Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Л.Энхтайван

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2025000510160 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Быг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Баярчимэгийн гээгдүүлсэн самсунг А7 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 952,000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бы мэдүүлсэн “09 сард Холбооны ар талаас гар утас олоод өөрийн симийг хийж ашигласан. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг, -Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17-18-р хуудас/

-Хохирогч Б.Баярчимэгийн мэдүүлсэн ...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Цахилгаан холбооны газрын Хаан банкны АТМ-с 40.000 төгрөг авах үед миний цүнхэнд байсан самсунг А7 загварын гар утсанд зарлагын мессеж ирсэн. Би маш их яарч байсан болохоор машин руугаа гүйсэн. Тэгээд хүүхдээ эмнэлэгт үзүүлчихээд цүнхэн дотор байсан гар утсаа үзэхэд байхгүй болсон байсан. Улмаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан... “гэх мэдүүлэг /хх-н 21-22-р хуудас/,

 - Гэрч Б.Энхдөлгөөний мэдүүлсэн ...Манай ээж Б нь юнителийн 88244909 дугаарыг барьдаг байсан. Би энэ дугаарыг ашиглаж барьж байгаа. Тухайн дугаарыг самсунг А7 загварын гар утсанд ашиглаж байгаа. Самсунг А7 загварын гар утсыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс манай ээж Б нь олсон. Би энэ утсыг ашиглаж барьсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 25-26-р хуудас/,

 - “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 45 дугаартай ... “Самсунг-А7 загварын гар утсыг 952 000 төгрөгөөр үнэлэв...’’ гэх дүгнэлт /хх-н 31-33-р хуудас/

-Үүрэн холбооны Юнител ХХК-с гарган өгсөн албан бичиг, лавлагаа /хх-н 11-12-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Баярчимэгийн гээгдүүлсэн самсунг А7 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 952 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.Бы үйлдлийн улмаас хохирогчид 952,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Шүүгдэгч Б.Бы энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг, гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрээс иргэн Б.Баярчимэгийн гээгдүүлсэн самсунг А7 маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 952,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч уг гар утсанд өөрийн симийг хийж ашигласан. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

 Иймд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна. Би хүнд өвчтэй ажил хийхгүй байгаа тул торгуулийг хувааж төлөх саналтай гэжээ. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Баярчимэгт учирсан хохирлыг шүүгдэгч биет байдлаар буцаан өгсөн, цаашид гаргах гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн /хх-ийн 58-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж ялын төрөл хэмжээний тухай улсын яллагчийн саналыг зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, төлөгдсөн байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Б.Быг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сард 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Д.АРИУНЦЭЦЭГ