| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0135/э |
| Дугаар | 2020/ШЦТ/138 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Дд холбогдох эрүүгийн 2025000000145 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Д
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Дыг 2020 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 13-09 тоотод иргэн М.Мөнхцэцэгийг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Дын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
-Хохирогч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн... бид 4 хамт 2 шил архи хувааж уусан. Гэтэл Эрдэнэбилэг манай арын байшинд ороод хоночих гээд Гансүх бид хоёрт гал түлж өгсөн. Тэгээд Эрдэнэбилэгийн найз хүүхэн явлаа гэхээр нь Гансүх хүргээд өгье гээд найз хүүхэнтэй нь хамт гарсан. Тэгээд би хойд байшинд нь үлдсэн. Хүлээгээд Гансүх ирэхгүй байсан. Тэгээд би Гансүхийг ирээд Эрдэнэбилэгийн гэрт сууж байж магадгүй гэж бодоод Эрдэнэбилэгийн гэрт орсон. Тэгээд Эрдэнэбилэгээс Гансүхийг асуугаад сууж байтал гаднаас эхнэр нь ороод ирсэн. Тэгээд энэ хэн юм бэ гэж асуусан би дуугарч чадахгүй байсан. Гэтэл намайг барьж аваад миний нүүрэн тус газарт олон удаа цохиж газарт унасан чинь хөлөөрөө өшиглөсөн....Д надад хамраа янзлуул гэж 230 000 төгрөг өгсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/
- Гэрч Ц.Эрдэнэбилэгийн мэдүүлсэн“...нэг орж ирэхдээ миний хэвтэж байсан орны хөлд байсан сандал дээр ирээд суусан. Тэгээд юм яриад сууж байтал манай эхнэр ажлаасаа ороод ирсэн. Тэгээд орж ирэнгүүтээ чи хэн бэ, юун хүүхэн бэ гэж асуусан чинь Мөнхцэцэг юуч дуугарахгүй байсан. Гэтэл Д энэ хүүхэн чинь хэлэхгүй байгаа юм биш үү гээд уурлаад Мөнхцэцэгийг үсдэж нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би салгасан. Д Гансүх рүү утасдаж нилээн удаж байж Гансүх ирсэн. Гансүх ирээд Мөнхцэцэгийг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-н 10-11-р хуудас/
- Гэрч М.Гансүхийн мэдүүлсэн...”тэгээд намайг Эрдэнэбилэгийн гэрт нь очиход Мөнхцэцэгийг зодсон хамарнаас нь цус гарсан байсан. Тэгээд би Мөнхцэцэгийг аваад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 279 дугаартай,... М.Мөнхцэцэгийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний алимны доргилт, салстад цус харвалт, нүүр, баруун гар. хөлөнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, хамрын үзүүр, зүүн шанаанд 2 тооны зулгаралт, духанд 2 тооны шалбархай бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний алимны доргилт, салстад цус харвалт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь 2020-03-06-ны өдөр үүссэн байж болно... гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/
-Хохирогч М.Мөнхцэцэгийн шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 13-09 тоот гэртээ иргэн М.Мөнхцэцэгийг хардалтын улмаас зодож биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний алимны доргилт, салстад цус харвалт, нүүр, баруун гар. хөлөнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, хамрын үзүүр, зүүн шанаанд 2 тооны зулгаралт, духанд 2 тооны шалбархай бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Дын үйлдэл нотлогдсон ба түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Д.Дын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч гэм буруутай байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Д.Д нь 2020 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 13-09 тоотод иргэн М.Мөнхцэцэгийг хардалтын улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд “шийтгэлээ хүлээнэ, гэмшиж байна гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэрэг гарах болсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн хөнгөрүүлэх нөхцөл, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч М.Мөнхцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх бөгөөд энэ тухай тайлбар /хх-ийн 37-р хуудас/-т авагдсан, шүүгдэгч Д.Д нь хохирогчид учирсан хохирол 430,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ц овогт Д.Дыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд, сард 62,500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ