Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01282

 

У.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн      

         2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00445 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 968 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: У.Н

         Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

     Олговор 12,439,738 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Э.Ж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК-д зээл хариуцсан харилцааны менежерээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны Б/1426 тоот тушаалаар ажлаас халагдсан. У.Н шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  595 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1117 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2017 оны 995 дугаар тогтоол гарч, 2016 оны  Б/1426 тоот тушаалыг хүчингүй болгон, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2017-11-20-ны өдөр эгүүлэн ажилд томилох тухай Б/1718 тоот захирлын тушаал гарч, 2017-03-22-ны өдрийг хүртэлх цалинг олгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд авах  хүртэл хугацааны  олговрыг нэхэмжилж байна. 2017-03-23-ны өдрөөс 2017-11- 20-ны өдрийг хүртэл нийт 8 сарын хугацааны цалинтай тэнцэх,олговорыг нэг сарын цалин 1,581,933 төгрөг, нэг өдрийн цалин 71 906 төгрөг бөгөөд 173 хоногийн цалин болох 12,439,738 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг “Т” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу У.Ныг 2017-11-20-ны өдрөөс ажилд томилсон. Ажилгүй байсан хугацааны цалинд 6 327 728 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлсөн. Нэхэмжлэгч ажилгүй байгаагүй, Капитрон банкинд ажиллаж, цалин хөлс авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлүүлж байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв нэхэмжлэлийг хүлээн авлаа гэхэд Капитрон банкинд ажилласан цалингийн зөрүүгээр буюу 3 875 894 төгрөгийн хэмжээнд олговрыг хүлээн зөвшөөрч болно гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00445 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан “Т” ХХК-с 11 695 832 төгрөгийг гаргуулж У.Нт олгож, нэхэмжлэлээс 743,906 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 202 083 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 968 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00445 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан У.Нт олгох 11 695 832 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын гомдолдоо: У.Н  ажилгүй байсан гэх хугацаанд Капитрон банкинд ажиллаж байсан  бөгөөд энэ тухай нотлох баримт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг  хангалгүй,  нэг талд давуу байдал үүсгэн нэхэмжлэгчийг огт ажил хийгээгүй, ажилгүй байсан мэтээр үзэн дүгнэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д “...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” болон ИХШХШТХ-ийн 6.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсгийг буруу хэрэглэж хэргийн оролцогч нэг талд давуу байдал олгож шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн  69.1-д “...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэсэн нь хэрвээ ажилгүй байсан бол ажилгүй байсан хугацаанд цалин олгох, өөр ажил эрхэлдэг бөгөөд тухайн ажилдаа өмнө авч байсан цалингаас бага цалинтай байсан бол зөрүүг нь олгох тухай шууд заасан хуулийн заалт юм. Ажил хөдөлмөр эрхлэхгүй байх гэдэг ойлголт нь хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон хувиараа ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг ойлгодог байхад нэхэмжлэгч У.Н нь Капитрон банкинд ажиллаж цалин авдаг тухай баттай мэдээлэл хариуцагчид байсан. Гэтэл  шүүх  нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг  хангалгүй хэргийг шийдсэн, давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн засаагүй нь ИХШХШТХ-ийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Дээрх бүхий л нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчийн зүгээс шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг бүрэн дүүрэн үнэлж, хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй гэж үзэж байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, У.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          У.Н 2017-11-24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Т ХХК-с 2017-03-23-ны өдрөөс 2017-11-20-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 12,439,738 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг шаарджээ. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан байна.

        Хариуцагч хяналтын гомдолдоо “... нэхэмжлэлд заасан хугацаанд өөр банкинд ажиллаж цалинг авч байсныг тооцоож, нэхэмжлэлээс хасаагүй ...хүсэлтийг хангаагүй...” гэжээ.

       Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

       У.Ныг Т ХХК-ийн Байгууллагын зээлийн хэлтсийн Байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор 6,327,728 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай 182/ШШ2017/00595 дугаар шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017-03-22-ны өдөр гаргасныг Улсын Дээд шүүх 2017-09-21-ны өдрийн 001/ХТ2017/00995 дугаар тогтоолоор хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийг Т ХХК-ийн Байгууллагын зээлийн хэлтсийн Байгууллагын зээл хариуцсан харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажил олгогчоос олговор  гаргуулах шийдвэрийг ажил олгогч биелүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт нийцсэн байна.

        2. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-03-22-ны өдрийн  182/ШШ/2017/00595 дугаар шийдвэрийг ажил олгогч 2017-11-20-ны өдөр биелүүлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрээс хойш ажил олгогчийн 2017 оны Б/1718 дугаар тушаал гарах хүртэл хугацааны олговрыг шаардах эрхтэй, энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

        3. Хөдөлмөрийн тухай  хуулийн  69 дүгээр зүйл нь ажилтныг ажил олгогч нь буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговрын талаар зохицуулсан байна. Тодруулбал, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэрээр хөдөлмөрийн гэрээ нь сэргээгдсэн ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хууль бус шийдвэр гаргасан ажил олгогч нөхөн олгоно. Ажлаас үндэслэлгүй халагдсан иргэний өмнөх ажил нь цомхтгогдсоны улмаас ажил олгогч ажилтантай тохирч олгосон адил чанарын өөр ажлын цалин хөлс нь урьд авч байсан цалин хөлснөөс бага байвал эдгээрийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч хариуцаж олгоно.

        Хөдөлмөрийн тухай  хуулийн  69 дүгээр зүйлд заасан “...бага цалинтай ажил хийж байсан...” нь тухайн байгууллагад ажиллаж байсан тохиолдолд хамаарах тул нэхэмжлэгч Капитрон банкинд ажиллаж авч байсан цалин хөлс энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.  

      4. Хариуцагчаас “...У.Н нь Капитрон банк ХХК-д ажиллаж байсан эсэх тухай баримтыг шүүхийн журмаар гаргуулах...” хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд шүүх хүсэлтийг хангахгүй орхихдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

       Түүнчлэн, У.Н нь Капитрон банк ХХК-д ажиллаж байгаагаа зөвшөөрсөн байх тул энэ үйл баримтыг нотлогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нийцнэ.

       Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 968 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 202.083 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ