (таван сая, зургаан зуун гучин дөрвөн мянга, дөрвөн зуун далан нэгэн төгрөг), Ц.Д нь нийт 120 өдөр ажилгүй байсан. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 5,062,021 төгрөг (таван сая, жаран хоёр мянга, хорин нэгэн төгрөг), С.О нь нийт 99 өдөр ажилгүй байсан. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 3,984,421 төгрөг (Гурван сая, есөн зуун наян дөрвөн мянга, дөрвөн зуун хорин нэгэн төгрөг) буюу ээлжийн амралтын зөрүүг оруулж тооцсон нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн юм” гэв.

Хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.А******* нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1/679 дугаар албан бичгээр шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ч.Б, Ц.Д, С.О нарын гаргасан Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/101, Б/104 дүгээр тушаалууд хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, хууль бус актын улмаас учирсан хохиролд ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын зөрүүг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах шаардлагын хувьд:

Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад дурдсанаар “ажлаас халсан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 4.2.5-д “Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх”, мөн хуулийн 23.3, 23.3.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 24, 27, 29 дүгээр зүйлийг зөрчсөн буюу урьдчилан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй гэж маргажээ. Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжийн дагуу тус дүүргийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/33 дугаар “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай” захирамжаар Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан. Тус захирамжийн 4 дүгээр заалтаар Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг боловсруулан баталж, ажилтан, албан хаагчдыг томилж, шинээр батлагдсан болон сул орон тоонд томилогдох албан хаагчдыг сонгон шалгаруулалт явуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Б.А*******д үүрэг болгосон байна. Захирамжаар үүрэг болгосны дагуу Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/13 дугаар тушаалаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлагдах болсонтой холбогдуулан Ажлын байр /Албан тушаал/-ны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.П******* ахлагчаар, гишүүдээр Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.С*******, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.С*******, Зам, тээвэр, барилга, байгууламж, холбоо хариуцсан ахлах мэргэжилтэн Х.А, Архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Э, Аж ахуйн тасгийн дарга Д.Б, Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч О.Б, Худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.О, нарийн бичгийн даргаар Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Б нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Ажлын хэсэг 03 дугаар сарын 15-нд анх хуралдаж, ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөг батлуулах, хэрхэн ажлын байрны тодорхойлолт боловсруулах тухай танилцуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хоёрдугаар хуралдааныг 04 дүгээр сарын 03-ны өдөр хийж, ажлын байрны тодорхойлолтын төсөл боловсруулах, ажлын байрны шинжилгээний үр дүнгийн асуудлыг хэлэлцэж, ажлын байрны тодорхойлолтын төслийг бэлтгэн Тамгын газрын даргад танилцуулахаар шийдвэрлэсэн байна. Засаг даргын Тамгын газрын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/26 дугаар “Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт батлах тухай” тушаалаар ажлын байрны жагсаалтад орсон өөрчлөлтийг нэгдүгээр хавсралтаар, шинэчлэн боловсруулсан албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтыг хоёрдугаар хавсралтаар баталсан байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйп ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 19- ний өдөр ажлын хэсэг гурав дахь удаагаа хуралдаж, батлагдсан ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлын байранд тохирох мэргэжилтнийг сонгон шалгаруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Ажлын хэсгийн ажилласан зарчим нь тухайн хэлтсийн төлөөлөл болсон ажлын хэсгийн гишүүн нь саналаа хэлж, тус саналын талаар ажлын хэсэг бүхэлдээ харилцан ярилцаж, сонгон шалгаруулалт хийсэн болно. Нэхэмжлэгч Ц.Д нь боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Тамгын газрын шинэчилсэн бүтцээр боловсрол хариуцсан мэргэжилтний орон тоог ажлын байрны уялдаа холбоог харгалзан төрийн бус байгууллагатай нэгтгэн нэг ажлын байр болгосон. Иймээс төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн Б.Т, Ц.Д нарыг сонгон шалгаруулсаны үндсэн дээр Ц.Дг чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч Ч.Б нь Худалдаа үйлчилгээний хэлтсийн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд шинэчилсэн бүтцээр ажлын байр байхгүй болсон тул ажлаас чөлөөлсөн байна. Ч.Б нь эмнэлгийн магадалгаатай байх үед ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй бөгөөд эмнэлгийн магадалгаатай гэдгээ байгууллагад мэдэгдээгүй, чөлөөлсөн хойно 2017 оны 05 дугаар сард эмнэлгийн хуудсаа нягтлан бодогчид өгсөн байна. Мөн 2 жилийн дараа тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх байсан гэдэг нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

Нэхэмжлэгч С.О нь Санхүү, төрийн сангийн хэлтсийн банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2013 оны А/109 дүгээр захирамжаар батлагдсан бүтцээр тус хэлтэс нь ахлахийг оролцуулан банкны төлбөр тооцоо хариуцсан 6 мэргэжилтэнтэй байсан бол шинэчилсэн бүтцээр төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн З байхаар батлагдсан тул нэхэмжлэгчийн орон тоо хасагдаагүй байхад чөлөөлсөн гэх гомдол үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэж тайлбарласан. Үүний дагуу Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/13 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг холбогдох албан хаагчдын дунд шалгаруулалт явуулж, тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ажпаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй. Нэхэмжлэгч нарт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговрыг олгосон тул нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ... Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж заасан байна. Төрийн албан хаагчийг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг Төрийн албаны тухай тухайлсан хуулиар зохицуулдаг. Иймд бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу албан хаагчдад сонгон шалгаруулалт явуулж, ажлаас чөлөөлсөн нь хууль тогтоомж зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоол Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаартай Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай захирамжийн дагуу Б******* дүүргийн Засаг дарга нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсан. Тус захирамжийн 4 дүгээр заалтаар батлагдсан нөхцөлд орон тооны дагуу ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталж ажилтан, албан хаагчдыг томилж, шинээр батлагдсан болон, сул орон тооны төлөө албан хаагчдын сонгон шалгаруулалт явуулж ажиллахыг Тамгын газрын дарга Б.А*******д үүрэг болгосон байдаг. Энэхүү захирамжаар үүрэг болгосны дагуу Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны А/13 дугаар тушаалаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлагдах болсонтой холбогдуулан ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэгт ахлагчаар Захиргаа хуулийн хэлтсийн дарга, гишүүд Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч болон Зам тээвэр, барилга байгууламж, холбоо харилцааны ахлах мэргэжилтэн, Архив бичиг хэргийн эрхлэгч, Аж ахуйн тасгийн ахлагч, Тамгын газрын санхүү, Төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч, Худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, Нарийн бичгийн даргаар хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөг батлуулах, хэрхэн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах талаар анх 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хурал хийсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.2.3-д “...төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажлын хэсэг 3 дахь удаагаа хуралдаж батлагдсан ажлын байрны тодорхойлолтын дагуу тухайн ажлын байран дахь мэргэжилтний сонгон шалгаруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. Ажлын хэсгийн ажилласан зарчим нь тухайн хэлтсийн төлөөлөл болсон ажлын хэсгийн гишүүн саналаа хэлж тус саналын талаар ажлын хэсэг бүхэлдээ харилцан ярилцаж сонгон шалгаруулалт хийсэн. Тус ажлын хэсгийн 9 гишүүнд хэлтэс тус бүрийн дарга нар багтсан. Нэхэмжлэгч Ц.Д нь боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Тамгын газрын шинэчилсэн бүтцээр тухайн ажлын байранд боловсрол хариуцсан мэргэжилтний орон тоо, ажлын байрны уялдаа холбоог харгалзаж төрийн бус байгууллагатай нэгтгэн нэг ажлын байр болгосон. Иймд төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн н.Т болон Ц.Д нарт сонгон шалгаруулалт Ц.Дг ажлаас чөлөөлсөн. Ч.Б нь Худалдаа үйлчилгээний хэлтсийн жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Шинэчилсэн бүтцээр тухайн ажлын байр нь байхгүй болсон тул ажлаас чөлөөлсөн. Тус нэхэмжлэгч эмнэлгийн магадалгаатай байхад ажлаас халсан гэж тайлбарласан. Энэ талаар нэхэмжлэгч нь манай байгууллагад мэдэгдээгүй. Ажлаас чөлөөлсөн 2017 оны 05 дугаар сард эмнэлгийн магадалгаа нягтлан бодогчид өгсөн байдаг. С.О нь санхүү төрийн сангийн хэлтсийн банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Б******* дүүргийн Засаг даргын 2013 оны А/109 дүгээр захирамжийн дагуу батлагдсан бүтцээр тус хэлтэс нь ахлахыг нь оролцуулаад банкны төлбөр тооцоо хариуцсан 6 мэргэжилтэнтэй байсан бол шинэчилсэн бүтцээр төлбөр тооцоо хариуцсан 3 мэргэжилтэн болж орон тоо цөөрсөн. Улсын дээд шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд, шалгаруулж байгаа эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн ихээр хангаж буй ажилтныг сонгохыг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Үүний дагуу Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны А/13 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь холбогдох албан хаагчдын дунд шалгаруулалт явуулж тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нарт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг, ажилласан хугацаанд ээлжийн амралтын олговрыг тус тус олгосон байдаг. Ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч тал тухайн ажлын байрнаас чөлөөлсөнтэй холбоотой Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй гэж дурдсан. Хариуцагч байгууллагаас 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөх талаар албан хаагчдад мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Энэ хугацаанд нэхэмжлэгч нар сонсох ажиллагаатай холбоотой санал хүсэлт гаргах боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч Н.Э нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ажлаас халагдсан /иргэдийн/ нэхэмжлэгчдийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/101, Б/104 дүгээр тушаалуудыг хүчингүйд тооцож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” гэж тодорхойлж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/101, Б/104 дүгээр тушаалуудыг хууль бус байсныг тогтоолгож, хүчингүй болгуулах, хууль бус актын улмаас учирсан хохирол ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын зөрүүг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” гэж тодруулан өөрчилсөн.

Мөн урьд гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсанаа” бичгээр илэрхийлсэн бөгөөд мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан ...нэхэмжлэлийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно” гэж заасныг баримтлан Ч.Б, Ц.Д, С.О, Ц.А, З.П, Н.Т, П.Э нарын нийт 7 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэргээс Ц.А, З.П, Н.Т, П.Э нарын нэхэмжлэлтэй Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Ч.Б, Ц.Д, С.О нар нь “урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох” шаардлагаасаа татгалзаж энэ талаараа шүүхэд бичгээр илэрхийлсэн  бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасантай тус тус нийцэж байх тул, нэхэмжлэгч нарын татгалзлыг батлан, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч Ч.Б, Ц.Д, С.О нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бүтэц өөрчлөгдөж орон тоо хасагдсан гэх боловч орон тоо хасагдаагүй нэмэгдсэн, нэхэмжлэгч нарын ажлын байр, албан тушаал өөрчлөгдөөгүй, ажлын байранд сонгон шалгаруулалт хийсэн гэдэг боловч сонгон шалгаруулалтыг хийгээгүй, ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад хууль зөрчин ажлаас чөлөөлсөн, мөн хариуцагчийн гаргасан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарладаг ба харин хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...бүтцийн өөрчлөлтөөр нэхэмжлэгч нарын ажлын байрны нэр, чиг үүрэг өөрчлөгдсөн, иймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан албан хаагчийг сонгон шалгаруулж авсан” гэх агуулга бүхий тайлбарыг гарган нэхэмжлэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг үгүйсгэн маргасан болно.

Шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан бүтэц орон тоо өөрчлөгдсөн, ажлын байрны чиг үүрэг хадгалагдан үлдсэн гэх үндэслэл тус бүрд нь, харин хариуцагчийн гаргасан маргаан бүхий актын хууль үндэслэлд нэгтгэсэн дүгнэлт хийх замаар хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай харьцуулан судалж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар: 

Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай А/832 дугаар захирамжийг тус тус үндэслэсэн гаргасан Б******* дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай” А/33 дугаар захирамжийн  2 дахь заалтаар тус дүүргийн Засаг даргын тамгын газрын бүтцийг баталсан байх ба уг захирамжийн 4 дэх заалтад “Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг боловсруулан баталж, ажилтан, албан хаагчдыг шинээр томилж, шинээр батлагдсан болон сул орон тоонд томилогдох албан хаагчдыг сонгон шалгаруулалт явуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Б.А*******д үүрэг болгосон байна.

Үүний дагуу Засаг даргын Тамгын газрын даргаас 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/13 дугаар тушаалаар  “ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, мөн ажлын хэсгийн төлөвлөгөөг уг тушаалын хавсралтаар баталсан байдаг.

Тус ажлын хэсэг нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа “ажлын хэсгийн гишүүд өөрийн харьяалах хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг судлан загвар ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан дараагийн хуралд танилцуулахаар” шийдвэрлэсэн ба тус ажлын хэсгийг 3 дахь удаагаа хуралдсаны дараа  Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас “Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт батлах тухай” 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/26 дугаар  тушаалыг гаргажээ.  

1.Бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдсан гэх үндэслэлийн талаар

Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газар нь өмнө нь нийт 6 хэлтэс 65 орон тоотойгоор ажиллаж байсан болох нь Б******* дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай” А/109 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар; 

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 8 дугаар тогтоолоор 5 дахь заалтаар “...нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Б******* ...дүүрэгт 68 хүртэл /нормативаар ажиллах орон тоо орохгүй гэж заасан/ байхаар тогтоосон нь”; 

Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай А/832 дугаар захирамжийн хавсралтаар  Б******* дүүргийн Засаг даргын тамгын газрын ажлын байр /албан тушаал/-ны үлгэрчилсэн жагсаалтыг батлан Б******* дүүрэгт 7 хэлтэс Цэргийн штабтай, нийт 61 орон тоотой /үүнээс 4 нормативаар ажиллах орон тоотой/ байхаар тогтоосон нь;

Дээрх Засгийн газрын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн гаргасан Б******* дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/33 дугаар захирамжийн хавсралтаар  нийт 68 /норматив 1 орон тоог хасаад 67/ орон тоотой байхаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг баталсан байдаг ба үүний дараа хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/26 дугаар  тушаалыг гарган 6 хэлтэс, Цэргийн штабыг оруулаад 67 орон тоотой / норматив 2 орон тоог нэмээд 69/ байхаар Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг баталсан болох нь тус тус тогтоогдож байна.

Дээрх бүтэц орон тоо, ажлын байрны жагсаалтыг баталсан актуудыг харьцуулан үзвэл Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газар нь өмнө нь нийт 7 хэлтэс 65 орон тоотойгоор үүнээс Төрийн сангийн хэлтсийн нормативт 3 орон тоог хасвал нийт 62 орон тоотой ажиллаж байсан байх ба хариуцагчийн 2017 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан буюу одоогийн бүтцээр нийт 6 хэлтэс, /Цэргийн штабыг оруулаад 7/ 67 орон тоотой /норматив 2 орон тоог нэмээд 69/-оор ажиллахаар тогтоогдсон байна. Үүнээс:

1.1. Нэхэмжлэгч Ч.Бгийн тухайд түүний ажиллаж байсан Худалдаа үйлчилгээний хэлтэс өмнөх бүтцээр 5 орон тоотой байснаас хэлтсийн нэр Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болж өөрчлөгдөн, 7 орон тоотой болж, 2 орон тоо нэмэгдсэн

1.2. Нэхэмжлэгч Ц.Дгийн ажиллаж байсан Нийгмийн хөгжлийн хэлтэс нь өмнөх бүтцээр 6 орон тоотой байсан бол шинэ бүтцээр мөн 6 орон тоотойгоор батлагдсан

1.3. С.Огийн ажиллаж байсан Санхүү, төрийн сангийн хэлтэс нь өмнөх бүтцээр 10 орон тоотой /норматив 3 орон тоог нэмээд 13/ байснаас 10 /норматив 2 орон тоог нэмээд 12/ тоотой болсон нь тус тус тогтоогдож байх ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын ажиллаж байсан хэлтэс, орон тоо нь өөрчлөгдсөн, орон тоо цөөрсөн нөхцөл байдалгүй байхад хариуцагч, түүний төлөөлөгч нарын зүгээс “бүтэц өөрчлөгдсөн, орон тоо цөөрсөн буюу хасагдсан” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

2. Хариуцагчаас нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актууд болох Б/98, Б/101, Б/104, дүгээр тушаалуудад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасныг үндэслэл болгосон байдаг.

Иймд хариуцагч албан тушаалтнаас төрийн жинхэнэ албан хаагч 3 иргэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үндэслэлээ Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан хуулийн зохицуулалтад хамааруулан тайлбарладаг. 

Гэвч шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх үүднээс “ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн, нэхэмжлэгч нарт сонгон шалгаруулалт” явуулсан гэх үндэслэлийн талаар нэхэмжлэгч тус бүрийн шаардлага, хариуцагчийн татгалзлаа тайлбарласан үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн болно.

2.1. Нэхэмжлэгч Ч.Бгийн тухайд  Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн “Ч.Бг ажлаас чөлөөлөх тухай” Б/104 дүгээр тушаалаар тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн чөлөөлсөн байх ба уг актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “Ч.Бгийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалт, байгууллагын дотоод журмыг тус тус зөрчин Ч.Бг тэтгэврийн насанд хүрч, тэтгэвэр авах эрх үүсэх хүндэтгэн үзэх шалтгаантай байхад мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд нь чөлөөлсөн” гэх агуулгаар тайлбарладаг ба түүний ажиллаж байсан Худалдаа үйлчилгээний хэлтсийн нэр Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болж өөрчлөгдсөн, 5 орон тоотой байснаас 7 орон тоотой болж, 2 орон тоо нэмэгдсэн нь өмнө тогтоогдсон. 

Хариуцагчаас Ч.Бгийн ажлын байр байхгүй болсон гэж тайлбарладаг боловч, нэхэмжлэгчээс Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний ажлын байр, албан тушаалын чиг үүргийг хувааж Үйлдвэрлэл, инноваци хариуцсан мэргэжилтэн, Аялал жуучлал, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтний чиг үүрэг дээр нэмж өөрчилсөн гэж тайлбарласан нь үндэслэлтэй, энэ талаар хариуцагч, түүний төлөөлөгчийн зүгээс маргаагүй болно. 

Хэдийгээр нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг 2 хуваагдан, нэршлийг нь өөрчлөн 2 албан тушаал (ажлын байр)-ын ажлын байрны чиг үүрэгт нэмсэн нь тогтоогдож байх боловч тус хэлтсийн орон тоо 5-аас 7 болж нэмэгдсэн  байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, тэрээр “...албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу сонгон шалгаруулалтыг хийлгүйгээр уг хэлтэст огт ажиллаж байгаагүй хүмүүсийг шинээр ажилд авсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд

Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн “Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх” тухай Б/93 дугаар тушаалаар  тус нийт 91 /үйлчилгээний албан хаагчдыг оруулаад/ ажилтан, албан хаагчдыг чөлөөлөхдөө Ч.Бгийн ажиллаж байсан “Худалдаа, үйлчилгээний хэлтэс”-ээс дарга Б.Х*******, мэргэжилтэн Ч.Б, Ч.О, Д.Э, Г.З******* нарын нийт 5 албан хаагчийн чөлөөлж, хариуцагчаас мөн өдөр “Албан хаагчдыг ажилд томилох тухай” Б/94 дүгээр тушаалыг  гаргахдаа Ч.Бг ажил албан тушаалд нь буцаан томилоогүй байдаг. 

Харин энэхүү Б/94 дүгээр тушаалаар “Худалдаа, үйлчилгээний хэлтэс”-т дарга Б.Х*******, мэргэжилтэн Ч.О, Д.Э, Г.З******* нараас гадна Ц.Ж*******г “Аялал жуучлал, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтний” албан тушаалд шинээр, өмнө нь уг хэлтэст ажиллаж байгаагүй Б.Азбаяр, Ц.Нямсүрэн нарыг шинээр мэргэжилтнээр томилсон ба өмнө нь Худалдаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.З*******г шинээр баталсан баталсан “Үйлдвэрлэл инноваци хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилохдоо Г.З*******, Ч.Б нарын дунд сонгон шалгаруулалт явуулаагүй, мөн нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүргийг хариуцуулсан Аялал жуучлал, ахуй үйлчилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд Ц.Ж*******г юуг үндэслэн томилсон нь тодорхойгүй байна. Хариуцагч, түүний төлөөлөгч нарын зүгээс “ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан” гэх тайлбарыг гаргадаг боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ч.Бг урьд эрхэлсэн албан тушаалд нь буцаан томилохгүйгээр тухайн өдрөө буюу 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр “Ч.Бг ажлаас чөлөөлөх тухай” Б/104 дүгээр тушаалыг  гарган нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус болжээ.

Учир нь хариуцагч, түүний төлөөлөгчөөс Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан “ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг “сонгон шалгаруулалт”-ыг явуулсан гэж тайлбарладаг боловч уг ажлын хэсэг нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн нэгдүгээр  хуралдаанаараа “Ажлын хэсгийн гишүүд өөрийн харьяалах хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг судлан загвар ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан дараагийн хуралд танилцуулахаар шийдвэрлэсэн”, 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хоёрдугаар  хуралдаанаараа “Ажлын хэсгийн гишүүд хариуцсан хэлтсийн ажлын байрны тодорхойлолтын төслийг бэлтгэн Тамгын газрын даргад танилцуулахыг үүрэг болгож шийдвэрлэсэн”, 2014 оны 04 дүгээр сарын 19-ний гуравдугаар  хуралдаанаараа “Тамгын газрын шинэ бүтэц, зохион байгуулалтын төслийг Тамгын газрын даргад танилцуулахаар тус тус шийдвэрлэсэн байх ба дээрхээс хоёрдугаар болон гуравдугаар хуралдаанд ажлын хэсгийн гишүүн Ч.Октябрийн зүгээс Худалдаа үйлчилгээний хэлтэст зарим орон тоог нэмж, зарим албан тушаалын чиг үүргийг нэмж нэгтгэх талаар санал хэлснээс өөрөөр Ч.Бг Г.З*******тай “Үйлдвэрлэл, инноваци хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоонд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа эсэхэд сонгон шалгаруулсан гэх нөхцөл байдал, үг өгүүлбэр дээрх тэмдэглэлүүдэд байхгүй байна. Иймээс төрийн жинхэнэ албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “албан хаагчдыг сонгон шалгаруулсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тохиолдлыг хуульчилсан ба мөн зүйлийн 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” гэж заасан байна. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн уг заалтыг зөрчин нэхэмжлэгч Ч.Бг эмнэлгийн магадлагаатай байх үед ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь хууль бус байна. Тэрээр “эмнэлгийн магадлагаатай гэдгээ байгууллагад мэдэгдээгүй” гэж маргасан нь үндэслэлгүй болох нь Ч.Бд олгосон 0921904 дугаартай “Эмнэлгийн хуудас”,  Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас Ч.Бгийн эмнэлгийн магадлагаатай байх үеийн олговрыг нөхөн олгосон “Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон жагсаалт”,  “Төлбөрийн хүсэлт”  зэрэг санхүүгийн баримтууд тус тус тогтоогдож байна. Учир нь хэрэв Ч.Бг тухайн өдрүүдэд ажил тасалсан гэж үзсэн бол хариуцагчаас түүнд эмнэлгийн магадлагаатай байх үеийн олговрыг нөхөн олгох боломжгүй юм. 

2.2. Нэхэмжлэгч Ц.Дгийн тухайд Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн “Ц.Дг ажлаас чөлөөлөх тухай” Б/98 дугаар тушаалаар тус дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсрол хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “Ц.Дгийн орон тоо хэвээр байхад гадаадад сургалтад хамрагдаж байсан мэргэжилтэн Б.Тг томилсон, Б.Т нь эрх зүйч мэргэжилгүй, нөөцөд бүртгэлтэй байсан, багш мэргэжилтэй, иргэнийг оронд томилсон, сонгон шалгаруулалтыг явуулаагүй” гэх тайлбарлан маргасан ба түүний ажиллаж байсан Нийгмийн хөгжлийн хэлтсийн нэр өмнөх бүтцээс өөрчлөгдөөгүй, мөн 6 орон тоотой байснаас шинэ бүтцээр мөн 6 орон тоотойгоор батлагдсан байдаг. 

Харин нэхэмжлэгчийн эрхэлж байсан Боловсрол хариуцсан мэргэжилтний ажил албан тушаал (ажлын байр)-ын ажлын байрны чиг үүрэг дээр Соёл урлаг, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтний /Б.Т/ “төрийн бус байгууллагын чиг үүргийг” нэмж,  “Боловсрол, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоог баталсан байх ба, хариуцагчаас 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн “Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх” тухай Б/93 дугаар тушаалыг гарган тамгын газрын ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, мөн өдөр “Албан хаагчдыг ажилд томилох тухай” Б/94 дүгээр тушаалыг  гарган буцаан томилохдоо Ц.Дг “Боловсрол, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн”-ий ажил албан тушаалд буцаан томилоогүй байна. 

Нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг дээр “төрийн бус байгууллага” хариуцах чиг үүрэг нэмэгдсэн хэдий ч тус хэлтсийн орон тоо цөөрөөгүй байхад, түүнчлэн “...албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” дагуу Ц.Д, Б.Т нарын дунд сонгон шалгаруулалтыг хийлгүйгээр, мөн уг хэлтэст огт ажиллаж байгаагүй Э.О*******ыг шинээр ажилд авсан болох нь Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны “Албан хаагчдыг ажлаас чөлөөлөх” тухай Б/93 дугаар, “Албан хаагчдыг ажилд томилох тухай” Б/94 дүгээр тушаалуудын хавсралтаар тус тус тогтоогдлоо. 

Иймээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй ба түүнд Төрийн албаны тухай хуулиар олгогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Мөн хариуцагч, түүний төлөөлөгчөөс Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан “ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хоёрдугаар  хуралдаанд ажлын хэсгийн гишүүн С.С******* “Боловсрол хариуцсан мэргэжилтний чиг үүрэг дээр төрийн бус байгууллагыг нэмж нэг ажлын байр, албан тушаал болгохоор саналаа хэлсэн байдаг ба мөн ажлын хэсгийн 2014 оны 04 дүгээр сарын 19-ний гуравдугаар  хуралдаанд гишүүн С.С******* “Ц.Д, Б.Т хоёрыг сонгон шалгаруулж үзсэн, “Боловсрол, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн”-ий шалгуурыг Б.Т хангаж байгаа” гэх агуулгатай саналыг хэлснээс өөрөөр ажлын хэсгийн бусад гишүүд санал хэлээгүй, уг хуралдаанаас дээрх 2 ажилтнаас Б.Тг сонгосон гэх дүгнэлт, шийдвэр гараагүй  байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэдгийг “эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохоор” ойлгож хэрэгжүүлэх ба гуравдугаар хуралдаанд С.Сувд-Эрдэнийн хэлсэн дээрх саналыг ажлын хэсгийн гишүүд дэмжсэн эсхүл эсэргүүцсэн талаар тэмдэглэлд тусгагдаагүй, түүнчлэн уг албан тушаалд Б.Тг шаардлагыг илүү хангаж байгаа талаар ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байхад сонгон шалгаруулалтыг явуулсан гэж үзэхгүй бөгөөд зүй нь С.С*******эс гаргасан саналыг ажлын хэсгийн бусад гишүүдээс хэлэлцэн харилцан санал хэлсэн, 2 ажилтны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь танилцуулан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа талаар нэгтгэсэн дүгнэлт гаргаснаар “сонгон шалгаруулсан” гэж үзэхээр байна. Тэрээр ажлын байр, албан тушаалын тодорхойлолтыг өөрчлөх, зарим чиг үүргийг өөр мэргэжилтний албан тушаалын чиг үүрэгтэй нэмж өөрчлөх талаар ажлын байрны шинжилгээ, тодорхойлолт, үнэлгээг бодитойгоор хийлгүйгээр Б.Тгийн эрхэлж байсан ажил албан тушаал болох “Соёл урлаг, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрыг “Соёл урлаг, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн” болгож өөрчилсөн нь үндэслэлгүй бөгөөд шинээр бий болгосон энэ орон тоонд уг хэлтэст огт ажиллаж байгаагүй Э.О*******ыг авч ажиллуулсан хариуцагчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Учир нь Б.Тг сонгон шалгаруулсан гэж үзсэн тохиолдолд Ц.Дг “Соёл урлаг, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн” ажлын байранд ажиллуулах бүрэн боломжтой байжээ.

2.3. Нэхэмжлэгч С.Огийн тухайд хариуцагчийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “С.Ог ажлаас чөлөөлөх тухай” Б/101 дүгээр тушаалаар  тус тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн “Банкны төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй, харин хэлтсийн орон тоо нэмэгдсэн, сонгон шалгаруулалт хийгээгүй” гэх агуулгаар тайлбарладаг ба түүний ажиллаж байсан хэлтсийн нэр өмнөх бүтцээс өөрчлөгдөөгүй, мөн  орон тоо өмнөх бүтцээр 10 /норматив 3 орон тоог нэмээд 13/ байснаас 10 /норматив 2 орон тоог нэмээд 12/ тоотой болсон нь, түүнчлэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх цаг хугацаанд Санхүү, төрийн сангийн хэлтэс нь норматив орон тоотойгоо нийлээд нийт 11 орон тоотойгоор ажиллаж байсан болох нь хариуцагчийн 2017 оны Б/93 дугаар тушаалын хавсралтаар  тогтоогдож байна. 

Өөрөөр хэлбэл шинээр баталсан бүтцээр 1 норматив орон тоо хасагдсан гэж үзэхэд өмнө ажиллаж байсан 11 ажилтны орон тоон дээр дахин нэг орон нэмэгдсэн болох нь тогтоогдож байх ба орон цөөрөөгүй байхад нэхэмжлэгч С.Ог ажлаас чөлөөлсөн атлаа шинээр тус тамгын газарт ажиллаж байгаагүй Г.Баттунгалаг, Г.Номуундарь нарын иргэдийг мэргэжилтнээр ажилд томилсон нь хариуцагчийн 2017 оны Б/94 дугаар тушаалын хавсралтаар  тогтоогддог. 

Түүнчлэн шүүхээс нотлох баримт шаардсаны хариу болгон хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаас ирүүлсэн 2018.07.23-ны өдрийн 2/1954 дүгээр албан бичигт “Г.Баттунгалаг нь төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн боловч тангараг өргөхөөр хүлээгдэж байгаа болно” гэж дурдсан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн “төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр чөлөөлж, төрийн албаны мэргэжлийн шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй иргэнийг ажилд авсан гэж маргасан” нь үндэслэлтэй байна. 

Цаг хугацааны хувьд дүгнэн үзэхэд Г.Баттунгалаг нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Санхүү төрийн сангийн хэлтэст мэргэжилтнээр томилогдсон ба 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 1 жил 3 сарын хугацаанд “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөөгүй байгаа нь түүнийг 2017 оны 4 дүгээр сард ажилд орох үедээ “төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжлийн шалгалт” өгөөгүй байсан болохыг нотолж байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд хариуцагчаас С.Ог үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлж, нэхэмжлэгч С.Огийн Төрийн албаны тухай хуулиар олгогдсон төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа, төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.

3.Нэхэмжлэгч нараас “хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээгүй буюу мөн хуульд заасан “Сонсох ажиллагаа”-г явуулаагүй гэж маргадаг ба хариуцагч захиргааны байгууллагаас 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч тус бүрт “...2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн албан тушаалаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн” тухай “Мэдэгдэх хуудас”-ыг  гардуулан өгсөн болох нь “Мэдэгдэх хуудас”, “Б******* дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчдад мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн бүртгэл”-ээр  тус тус тогтоогддог. Хариуцагч, түүний төлөөлөгчийн зүгээс эдгээр баримтыг үндэслэл болгон нэхэмжлэгч нарт захиргааны зүгээс сонсох ажиллагааг явуулсан гэж тайлбарлаж байна.

Гэвч “Б******* дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчдад мэдэгдэх хуудас хүлээлгэн өгсөн бүртгэл”-ээс үзвэл 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дээрх “Мэдэгдэх хуудас”-ыг тус тамгын газрын бүх ажилтан, албан хаагчдад гардуулан өгсөн болох нь тогтоогдож байх ба хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтнаас Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа” гэж тодорхойлон заасныг зөрчин нэхэмжлэгч нарт маргаан бүхий актыг гаргахаас өмнө тэдгээрт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй байна гэж үзлээ. 

Зүй нь мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч Ч.Б нарт сонсох ажиллагааг явуулах журам, он, сар өдөр, цаг, байрлал, дараалал, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалт, шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл зэргийг тусгасан мэдэгдлийг нэхэмжлэгч тус бүрд хүргүүлж, сонсох ажиллагааны явц, үр дүн, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаарх тэмдэглэлийг хөтөлж, эдгээрийг баримтжуулснаар захиргааны байгууллагын зүгээс “Сонсох ажиллагаа”-г явуулсан гэж тооцохоор байна. 

Гэвч дээрх мэдэгдэх хуудас эдгээр шаардлагыг хангаагүйн дээр, хариуцагчаас “Сонсох ажиллагаа” хийсэн талаар тэмдэглэлийг ирүүлээгүй, түүнчлэн мэдэгдэх хуудсанд 4 дүгээр сарын 7-ны өдрөөс ажлаас чөлөөлнө /нэхэмжлэгч нарыг 4 дүгээр сарын 24-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн/ гэсэн байгааг дурдах нь зүйтэй ба хариуцагч Засаг даргын Тамгын газрын даргаас Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд тодорхойлон заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн байна. Дээрхийг бүхэлд нь дүгнэвэл нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс “сонсох ажиллагаа” явуулаагүй гэж маргасан нь үндэслэлтэй байна.

 

4. Хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан маргаан бүхий актууд болох 2017 оны Б/98, Б/101,Б/104 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар:

Хариуцагч нь маргаан бүхий 2017 оны Б/98, Б/101, Б/104 дүгээр тушаалуудад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, 23 дугаар зүйлийн 23.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2,  Нийслэлийн Засаг даргын 2016 оны Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай А/832 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/33 дугаар захирамжийг үндэслэл болгосон байдаг.

Тэрээр захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтуудаас тушаалд огт дурдагдаагүй Төрийн албаны тухай хуулийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг төрийн албанаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь нар нь эрхэлж байсан ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй харин “цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ажиллах, улмаар төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшихээр суралцах, энэ хугацаандаа урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгаагаар хангагдахаар байна. 

Гэтэл тушаалын үндэслэлд огт байхгүй Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэх заалтыг нэхэмжлэгч нарыг чөлөөлөхдөө үндэслэл болгосон мэтээр хариуцагч захиргааны байгууллага, түүний хууль эрх зүйн асуудал хариуцсан ажилтнуудын зүгээс шүүхэд бичгээр тайлбар болгон ирүүлдэг, шүүх хуралдаанд тайлбар болгон хэлж байгаа нь ойлгомжгүй байх ба хариуцагч захиргааны байгууллага, түүний албан тушаалтнуудын энэхүү хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, хариуцлагагүй үйлдлийг шүүхээс зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Мөн маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана” гэж заасныг үндэслэл болгосон боловч төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлсөн тушаалууддаа мөн хуулийн 39 дүгээр 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасныг орхигдуулсан байна. 

Тэрээр маргаан бүхий актууд нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.4-д “үр нөлөөтэй байх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэж тус тус заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчимд нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн маргаан бүхий актаар нэхэмжлэгч Ч.Б, Ц.Д, С.О нарыг төрийн албанаас “чөлөөлсөн” ба Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх” тохиолдлыг хуульчлан тодорхойлсон ба мөн зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 24.1.3-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх тохиолдлуудын аль нь ч нэхэмжлэгч нарт үүсээгүй, ийм нөхцөл байдалгүй байхад хуулийг буруу хэрэглэн маргаан бүхий актаа “чөлөөлөх тухай” гэж гаргасан нь мөн үндэслэлгүй хууль бус болжээ.

Нэхэмжлэгч нар нь “төрийн жинхэнэ албан хаагч” байх ба тэрээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” нэмэлт баталгаагаар хангагдах учиртай. 

Гэтэл нэхэмжлэгч нарын хэн алинд нь Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан төрийн албанаас халагдах нөхцөл байдал үүсээгүй байх ба хариуцагч албан тушаалтнаас нэхэмжлэгч нарын төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус актуудыг гаргасан байна.

Дээрх хэсэгт дурдсаныг дүгнэхэд Ч.Б, Ц.Д, С.О нарын төрийн жинхэнэ албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус болох нь бүрэн хэмжээгээр тогтоогдож байх тул хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/101, Б/104 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэгч нарын шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Шүүхээс нэхэмжлэгч нарыг төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий акт болох хариуцагчийн гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/98, Б/101, Б/104 дүгээр тушаалуудыг тэдгээрийн төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул мөн нэхэмжлэгч нараас гаргасан “хууль бус актын улмаас учирсан хохирол ажилгүй байсан хугацааны цалин болон ээлжийн амралтын зөрүүг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлагуудыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй ба нэхэмжлэлийн энэ шаардлага нь дараах байдлаар хангагдах үндэслэлтэй байна.

Үүнд: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ...олгоно” гэж заасан байх ба энэхүү хуулийн зохицуулалтыг “ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон” тохиолдолд хэрэгжүүлэхээр байна. Нэхэмжлэгч нар нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан тул энэ хуулийг хэрэглэх боломжгүй ба тэдгээрийн тодорхойлсноор Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах,..” гэж тус тус заасанд хамааруулан нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор болон ээлжийн амралтын зөрүүг хариуцагчийн буюу захиргааны байгууллагын буруутай, хууль бус үйл ажиллагаа, улмаар хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохирол гэж үзэн хариуцагчаас гаргуулах, түүнчлэн нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч нарын хохирол гэж үзэн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг тэдгээрийн ажиллаж байсан үеийн цалингийн тооцооны картыг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7-ийн “а”-д “... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” тодорхойлохоор заасны дагуу, 

харин  ээлжийн амралтын зөрүүг тэдгээрийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,  цалингийн карт, нэхэмжлэгч нарын тус Засаг даргын Тамгын газарт анх ажилд орсон үеэс ажлаас чөлөөлөгдөх хугацаанд авсан цалин хөлс,  2016 оны ээлжийн амралт олгох тухай мэдэгдэх хуудас  зэрэг баримтуудыг үндэслэл болгон Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох заавар”-т заасан дагуу тус тус тооцоолон нэхэмжлэгч нарын хууль бусаар ажилгүй байсан хугацааг нэхэмжлэгч тус бүрийн дахин төрийн албан тушаалд томилогдсон хугацааг хүртэл тооцоолж /нэхэмжлэгч нар нь “төрийн албаны өөр албан тушаалд томилогдсон үндэслэлээр ажил эгүүлэн тогтоолгох шаардлагуудаасаа татгалзсан/ гаргасан урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын зөрүүнээс тэдгээрийн маргаан бүхий актуудаар төрийн албанаас чөлөөлөхдөө хариуцагч захиргааны байгууллагаас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосныг тус тус хасч, үлдэх хохирлын мөнгийг нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.1. Нэхэмжлэгч Ч.Бгийн тухайд хохиролд 5.634.471 төгрөг нэхэмжилсэн ба түүний хууль бусаар ажилгүй байсан хугацааг маргаан бүхий актаар төрийн албанаас чөлөөлөгдсөн 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрөөс Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Б/95 дугаар тушаалаар Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн мэргэжилтний албан тушаалд 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс томилогдсон өдрийг хүртэл тооцоход нийт 108 хоног болж байх ба хууль бусаар ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 5,071,576 төгрөгөөс  хариуцагчаас түүнд олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийн 1,885,032 төгрөгийг  болон мөн хариуцагчаас ажилласан хугацааны ээлжийн амралтын олговорт олгосон 767,939 төгрөгөөс /журамд зааснаар тооцоход 745,888 төгрөгийг олгохоор байна/ илүү тооцож олгосон 22,051 төгрөгийн олговрыг тус тус хасч, /5,071,576-1,885,032-22,051=3,164,493/ нийт 3,164,493 /гурван сая нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийг хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,469,978 /5,634,471-3,164,493=2.469,978/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож;

5.2. Нэхэмжлэгч Ц.Дгийн тухайд хохиролд 5,062,021 төгрөгийг нэхэмжилсэн ба түүний хууль бусаар ажилгүй байсан хугацааг төрийн албанаас чөлөөлөгдсөн 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрөөс Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын Б/116 дугаар тушаалаар Стратеги, бодлого, төлөвлөлтийн газарт мэргэжилтний албан тушаалд 2017 оны 9 дүгээр сарын 16-ний өдрөөс томилогдох хүртэл хугацаагаар тооцоход нийт 132 хоног болж байх ба дээр дурдсан журамд зааснаар тооцоолон гаргасан урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 4,885,716 төгрөгөөс  3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийн 1,635,321 төгрөгийг хасч,  ажилласан хугацааны ээлжийн амралтын олговорт дутуу бодож олгосон 71,728 төгрөгийн зөрүүг нэмж /4,885,716-1,635,321+716,728=3,322,123/ нийт 3,322,123 /гурван сая гурван зуун хорин хоёр мянга нэг зуун хорин гурван/ төгрөгийг хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,739,890 /5,062,021-3,322,123 =1,739,890/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож;

5.3. Нэхэмжлэгч С.Огийн тухайд хохиролд 3,984,421 төгрөгийг нэхэмжилсэн ба түүний хууль бусаар ажилгүй байсан хугацааг маргаан бүхий актаар төрийн албанаас чөлөөлөгдсөн 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс Монгол Улсын Ерөнхий аудиторын Б/293 дугаар тушаалаар Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газарт аудиторын албан тушаалд томилогдсон 2017 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцоход нийт 131 хоног болж байх ба дээр дурдсан журамд зааснаар тооцоолсон хууль бусаар ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор 4,718,864 төгрөгөөс  3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийн 1,635,321 төгрөгийг  хасч, харин ажилласан хугацааны ээлжийн амралтын олговорт дутуу бодож олгосон 100,891 төгрөгийн зөрүүг нэмж /4,718,864-1,635.321+100,891=3,184.452/ нийт 3,184,452 /гурван сая нэг зуун наян таван мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн 3,984,421 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 799,969 /3,984,421-3,184,452=799,969/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн хохирлоос зарим хэсгийг нь тус тус хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй буюу хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй болон уг хэргээс тусгаарласан 4 нэхэмжлэгчид хамаарах нотлох баримтуудыг тус тус үнэлээгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 102 дугаар зүйлийн 102.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.3, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.Б, Ц.Д, С.О нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/98, Б/101, Б/104 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгож, хууль бус захиргааны актын улмаас учирсан хохиролд Ч.Б-д 3,164,493 /гурван сая нэг зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөг, Ц.Д-д 3,322,123 /гурван сая гурван зуун хорин хоёр мянга нэг зуун хорин гурван/ төгрөг, нэхэмжлэгч С.О-д 3,184,452 /гурван сая нэг зуун наян таван мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэгч нарын хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалингаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,469,978 төгрөгт, нэхэмжлэгч Ц.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,739,890 төгрөгт, нэхэмжлэгч С.О-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 799,969 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б, Ц.Д, С.О нарын “урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох” шаардлагаасаа татгалзсныг баталж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас тус бүр 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б, Ц.Д, С.О нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОТГОНТУЯА

                 ШҮҮГЧИД                         Л.БАТБААТАР

                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН