| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0136/э |
| Дугаар | 2020/ШЦТ/141 |
| Огноо | 2019-03-09 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай
Улсын яллагч Л.Энхтайван
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг
Шүүгдэгч М.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Сад холбогдох эрүүгийн 2025000540139 дугаартай хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.С
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч М.Сыг 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” зочид буудлын 304 тоот өрөөнд Э.Сувдын хүсэл зоригийн эсрэг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Сын мэдүүлсэн “Тэр өдөр найзуудтайгаа нийлсэн. Тэр үед нэг найз маань найз эмэгтэйгээ дуудсан. Буудалд орж согтууруулах ундаа хэрэглэсэн орой болсон тул унтах болсон. Сувдаа нь Итгэлтэй нэг оронд орсон. Итгэлийг босож 00-д орох үед нь би Сувдаагийн оронд орж бэлгийн харьцаанд орсон. Тэгтэл Итгэл 00-с гарч ирсэн. Би гэм буруугаа хүлээж байна, маргах зүйлгүй” гэх мэдүүлэг,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-р хуудас/
-Хохирогч Э.Сувдын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Итгэлтэй хамт нөгөө талын орон дээр хэвтсэн. Итгэлийг манайд очиж хоноё гэхэд Итгэлт ямар нэг хариу хэлээгүй, тэгээд удалгүй унтчихсан байна лээ. Унтаад удалгүй хэн нэгэн нь надтай бэлгийн харьцаанд ороод байх шиг санагдсан. Тэгээд сэрэнгүүтээ би уурлаад өөрөөсөө түлхэхэд холдохгүй байхаар нь болиоч дээ гэж түлхээд орон дээрээс цамцаа хайж байгаад олоод өмсөөд хана налаад суусан. Сэрэх үед тэр хүн миний гаранд хүрээд байсан, том гар байсан, тэр үед Итгэлт биш гэдгийг мэдсэн. Тэгээд би яаж байгаа юм бэ цагдаа дууд гээд уйлсан...Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Дөлгөөнөө би чамайг яагаа ч үгүй шүү гэж байсан...Би тухайн үед их согтсон байсан. Ганцаараа 2.5 л пивоны талыг уучихсан байж байгаад араас нь 3 хундага архи уусан учраас бүр нэмээд согтоод уначихсан юм шиг байна лээ. Тухайн үед би хувцасгүй бүр нүцгэн байсан хэн яаж хувцас тайлсныг мэдээгүй...Том гар байсан. Итгэлтийн гар нь миний гарнаас ч бараг жижиг...С байх гэж бодож байна. Сүүлд над руу залгаад би чамайг яагаа ч үгүй шүү дээ, зүгээр хажуугаар чинь хэвтсэн гэж байсан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/
-гэрч Г.Итгэлтийн мэдүүлсэн “...Гэнэт Сувдаа чанга дуугаар орилсон. Тэгээд би гялс өрөөнөөс гараад гэрэл асааж хартал найз С Сувдаагийн унтаж байсан орон дээр нүцгэн биетэй сууж байсан, харин найз Сувдаа бас хөнжил дотор орчихсон нүцгэн биеэ хөнжлөөр хучсан байдалтай уйлаад над руу хараад цагдаа дууд яг одоо гэж орилоод байсан. Тэгснээ өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Тэр үед надтай хамт явсан найз Дөлгөөнөө нөгөө хажуу талын орон дээр энэ үйл явдлыг сонсоод сэрчихсэн гайхсан байдалтай орон дээр сууж байсан. Харин энэ үед найз С өөрийн гадуур хувцсаа өмсөөд буудлын өрөөнөөс гараад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 59-р хуудас/
-гэрч Ж.Дөлгөөний мэдүүлсэн “...Намайг унтаж байгаад сэрээд хартал найз С Сувдааг оролдсон бололтой Сувдаагийн хажууд сууж байсан. Тэгээд тэр үед Сувдаа ч өөрөө уйлж Сыг зааж та хоёрын хэн надтай унтсан бэ гэж хэлээд Цагдаа дуудсан юм. Тэгэхээр С найз Итгэлтийг 00-ын өрөө рүү орсон хойгуур нь Сувдаагийн биед хүрч бэлгийн харьцаанд орсон байж магадгүй. Хэрэв Сувдаа өрөө үнэн ярьж хэлсэн бол Саас гарцаагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-н 57-58-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 607 дугаартай ...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан цагаан өнгийн орны даавуу, хохирогч Э.Сувдын гэх хар өнгийн дотоож, түүний үтрээнээс авсан гэх арчдас болон наалдац зэргээс илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь М.Сын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-н 41-43-р хуудас/
-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаартай “ ... Э.Сувдын биенээс авсан цусанд 1 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-н 27-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.С нь 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Дэлгэрэх” зочид буудлын 304 тоот өрөөнд архидан согтуурсан үедээ хамт байсан эмэгтэй Э.Сувдын хүсэл зоригийн эсрэг, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй унтаж байгааг далимдуулан хүчиндсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч М.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай унтаж байсан эмэгтэй Э.Сувдын хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орсон энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүчиндэх гэмт хэргийн шинжтэй, хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэл нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, 607 дугаартай шинжээчийн дүгнэлт болон яллагдагчаар мэдүүлсэн өөрийнх нь “...найз Итгэлт орноосоо босоод 00-н өрөө рүү явж орсон.Сувд нь дээгүүрээ хагас нүцгэн унтаж байгаа харагдсан.Тэгээд гэнэт надад Сувдтай унтах сэдэл санаа төрөөд шууд өвөр рүү нь орсон...сувдын хувцасыг тайлж бэлгийн харьцаанд орсон...гэнэт Сувд чи хэн бэ гээд өөрөөсөө түлхэж холдуулсан...” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогджээ.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” зочид буудлын 304 тоот өрөөнд Э.Сувдын хүсэл зоригийн эсрэг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоолгох саналтай гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хохирогчид мөнгө өгөх гэсэн боловч авахгүй гэсэн байдаг. Иймд шүүгдэгчийг төлбөргүй гэж үзэх байх. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: хохирогч Э.Сувд нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ш овогт М.Сыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сыг хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сад оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг шүүгдэгч зөрчвөл тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Сад оногдуулсан тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ