| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0737/Э |
| Дугаар | 725 |
| Огноо | 2020-08-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 725
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Г.Сундуй,
Шүүгдэгч О.М-Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-д холбогдох эрүүгийн 2009011790976 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ......тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн О.М-Д нь:
-“Зээл Санхүүч” гэх нэртэй фейсбүүк цахим хэрэгслийг ашиглан “Зээлийн муу түүхгүй иргэдэд зээл олгоно. Барьцаа шаардахгүй, зөвхөн цахим үнэмлэх л хэрэг болно” гэсэн зарыг фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд байрлуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зарын дагуу холбогдсон иргэн Э.Золзаяагийн “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-ний “Росket аппликэйшн руу нэвтрэх нэр, нууц үгийг авч, 88.000 төгрөгийг түүний нэрийн өмнөөс зээл авах байдлаар Хаан банкны 5023192360 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Золзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Би фэйсбүүк
үзэж байгаад 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Зээлийн муу түүхгүй хүнд зээл олгоно. Иргэний үнэмлэх байхад болно” гэсэн пост байршуулсан байсныг хараад мэдээлэл авахаар тухайн пост бичсэн хүн рүү чат бичсэн юм. Тэгэхэд ямар нэгэн байгууллага болон өөрийнхөө нэрийг хэлээгүй. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Твин Товерын 15 давхарт ирж гэрээ байгуулах боломжтой юу гэж асуухаар нь “ Хэр удах вэ? Би нялх хүүхэдтэй болохоор удах бол хэцүү байна” гэж хэлэхэд “ Та иргэний үнэмлэхийн зураг болон утасны дугаартайгаа явуулаарай “ гэсэн хариу өгөхөөр нь би иргэний үнэмлэхний зураг, утасны дугаараа явуулсан. Хэсэг хугацааны дараа “ Та гэрээ байгуулах боломжтой байна. Та имэйл хаягаа явуулаарай, баталгаажуулах код очно, кодоо өгөөрэй “ гэж хэлсэн. Удалгүй миний утсанд баталгаажуулах код ирэхээр нь тэр кодыг нь чатаар явуулахад “ Та гэрээ байгуулах боломжтой байна. Манайх 16 цаг хүртэл ажиллаж байгаа “ гэж хэлсэн. Би тэр өдөр нь очиж чадаагүй. Маргааш өдөр нь Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Твин Товерын 15 давхарт очиж гэрээ байгуулсан. Би апплейкшин рүү нэвтрэх гэсэн боловч болохгүй байхаар нь "Зээл санхүүч” гэх нэртэй фэйсбүүк хаяг руу энэ талаар хэлэхэд “Ачаалалтай байна. Зээлийн эрх үүсэхээр мэдэгдэнэ” гэсэн хариу өгсөн. Өдөр 15 цагийн орчимд дахин асуухад ямар нэгэн хариу өгөхгүй байсан ба байгууллага дээр очиж гэрээ байгуулах үед 10-20 минутанд хариу өгдөг гэж хэлж байсныг санаад залилуулсан байж магадгүй гэж бодоод маргааш өдөр нь “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК дээр очиж уулзаад чатаа харуулахад “ Манайхаас ийм нэрээр хүмүүстэй харьцдаггүй гэж хэлсэн. Миний нэрийн өмнөөс авсан 88.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэжээ. / хх 29 /
Гэрч О.М-Дөнхбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “... Миний дансыг манай эхнэр, дүү О.М-Д нар хааяа хэрэглэдэг юм...” гэжээ. / хх 30 /
Гэрч Э.Энхболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “... Манай байгууллагад Э.Золзаяа гэх иргэнээс “фэйсбүүк хуудсанд зээлийн муу түүхгүй иргэдэд зээл олгоно. Барьцаа шаардахгүй, зөвхөн цахим үнэмлэх хэрэг болно. Та чат бичээрэй, комментэд хариулахгүй” гэсэн зарыг 2020 оны 03 дугаар сараас эхлэн байнга давтамжтайгаар фэйсбүүк зарыг группд оруулж иргэдтэй харилцсан. Уг зарын дагуу Э.Золзаяа нь О.М-Д гэх хүнтэй холбогдоход “ Өөрийгөө Инвескор Хэтэвч ББСБ ХХК-ний ажилтан гээд манай дээр ирээд зээл ав, зээлийн гэрээгээ байгуулаарай, “Росket гэх нэртэй аппликэйшнд бүртгүүлж нэвтрэх нэр, нууц үгээ өгөөрэй “ гэж хэлээд нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилж өөрийн дугаарыг бүртгүүлж, Хаан банкны 5023192360 тоот О.М-Дөнхбаатарын данс руу 88.000 төгрөгийн зээл авсан, манай байгууллагад Э.Золзаяагийн нэрээр 88.000 төгрөгийн зээл авсан бүртгэлтэй байгаа юм. Би уг хүнтэй фэйсбүүк чатаар холбогдоход өөрийгөө манай байгууллагын ажилтан гэж хэлээд надаас утас, иргэний үнэмлэх, имэйлээ өгөхийг шаардаж байсан” гэжээ. / хх 12 /
Шүүгдэгч О.М-Дг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 35 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 43 / зэрэг болно.
Шүүгдэгч О.М-Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 88.000 төгрөгийг төлсөн. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Шүүгдэгч О.М-Д нь -“Зээл Санхүүч” гэх нэртэй фейсбүүк цахим хэрэгслийг ашиглан “ Зээлийн муу түүхгүй иргэдэд зээл олгоно. Барьцаа шаардахгүй, зөвхөн цахим үнэмлэх л хэрэг болно” гэсэн зарыг фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд байрлуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зарын дагуу холбогдсон иргэн Э.Золзаяагийн “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-ний “Росket аппликэйшн руу нэвтрэх нэр, нууц үгийг авч, түүний нэрийн өмнөөс зээл авах байдлаар Хаан банкны 5023192360 дугаарын дансаар шилжүүлэн авч, 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хохирогч Э.Золзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... Би фэйсбүүк үзэж байгаад пост бичсэн хүн рүү чат бичиж, баталгаажуулах код ирэхээр нь тэр кодыг нь чатаар явуулсан. Маргааш нь гэрээ байгуулсан. Ямар нэгэн хариу өгөхгүй болохоор нь “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК дээр очиж уулзахад “ Манайхаас ийм нэрээр хүмүүстэй харьцдаггүй гэж хэлсэн. 88.000 төгрөгөө нэхэмжилж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Золзаяагийн мэдүүлэг / хх 29 /, ... Миний дансыг дүү О.М-Д хааяа хэрэглэдэг юм гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.М-Дөнхбаатарын мэдүүлэг / хх 30 /, ... Э.Золзаяа нь О.М-Д гэх хүнтэй холбогдоход “ Өөрийгөө Инвескор Хэтэвч ББСБ ХХК-ний ажилтан гээд манай дээр ирээд зээл ав, зээлийн гэрээгээ байгуулаарай, “Росket гэх нэртэй аппликэйшнд бүртгүүлж нэвтрэх нэр, нууц үгээ өгөөрэй “ гэж хэлээд нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилж өөрийн дугаарыг бүртгүүлж, Хаан банкны 5023192360 тоот О.М-Дөнхбаатарын данс руу 88.000 төгрөгийн зээл авсан нь манай байгууллагад бүртгэлтэй байгаа гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Энхболдын мэдүүлэг / хх 12 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч О.М-Дг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.М-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.М-Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан прокурорын санал болгосон 350 / гурван зуун тавь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О. О.М-Д нь хохирогч Э.Золзаяад 88.000 төгрөгийг нөхөн төлсөн / хх 60 / тул түүнийг төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.М-Дг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.М-Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 / гурван зуун тавь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.М-Д нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар О.М-Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ