| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0156/э |
| Дугаар | 2020/ШЦТ/152 |
| Огноо | 2020-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хохирогч Ц.Нандинцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранхүү
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эт холбогдох эрүүгийн 2025000000146 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Э
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Г.Эыг 2020 оны 03 дугаар сарын 18- ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Дуурга дэлгүүрийн орчим иргэн Ц.Нандинцэцэгийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Үйл явдлыг сайн санахгүй байгаа. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэх мэдүүлэг, Хохирогч Ц.Нандинцэцэгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: 2020 оны 03-р сарын 18- ны шөнө 01-ээс 02 цагийн орчим Эыг дуудлагаар очиж авсан. Тийм аймар согтолттой биш байсан. Цаашаа хараад унтах гээд байсан. Наашаа хараад яваарай гэсэн. Дуурга дэлгүүр дээр очоод сэрээрэй гэсэн. Учиргүй бөөлжөөд унахаар нь буугаад бөөлжчихөөч гэсэн чинь зодсон гэх мэдүүлэг,
-Хохирогч Ц.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... Би автомастер ХХК-нд дуудлагын жолооч хийдэг ба 2020 оны 03 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн үед 3-23 дугаар байранд дуудлага ирсэн. Би машинтай 3-23 дугаар байрны гадаа очтол 3 залуу нэг согтуу залууг миний машинд суулгаад төлбөрийг нь хийгээд Эрдэнэ баг “Дуурга” дэлгүүр дээр бууна тэнд буулгачихаарай эгчээ гээд найзууд нь эргээд орсон. Би замдаа явж байтал Аюулгүйн тойргийн орчим миний машинд суусан залуу унтаад өгсөн. Ингээд “Дуурга” дэлгүүрийн гадаа очоод нөгөө залууг хүүе “Дуурга” дэлгүүр дээр ирчихлээ хаашаа явах уу гэсэн чинь нүүр лүү цохиод авсан. Тэгээд машин дотор бөөлжөөд унасан. Би машинаасаа буугаад баруун талын урд хаалгыг онгойлгоод буугаад бөөлжөөч гэсэн чинь нөгөө залуу машинаас бууж ирээд намайг үснээс зулгаагаад толгой тархи руу цохиод мөн татаж унагаагаад миний дээр дэвсээд байсан. Тэгээд миний үснээс зулгаачихаад тавихгүй миний толгой руу гараараа нэлээд удаа цохисон. Тухайн үед би станцныхаа гарыг атгаж байгаад ажлынхаа жолооч нарыг ирж туслаарай намайг аллаа гээд байгаа газраа хэлчихээд яаж амьд гаръя даа гэж бодоод арай гэж зулгаасан үсээ татаж таслаад цаашаа гүйж айлын хаалга онгойлгоод гэрт нь орсон чинь нэг эмээ байсан ба тэр эмээг надад туслаарай намайг хүн зодоод байна гэж хэлээд зогсож байтал намайг зодсон залуу миний үсийг таслаад барьчихсан араас орж ирээд намайг гэр тойруулж хөөгөөд дахин үснээс зулгаагаад толгой руу нэлээд хэдэн удаа цохисон. Намайг зодсон залуу эмээгийнд орж ирэхдээ халтирч унасан бололтой нүүр нь халцарсан байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа миний орсон байсан айлд манай 1 жолооч орж ирээд намайг зодсон Э гэх залууг салгасан...” гэх мэдүүлэг / хх-ийн 6-7-р хуудас/
-Гэрч А.Эрдэнэбадрахын мэдүүлсэн ...Би тухайн Автомастер ХХК-нд дуудлагын жолоочоор ажиллаж байсан ба 2020 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн үед Шанд багт явж байсан жолооч станцаар диспечерээс Эрдэнэ “Дуурга” дэлгүүр дээр цагдаа дуудаарай гээд станцаар дуудаад байна гэж жолооч нарт хэлсэн. Удалгүй 4 дугаартай станц дээр явж байсан Нандинцэцэг намайг аллаа хурдлаарай гээд станцаар орилсон. Тэгэхээр нь би Зэст багт явж байгаад Эрдэнэ баг руу явсан ба замаасаа Аптаншагай гэх жолоочоо аваад явсан. Ингээд Дуурга дэлгүүрийн хажуу талын зам дээр очсон чинь Нандинцэцгийн машиных нь хаалга онгорхой гадуур хувцас нь зам дээр уначихсан байсан ба тухайн орчинд хүн байхгүй байсан. Тэр үед цас бага зэрэг орчихсон Алтаншагай ах мөрийг нь дагаад явж байтал Дуурга дэлгүүрийн хойд талд эмэгтэй хүн орилох чимээ сонсогдсон. Тэгээд Алтаншагай ах уг эмэгтэй хүн орилсон хашаа руу түрүүлээд орсон ба би араас нь ортол Алтаншагай ах нэг залууг барьчихсан зогсож байсан. Тухайн айлд Нандинцэцэг болон гэрийн эзэн бололтой настай эмэгтэй нар байсан ба уг эмэгтэй наад залуугаа аваад гар энэ эмэгтэйг зодоод аллаа гээд байсан. Ингээд Алтаншагай ах бид 2 уг залууг гэрээс нь авч гараад хашааных нь гадаа дарж хэвтэж байгаад цагдаа ирэхээр нь өгч явуулсан ба Нандинцэцгийг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-р хуудас/
-Гэрч Б.Чимэдцэрэнгийн мэдүүлсэн...Э гэртээ харина гэхээр нь шөнө 01-11 цагийн үед дуудлагын такси дуудаж явуулсан. Таксины жолооч нь эмэгтэй хүн байсан ба таксины мөнгийг нь өгсөн. Шөнө 2-3 цагийн хооронд манай нөхрийн утас руу дуудлагын таксинаас залгаад танай найз чинь манай эмэгтэй жолоочийг зодчихлоо, цагдаад хандана гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14- р хуудас/
-Гэрч Б.Алтаншагайгийн мэдүүлсэн ...Шөнө дунд 1-2 цагийн хооронд станцаас Нандинцэцэг намайг авраарай, хүн зодоод байна, хурдан ирээрэй гэж хэлсэн. Нандинцэцэгийн станцаар хаана байгаа талаар асуухаар хариу өгөхгүй байсан ба гар утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан. Би дуудлага хүлээн авагчийн утас руу залгаад Нандинцэцэгийг хамгийн сүүлд ямар дуудлаганд явсан талаас асуухад Эрдэнэ баг “Дуурга” дэлгүүр лүү явсан гэж хэлсэн. Тэгээд хамт ажилладаг жолооч Эрдэнэбадрахын хамт Дуурга дэлгүүр дээр очиход Нандинцэцэгийн машин онгорхой, хүн байхгүй байсан. Эрдэнэбадрах бид хоёр чимээ чагнаад Дуурга дэлгүүрийн арын гудамжинд зогсож байхад хамгийн үзүүрийн айлаас эмэгтэй хүн хашгирах дуу гарсан. Эрдэнэбадрах бид хоёр хашаанд байх Монгол гэрт ороход Нандинцэцэг зодуулсан, нэг эрэгтэй хүн хөөчихсөн байдалтай байхаар нь би тэс залууг барьж аваад хашаанаас гаргаад цагдаа нарыг иртэл хүлээсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/
-Гэрч С.Отгончимэгийн мэдүүлсэн....”Би Цагдаагийн газарт дуудлага өгсөн. Нандинцэцэгийн гар утас руу залгахад намайг аллаа гээд хашиграад байсан ба нэг эрэгтэй хүн зодоод байх шиг дуу чимээ гараад байсан. Нандинцэцэгт туслах гээд хамгийн ойрхон байсан жолооч болох Эрдэнэбадрах, Алтаншагай нарыг явуулсан. Алтаншагай надад хэлэхдээ Дуурга дэлгүүрийн гадаа Нандинцэцэгийн машины хаалга нь онгорхой байна. Хүн байхгүй, Нандинцэцэг хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Эрдэнэбадрах станцаар Нандинцэцэгийг олчихлоо, айлын хашаанд байна. Зодож байсан эрэгтэй хүнийг бариад авсан гэж хэлсэн. Манай байгууллагад дуудлага өгсөн хүний утас руу залгаад танай найз чинь манай жолоочийг зодчихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 16р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 23-ны өдрийн 306 дугаартай …Ц.Нандинцэцэгийн биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, салстад цус харвалт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун мөрөнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, салстад цус харвалт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун мөрний зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтэл нь 2020 оны 03-р сарын 18-ны өдөр үүссэн байж болно...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 04 дугаартай ”..Ц.Нандинцэцэгийн биед нэмэлтээр хуйханд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Гэмтэл нь 2020 оны 03-р сарын 18-ны өдөр үүссэн байж болно. Умйан булчингийн чангарал үүссэн нь юунаас шалтгаалсаныг тогтоох боломжгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р/
-Хохирогч Ц.Нандинцэцэгийн хохирлын баримт, гэмтлийг харуулсан гэрэл зургууд /хх-ийн 47-54-р хуудас /
- Амбулторын картын хуулбар, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 55-56, 60-68-р хуудас/ Шүүгдэгч Г.Э нь хохирогч Ц.Нандинцэцэгт эмчилгээний төлбөр нийт 2,134,240 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 76-77-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны шөнийн 01 цагийн орчим согтуурсан үедээ дуудлагын таксигаар үйлчлүүлэхдээ Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Дуурга дэлгүүрийн орчим таксины жолооч эмэгтэй Ц.Нандинцэцэгийг шалтгаангүйгээр үснээс нь зулгааж, толгой руу нь цохих, унагаж өшиглөх, зугатааж айлд ороход нь араас нь хөөж орж үснээс нь зулгаах зэргээр зодож биед нь тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, салстад цус харвалт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун мөрөнд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Г.Э нь бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Ц.Нандинцэцэгийн биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, салстад цус харвалт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Г.Э 2020 оны 03 дугаар сарын 18- ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Дуурга дэлгүүрийн орчим иргэн Ц.Нандинцэцэгийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Г.Э хохирогч Нандин-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Э энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Зодсон гэдгээ санахгүй байгаа боловч зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн. Цаашид архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзаж өөрийнхөө биеийг зөв авч явахдаа анхаарах байх. Хохирол төлбөрт нийт 2130000 төгрөг төлсөн. Хохирогчийн хувьд цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ шүүх хуралдаан дээр илрэхийлж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурорын ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс прокуророос санал болгосон 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд “Би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд, хохирогч 2,757,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь хохирогчид 2,134,240 төгрөг төлсөн байх ба хохирогч үлдсэн нэхэмжлэлийн хэсгээс татгалзаж нэхэмжлэх зүйлгүй гэх баримт хэргийн 76 дугаар хуудаст авагдсан баримтаар мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж , хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын оногдуулах үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Т овгийн Г.Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Г.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ