| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0520/Э |
| Дугаар | 739 |
| Огноо | 2020-08-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2009005180519 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .......тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 364 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 592 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэж, суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б.Б нь:
-2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 34 дүгээр гудамж, 388 тоот хашаанд байрлах хохирогч С.Сүхбатын эзэмшлийн агуулахын түгжээг эвдлэн нэвтэрч, Рмсеп маркийн А250\Л/ цэнхэр өнгөтэй гагнуурын аппарат 1 ширхэг, кен маркийн А315\Л/ улаан өнгийн гагнуурын аппарат 2 ширхэг, 380 вольттой уртасгагч 1 ширхэг, 100 метртэй 220 вольттой уртасгагч 1 ширхэг дрилл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ч.Сүхбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “...Гэртээ иртэл гражийн хаалганы цоожийг эвдэлсэн байдалтай хаалттай байсан. Хаалгыг онгойлготол граж дотор байсан багажууд алга болсон байсан. 2 ширхэг уртасгагч, суурин тасдагч, 3 ширхэг гагнуурын аппарат, жижиг молдок 1 ширхэг, жижиг тасдагч 1 ширхэг, цохилттой дрилл зэрэг алдагдсан. Алдагдсан бүх зүйлээ авсан. Гражийн хаалганы цоож эвдэрсэн байсан, урьд нь түлхүүрээ хаяа хөшиж онгойлгоод буцаагаад түлхэж цоожилсон байсан, эвдэгч багажийн мөрийг би хөшихдөө үүсгэсэн гэж үзэж болно. Буцаагаад цоожлоход цоож нь цоожлогдоод тогтож байсан. Хашааны хаалга цоожтой байдаг. Энэ хүнийг танина. Б.Б манай гэрт урьд нь ирж байгаагүй. Б.Б надаас ямар нэгэн багаж гуйж, би дараа аваарай гэж хэлж байсан зүйл байхгүй...” гэжээ. /хх 30-31, 33-34, 36 /
Гэрч Г.Алтангэрэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: "... Б.Б гэх хүн гагнуурын аппарат, таслагч багаж хоёр барьцаанд тавьсан талаар санахгүй байна. Бичгийг харахад манай ломбардад тавиад тооцоогоо хийгээд авсан байна. Өөрийн бичиг баримтаар барьцаанд тавьсан мөн согтууруулах ундаа хэрэглээгүй бол авдаг. Ямар нэгэн хохирол байхгүй” гэжээ. / хх 42/
Шүүгдэгч Б.Быг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 03-08 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 56 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эд зүйлүүдийг буцаан өгсөн гэв.
Шүүгдэгч Б.Бямбасүрэн нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 34 дүгээр гудамж, 388 тоот хашаанд байрлах хохирогч С.Сүхбатын эзэмшлийн агуулахын түгжээг эвдлэн нэвтэрч, Рмсеп маркийн А250\Л/ цэнхэр өнгөтэй гагнуурын аппарат 1 ширхэг, кен маркийн А315\Л/ улаан өнгийн гагнуурын аппарат 2 ширхэг, 380 вольттой уртасгагч 1 ширхэг, 100 метртэй 220 вольттой уртасгагч 1 ширхэг дрилл зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 906.600 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Гражийн хаалганы цоожийг эвдэлсэн байдалтай, граж дотор байсан багажууд алга болсон байсан. Б.Б надаас ямар нэг багаж гуйж, би дараа аваарай гэж хэлж байгаагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Сүхбатын мэдүүлэг / хх 30-31, 33-34, 36 /, ... Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 26-27 /, ... Манай ломбарданд Б.Б гэх хүн гагнуурын аппарат, таслагч багаж хоёр барьцаанд өөрийн бичиг баримтаар тавьж, тооцоог хийсэн байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Алтангэрэлийн мэдүүлэг / хх 42 /, ...”Халиун” “ Таранзит 1” барьцаат зээлийн гэрээ, эд зүйл барьцаалж, зээл авсан талаарх баримтууд / хх 73-75 /, ... Ч.Сүхбаттай уулзахаар гэрт нь очиход хүн байхгүй байсан. Гражийн хаалга нь онгорхой байхаар нь орж 3ш гагнуурын аппарат, 2ш уртасгагч залгуур, цохилттой дрил, тастагч мөн суурин утас тастагч нэг ширхэгийг авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Бын мэдүүлэг / хх 06-08 /, ... “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №СБ2-20-502 дугаартай тайлан / хх 47-49 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Быг бусдын агуулахад нэвтэрч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бт ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн боловч өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, шүүх хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хугацаанаас өмнө тэнсэн сулласан байхад дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг хэрэглэх боломжгүй байна.
Иймд Б.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад 906.600 төгрөгний хохирол учруулсан зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээ буюу 2 жилийн хорих ялыг оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 29-нөөс өнөөдрийг хүртэл нийт 73 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тоолж, хохирогч Ч.Сүхбат нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн / хх 80 / тул төлөх төлбөргүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг бусдын агуулахад нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 / хоёр / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Бын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Бын цагдан хоригдсон 73 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ