Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/145

 

               

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 2025001450133 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Д

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Дыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 33-25 тоотод 2020 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Б.Санжсүрэнг унтаж байхдаа үглэж ярилаа гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дын мэдүүлсэн “Хамт ажилладаг найзыгаа зодсондоо харамсаж байна. Цаашид түүнд тус болно гэж бодож байгаа. Архиныхаа халуунд л зодсон. Унагаж хавирга руу нь дэвссэн. Маш их харамсаж байна. Их архи уусан байсан. Хот руу эмчилгээнд явахад нь авч явна. 2,850,000 төгрөг төлсөн байгаа. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

     - Хохирогч Б.Санжсүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн....2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хамт ажилладаг Д гэх хүнд зодуулсан юм. 2020 оны 02 сарын 17-ны өдрийн өглөө Дын гэрт очоод архи уугаад согтоод унтсан бөгөөд 18-ны өглөө Дын гэрт сэрсэн тэгтэл биеэ дийлэхгүй босож чадахгүй байсан бөгөөд хөмсөг зүүн тал хэсэгтээ сэтэрсэн, хавирга хугарсан байсан тухайн үед амьсгалахад хэцүү байсан, цээж хөндүүрлээд байсан, босоод алхаж чадахгүй зүүн хөл дээр гишгэж чадахгүй байсан юм...Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн унтаж байхдаа үглээд байсан учраас намайг зодсон гэж аав, ээж нь хэлсэн... одоо миний биеийн байдал сайжирч байгаа хэвтрийн дэглэмтэй. Эрүү хадаастай байгаа, хавирга бороолсон. Д надад учруулсан хохиролдоо эмчилгээний төлбөр гэж 2.850.000 төгрөг өгч би эрүүний хагалгаанд орсон мөн биеэ үзүүлсэн, хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн...Одоо би 45 хоногийн дараа давтан  үзүүлнэ. Тэгэхээр давтан үзүүлэх эмнэлэгээр явах мөнгө хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Тухайн үед нь нэхэмжилнэ. Өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9-р хуудас/

- Гэрч Ч.Цэцэгбатын мэдүүлсэн “...2020 оны 02 дугаар сарын 19-ний өглөө 08 цаг 30 минутын үед 95353222 дугаарын утаснаас ээжээ би нэг айлаас мөлхөж гарч байна ирээд аваач гэж утасдсан. Би хаана байгаа юм бэ гэхэд хорооллын эцэс гэж хэлсэн би тэгээд таксигаар очиж байтал гэртээ ирчихлээ гэж ярьсан. Тэгээд би гэртээ ирэхэд газар хэвтэж байсан тул түргэн дуудаж эмнэлэг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/

- Гэрч Д.Баярцогтын мэдүүлсэн “...бид нар хоол ундаа идчихээд “та битгий уурлаарай’’ тоглоом тоглоод байж байтал Санжсүрэн босож ирээд Дын хажууд суугаад эхнэр бид хоёрыг пизданууд юу ч гэлээ дээ би хэлсэн үгийг нь санахгүй байна. Тэгсэн Д дуугай бай чи яахаараа миний аав ээжийг хараадаг юм бэ гэж хэлээд цээжин тус газарт нь 1 удаа цохихоор нь би боль гээд болиулсан. Тэгээд би тоглоомоо  хураа унтацгаа гээд би өөрөө унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа Д, Санжсүрэн хоёр гарч байгаа бололтой байсан. Маргааш нь Санжсүрэн босохгүй хэвтээд байхаар нь Санжсүрэн яасын гэж асуухад Д шартсан байх гэж хэлсэн. Тэгээд Санжсүрэн  босох гээд эвгүй дуугараад байхаар нь яасан бэ гэтэл цээж өвдөөд байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

-Гэрч Д.Алтанцэцэгийн мэдүүлсэн“...тоглоомоо хураагаад унтацгаах гээд байж байтал Санжсүрэн, Д хоёр гараад явсан, хашаанд юм дуугараад байхаар нь би гартал хашаанд Д Санжсүрэнгийн цээж рүү өшиглөж дээрээс нь дэвсээд байсан. Тэгээд би очиж салгаад гэртээ оруулж унтуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 сарын 28-ны өдрийн 225 дугаартай “...Б.Санжсүрэнгийн биед хавсарсан гэмтэл, аарцаг ясны зүүн талын далд хугарал, зүүн 6-11-р хавирганы суганы урд шугамаар зөрөөтэй далд хугарал, эрүүний ясны баруун талын далд хугарал, тархи доргилт, нүүр цээж, ташаанд зөөлөн эдэд олон тооны цус хуралт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байж болно. Аарцаг ясны хугарал, зүүн талын олон хавирганы хугарал, эрүүний ясны хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, зүүн ташаа, зүүн шуу бугалгыг хамарсан зөөлөн эдийн цус хуралт, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...”дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/

-Хохирогч Б.Санжсүрэнгийн хохирлын баримтууд, хэвтэн эмчлүүлсэн тухай амбулторын картны хуулбар  /хх-ийн 63-84, 87-92-р хуудас/

-Хохирогч Б.Санжсүрэн хохирлын төлбөрт шүүгдэгч Б.Даванямаас 2,850,000 төгрөг хүлээн авсан, цаашид гаргах гомдол саналгүй гэсэн гар бичмэл баримт /хх-ийн 97-р хуудас/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

             Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 33-25 тоотод өөрийн гэртээ хамт архи уусан Б.Санжсүрэнг “унтаж байхдаа үглэж ярилаа, эцэг эхийг минь пиздаа гэлээ” гэдгээр шалтаглан гадаа гаргаж цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож биед нь хавсарсан гэмтэл, аарцаг ясны зүүн талын далд хугарал, зүүн 6-11-р хавирганы суганы урд шугамаар зөрөөтэй далд хугарал, эрүүний ясны баруун талын далд хугарал, тархи доргилт, нүүр цээж, ташаанд зөөлөн эдэд олон тооны цус хуралт зулгаралт бүхий хөнгөн, хүндэвтэр гэмтэл хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Санжсүрэнгийн биед санаатай халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, санаатай,нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэг гарах үед хамт байсан гэрч Д.Алтанцэцэг, Д.Баярцогт мөн гэрч Ч.Цэцэгбат нарын мэдүүлгээр хэргийн үйл баримт хангалттай бүрэн нотлогдсон бөгөөд шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргахгүй байна. Мөн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  дүгнэлтээр “...Б.Санжсүрэнгийн биед аарцаг ясны хугарал, зүүн талын олон хавирганы хугарал, эрүүний ясны хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, зүүн ташаа, зүүн шуу бугалгыг хамарсан зөөлөн эдийн цус хуралт, тархи доргилт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтлүүд учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогджээ.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                 

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч нь2020 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтуурсан үедээ, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 33-25 тоотод гэртээ иргэн Б.Санжсүрэнг унтаж байхдаа үглэж ярилаа гэх шалтгаанаар эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч шүүх хууралдаанд: “Би гэм буруугаа хүлээж байна, гэмшиж байна. Хохирогчид цаашид гарах зардлыг төлнө. Ялын саналыг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Б.Санжсүрэнгийн эмчилгээний зардалд шүүгдэгч 2,850,000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөхөө илэрхийлсэн  байна. Хохирогч одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбар өгсөн нь хэрэгт хавсаргагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэлээ.    

 Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт Б.Дыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш             90 хоногийн хугацаанд сард 333,333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ