Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 726

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Г.Баярмаа,

Шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Ш-д холбогдох эрүүгийн 2009000000987 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Экстреме трек ХХК-д захирал, ам бүл 1, .....тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г.Ш нь:

 

- 2020 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн 1-ийн задгай тоотод хохирогч Ц.Болорцэцэгтэй маргалдан улмаар түүнийг зодож, биед духны баруун хэсэгт шарх, амны зүүн буланд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Болорцэцэгийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол  / хх 11 /

 

Хохирогч Ц.Болорцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед би найз залуу Г.Шгийн хамтаар Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Майхан толгойн 1-ийн задгай тоотод байх зуслангийн байшиндаа байж байхад Г.Шгийн найз болох Төгөлдөр, Энхрий, Энхрийгийн найз Цэнгэл гэх танихгүй эмэгтэй, Төгөлдөрийн охин Есүй нар ирсэн. Тэгээд хоол унд идчихээд 3 шил 0,75л архийг ууцгаасан.  “...Тэгээд би найз залуу Г.Ш-гийн хамт үлдсэн. Манай найз залуугийн хөөцөлдөж байгаа ажил нь бүтэхгүй байгаа болон найзуудынхаа талаар ярьж байгаад би Г.Шг бичиг баримт хөөцөлдөж чадахгүй байна. Зохион байгуулалт муу байна”  гэж хэлснээс маргалдаж эхэлсэн. Тэгээд маргалдаж байгаад Г.Ш гэнэт компютерийн ширээн дээр байсан хэт хутгыг аваад иш хутганы ар мөрөөр нь миний толгойн тус газар цохьсон. Тэгээд хутгаа доош нь буулгахдаа хутганы ишээр миний уруул руу цохиж язалсан. Миний толгойноос нилээд их цус гараад бид 2 тогтоох гэж оролдсон. Тэгээд би түргэн дуудаад оёдол тавиулсан гэжээ. / хх 16-20 /

 

Гэрч С.Цэрэндулам мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 06 дугаар сарын 29-ний өглөө манай охин Болорцэцэг 07 цагийн үе надруу залгаад “ Ээж та хурдан Гантулга ахтай цуг ирээд намайг аваач “ гэсэн. “ Яасан юм бэ “ гэхэд “ Та хурдан ирээрэй “ гээд утсаа салгасан. Дахиад залгаад яасан юм бэ гэж асуухад Г.Ш намайг зодчихлоо гэж хэлсэн. Бид нарыг очиход 2 оёдол тавьж өгөөд боолт хийж өгсөн байсан гэжээ.  / хх 26-27 /

 

Гэрч Н.Гантулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...Г.Ш хэт хутгаар цохьсон юм хэлж байсан. Бид нарыг очиход толгойгоо боолгосон байдалтай ор нь цус болчихсон байсан гэжээ. / хх  29-30 /

 

 Гэрч Х.Батжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 09:00 цагийн үед Бэлх-10-с Майхан толгой 1 задгай тоотод найз залуудаа зодуулсан гэх дуудлага ирсний дагуу очиж шалгахад иргэн Ц.Болорцэцэг нь толгойгоо боолгочихсон ор нь цус болчихсон байдалтай байсан. Юу болсон талаар тодруулахад “ Урд орой нь нөхрийн найзуудын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тэд нарыг явсны дараа найз залуу Г.Ш гэх хүнтэй маргалдаж, улмаар Г.Ш нь хэт хутганы ар мөр хэсгээр нь дух магнайд 1 удаа, иш хэсгээр нь уруул тус газар нь 1 удаа цохьсон гэж хэлж байсан гэжээ. / хх 37-39 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7573 дугаартай дүгнэлтэнд:

1.Ц.Болорцэцэгийн биед духны баруун хэсэгт шарх, амны зүүн буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх 42-43-р хуудас/

 

Яллагдагч Г.Ш мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ...0.75л 2 шил архийг Болорцэцэг, Төгөлдөр бид 3 хувааж уусан.  Тэгээд бид хоёр үлдээд маргаан үргэлжилж, Болорцэцэг намайг алгадаад уурлаад байсан. Тэгэхээр нь би хэт хутга олоод амиа хорлоно гээд баруун гарын шуу хэсэгт зүссэн. Дараа нь яасныг санахгүй байна. Нэг мэдэхэд Болорцэцэгийн духнаас цус гарч байсан. Тэгэхээр нь цусыг нь арчаад түргэн дуудсан. Түргэний эмч оёдол тавиад эм уулгаад явсан.  ...Би Болорцэцэгийн биед гэмтэл учруулсан гэжээ. / хх 4-7 /

Шүүгдэгч Г.Шг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 04-07 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 48 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Архи хэтрүүлэн ууснаас гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Болорцэцэгт эмчилгээний мөнгийг төлж эмчлүүлсэн. Одоо бид 2 хамт амьдарч байгаа гэв.

 

Шүүгдэгч Г.Ш нь - 2020 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн 1-ийн задгай тоотод хохирогч Ц.Болорцэцэгтэй маргалдан улмаар түүнийг хэт хутганы араар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Би найз залуу Г.Шгийн хамт үлдээд маргалдаж байтал Г.Ш гэнэт компютерийн ширээн дээр байсан хэт хутгыг аваад иш хутганы ар мөрөөр нь миний толгойн тус газар цохьсон. Хутгаа доош нь буулгахдаа хутганы ишээр миний уруул руу цохиж язалсан  гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч  Ц.Болорцэцэгийн мэдүүлэг / хх 16-20  /, ... Дахиад залгаад яасан юм бэ гэж асуухад Г.Ш намайг зодчихлоо гэж хэлсэн. Бид нарыг очиход 2 оёдол тавьж, боолт хийж өгсөн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч  С.Цэрэндуламын мэдүүлэг / хх 26-27 /,  ...Г.Ш хэт хутгаар цохьсон гэж хэлж байсан. Бид нарыг очиход толгойгоо боолгосон байдалтай ор нь цус болчихсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Гантулгын мэдүүлэг / хх 29-30  /, ... Ц.Болорцэцэгийн биед духны баруун хэсэгт шарх, амны зүүн буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7573 дугаар дүгнэлт / хх 42-43 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид  ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Ш нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзаад прокурорын санал болгосон 500.000 / таван зуу / төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Хохирогч Ц.Болорцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй / хх 62 / гэсэн тул Г.Шг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн бор модон иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Ш-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн бор өнгийн модон иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Ш  нь шүүхээс тогтоосон торгуулийг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Г.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Г.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ