Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0125

 

 

 

                 “Б” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн төлөөлөгч М.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н,

Гомдол гаргагч: “Б” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Д.Б нар,

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Д.Б нарын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0300736 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоосон нийт 747,896,614.60 төгрөгийн төлбөрөөс 710,987,711.81 төгрөгийг хасч тооцон, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 701 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, түүний өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Ц.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батмаа,

Хэргийн индекс: 128/2021/0140/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Б” ХХК нь Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Д.Б нарт холбогдуулан “Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Д.Б нарын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0300736 дугаар шийтгэлийн хуудсаар тогтоосон нийт 747,896,614.60 төгрөгийн төлбөрөөс 710,987,711.81 төгрөгийг хасч тооцон, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 701 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 17 дугаар зүйлийн 17.3, 17.3.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12-т тус тус зааснаар гомдол гаргагчийн “Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Д.Б нарын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0300736 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг 710,987,711.81 төгрөгөөр багасгаж,  шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн төлөөлөгч М.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “ ... дээр дурдсан үндэслэлүүдээр ... “Б” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ ... ” гэжээ. Үндэслэх хэсгийн дээр дурдсан үндэслэлүүд гэдэгт нь татварын улсын байцаагчийн 0300736 дугаартай шийтгэлийн хуудсаар 7 зүйл бүхий заалтаар шийтгэл оногдуулах үндэслэлээ тайлбарласныг тэр чигээр нь хуулан бичиж “төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалттай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан байтал шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй, хэрэгт цугларсан баримтад ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хэрхэн дүгнэсэн талаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт огт дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээтэй байна.

3.2. Манай компанийн зүгээс шүүхэд анх нэхэмжлэх гаргахдаа болон нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулан өөрчлөхдөө нэхэмжлэлийн шаардлагаар нотолсон баримт материалуудыг бүгдийг хавсаргаж өгсөн. Гэтэл шүүхээс уг баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу үнэлээгүй, дүгнэлт хийгээгүйн улмаас татварын хууль тогтоомжийг буруугаар тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3.3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Маргаан таслах зөвлөхийн магадлагч Н.Г-ийн [email protected] цахим хаягаас манай компанийн [email protected] цахим хаягт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн захидал, мөн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай компаниас Н.Гд явуулсан цахим хаягт үзлэг хийсэн бөгөөд манай компаниас явуулсан захидлын хавсралт хэсэгт санхүүгийн тайлан, ерөнхий журнал хэсэгт хүүгийн орлого гэдгийг нотлох баримтууд хавсаргагдсан байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1 дүгээрт “Гомдол гаргагч нь Татварын ерөнхий газарт гаргасан гомдолдоо хүүгийн орлого гэдгийг нотлох баримт гаргаж өгсөн гэх боловч тус шүүхээс Татварын маргаан таслах зөвлөлийн магадлагчийн цахим хаягт хийсэн үзлэгээр дээрх нотлох баримтыг хяналт шалгалтын үед болон маргаан хянан шийдвэрлэхэд гаргаж байгаагүй нь нотлогдож байна” гэж дүгнэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг огт байгаагүй мэтээр шүүхийн шийдвэрт тусгасан нь алдаатай болжээ.

3.4. Мөн татварын улсын байцаагч нар нь татварын хууль тогтоомжийг үндэслэн шийтгэврийн хуудас оногдуулахдаа татварын хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, буруу тайлбарласан талаар нэхэмжлэлд дурдсаныг шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2 дугаарт “Шийтгэлийн хуудсанд хуулийн заалтыг 14.5 гэж буруу бичсэн нь зөрчилд ногдуулсан төлбөрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ... төлбөр ногдуулсан нь ... үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал юм. 

3.5. Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүйн улмаас татварын хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 701 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч  гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. Үүнд: “...

4.1. Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М , Д.Б бид Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон татварын хяналт шалгалт хийх 22190300023 тоот томилолтын дагуу 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй, *** регистрийн дугаартай, гадаад худалдаа, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэхээр үүсгэн байгуулагдсан, 1 гишүүнтэй, Солонгос улсын иргэн К.Ё.С /K.Y.S/-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, 1,046,148.00 төгрөгийн дүрмийн сантай, “Г.Б” ХХК-д *** тоот төгрөг, *** тоот доллар, “Х.Б” ХХК-д ***, *** тоот төгрөг, *** тоот доллар, “Х.Б” ХХК-д *** тоот төгрөг, *** тоот долларын харилцах дансуудтай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин /1730/-*** тоотод байрладаг “Б” ХХК-д хяналт шалгалт хийсэн.

4.2. Шалгалтад хамрагдах хугацаанд бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэн явуулсан. “Б” ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн тайлан тэнцэл, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөндлөнгийн мэдээлэл зэргийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл иж бүрэн хяналт шалгалтыг хийсэн талаар тэмдэглэл үйлдсэн.

4.3. Тус компанид хяналт шалгалт хийхэд нягтлан бодогч М.Н нь нийлбэр хоногоор тооцоход 14 хоног хамт сууж нягтлан бодох бүртгэлийн журналын гүйлгээ, нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалт, худалдан авалтын мэдээллийг татварын систем дэх мэдээлэл болон татвар төлөгчийн тайлангаарх мэдээлэлтэй нэг бүрчлэн тулгаж, татвар төлөгчийн тайланд байгаа боловч татварын мэдээллийн системд байхгүйг нэмж шивэх, нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтыг мөнгөөр төлснийг төлөлт бүрээр тулгаж шивэх, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх орлого нэг бүртэй /журналаар/ тулгаж гаргасан болно.

4.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуультай холбоотой зөрчлийн тухайд, 2016 онд нийт 2,581,227,562 төгрөгийн борлуулалтын орлоготой, 47,948 төгрөгийн хүүгийн орлоготой, нийт 3,324,052,736 төгрөгийн хасагдах зардалтай, 743,385,220 төгрөгийн алдагдалтайгаар тайланг ирүүлсэн байна. 6101000-ББӨ дансаарх тайланд тодорхой харагдах ба хувийн хэрэглээний болон баримтаар нотлогдохгүй анхан шатны баримтуудыг хавсаргасан байсан. Мөн нягтлан бодох бүртгэлд “Борлуулсан бүтээгдэхүүний өртөг”-ийг тооцохдоо бараа материалын эхний үлдэгдэл дээр цэвэр худалдан авалтыг нэмж, бараа материалын эцсийн үлдэгдлийг хасч тооцож гаргадаг. Иймд дээрх тооцооллоор гарсан зөрчлөөр алдагдлыг бууруулсан. Шалгалтын хугацаанд бараа материалын дэлгэрэнгүй тайланг ирүүлээгүй, тухайн тайланд худалдан авалт хийсэн огноо, ямар төрлийн бараа, хэр хэмжээтэй вэ гэдэг нь харагдах боломжтой байдаг. Гэтэл шалгалтын явцад бараа материалын товчоо тайлан ирvvлсэн нь ойлгомжгүй байна. Мөн хасагдах зардалд ажилчдын хоолны зардлыг хасагдах зардал гэж тайлагнасан бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан СТ-30 тайлангаар залруулж өгөх ёстой байсан нь залруулагдаагүй тул ББӨ дансаар бүртгэж өртгөө өсгөж алдагдлыг нэмэгдүүлж байна.

4.5. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуультай холбоотой зөрчлийн тухайд, “ “О” ХХК-иас 427,727,272.72 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаас хасч тооцсон нь “С” ХХК-тай цементийн бартераар солилцоо хийгдсэн боловч нийлүүлж чадаагүй” гэсэн тайлбарыг нягтлан бодогч тухайн үед өгч байсан. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаар хассан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд тодорхой тэмдэглэсэн. Энэ нь төлбөр төлөлт хийгдээгүй бартераар худалдан авалт хийсэн байсан нь дээрх заалтын төлсөн нь гэдгийг зөрчиж байна. Тухайн үед тооцоо нийлж байх үед нягтлан бодогч “... цемент авна л гэсэн би мэдэхгүй байна” гэсэн хариултыг өгч байсан боловч байр авснаа ч мэдээгүй, бартераар хүлээн авсан байрыг бараа материалын тайландаа бүртгэж аваагүй нь нотлогдсон тул нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт, мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн ББӨ хэсэгт тус тус хасагдах боломжгүй.

4.6. 2016-2018 онуудад нийт 1,605,190,261.00 төгрөгийн и-баримтыг эцсийн хэрэглэгчид олгохоос татгалзсан зөрчлийн тухайд, Тус компани нь сар бүрийн сүүлийн өдөр бөөн дүнгээр эцсийн хэрэглэгчээр шивснийг Татварын удирдлагын нэгдсэн систем болох татварын програмаас харагдах ба эцсийн хэрэглэгч тухай бүрт и-баримтыг шивж оруулах ёстой байсан. Энэ нь эцсийн хэрэглэгч хүн бүрт сугалаа болон нэмэгдсэн өртгийн урамшуулал авах боломжийг нь хаасан байна. Yүнийг тус компанийн нягтлан бодогч тооцоо нийлж байхдаа “сар бүрийн сүүлийн өдөр бөөн дүнгээр шивдэг” гэдгийг хэлж байсан ба үүнийг хавсралт баримтаар нотлогдоно. Зуурмаг нийлүүлэх гэрээтэй компаниудаас гадна иргэд хувьдаа зуурмаг авдаг ба и-баримтыг олгож байгаагүй гэдгээ шалгалтын явцад хүлээн зөвшөөрсөн. Татварын удирдлагын нэгдсэн систем болох татварын программд 2016 онд нийт 2,580,667.5 мянган төгрөгийн үнийн дүнтэй 49 ширхэг и-баримт шивж оруулснаас 1,691,372.7 мянган төгрөгийн 44 ширхэг и-баримт нь аж ахуйн нэгж байгууллагад, 889,294.7 мянган төгрөгийн 5 ширхэг и-баримтыг эцсийн хэрэглэгчээр, 2017 онд нийт 2,580,285.4 мянган төгрөгийн үнийн дүнтэй 64 ширхэг и-баримт шивж оруулснаас 2,484,225.7 мянган төгрөгийн 62 ширхэг и-баримт нь аж ахуйн нэгж байгууллагад, 96,059.7 мянган төгрөгийн 2 ширхэг и-баримтыг эцсийн хэрэглэгчээр, 2018 онд нийт 2,333,482.8 мянган төгрөгийн үнийн дүнтэй 92 ширхэг и-баримт шивж оруулснаас 2,333,482.8 мянган төгрөгийн 91 ширхэг и-баримт нь аж ахуйн нэгж байгууллагад, 164,488.3 мянган төгрөгийн 1 ширхэг и-баримтыг эцсийн хэрэглэгчээр шивсэн нь харагдаж байна.

4.7. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүйтэй холбоотой зөрчлийн тухайд, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай” 38 дугаар тогтоолоор алдангийн хэмжээг 0.052 хувь байхаар, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай” 25 дугаар тогтоолоор алдангийн хэмжээг 0.0537 хувь байхаар, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай” 30 дугаар тогтоолоор алдангийн хэмжээг 0.054 хувь байхаар, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай” 38 дугаар тогтоолоор алдангийн хэмжээг 0.050 хувь байхаар, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Татварын алдангийн хэмжээг тогтоох тухай” 66 дугаар тогтоолоор алдангийн хэмжээг 0.046 хувь байхаар тус тус тогтоосныг үндэслэн хуулийн хугацаандаа төлөөгүй татварт торгууль, алдангийг дараах байдлаар тооцсон. Тодруулбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүйд: 2015 оны 6,840,608.00 төгрөгийн зөрчилд 185 хоногоор, 2016 оны 99,440,456.00 төгрөгийн зөрчилд 291 хоногоор, 2017 онд 97,795,251.00 төгрөгийн зөрчилд 365 хоногоор,  2018 онд 96,065,364.00 төгрөгийн зөрчилд 365 хоногоор, нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүйд: 2015 оны 7-12 сар хүртэлх хугацаанд 30 хоногоор, 2016 оны 1-12 сар хүртэлх хугацаанд 30 хоногоор, 2017 оны 1-12 сар хүртэлх хугацаанд 30 хоногоор, 2018 оны 1-12 сар хүртэлх хугацаанд 30 хоногоор,  хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүйд: 2015 оны 81,762,084.00 төгрөгийн зөрчилд 365 хоногоор, 2016 оны 162,127,690.80 төгрөгийн зөрчилд 365 хоногоор, 2017 онд 182,763,163.00 төгрөгийн зөрчилд 365 хоногоор,  2018 онд 118,354,166.30 төгрөгийн зөрчилд 365 хоногоор тус тус тооцсон бөгөөд хувь хүний орлогын албан татвараас бусад 2 төрлөөр хуулийн хугацаандаа албан татварыг огт төлөөгүй байсан. Үүнийг татварын программаас гардаг тооцооллоос харж болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Үүнд:

            2.1. Нийслэлийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М, Д.Б нар нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0300736 дугаар шийтгэлийн хуудсаар “ “Б” ХХК нь 2015-2018 оны татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй 7,408,806,375.92 төгрөгийн 7 төрлийн зөрчил гаргасан, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг тус тус зөрчсөн болох нь тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн журнал, харилцах дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна”  гэж үзээд түүнд 464,925,200.50 төгрөгийн торгууль, 50,774,183.70 төгрөгийн нөхөн татвар, 232,197,230.40 төгрөгийн алданги, нийт 747,896,614.60 төгрөгийн шийтгэл оногдуулсан бөгөөд гомдол гаргагчаас нийт 710,987,711.81 төгрөгийн шийтгэлийг эс зөвшөөрч, хасч тооцож шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар маргаж байна.

           2.2. Шийтгэлийн хуудсаар ногдуулсан 1 дэх зөрчлийн тухайд. Хариуцагч нар “2017 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 80,014,564.00 төгрөгийн борлуулалтын орлого дутуу тайлагнасан” гэх зөрчилд 8,001,456.40 төгрөгийн нөхөн татвар, 2,400,436.90 төгрөгийн торгууль, 1,600,291.00 төгрөгийн алданги, нийт 12,002,184.30 төгрөгийн шийтгэл ногдуулснаас гомдол гаргагч нь 8,001,456.40 төгрөгийн нөхөн татвар, 2,400,436.90 төгрөгийн торгууль, нийт 10,401,893 төгрөгийн шийтгэлийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсэг болох 1,600,291.00 төгрөгийн алданги ногдуулсан шийтгэлийг эс зөвшөөрч маргасан.

            2.2.1. Гомдол гаргагчаас “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх хуулийн дагуу бүхэлдээ хамрагдах ёстой” гэж маргасан боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг өссөн дүнгээр тайлагнадаг тул дээрх өршөөлийн тухай хуулийн дагуу хугацааны хувьд улирлын дундуур хамрагдах боломжгүй байна. Иймд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу “татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

           2.3. Шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2 дахь зөрчлийн тухайд. Гомдол гаргагчаас “...татварын улсын байцаагч нар тухайн үед буюу 2015 онд хүчин төгөлдөр болоогүй байсан хуулийн заалтыг үндэслэн акт тогтоосон нь үндэслэлгүй, ... манай компани “О” ХХК-тай байгуулсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний дагуу 2014, 2015 онуудад нийт 559,825,616 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлж, төлбөрт тооцон 442,500,000 төгрөгийн орон сууц, зөрүүг нь бэлэн мөнгөөр авсан. Уг гэрээний дагуу худалдсан бетон зуурмаг болон төлбөрт авсан орон сууцны үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнэ бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “... үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэж заасны дагуу “О” ХХК-иас авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцон, тайланд тусгасан нь хуульд нийцсэн” гэж маргаж байна.

2.3.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй байхаар хуульчилсан, гомдол гаргагчийн хувьд “О” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18682710 дугаартай падаанаар 427,727,272.72 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” гэх хэсэгт тайлагнасан боловч энэ нь тус компанийн дансны хуулга, бараа материалын тайлан, бусад бичгийн баримтуудаар нотлогдохгүй бөгөөд 2015 оны нэмэгдсэн өртгийн тайланд 427,727,272.00 төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авалтыг тусгаж төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил нь цахим тайлангийн систем дэх нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 12 дугаар сарын тайлангаар нотлогдож байх тул 42,772,727.20 төгрөгийн татвар, 12,831,818.18 төгрөгийн торгууль, 8,554,545.45 төгрөгийн алданги ногдуулсан үндэслэлтэй байна.

            2.4. Шийтгэлийн хуудсаар ногдуулсан 3 дахь зөрчлийн тухайд. Гомдол гаргагч “... татварын улсын байцаагч нар 3,943,084,155.00 төгрөгийн  зөрчлийн дүнг тооцоолохдоо сар бүрийн эхний үлдэгдлийн дүнг давхардуулан тооцоолсон, ... 2015 оны төлөөгүй татварын дүнд 2014 оны татварын өр болох 97,453,154.00 төгрөгийн дүнг 2015-2018 оны хяналт шалгалтад хамруулан тооцсон” гэж маргасан.

2.4.1. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д зааснаар татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлан гаргах эцсийн хугацаа адил байхаар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д тус тус зааснаар албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаахаар тус тус хуульчилсан, тухайн хугацаанаас хойш татвараа төлсөн бол хойшлуулсан хоног тутамд хугацаандаа төлөөгүй торгууль, алдангийг тооцох тул гомдол гаргагч нь 2014 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны дотор тушааж, тухайн сард ногдуулсан татварыг мөн өдрөөр төлөх ёстой.

2.4.2. Уг маргааны хувьд татварын улсын байцаагч нар 2014 оны эцсийн үлдэгдэл төлбөрийг 2015 оны эхний үлдэгдэл төлбөр гэж үзэж 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд тооцож шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул 2014 оны 97,453,000 төгрөгийн өрийн үлдэгдлийг 2015-2018 оны хяналт шалгалтын хугацаанд хамруулан зөрчлийн дүнг ихэсгэж тооцсон гэж үзэхгүй. Иймд хариуцагч нар 2015 оны 616,062,126.00 төгрөгийн, 2016 оны 1,006,581,305.00 төгрөгийн, 2017 оны 1,446,219,199.00 төгрөгийн, 2018 оны 874,221,517.00 төгрөгийн, нийт 3,943,084,155.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй гэж үзэж 118,291,980.00 төгрөгийн торгууль, 62,693,800.00 төгрөгийн алданги ногдуулсныг буруутгах боломжгүй байна. 

            2.5. Шийтгэлийн хуудсаар ногдуулсан 4 дэх зөрчлийн тухайд. Гомдол гаргагчаас “... татварын улсын байцаагч нар нь төсөвт төлөөгүй 545,007,104.20 төгрөгийн зөрчлийн дүнг тооцоолохдоо жил бүрийн эхний үлдэгдлийн дүнг өссөн дүнгээр тооцоолсон, ... 2015 оны төлөөгүй татварын дүнд 2014 оны татварын өр болох 192,762,084.10 төгрөгийн дүнг 2015-2018 оны хяналт шалгалтын хугацаанд хамруулан тооцсон” гэж тайлбарлан маргасан.

2.5.1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.1-д суутгагч нь хуульд заасны дагуу суутгасан албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар 2015 ны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн өршөөлд хамрагдах боломжтой байхаар хуульчилсан.

2.5.2. Хариуцагч нар нь гомдол гаргагчийг “оны эхний төлөөгүй үлдэгдэл 192,762,084.10 төгрөгийн татвараас 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 111,000,000.00 төгрөг төлж үлдэгдэл 81,762,084.10 төгрөгийн татварыг 365 хоног хэтрүүлсэн” гэж үзээд 29,843,160.60 төгрөгийн торгууль, 15,518,443.50 төгрөгийн алданги, нийт 45,361,604.10 төгрөгийн шийтгэл ногдуулсан /2015-2018 онд хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй он тус бүрд 365 хоног хэтрүүлсэн нийт 545,007,104.20 төгрөгийн зөрчилд ногдуулсан 198,335,821.40 төгрөгийн торгууль, 105,048,725.40 төгрөгийн алданги, нийт 303,384,546.80 төгрөгийн шийтгэл ногдуулсан/ байх бөгөөд энэ тохиолдолд дээр зааснаар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх 136 хоногт ногдох 11,119,643.44 төгрөгийн торгууль, 5,782,214.59 төгрөгийн алданги, нийт 16,901,858.03 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулан чөлөөлж, үлдэх 187,216,177.96 төгрөгийн торгууль, 99,266,510.81 төгрөгийн алданги, нийт 286,482,688.77 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр байна.

2.5.3. Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 98 дугаар тогтоолоор 2015-2018 онд хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нийт 545,007,104.20 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 303,384,546.80 төгрөгийн /198,4335,821.41 төгрөгийн торгууль, 105,048,725.40 төгрөгийн алданги/ төлбөрөөс торгууль, алданги нийлээд 16,901,858.03 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж чөлөөлснийг зөв гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            2.6. Шийтгэлийн хуудсаар ногдуулсан 5 дахь зөрчлийн тухайд. Гомдол гаргагчаас “... 2015 онд төлөх ёстой байсан татварын үнийн дүнгээс алданги, торгуулийг тооцох хуулийн зохицуулалт байхгүй байхад 2015 онд төлөгдөөгүй татварын үнийн дүнг 2016-2018 онд тооцсон нь буруу, ... Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т зааснаар төлөгдөөгүй татварын үнийн дүнгийн 30 хувиар алданги, торгууль ногдуулах ёстой бөгөөд 20 хувийн алданги, 10 хувийн торгууль ногдуулна гэж тооцвол нийт 300,141,679.00 төгрөгийн зөрчилд 26,507,009.49 төгрөгийн алданги торгуулийг ногдуулах ёстой тул 155,261,209.00 төгрөгийн алданги, торгууль ногдуулсан нь үндэслэлгүй, иймд шийтгэлийн хуудсаар ногдуулсан 128,754,199.51 төгрөгийг хасаж тооцох ёстой” гэж тайлбарлаж маргасан. 

2.6.1. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-т тус тус зааснаар албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийхээр хуульчилсан, гомдол гаргагч нь 2014 оны эцсийн үлдэгдэл болох 6,841,758.00 төгрөгийн үлдэгдлийг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тайлагнаж, ногдуулсан татварыг мөн өдрөөс өмнө төлөхөөр байхад гомдол гаргагч нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,150.00 төгрөгийн төлбөрийг төлсөн байх тул үлдэх 6,840,608.00 төгрөгийн татварын үлдэгдлийг 2015 онд тооцож, 2016 онд 99,440,456.00 төгрөгийн, 2017 онд 97,795,251.00 төгрөгийн, 2018 онд 96,065,364.00 төгрөгийн, нийт 300,141,679.00 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд 100,961,340.00 төгрөгийн торгууль, 54,299,869.00 төгрөгийн алданги, нийт 155,261,209.00 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

2.6.2. Түүнчлэн гомдол гаргагчийн дээрх “...  300,141,679.00 төгрөгийн зөрчилд 26,507,000 төгрөгийн алданги торгуулийг ногдуулах ёстой” гэх тайлбараас үзвэл тэрээр энэхүү зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх бөгөөд дээр зааснаар “2014 оны 6,841,000 төгрөгийн татварын өрийг 2015-2018 оны хяналт шалгалтын хугацаанд хамруулан өссөн дүнгээр тооцож шийтгэл ногдуулсан” гэж үзэхгүй.

           2.7. Шийтгэлийн хуудсаар ногдуулсан 6 дахь зөрчлийн тухайд. Гомдол гаргагчаас “... бетон зуурмаг худалдан авагч нар нь гэрээнд заасан хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татвар авах боломжгүй ... гэрээнд заасан бетон зуурмагийг нийлүүлж дууссаны дараа тооцоо нийж баталгаажуулсан үнийн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг худалдан авагчид бичиж олгодог, бетон зуурмаг нийлүүлсэн өдөр бүр нэмэгдсэн өртгийн албан татварын баримт бичиж олгох боломжгүй” гэж тайлбарлан маргасан.

            2.7.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2016 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т зааснаар албан татвар суутган төлөгч бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгохоор, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1-д зааснаар үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, эсхүл олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон тохиолдолд бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар тооцож торгохоор тус тус хуульчилсан байна.

                        2.7.2. Гомдол гаргагчийн хувьд Оффис И-баримт системд хадгалагдсан байдал, 2016 онд 889,294,764.00 төгрөгийн, 2017 онд 101,627,000.00 төгрөгийн, 2018 онд 614,267,497.00 төгрөгийн, нийт 1,605,190,261.00 төгрөгийн и-баримтыг тухай бүр эцсийн хэрэглэгчид олгоогүй зөрчилд 32,103,804 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд энэ тохиолдолд “Б” ХХК нь тухай бүр баримтыг олгоогүйгээс тухайн хэрэглэгчийн и-баримтын сугалаанд оролцох улмаар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт авах боломжийг хаажээ гэж үзэхээр байна.

            2.7.3. 2016-2018 онд нийт 1,605,190,261.00 төгрөгийн и-баримтыг тухай бүр эцсийн хэрэглэгчид олгоогүй зөрчил гаргасан нь татварын удирдлагын нэгдсэн систем болох татварын программд шивсэн байдлаар /2016 онд нийт 2,580,667.5 мянган төгрөгийн үнийн дүн бүхий 49 ширхэг и-баримтаас 5 ширхэг и-баримтыг эцсийн хэрэглэгчээр, 2017 онд нийт 2,580,285.4 мянган төгрөгийн үнийн дүн бүхий  64 ширхэг и-баримтаас 2 ширхэг и-баримтыг эцсийн хэрэглэгчээр, 2018 онд нийт 2,333,428.8 мянган үнийн дүн бүхий 92 ширхэг и-баримтаас 1 ширхэг и-баримтыг эцсийн хэрэглэгчээр/ тус тус шивснээр нотлогдсон байх бөгөөд үүнийг тус компанийн нягтлан бодогч тооцоо нийлж байхдаа сар бүрийн сүүлийн өдөр бөөн дүнгээр нь шивдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх тул тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар тооцож 32,103,804.00 төгрөгөөр торгосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. 

            2.8. Шийтгэлийн хуудсаар ногдуулсан 7 дахь зөрчлийн тухайд. Гомдол гаргагчаас “... тус компани нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болон холбогдох баримт материалд тулгуурлан ажилладаг бөгөөд ямар нэгэн баримтгүй гүйлгээг зардалд оруулан бүртгэж, татвар ногдуулсан орлогыг бууруулсан үйлдэл гаргаагүй, ... 2015-2018 оны татварын өрийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулсан” гэж тайлбарлан маргасан. 

2.8.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2-т тус тус зааснаас үзвэл түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцох бөгөөд уг хасагдах зардал нь баримтаар нотлогдохгүй тохиолдолд татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй байхаар хуульчилсан.

2.8.2. Гомдол гаргагч компанийн санхүүгийн баланс дахь бараа материалын эхний, эцсийн үлдэгдэл, орлогын тайлан дахь борлуулсан бүтээгдэхүүний өртөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулсан бүтээгдэхүүний өртгийн дүн зэргээс үзвэл борлуулсан бүтээгдэхүүний өртөг 1,706,616,567.00 төгрөг гарахаар байхад 2016 оны жилийн эцсийн тайланд борлуулсан бүтээгдэхүүний өртгийг 2,214,257,906.54 төгрөгөөр тайлагнасан, мөн онд нийт 2,581,227,562 төгрөгийн борлуулалтын орлоготой, 47,948 төгрөгийн хүүгийн орлоготой, нийт 3,324,052,736 төгрөгийн хасагдах зардалтай, 743,385,220 төгрөгийн алдагдалтайгаар тайлангаа ирүүлсэн тул 507,641,340.00 төгрөгийн зөрчлийн дүнгээр 2016 оны тайлангаар гарсан 743,385,219.79 төгрөгийн алдагдлыг бууруулж, 235,743,880.25 төгрөг болгон өөрчилснийг буруутгах үндэслэлгүй байна.

2.9. Түүнчлэн гомдол гаргагчийн “... шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1 дүгээрт “Гомдол гаргагч нь Татварын ерөнхий газарт гаргасан гомдолдоо хүүгийн орлого гэдгийг нотлох баримт гаргаж өгсөн гэх боловч тус шүүхээс Татварын маргаан таслах зөвлөлийн магадлагчийн цахим хаягт хийсэн үзлэгээр дээрх нотлох баримтыг хяналт шалгалтын үед болон маргаан хянан шийдвэрлэхэд гаргаж байгаагүй нь нотлогдож байна” гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтыг огт байгаагүй мэтээр шүүхийн шийдвэрт тусгасан нь алдаатай болсон” гэх гомдлын тухайд. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 16:00 цагт шүүхээс хийсэн үзлэгээр Маргаан таслах зөвлөлийн магадлагч Н.Г-ийн [email protected] цахим хаягаас гомдол гаргагч компанийн [email protected] цахим хаягт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “нотлох баримтаа харагдахуйц байдлаар ирүүлэх” тухай захидал ирүүлсэн нь хэн алины цахим шуудангийн хаягт байгаа байдлаар тогтоогдож, харин 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус компаниас Н.Гд явуулсан захидал нь түүний [email protected] цахим хаягт ирсэн захидалд байхгүй болохыг тогтоосон байна.

2.10. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “... манай компани эдгээр  зөрчлийг хүлээн зөвшөөрч байна, гэхдээ зарим зөрчлийг нягталж хармаар санагдаж байна, ... хуулиа судлаагүйгээс ийм боллоо, өртэй, тайлангаар гарсан өрөө барагдуулаагүйн дээр дахиад актын төлбөр нэмж тооцож байгаа нь хүндрэлтэй байна” гэж мэдүүлсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанийн нягтлан бодогч М.Н хариуцагч татварын улсын байцаагч нартай хамт тайлан, журналыг тулгаж үзэж, хяналт шалгалтад оролцсон байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2, 2.5, 2.7, 2.8, 2.9-д тус тус зааснаар холбогдогч өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэрэг эрхтэй бөгөөд гомдол гаргагчаас зөрчил гаргаагүй болохоо аливаа байдлаар нотлох боломжийг хариуцагчаас хангалттай олгосон байгааг дурдах нь зүйтэй.

2.11. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн “12-т-т” гэсэн нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 701 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН