Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1491

 

 

 

 

 

 

  2020         08         12                                       2020/ШЦТ/1491

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Хт холбогдох 2003 00364 0270 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Нийслэлийн ерөнхий боловсролын 124 дүгээр сургуульд сургалтын менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 76 дугаар гудамжны 15 тоотод оршин суух бүртгэлтэй, Боловсролын тэргүүний ажилтан, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сийн Х /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.Х нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овооны урд замд “Тоёота Приус” маркийн 79-73 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин буцаж эргэх үйлдэл хийхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Н.Цэнд жолоочтой “Тоёота Приус” маркийн 14-86 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Н.Цэндийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Тоёота Приус” маркийн 14-86 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.573.000 төгрөгийн шууд, 2.773.000 төгрөгийн нийт хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэх мэдүүлэг,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх.12-19/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.97/,

Хяналтын камерийн бичлэг бүхий Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цэндийн өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 14-86 УБТ улсын дугаартай автомашинаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Офицер” захаас гараад Чулуун овооны аюулгүйн тойргоос ертөнцийн зүгээр урагшаа Нарантуул захын чиглэлд 1 дүгээр эгнээнд явж байхад эсрэг талын замаас буцаж эргэх уулзвараар хар өнгийн “Тоёота Приус” маркийн автомашин намайг өнгөрүүлэлгүйгээр урдуур гэнэт дарж орсон. Би тоормос гишгэсэн боловч амжилгүй тэр машины баруун хойд хэсэгт мөргөж зам тээврийн осол гарсан...” гэх мэдүүлэг /хх.42-43/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч А.Октябрийн өгсөн: “... Манай эхнэр уг автомашиныг жолоодон яваад зам тээврийн осол гаргасан болохоор миний зүгээс хохирол барагдуулах асуудлыг шийдвэрлэхэд оролцох ёстой гэж бодож байна, татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.39-40/,

“Ашид билгүүн” ХХК-й 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1020 дугаартай:

“...Тоёота Приус” маркийн 14-86 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.573.000 төгрөгийн шууд, 2.773.000 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.51-54/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6956 дугаар:

          “... 1. Н.Цэндийн биед баруун тавхайн ясны дөрвөлжин яс, өсгий ясны далд хугарал, баруун тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.61-62/,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх.75-80/,

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 103 дүгаартай магадлагаа /хх.84-85/,

Хохирогч Н.Цэндийн хүсэлт /хх.108, шинээр гаргасан 1 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Х нь 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овооны урд замд “Тоёота Приус” маркийн 79-73 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг зөрчин буцаж эргэх үйлдэл хийхдээ чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас Н.Цэнд жолоочтой “Тоёота Приус” маркийн 14-86 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Н.Цэндийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Тоёота Приус” маркийн 14-86 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.573.000 төгрөгийн, нийт 2.773.000 төгрөгийн хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх.12-19/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.97/,

Хяналтын камерийн бичлэг бүхий Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цэндийн өгсөн: “... 1 дүгээр эгнээнд явж байхад эсрэг талын замаас буцаж эргэх уулзвараар хар өнгийн “Тоёота Приус” маркийн автомашин намайг өнгөрүүлэлгүйгээр урдуур гэнэт дарж орсон. Би тоормос гишгэсэн боловч амжилгүй тэр машины баруун хойд хэсэгт мөргөж зам тээврийн осол гарсан...” гэх мэдүүлэг /хх.42-43/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч А.Октябрийн өгсөн: “... Манай эхнэр уг автомашиныг жолоодон яваад зам тээврийн осол гаргасан болохоор миний зүгээс хохирол барагдуулах асуудлыг шийдвэрлэхэд оролцох ёстой гэж бодож байна, татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.39-40/,

“Ашид билгүүн” ХХК-й 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1020 дугаартай:

“...Тоёота Приус” маркийн 14-86 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.573.000 төгрөгийн шууд, 2.773.000 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.51-54/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 6956 дугаар:

          “... 1. Н.Цэндийн биед баруун тавхайн ясны дөрвөлжин яс, өсгий ясны далд хугарал, баруун тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь шүүх  эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.61-62/,

Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх.75-80/,

          Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 103 дүгаартай магадлагаа /хх.84-85/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Хийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Хийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар С.Хийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, насанд хүрээгүй хохирогч Н.Цэнд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд С.Хийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.Хийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

С.Х нь хохиролд 2.780.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Н.Цэнд нь гомдолгүй гэсэн боловч хохирогч Н.Цэнд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч А.Октябрь, гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Х нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

С.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

   Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Хийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          С.Хт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

   Шүүгдэгч С.Хт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Сийн Хийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Хт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Хт сануулсугай.

5. С.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2.780.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Н.Цэнд нь гомдолгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Сиди 2 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

          7. Хохирогч Н.Цэнд нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч А.Октябрь, гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Х нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих,  иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР