| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0673/э |
| Дугаар | 675 |
| Огноо | 2020-07-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 675
2020 07 16 2020/ШЦТ/675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Г.Баярмаа,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Хохирогч Э. Мөнхзул
Шүүгдэгч: Г.Н /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбожав овогт Готовын Нт холбогдох эрүүгийн 2009014870804 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1958 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй /өндөр насны тэтгэвэрт/, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, шүүхээр 4 удаа ял шийтгүүлсэн, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХ-ийн 127 дугаар зүйлийн 3, 126 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 202 таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХ-ийн 127 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 135 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХ-ийн 127 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ял шийтгэсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 148 дугаар зүйлийн 3-т зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн, Баянзүрх дүүргийн 23-р хороо, Баатархайрханы 26 хэсэг, 1735 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 06 дугаар 12-ны өдрийн 565 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Мөнхзулд /Ж.Анар- Эрдэнэ-н нэр дээр/ Бүгд Найрамдах Солонгос улсын виз 21 хоногийн дотор гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Э.Мөнхзулаас 8.500.000 төгрөгийг /ХААН банкны 5039548093 дугаарын дансаар шилжүүлэн/ залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009014870804 дугаартай хэргээс:
Хохирогч Э.Мөнхзулын “Би танил хүнээсээ Солонгос улс руу виз гаргадаг хүн байдаг гэж сонсоод 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Бөхийн өргөөний тэнд оффист очиж уулзахад Болороо гэх эмэгтэй байсан, тэр эмэгтэй Солонгосын виз 21 хоногт гаргаж өгнө, хэрэв гарахгүй тохиолдолд төлбөрийг 100 % буцааж олгоно гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа дүү Ж.Анар-Эрдэнийг Бүгд Найрамдах Солонгос улс руу явуулъя гэж хэлсэн чинь тухайн үед Болороо гэх хүн нь нэг хүнтэй танилцуулъя, тэр хүн визийг чинь найдвартай гаргаад өгнө гээд Н гэх хүнтэй уулзуулсан. Тэр хүнтэй уулзахад асуудалгүй, найдвартай гаргана гэж хэлсэн, удаа дараа залгасан. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нтэй Сүхбаатар дүүргийн Багшийн дээдийн гадаа уулзаад дүүгийнхээ гадаад паспортыг, мөн өөрийн ХААН банкны 5093046235 дугаарын данснаас Нийн ХААН банкны 5039548093 дугаарын данс руу 8.500.000 төгрөгийг шилжүүлсэн боловч виз гаргаж өгөөгүй, мөнгийг чинь өгнө гэж худлаа ярьсаар байгаад өдийг хүрсэн. Би Одоо 8.500.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна, гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Мөнхзул нь дүү Анар-Эрдэнийг Солонгос улс руу явуулах тухай хэлээд 8.500.000 төгрөгийг миний ХААН банкны данс руу шилжүүлсэн. 8.500.000 төгрөгийг би өөрөө хэрэглэчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Хохирогч Э.Мөнхзулын /харилцагч/ ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх- ийн 4 дүгээр хуудас/, Г.Нийн /харилцагч/ ХААН банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45-53 дугаар хуудас/, Г.Н нь 2019.12.13-ны өдөр 8.500.000 төгрөг хүлээн авсан гэх гараар бичсэн баримт /хх-ийн 05 дугаар хуудас/, яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 19- 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Мөнхзулд /Ж.Анар- Эрдэнэ-н нэр дээр/ Бүгд Найрамдах Солонгос улсын виз 21 хоногийн дотор гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Э.Мөнхзулаас 8.500.000 төгрөгийг /ХААН банкны 5039548093 дугаарын дансаар шилжүүлэн/ залилан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Мөнхзулын мэдүүлэг, Хохирогч Э.Мөнхзулын /харилцагч/ ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх- ийн 4 дүгээр хуудас/, Г.Нийн /харилцагч/ ХААН банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45-53 дугаар хуудас/, Г.Н нь 2019.12.13-ны өдөр 8.500.000 төгрөг хүлээн авсан гэх гараар бичсэн баримт /хх-ийн 05 дугаар хуудас/, яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 19-43 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Нийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Нийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчид 1 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар санал гаргасныг шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1-т заасныг баримтлан 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Г.Нт ял оногдуулахад хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Э.Мөнхзулд 2020 оны 6 сарын 16 - 7 сарын 16-ныг хүртэл нийт 7200.000 / долоон сая хоёр зуун мянга / төгрөг төлсөн талаар хохирогч мэдүүлсэн ба Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар үлдэх 1300.000 / нэг сая гурван зуун мянга / төгрөгийг шүүгдэгч Нээс гаргуулж хохирогч Э. Мөнхзулд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Гомбожав овогт Готовын Нийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад 8.500.000 / найман сая таван зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийг 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Г.Нт шүүхээс тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г. Нээс 1300.000 / нэг сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Э. Мөнхзулд олгосугай.
7. Шүүгдэгч Г.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН