Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ат холбогдох эрүүгийн 2025000000147 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Аыг Орхон аймаг Согоот багийн 6- 17-32 тоотод 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед иргэн Н.Батсуурийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Аын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. 14-нөөс 15-нд шилжих шөнө Очгэрэл бид 2 тамхи авах гээд Төгөлийн тэнд явж байхад Очгэрэлийн 2 дүү таараад манайд очих болсон. Тэгээд манайд 0.5 граммын архи уусан. Батсуурь нь айлд анх удаа ирчихээд буудалд юм уу гэртээ байгаа юм шиг аашлаад байхаар нь боль гэсэн чинь маргалдаад байхаар нь зүүн талын нүдэнд нь цохиод унахаар нь нүүрэнд нь цохисон нь үнэн. Архи уусан байснаас болсон. Хохирогчийн нүдийг эмчлүүлж өгсөн. 85,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

 -Хохирогч Н.Батсуурийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...2020 оны 03 сарын 14- нөөс 15- нд шилжих шөнө 01 цаг болж байхад би өөрийн найз Фениокын хамт явж байтал миний танил Очгэрэл нэг залуугийн хамт явж байгаад тааралдсан. Тэгээд бид дөрөв Очгэрэлтэй хамт явсан залуу болох өөрийгөө Анхаа гэж танилцуулсан залуугийн гэрт очсон. Анхаагийн гэр Согоот багийн 6-17-р байрны 7 давхарт байсан. Тэр айлд ороод 10 минут болж байтал Анхаа, Очгэрэл хоёр хамт ариун цэврийн өрөө орсон. Манай найз Фениок гутлаа өмсөөд үүдэнд сууж байхаар нь би Фениокоо чи гутлаа тайлаад нэг мөсөн амраад яваач гэж хэлсэн. Гэтэл Анхаа, Очгэрэл хоёр ариун цэврийн өрөөнөөс гарч Анхаа нь даварсан бацаан бэ гэж хэлээд миний зүүн нүд рүү гараараа цохисон. Би Анхаад цохиулаад газар унасан. Намайг газар унасан хойно Анхаа ахин над руу дайрч миний ам руу гараараа нэг удаа цохисон. Энэ үед Очгэрэл Анхааг надаас салгасан. Тэгээд Фениок бид хоёрыг Анхаагийн гэрээс гаргаж өгсөн. Би Очгэрэлтэй нь найзууд юм. Анхаатай нь тэр өдөр л танилцсан юм. Анхаа тухайн үед согтуу байсан. Би найз Фениокийг гутлаа тайлаад амраад яв гэж хэлтэл Анхаа нь чи ямар даварцан бацаан бэ гэж хэлээд намайг эхлээд зүүн нүдрүү маань гараараа цохисон юм. Тэгээд газар унасан хойно миний амруу гараараа цохиж зодсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6- р хуудас/

- Гэрч М.Фениокын мэдүүлсэн “... Бид нар Анхаагийн гэрт ороод 1 шил архи хувааж уусан. Батсуурь гар утсаа цэнэглээд байж байтал гэрийн эзэн Анхаа нь Очгэрэлтэй хамт тамхи татахаар ариун цэврийн өрөө орсон. Тэгээд би тэр айлаас явах гээд гутлаа өмсөөд гарах гэтэл манай найз Батсуурь миний найз гутлаа тайлаад нэг мөсөн амраад яв гэж хэлсэн. Гэтэл ариун цэврийн өрөөнөөс Анхаа гэрч ирээд даварцан бацаан бэ хаана байгаагаа мэдэхгүй байна уу гэж хэлээд Батсуурийн зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохиж газар унагаасан. Батсуурийг газар унасан хойно Анхаа нь ахин нэг удаа Батсуурийн хамар орчимд гараараа цохисон. Энэ үед Очгэрэл нь Аыг Батсууриас салгаад бид хоёрыг Анхаагийн гэрээс гаргасан юм. Анхаагийн гэрт бид дөрвөөс өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/

- Гэрч Б.Очгэрэлийн мэдүүлсэн“...Бид нар 0.5 литртэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал А, Батсуурь хоёр хоорондоо маргалдаад байсан. А нь чи ямар тэнэг бацаан бэ гээд Батсуурийг загнаад байсан. Батсуурь Аын уурыг нь хүргэсэн юм шиг байна лээ. Тухайн үед би Фениок гэдэг дүүгийн хамт том өрөөнд байсан юм. А, Батсуурь 2 үүдний өрөөнд хоорондоо маргалдаад байсан юм. Тэгж байгаад тэр хоёр пижигнэлдээд байхаар нь би очиж тэр хоёрыг салгасан юм. Намайг тэр хоёр дээр очиход Батсуурь газар унасан байдалтай байсан. А нь Батсуурийг зодох гэж байгаа юм шиг ууртай зогсож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Батсуурийг найз Фениокын хамт Аын гэрээс гаргаж өгсөн юм. Тухайн үед Батсуурийн зүүн нүднээс бага зэрэг цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/

 -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 297 дугаартай ...Н.Батсуурийн биед нэг шүдний цөгцний хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл тус бүр нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтэл нь 2020.03.14- ний өдөр үүссэн байж болно...” гэх дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/

-Шүүгдэгч Б.А хохирогчид учирсан хохиролд 85000 төгрөг төлсөн тухай баримт / хх-ийн 37-р хуудас/ -Хохирогч Н.Батсуурийн цаашид гаргах гомдол саналгүй байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухай баримт /хх-ийн 43-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.А нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед Орхон аймаг Согоот багийн 6-17-32 тоотод өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хамт байсан Н.Батсуурийн нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь нэг шүдний цөгцний хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.Аын бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Н.Батсуурийн биед нэг шүдний цөгцний хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд,шүүгдэгч нь согтуурсан үедээ, Орхон аймаг Согоот багийн 6-17-32 тоотод 2020 оны 03 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн үед иргэн Н.Батсуурийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч шүүх хууралдаанд “Би гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Торгуулийг 2 сарын хугацаанд төлөх болно гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Батсуурьд эмчилгээний зардалд 85,000 төгрөг төлсөн, хохирогч цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/-т авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Шүүгдэгч Б овогт Б.Аыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Ат оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Д.АРИУНЦЭЦЭГ