| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 106/2017/0525/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2018-02-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 124
Х.Ст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Уранбайгаль,
шүүгдэгч Х.С, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
хохирогч Г.Цгийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 499 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Цгийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Х.Ст холбогдох 170300010032 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
............... овгийн ...............ын ..............., 1967 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ГБУС” ХХК-д жолооч ажилтай, ............... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: .............../,
- Дундговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 960.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Х.С нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 7 цаг 40 минутын үед Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний урд талын автобусны замд “ГБУС” ХХК-ны эзэмшлийн “Хьюндай Аеро Сити 540” загварын 25-81 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан “...Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй.” гэсэн заалтыг зөрчиж зорчигч Г.Цг /71 настай/ унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн Прокурорын газраас: Х.Сын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч ............... овогт ...............ын ...............ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг
журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Ст торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
Хохирогч Г.Цгийн 4 ширхэг рентигэн зургийг хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг фото зураг хэрэгт хавсаргагдсан, шүүгдэгч Х.С цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Цд 800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “ГБУС” ХХК-иас 4.038.537 төгрөг гаргуулан хохирогч Г.Цд олгож, хохирогч Г.Цгийн нэхэмжлэлийн шаардлагаас 24.655.187 воныг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Цгийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн Г.Ц нь мөрдөн байцаалтьн шатанд хохирогчоор тогтоогдсон бөгөөд энэ гэмт хэргийн улмаас иргэн Г.Цд учирсан нийт хохирол 58.990.741 төгрөгийг шүүгдэгч Х.Саас гаргуулахаар нэхэмжилж өөрт байсан холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагаас 24.655.187 вонын хохирлын тодорхой тооцоо гаргах бололцоогүй, тухайн үеийн Монгол банкны валютын ханш хэрэгт авагдаагүй учир хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэн Г.Ц нь ГССҮТ-д эмчлүүлсэн эмчилгээний зардал 1.955.537 төгрөг, БНСУ-д хүүгийн хамт эмчлүүлэхээр явсан онгоцны нислэгийн төлбөр 2.889.000 төгрөг, БНСУ-д хохирогчийн хагалгаанд орсон эмчилгээний зардал 24.655.187 вон буюу 53.255.204 төгрөгийн хохирол учирсан тул шаардах эрхтэй бөгөөд энэхүү зардлыг нотлох баримт хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байдаг. Энэ нь холбогдогчоос гаргуулах гадаад валют /вон/-ийн ханшийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Монгол банкнаас зарласан хаалтын ханшаар тооцоход /1 вон - 2.16 төгрөг/ 53.255.203.9 төгрөг болно. Тухайн өдрийн валютын ханшийн лавлагаа бичгийн хэлбэрээр хэрэгт авагдаагүй. Учир нь Монгол банк валютын ханшийн лавлагааг өгөөгүй болно. Тухайн өдрийн валютын ханшийн лавлагаа хэрэгт авагдаагүй боловч шүүх Монгол банкны албан ёсны вэб сайт www.mongolbank.mn-с авч хэрэглэх боломжтой байсан нийтэд нээлттэй мэдээлэл юм. Нийтэд илэрхий үйл баримт гэсэн ойлголтын шинжийг Улсын дээд шүүх “Шүүхийн шийдвэрийн тухай” 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.3 дахь заалтад “нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байдаг. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагааны” тухай 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн зөвлөмжид 4.4 “...түүнийг дахин нотлохгүй” гэдгийг тайлбарлахдаа “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон, эсхүл нийтэд илэрхий үйл баримт нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болж байгаа бол нэхэмжлэгч, шаардлагыг үгүйсгэж буй тайлбарын үндэслэл болж байгаа бол хариуцагч уг үйл баримтыг нотолгооны аливаа хэрэгслээр нотлох үүргээс чөлөөлөгдөнө” хэмээн заасан байдаг. Үүнээс үзвэл шүүхэд Монгол банкны валютын ханшийн мэдээллийг гаргаж өгөх шаардлагагүй байсан тул тухайн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх дутуу үнэлсэн байна. Хохирогч Г.Ц нь хэвтэрт байсанаас болж зүрхний цусан хангамж муудан дахин БНСУ-д хагалгаанд орон хэвтэн эмчлүүлж байгаа болно. Ийм хүнд нөхцөл байдалд их хэмжээний хохирол учирсаны дээр дахин чирэгдэл учруулж Иргэний хэргийн шүүхэд ханд хэмээн хэлэлцэх боломжтой асуудлыг хэлэлцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Иймээс дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж хохирогчийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Х.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй.” гэв.
Шүүгдэгч Х.Сын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдаагүй хотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байх тул хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргаж буй гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хохирогчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол банкны албан ёсны ханштай холбоотой баримтыг шүүхэд нотлох баримт болгон гаргаж өгөх боломжтой байсан боловч гаргаж өгөөгүй байх тул шүүхийн шийдвэр нь үндэслэл болж чадаагүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэг бүртгэлийн шатанд хохирогч тухайн үед 1.955.537 төгрөгийн баримт гаргаж өгснийг хавтаст хэрэгт хавсаргасан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хохирогч Г.Цгийн өмгөөлөгч 24.655.187 төгрөгийн хохирлын тооцоо гаргаж хавтаст хэрэгт хавсаргасан. Тухайн үед шүүхийн шийтгэх тогтоолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн журмын ажиллагааны дагуу жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн. Монгол улсад эмчлүүлсэн баримт нь 2.000.000 төгрөг байсан. Тухайн үед анхан шатны шүүх хуралдаанд авчирсан баримт нь 24.000.000 төгрөг болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Халтарын Сүхбаатар нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 7.40 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний урд талын автобусны буудлын замд “Г-Бус” ХХК-ны эзэмшлийн “Хьюндай Аеро Сити-540” загварын 25-81УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан “...Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж автобусанд зорчиж байсан зорчигч Г.Цг автобуснаас буух үед нь унагаж эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгний төвгөр дайрсан зөрөөтэй далд хугарал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Х.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 21-ний өглөө баазаас 25-81УБД улсын дугаартай “Хьюндай Аеро Сити 540” загварын Ганхийц-Зайсан чиглэлийн автобус жолоодоод ажилдаа гарсан. Би Зайсангийн эцсийн буудлаас шугамд гарсан. Тэгээд 7 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжингийн гүүрний урд буудал дээр зогсож хүнээ буулгаад хөдлөх үед автобусанд сууж байсан хүмүүс хүн уначихлаа гээд хашгирсан. Би автобусаа зогсоогоод буугаад очсон чинь нэг өндөр настай эмэгтэй хүн өвдөглөөд, дөрвөн хөллөөд уначихсан босч чадахгүй байсан ба хөл нь өвдөөд байна гэж байсан. Би 102,103 руу дуудлага өгөөд байж байтал түргэн тусламж ирээд зорчигчийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсны дараа цагдаа ирж ослын газар үзлэг хийсэн. ...Би хаалга гүйцэд хаагдаагүй байхад хөдөлсөн. Би гадна талын толиндоо хараад эхлээд хоёр залуу буугаад араас нь нэг настай хүн бууж байхаар нь буучихлаа гэж бодоод хаалгаа хаах товчлуур дээр дараад хөдөлчихсөн. Тэгтэл тэр настай хүн бууж амжаагүй байгаад унасан байсан...” (хх-55),
хохирогч Г.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 21-ний өглөө 7 цаг 40 минутын үед би Зайсангийн гүүрний хойд талын автобусны буудал дээрээс Зайсан-Ганхийц чиглэлийн автобусанд суугаад явсан. Тэгээд би Гурвалжингийн гүүрний урд талын буюу замын зүүн талын автобусны буудал дээр буугаад Ээрмэл 3, 4 дүгээр хорооллын чиглэлийн автобусанд суух санаатай автобусны хойд хаалгаар бууж байсан хүмүүсийн хамгийн сүүлд буугаад, баруун хөлөө авах гэтэл автобус хаалгаа хаалгүй хөдөлж, би зам дээр унасан. Тэгтэл автобусны жолооч гарч ирээд, намайг аваад гэмтлийн эмнэлэг рүү явья гэж байсан. Хөл хугарснаа мэдсэн учир түргэн тусламж дууд гэсэн чинь жолооч 103 руу дуудлага өгч түргэн тусламж ирээд, намайг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд миний зүүн хөлийн дунд чөмөгний толгой хэсгээр хугаралтай байна гээд чөмөгний толгой солих үений хагалгаанд орсон. Би үе солиулах хагалгаа 2 удаа хийлгэсэн боловч сайжрахгүй хиймэл түнхний үе суулгасан байсан нь дахиад мултарсан. Би өөрийн эмчилгээний зардалд зарцуулсан 1.955.537 төгрөг болон намайг сахиж байгаа хүүхдийнхээ цалин, хөлсийг нөхөн төлүүлмээр байна. Би гомдолтой байна. Хэзээ эдгэж хөл дээрээ босохоо мэдэхгүй хэцүү байна.” (хх-23),
иргэний хариуцагч И.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Х.С нь манай байгууллагад 2016 оны сүүлээр автобусны жолоочоор ажиллаж байгаа. Манай байгууллагад ажиллах хугацаандаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Х.С нь Ганхийц-Зайсан чиглэлд өглөө 6 цаг 45 минутанд ажилд гарахад шалгахад ямар нэгэн дутагдалгүй хэвийн байсан. Уг автобус нь камертай. Гэхдээ тухайн өдөр ажиллаагүй байсан. Манай байгууллага автобусанд жолоочийн хариуцлагын даатгал хийгдээгүй байсан. Манай байгууллага хохирогчид учирсан хохирлыг төлөх боломжгүй.” (хх-26) гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Цгийн биед зүүн дунд чөмөгний төвгөр дайрсан зөрөөтэй далд хугарал, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл
мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрмийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх 8146 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-35),
Техникийн шинжээчийн “...Х.Аеро-540 загварын 25-81 УБД улсын дугаартай автомашины жолооч Х.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2 “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалга гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зорчигч Г.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх 289 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-46),
ГБУС ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 84 дугаар “Х.С
нь ГБУС ХХК-д жолооч албан тушаалтай нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-63, 114),
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн
маягт (хх-64),
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-5-10),
Иргэний хариуцагч ГБУС ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-29),
Жолооч, явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа (хх-11-12),
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-19-20), хохирогч Г.Цгийн өвчний түүхийн хуулбар (хх-37-44), хохирогчийн нэхэмжлэлийн баримтууд (хх-25, 103-112), хохирол төлсөн баримт (хх-113), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-73), “Г-Бус” ХХК-ийн 070 дугаар ажлын үнэмлэх (хх-62) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Х.Сын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Хохирогч Г.Цгийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргасан “...24.655.187 вонын хохирлын тодорхой тооцоо гаргах бололцоогүй, тухайн үеийн Монгол банкны валютын ханш хэрэгт авагдаагүй учир хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж хохирогчийг хохиролгүй болгож өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж хуульчилсан бөгөөд Монгол банкнаас зарласан хаалтын ханштай холбоотой мэдээллийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй тул давж заалдах шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй байна.
Мөн анхан шатны шүүх “БНСУлсад хагалгаанд орсон зардал иргэний хариуцагчаас 24.655.187 вонн гаргуулах” тухай хохирогч Г.Цгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар “Тодорхой тооцоо гаргах бололцоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд уг асуудлаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан нь зөв болжээ.
Иймд хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийн нэр болон хууль зүйн нэршилийг бичихдээ техникийн шинжтэй бичиглэлийн алдаа гаргасныг зөвтгөж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 499 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч ............... овогт ...............ын ...............г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч ............... овогт ...............ын ...............г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.
2. Хохирогчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 499 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ц. ОЧ