Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/187

 

    

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Оэд холбогдох эрүүгийн 2025001710130 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.О

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ц. Оийг 2020 оны 02 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” зочид буудлын гадаа иргэн Д.Булгантуяатай маргалдан улмаар нүүрэн тус газар нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Оийн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Над руу 2-уулаа дайрахаар нь би хацар руу нь мангасдаад түлхсэн юм. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. 500,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

-Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/

-Хохирогчийн эмчлүүлсэн тухай амбулторын картын хуулбар /хх-ийн 11-13-р хуудас/

-Хохирогч Д.Булгантуяагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... Гэтэл хажуу талаас нь О намайг чи ямар сүртэй юм бэ гээд доромжлоод байхаар нь Тамир зочид буудлын гадаа очиж зогсоод Отэй маргалдсан. О машинаас буухдаа намайг янз бүрээр доромжлоод байхаар нь би машинаасаа бууж очоод Отэй барьцалдаж аваад нэгнийгээ нааш цааш нь түлхсэн. ..Энэ үед О бид хоёр нэгнийгээ цааш наашаа түлхэлцэж байгаад миний уруул руу цохиод авсан.Тэгэхээр нь миний уур хүрээд Оийг эргүүлээд цохиод авсан чинь О миний толгой руу манартал алгадсан. ..ингээд маргаашнаас нь миний толгой өвдөөд болохгүй байхаар нь эмнэлэгт үзүүлтэл тархи доргилт гэсэн онош тавьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18-р хуудас/

-Гэрч Г.Бямбацэрэнгийн мэдүүлсэн ... Энэ үед О хажуу талаас нь  Булгантуяаг янз бүрээр хэлээд байсан. Ингээд Тамир буудлын гадаа очоод О машинаас нь буугаад хэрэлдэж байснаа машиныг нь өшиглөөд авсан. Гэтэл Булгантуяа машинаасаа буугаад Отэй маргалдаад нэгнийгээ нааш, цааш нь түлхээд байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад тэр 2-г салгах гэтэл Чингис нь намайг салгуулахгүй мөн миний гарнаас татаж чангаагаад намайг түлхээд байсан. Энэ хооронд О Булгантуяаг хажуу талын машин дээр нь хоолойг нь боож байгаад болингуутаа толгой руу нь нэлээд хүчтэй алгадсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-р хуудас/

-Гэрч Ж.Мөнхтуяагийн мэдүүлсэн...Тамир буудлын гадаа очоод Булгантуяа мөнгөө өг гэтэл О сүртэй ш дээ өгчихнө ш дээ гэж хэлээд машинаас буутал Булгантуяа чи муу юу гээд байгаан гээд хэрүүл маргаан хийсэн. Тэгээд Булгантуяа О нар хоорондоо маргалдаад нэгнийгээ түлхэлцээд байсан чинь Булгантуяагийн найз охин мөн машинаас бууж ирээд нийлээд О рүү дайраад байсан чинь Чингис Булгантуяагийн найзыг салгаад холдуулсан. Тэгээд О рүү Булгантуяа дайраад орилж хашгираад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

 

-Гэрч Б.Чингисийн мэдүүлсэн ....Ингээд О, Мөнхтуяа бид 3  Булгантуяагаар Тамир зочид буудлын гадаа хүргүүлсэн.Буудлын гадаа О, Булгантуяа нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Улмаар О машинаас түрүүлээд буусан ба би араас нь буугаад Оийг боль гэтэл Булгантуяа найз эмэгтэйтэйгээ бууж ирээд О рүү 2-уулаа дайраад байхаар нь би нэгийг нь болиулахаар нэг нь очиж маргалдаад байсан. Энэ үед О, Булгантуяа нар нэгнийгээ түлхэлцээд байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 238 дугаартай …Д.Булгантуяагийн биед тархи доргилт, доод уруулд язарсан шарх, бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/

Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн:... Тархи доргилтын үед толгой өвдөх, даралт нэмэгдэх, халуурах, огиудас бөөлжис хүрэх, шилэн хүзүү хөших, хамраас цус гарах гэх мэт зовиур илэрнэ. Рентген зурагт хуруу даралтын шинж илрэх, судасны зураглал тодрох зэрэг шинж илрэх, үзлэгээр нүдний алимны чичирхийлэл илрэх, Магадлуулагч Д.Булгантуяад дээрх шинж тэмдэг илэрсэн байсан. Нарийн мэргэжлийн мэдрэлийн эмч мөн тархи доргилтыг оношилсон. Шинэ гэмтэл байсан. эрүл мэндийг түр хугацаагаар буюу 4 долоо хоногоор сарниулах шинжээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

             Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 02 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” зочид буудлын гадаа  Д.Булгантуяатай маргалдан улмаар нүүрэн тус газар нь алгадаж биед тархи доргилт, доод уруулд язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Ц.О нь бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан  энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  дүгнэлтээр “...Д.Булгантуяагийн  биед  тархи доргилт, доод уруулд язарсан шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Иймд  Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Оийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                  

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Ц.О нь 2020 оны 02 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Тамир” зочид буудлын гадаа иргэн Д.Булгантуяатай маргалдан улмаар нүүрэн тус газар нь алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд “Би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна. Торгуулийн хэмжээг багасгана уу. Би сард 300,000 төгрөгийн зээл төлдөг. Ээж тэтгэвэрт байдаг гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд, шүүгдэгч нь хохирогчид 500,000 төгрөг төлсөн байх ба хохирогч Д.Булгантуяа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.    

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн  эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж , хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын оногдуулах үндэслэлтэй.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Т овогт Ц.Оийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ц.Оэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  6 сарын хугацаанд  сард 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Оэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ