Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1490

 

 

 

 

 

 

  2020         08         12                                       2020/ШЦТ/1490

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Уранцэцэг,

Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч А.Баялагмаа /ҮД:3128/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Гт холбогдох 2006 02798 1972 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1976 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, “Өсвөр үеийн хүнс” ХХК-д жолооч ажилтай, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 25 дугаар гудамжны 534 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран гудамжны 1в хэсгийн 2068 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 662 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан, Б овогт Нын Г /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Н.Г нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Адъяасүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний баруун гарыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гын өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Солонгос эмнэлгийн баруун талаар урагшаа явж байсан юм. Тэгсэн чинь 2 согтуу хүн самбар урж байсан. Би боль гэсэн шаардлага тавьсан чинь эмэгтэй нь машин ирээд өшиглөхөөр нь буугаад ирсэн чинь өөдөөс гинж, бугуйвч тасдаад маргаан үүссэн. Тэгээд би болиулах гээд гарнаас нь барьсан. Гарнаас нь барьсны улмаас гар нь хугарсан...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.3/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Адъяасүрэнгийн өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Япон эмнэлгийн баруун талын засмал замаар 15 цагийн үед нөхөр Алтансүхийн хамт алхаж яваад замын хажуу талд сонгуулийн сурталчилгааны 3 ширхэг самбар байхаар нь хараад “энэ шинэ хүмүүс их хуралд гараад юм хийхийн болов уу даа” гэж яриад явж байсан чинь хажуу талд 45-52 УБМ улсын дугаартай приус-20 маркийн мөнгөлөг саарал машин зогсоод жолоо барьж явсан эрэгтэй, 45-50 орчим насны хүн бууж ирээд “та нар сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг муулдаг хэн бэ?” гээд миний баруун гарын бугуйнаас барин мушгиад миний гарыг эвгүй болгочихоор нь би “та миний гарыг хугалчихлаа шүү дээ, таньд ямар хамаатай юм бэ? бид хоёр хоорондоо яриад явж байна шүү дээ” гэж нөгөө эрэгтэйд хэлсэн. “Та миний гарыг хугалчихлаа шүү дээ” гэсэн чинь нөгөө эрэгтэй бид хоёрыг “та хоёр согтуу байна” гээд дахин миний баруун гарыг барьж аваад утсаараа хүмүүс дуудаж байсан...” гэх мэдүүлэг /хх.9-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Алтансүхийн өгсөн: “... машинтай эрэгтэй Н.Г /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэх хүн машинаасаа бууж ирээд самбарнаас болж Адъяасүрэнтэй хэрэлдэн, тэр хоёр хоорондоо пизда наахуугаараа дуудалцаад байхаар нь би Адъяасүрэнг явъя гэсэн чинь Г нь Адъяасүрэнгийн баруун гарнаас барьж аваад мушгин тавихгүй байсан, сүүлдээ 2 гарнаас ээлжилж бариад 2-3 минут болсон. Гарнаас нь ерөөсөө тавихгүй байхаар нь би гар утсаараа бичлэг хийсэн байгаа. Адъяасүрэнгийн гарнаас тавих үед Адъяасүрэн “миний гар хугарчихлаа” гээд байсан. Баруун гарын бугуй хэсгээр угаасаа тахийсан юм шиг харагдаад байсан, сүүлд нь гар утасны бичлэгээ үзэхэд ч гэсэн тэгж харагдаж байгаа...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6804 дугаартай:

          “... 1. Адъяасүрэнгийн биед баруун богтос ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх.20-21/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.48-49, 51/,

          Хохирол нөхөн төлсөн баримт /хх.42/,

          Шийтгэлийн хуудас /хх.61/,

          Хохирогч О.Адъяасүрэнгийн хүсэлт /хх.66/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Н.Г нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Адъяасүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний баруун гарыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.3/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.7/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Адъяасүрэнгийн өгсөн: “... 45-50 орчим насны хүн бууж ирээд “та нар сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг муулдаг хэн бэ?” гээд миний баруун гарын бугуйнаас барин мушгиад миний гарыг эвгүй болгочихоор нь би “та миний гарын хугалчихлаа шүү дээ, таньд ямар хамаатай юм бэ? бид хоёр хоорондоо яриад явж байна шүү дээ” гэж нөгөө эрэгтэйд хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.9-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Алтансүхийн өгсөн: “... Г нь Адъяасүрэнгийн баруун гарнаас барьж аваад, мушгин тавихгүй байсан, сүүлдээ 2 гарнаас ээлжилж бариад 2-3 минут болсон. Гарнаас нь ерөөсөө тавихгүй байхаар нь би гар утсаараа бичлэг хийсэн байгаа. Адъяасүрэнгийн гарнаас тавих үед Адъяасүрэн “миний гар хугарчихлаа” гээд байсан. Баруун гарын бугуй хэсгээр угаасаа тахийсан юм шиг харагдаад байсан, сүүлд нь гар утасны бичлэгээ үзэхэд ч гэсэн тэгж харагдаж байгаа...” гэх мэдүүлэг /хх.16-18/,

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 6804 дугаартай:

          “... 1. Адъяасүрэнгийн биед баруун богтос ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.20-21/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.48-49, 51/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Н.Гын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч О.Адъяасүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Н.Гыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэг Н.Гын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Н.Г нь хохиролд 800.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч О.Адъяасүрэн нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Н.Гыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Н.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Н.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Гт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэргт үлээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Нын Гыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Н.Гт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Гт сануулсугай.

5. Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 800.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч О.Адъяасүрэн нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР