Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/01278

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

         2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00230 дугаар шийдвэр,

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 887 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Г.Б

         Хариуцагч: Нт холбогдох

    Үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гы өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц гомдлоор шүүгч  Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь иргэн Т.Д, Б.Баатаржаргал, Д.Г нарт 40 гаруй сая төгрөгийн төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан.  Т.Д нь Г.Бгийн бусад өр төлбөрийг Б.Баатаржаргал, Д.Г нарт төлөөд түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх хөрөнгийг авна гэж шийдвэр гүйцэтгэгч О.Цэрэннадмидтай тохиролцсон байсан. Гэтэл Г.Бгийн төлбөр хаагдаагүй байна. Төлбөрт хураагдсан хашаа байшинг 45 сая төгрөгөөр худалдаж авах н.Очир гэдэг хүнийг олж О.Цэрэннадмидтай уулзуулсан бөгөөд Нт удаа дараа ирэхэд шийдвэр гүйцэтгэгч гадуур ажилтай гээд уулзаагүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч О.Цэрэннадмидын заавар, хийсэн үйлдлээр миний эд хөрөнгийг Д.Гд шилжүүлэн намайг их хэмжээний өртэй үлдээсэн. Хариуцагч нь санал болгох хурлыг хийгээгүйгээс Г.Б нь өр төлбөртэй үлдсэн нь шийдвэр гүйцэтгэгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтнуудын буруутай үйлдэл байна. Иймд санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх хөрөнгийг Д.Гы өмчлөлд шилжүүлсэн буруутай үйлдлийг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-05-17-ны өдрийн 04385 дугаар захирамжаар 20.366.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 259.790 төгрөгийн хамт гаргуулан Д.Гд,  2016-04-19-ний өдрийн 03471 дугаар захирамжаар 4сая төгрөг гаргуулан Б.Баатаржаргалд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2015-12- 18-ны өдрийн 41831 дугаар захирамжаар 18.200.000 төгрөг гаргуулан Т.Дд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016-07-27-ны өдрөөс явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.Бгийн хөрөнгө болох Баянзүрх 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамж 1693 Б тоот үл хөдлөх хөрөнгийг 2016-08-16-ны өдрийн 163/7 тоот тогтоолоор битүүмжлэн, 2017-08- 23-ны өдрийн 163/23 тоот хураах тогтоолоор хураан үнийн саналыг авч анхны албадан дуудлага худалдаанд 2016-09-16-ны өдөр оруулсан. Худалдан борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдаанд 2016-10-28-ны өдөр оруулсан  ч мөн борлогдоогүй. Иймд Г.Бг санал болгох комиссын хурлыг товлосон хугацаанд тус албанд 2016-12- 08-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016-12- 06-ны өдрийн 3/37738 албан тоотоор, 2016-12-16-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016-12-13-ны өдрийн 3/38470 дугаар албан тоотуудаар тус тус мэдэгдсэн ч ирээгүй. Г.Б 2017-01- 21-ний өдөр Д.Гы хамт тус албанд өөрийн биеэр хүрэлцэн ирж барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамж 1693 Б тоот 279 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг талууд харилцан тохиролцсон тул  Д.Гы өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.Оюунаар гэрчлүүлэн өгсний дагуу 2017 оны 02 дугаар сарын 1/4745, 1/4746 албан тоотуудын дагуу барьцаа хөрөнгө төлбөр авагчийн өмчлөлд шилжсэнээр гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болсон.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Д гаргасан тайлбартаа:  Г.Бгаас 18 200 000 төгрөг авах шүүхийн шийдвэр гарч, төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй. Шийдвэр гүйцэтгэгч хуулийн дагуу ажиллагаа хийсэн гэж үзэж байна. Г.Бгийн барьцаалсан хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч уг хөрөнгө нь худалдан борлогдоогүй тул шийдвэр гүйцэтгэгч санал болгох хурал хийхээр зарлаж байгаа тухай мэдэгдсэн. Г.Б нь санал болгох хуралд ирээгүй, харин төлбөр авагч Б.Баатаржаргал, Д.Г бид нар шийдвэр гүйцэтгэгчийн хурал товлосон хугацаанд ирсэн. Ийм учраас санал болгох хурал хийгдээгүй нь үнэн. Сүүлд нь Г.Б зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө, газрыг намайг аваад бусад 2 хүний төлбөрийг төлж барагдуул гэж гуйсан. Би зөвшөөрөөд хүсэлт бичсэн хэдий ч Г.Бгийн санал болгосон үл хөдлөх хөрөнгө, газар нь үнэд хүрэхгүй, надад тохирохгүй гэж бодоод авахаас татгалзсан. Гэтэл тэд ярилцаад Д.Г авахаар болж, тохироод хүсэлтээ Г.Б бичээд нотариатчаар батлуулаад шийдвэр гүйцэтгэгчид өгсөн. Шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн дагуу ажиллагаа хийсэн гэжээ.

        Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Очирбат гаргасан тайлбартаа: Миний бие 2017-02-16-ны өдөр Д.Гы өмчлөлтэй, Баянзүрх дүүргийн 21-р хороо, Бага дарь эх 5 гудамж 1693Б тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдах-худалдан авах гэрээг  хуулийн дагуу хийж 31сая төгрөгөөр худалдаж авсан. Тус газар дээр ялзарсан шополоор барьсан хаалга цонхгүй балгас байсныг нурааж, Хаан банкнаас  200сая төгрөгийн зээл авч 3 давхар байшин барьж, шинээр барьсан байшингаа дахин Хаан банкинд зээлийн барьцаанд тавьж 40сая төгрөг авсан ба одоогоор 240сая  төгрөгийн банкны зээлтэй байна.  Сард 7.500.000 төгрөгийн зээл төлж байна. Г.Б хариуцагч Нт холбогдуулан ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Г.Б өөрийн хүсэлтээр Д.Гд газраа өгсөн. 2014 онд Очир төвийн барилгын ажлыг Г.Бгийн газраас 1 метрийн зайтай эхлүүлж байхад манай газар руу орлоо хэмээн барилгын ажлыг зогсоож их хэмжээний хохирол учруулж барилагчдыг хэл амаар доромжилж байсан. 2015 онд Очир төвийн 2 давхрыг Монгол гэр хийнэ гэж түрээслэн авсан ба тогны утсыг энд тэнд нь тастаж, түрээсээ сунгасан боловч сунгасан түрээсийн төлбөрөө дутуу өгч 470.000 төгрөгийн хохирол учруулсан. Нийтийн сүлжээгээр нэр алдар, утасны дугаар бичиж эхнэр бид хоёрыг доромжилсон. УБЦТС-д Г.Б хэрэглэсэн 1 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй алга болсон. Г.Б удаа дараа миний утас руу залгаж тус газрыг худалдаж аваач гэж гуйж байсан. Г.Б нь устай газар гэж дурдсан байна. Ямар ч ус татаагүй төвийн шугамыг би өөрөө татаж Очир төвд оруулсан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00230 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Ннд холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5 дугаар гудамжны 1693Б тоотын газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гы өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Г.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 887 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2018/00230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Магадлалд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Г.Б тухайн үл хөдлөх хөрөнгийг 210сая төгрөгөөр худалдах санал ирүүлснийг  Т.Д хүлээн зөвшөөрсөн байх ба бусад төлбөр авагчаас үнийн санал авсан эсэх тэдгээртэй төлбөр төлөгч үнийн талаар харилцан тохиролцож тогтоох ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй энэ талаар хариуцагч тал шүүхэд баримт ирүүлээгүй, /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс Г.Б, Т.Д, Д.Г нараас үнийн санал авч дуудлага худалдааны үнийг тогтоосон бөгөөд уг нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байхад баримтыг ирүүлээгүй талаар магадлалд дурдсан. Мөн Т.Д, Д.Г, Б.Баатаржаргал нарт холбогдох гүйцэтгэх баримт бичгүүд тус тусдаа шүүхийн шийдвэртэй бөгөөд Б.Баатаржаргалд холбогдох гүйцэтгэх баримт бичиг албадан дуудлага худалдаа зохион байгуулсны дараа тус албанд ирсэн байна. Иргэний хуулийн 177.1-д заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно.” гэж заасны дагуу Г.Бгаас үнийн санал авахад үл хөдлөх хөрөнгийг 210сая төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээг төлбөр авагч талууд хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож дуудлага худалдааны үнийг тогтоосон тул хуулийн дагуу 70 хувиар тооцож анхны албадан дуудлага худалдаанд 147сая төгрөгөөр оруулсан боловч худалдан борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177.4-т зааснаар харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар буюу 105сая төгрөгөөр оруулсан нь хууль зөрчөөгүй. Мөн “...төлбөрт хураагдсан хашаа байшинг илүү үнээр худалдан авах хүнийг олж шийдвэр гүйцэтгэгчтэй уулзуулахаар удаа дараа хандахад шийдвэр гүйцэтгэгч гадуур ажилтай гээд уулзаагүй, шийдвэр гүйцэтгэгчийн зааврын дагуу эд хөрөнгөө Д.Гд шилжүүлсэн гэх гомдлыг няцаах баримтгүй, нэхэмжлэгч Г.Бгийн зүгээс уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүнийг олж ирсэн эсэх шийдвэр гүйцэтгэгчийн зааврын дагуу хөрөнгөө шилжүүлсэн талаараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх тогтоох боломжгүй байхад хариуцагч няцаах баримтгүй...” талаар дүгнэсэн нь  нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх  хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих /2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг зөрчиж нэхэмжлэл гаргасан/ хуулийг хэрэглээгүй хариуцагчийн гаргасан нотлох баримтыг шинжлэн судлаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Г.Б 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ннд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5 дугаар гудамжны 1693Б тоот газар, үл хөдлөх эд хөрөнгийг Д.Гы өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг шаардсан байна. 

       Анхан шатны шүүх “... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх бөгөөд нэхэмжлэгч Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3-т заасан хугацааг хэтрүүлсэн байна ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...үнийн саналыг бусад төлбөр авагчаас авсан эсэх, тэдгээртэй төлбөр төлөгч үнийн талаар тохиролцон тогтоох ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй... тул төлбөрт тооцон өгсөн зэрэг ажиллагаа нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна... эд хөрөнгийг Д.Гд шилжүүлсэн гэх гомдлыг няцаах баримтгүй байгааг шүүх анхаарч үзээгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2201 дугаар захирамж гаргаж, Т.Ды нэхэмжилсэн 18.200.000 төгрөгийг Г.Б төлөхийг зөвшөөрсөн тухай эвлэрлийн гэрээг баталгаажуулан /хх 5/ байна.

       Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 101/ШШ2016/03471 дугаартай захирамж гаргаж, Б.Баатаржаргалын нэхэмжилсэн 4.000.000 төгрөгийг Г.Б төлөхийг зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталжээ. /хх 4/

        Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 101/ШШ2016/04385 дугаартай захирамж гаргаж, Д.Гы нэхэмжилсэн 20.366.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Г.Б зөвшөөрснийг баталсан бөгөөд захирамжид  Баянзүрх дүүрэг, 21 хороо, Бага дарь эх, 5 дугаар гудамжны 1693б тоот 96 кв.м талбайтай үл хөдлөх хөрөнгө, 279 кв.м талбайтай газар барьцаанд байгааг /хх 6-7/ заасан байна.  

       Шүүхээс гарсан аль шийдвэрт хариуцагч ажиллагаа явуулж, эд хөрөнгийг төлбөр авагч Д.Гэрэлчулуулны өмчлөлд шилжүүлсэн, бусад төлбөр авагч нар шийдвэр гүйцэтгэх энэ ажиллагаанд гомдол гаргасан эсэх зэрэг нөхцөл байдлууд тодорхойгүй байна. Иймд шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх буюу шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

       Дээр дурдсан үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 887 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ