| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1419/Э |
| Дугаар | 1447 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 1447
2020 08 06 2020/ШЦТ/1447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч С.Б, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Б, Б.Б нарт холбогдох 2006 00000 1929 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянхангай суманд 1997 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эхийн хамт амьдардаг, Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг, Хөшөөт гэх газар оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овоогийн 26 дугаар гудамжны 35 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сын Б /РД: /,
2. Монгол Улсын иргэн, Багануур дүүрэгт 1999 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 51 дүгээр гудамжны 38 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 19 задгайд түр оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бийн Б /РД: /,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
С.Б, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Эрдэнэтөгсийн Нөт-3 маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бйн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Эрдэнэтөгсийн өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр би найз Мийгаагийн хамтаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Тэмүүлэн дэлгүүрийн баруун талд алхаж явж байтал үл таних 2 хүн замд таараад “гар утсаар нэг яриулаач” гэж гуйхаар нь би гар утсаа өгсөн чинь миний гар утсаар нэг хүнтэй ярин алхаж байгаад “зугтаарай” гэж орилоод тэр хүмүүс зугтаасан. Тэгэхээр нь би найзтайгаа араас нь хөөгөөд гүйцээгүй. Тэгээд Мийгаа бид 2 нөгөө хүмүүсээ хайгаад явж байгаад Тэмүүлэн дэлгүүрийн хажууд миний гар утсыг булаасан хүнтэй таарсан...” гэх мэдүүлэг /хх.5/,
“... Нэг залуу нь миний утсаар нэг хүнтэй ойролцоогоор 20 минут тасралтгүй ярин яваад байсан. Тэр залуу утсаар яриад би найзтайгаа, өөр тэр залуугийн нэгтэй нь миний утсаар ярьж байгаа залууг дагаад Дарь-Эхийн Хас захын автобусны буудлын ертөнцийн зүгээр зүүн талд байдаг Тэмүүлэн гэх дэлгүүрийн тийшээ дагаж явсан. Тэлмэн дэлгүүрийн урдуур явж байхад нэг мухар гудманд очин байж байгаад миний утсаар ярьж байсан залуу гэнэт “зугтаарай” гэж гудамжаар гүйгээд явчихсан. Нөгөө залуу араас нь гүйгээд явсан. Би найзтайгаа араас нь хөөж байгаад орхисон...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Энхбаатарын өгсөн: “... Би Эрдэнэтөгстэй Сансарын колонкийн автобусны буудал руу алхаж байхад бид 2 дээр үл таних 2 залуу ирж бид хоёроос яриа өдөөд байсан. Тэгээд нэг залуу нь Эрдэнэтөгсөөс “гар утсаа өгч байгаач, нэг хүнтэй яаралтай яриад өгье” гэж тэр залуу нь Эрдэнэтөгсийн гар утсаар яриад Сансарын колонкоос Дарь-Эх рүү алхан яваад байсан. Дарь-Эхийн тэр хавьд төв замынхаа ертөнцийн зүгээр зүүн талаар явж байгаад нэг гудамж руу яваад байсан, тэнд очоод Эрдэнэтөгсийн утсаар ярьж байсан залуу нь Эрдэнэтөгсийн гар утсыг аваад гэнэт зугатчихсан, нөгөө нь араас нь дагаад гүйсэн, би найзтайгаа араас нь хөөж байгаад гүйцэхгүй алдчихсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
“Дамно” ХХК-й 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б3Д2-20-878 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.16-17/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
С.Б, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Эрдэнэтөгсийн нөт-3 маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Эрдэнэтөгсийн өгсөн: “... үл таних 2 хүн замд таараад “гар утсаар нэг яриулаач” гэж гуйхаар нь би гар утсаа өгсөн чинь миний гар утсаар нэг хүнтэй ярин алхаж байгаад “зугтаарай” гэж орилоод тэр хүмүүс зугтаасан...” гэх мэдүүлэг /хх.5/,
“... Нэг залуу нь миний утсаар нэг хүнтэй ойролцоогоор 20 минут тасралтгүй ярин яваад байсан... миний утсаар ярьж байсан залуу гэнэт “зугтаарай” гэж гудамжаар гүйгээд явчихсан. Нөгөө залуу араас нь гүйгээд явсан. Би найзтайгаа араас нь хөөж байгаад орхисон...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Энхбаатарын өгсөн: “... Тэгээд нэг залуу нь Эрдэнэтөгсөөс “гар утсаа өгч байгаач, нэг хүнтэй яаралтай яриад өгье” гэж тэр залуу нь Эрдэнэтөгсийн гар утсаар яриад Сансарын колонкоос Дарь-Эх рүү алхан яваад байсан... утсаар ярьж байсан залуу нь Эрдэнэтөгсийн гар утсыг аваад гэнэт зугатчихсан, нөгөө нь араас нь дагаад гүйсэн...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
“Дамно” ХХК-й 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б3Д2-20-878 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.16-17/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Баганбанди, Б.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тодорхой ажил үүрэг гүйцэтгэх”, дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар С.Б, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Ц.Эрдэнэтөгс нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд С.Баганбанди, Б.Б нарыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч С.Б, Б.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Ц.Эрдэнэтөгс нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.Б, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Б, Б.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарт ял оногдуулахыг тодорхой хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
С.Б, Б.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч хорих С.Б, Б.Б нарт ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
С.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Сын Б, Б овогт Бийн Б нарыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.Б нарт хорих ял оногдуулагүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг баримтлан, С.Б, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, С.Б, Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт тус тус сануулсугай.
5. С.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Эрдэнэтөгс нь гар утсаа буцаан авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР