Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/221

 

                 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа

Улсын яллагч С.Батмөнх-Очир

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2025000000122 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.М

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Мг давтан үйлдлээр хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу Шанд багийн баруун задгайгийн 19-02 тоотод оршин суух иргэн У.Жаргалсайханы хүн байнга амьдрах орон байр болох монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн ВSВ загварын зурагтыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 09 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 47-17 тоотод оршин суух Э.Батцэцэгийн байшингийн цонхыг хагалж хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч Элко загварын 32 инчийн зурагт хулгайлан 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн  2.1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мгийн мэдүүлсэн: Мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 5-7-р хуудас/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 8-р хуудас/

-Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/

-Хохирогч Н.Бүрэнчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...2020 оны 03 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед гэрээсээ Дэнж багт оршин суудаг найз Сарангуагийнд нөхөр 2 хүүхдийн хамтаар тариа хийж өгөх гэж явсан юм. Дэнж багт найз Сарангуагийнд оччихоод 2020 оны 03 сарын 07-ны 00 цаг өнгөрч байхад гэртээ иртэл хашааны хаалга онгорхой байхаар нь гэрийнхээ хаалгыг татаж үзтэл цоож нь цүү хэсгээрээ унаад ирсэн тэгээд гэр лүүгээ ортол хойморт байсан 32 инчийн ВSB загварын зурагт хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

-Гэрч У.Жаргалсайханы “...Би 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 21 цаг өнгөрч байхад эхнэр Бүрэнчимэг, охин Аялгуу нарын хамт гэрээ түгжээд Дэнж багт оршин суух Алтантогтох гэх айлынд тариа хийж өгөхөөр очоод гэртээ 2020 оны 03 сарын 07-ны өдрийн 00 цаг 10 минутын орчим гэр лүүгээ орох гэж байхад хашааны хаалга онгорхой болохоор нь хүн ороод гарч гэж бодоод цаашаа явтал байшингийн хаалга онгорхой болохоор нь гайхаад гэрийнхээ хаалгыг таттал түлхүүрийн цүүц уначихсан онгорхой байхаар нь гэртээ ороод хартал хоймор байсан 32 инчийн ЛСД загварын зурагт юнивишний хар төхөөрөмж удирдлагын хамт алга болчихсон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/

-“Далайван Аудит” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02/02-46 дугаартай шинжээчийн BSB маркийн зурагтны үнэ 180,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 21-26-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч О.Амаржаргалын 2020 оны 03 дугаар сраын 20-ны өдрийн 84... Шинжлэгдэж буй гэрэл зургийн үзүүлэлтийн Зураг №2,4-т байх гутлын мөрүүд харьцуулах загвараар ирүүлсэн Б.Мгийн гэх гутлын зүүн өмсгөлтэй гутлын улны хээгээр үүссэн байна”гэх дүгнэлт /хх-ийн 30-36-р хуудас/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 86-89-р хуудас/

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 91-р хуудас/

-Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 92-р хуудас/

-Хохирогч Э.Батцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн....2019 оны 09 сарын 19-ний өдөр манай дүү Батчимэг 18 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 47-17 тоот гэрийн цонхыг хагалж хулгайч орсон байна гэж утсаар надад хэлсэн юм. Тэгээд би ажлаасаа гараад гэртээ ирсэн чинь байшингийн баруун талын цонх хагарсан байшин дотор байсан ЕLКО загварын 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 2019 оны 05 сард Орхон аймаг дахь РС mall салбараас 400.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний үзэж буй 32 инчийн зурагт нь миний зурагт мөн байна. Зурагтын суурь 2 боодог нүхэнд нь төмөр даруулга тавьж боосон тухайн тавьж боосон төмөр нь хэвээрээ байна. Хулгайд алдсан зурагтаа олж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 94-95-р хуудас/

-Гэрч Г.Баттулгын “...миний эхнэрийн дүү Батчимэг над руу залгаад ахаа танай гэрт ирсэн чинь гэрийн чинь гадна цонхыг хагалаад хулгай орсон байна. Та яаралтай хүрээд ир гэж намайг дуудсан. Тэр үед би цаг харахад 18 цаг болж байсан ба гэртээ ирэхэд гэрийн байшингийн баруун талын жижиг гадна талын цонхыг гаднаас нь хагалаад байшинд байсан хананд өлгөөтэй байсан 32 инчийн Элко загварын зурагтыг маань хулгай хийж авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/

-Гэрч Ч.Болдын “....2019 оны 09 сарын сүүлээр байх би өдөр хоногийг нь сайн мэдэхгүй санахгүй байна. Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн хүрэн дэлгүүрийн хажууд гутал засварын газар би ажлаа хийж байсан чинь гаднаас Дэнжийн хориход цуг хоригдож байсан М хар өнгийн 32 инчийн ЕLКО загварын зурагт барьчихсан манай ахын зурагт байгаа юм та завтай бол ломбардад өөрийн бичиг баримтаар тавиад өг гэж надад хэлсэн. Би тухайн үед завгүй байсан болохоор чадахгүй гэсэн чинь та 50.000 төгрөгт худалдаад авчихаач гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн үед зурагтыг 50.000 төгрөгөөр авсан. Маргааш нь М ажил дээр ирээд надаас 10.000 төгрөг авсан. Нийт надаас 60.000 төгрөг М авсан. Хар өнгийн ЕLКО загварын 32 инчийн LCD зурагт байсан. Тэгээд зурагтыг асааж үзсэн код нэхээд байсан. Тэгээд зурагт засварын газар очиж 10.000 төгрөгөөр зурагтын кодыг тайлуулсан. Би зурагт худалдан авсан 70.000 төгрөгийг Мгаас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 105 дугаартай ... “зураг №10 цонхны раманы дээрээс илрүүлж, бэхжүүлсэн гарын мөр” гэсэн тайлбартай гарын мөр МN003010003784 дугаараар санд эүртгэгдсэн Батмөнхийн М /ФА78040271/-гийн баруун гарын чигчий хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 103-108-р хуудас/

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №ТХҮ-119/28 дугаартай шинжээчийн Elko брэндийн 32 инчийн ЛСД зурагт үнэ 360 000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 112-114-р хуудас/

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №ОРХ20/30 дугаартай шинжээчийн “0.4*1.2 см хэмжээтэй 2 ширхэг цонхны өнөөгийн зах зээлийг үнийг 2019 оны 09 дүгээр сарын байдлаар 44,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 119-120-р хуудас/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 141-144-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Ч.Болдын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ..”Зурагт худалдаж авсан 50000 төгрөг, маргааш нь ирээд нэмж 10,000 төгрөг зурагтыг асааж үзэхэд код нэхээд байсан тул зурагт засварын газраар код тайлуулсан 10,000 төгрөг нийт 70,000 төгрөгийн хохирол учирсан нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 146-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу Шанд багийн баруун задгайгийн 19-02 тоотод оршин суух иргэн У.Жаргалсайханы монгол гэрийн цоожийг эвдэн нэвтрэн орж 32 инчийн ВSВ загварын зурагтыг авч бусдад 60,000 төгрөгөөр зарсан ба 180.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 47-17 тоотод оршин суух Э.Батцэцэгийн байшингийн цонхыг хагалж нэвтрэн орж Элко загварын 32 инчийн зурагтыг авч бусдад 50,000 төгрөгөөр зарсан ба 360.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

-Шүүгдэгч Б.М нь бусдын амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нууцаар нэвтрэн орж эд зүйлийг нь авч хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, хүсэж хийсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Мгийн үйлдлийн улмаас хохирогч Н.Бүрэнчимэгт 180,000 төгрөгийн, Э.Батцэцэгт 360,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн мөр судлалын шинжилгээний дүгнэлтүүд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, иргэний хариуцагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг нь  хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.Мг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

          Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.    

         Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.М гэм буруутай болох нь шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэжээ.

            Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт гаргахдаа: Гэм буруугаа хүлээж гэмшиж байна. 2 иргэний хохирлыг төлнө. Ялыг хаалттай хорих ангид эдлүүлж өгнө үү гэжээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн үйлдэх үеийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялын хэмжээг сонгож оногдуулан, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгчид эрүүгийн  хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Э.Батцэцэг шүүх хуралдаанд оролцохгүй хулгайд алдсан зурагтаа биет байдлаар буцаан авсан хагарсан цонхны үнэ 44,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж шүүхэд мэдэгджээ. Хохирогч Н.Бүрэнчимэгт учирсан хохирол болох ВSВ загварын 32 инчийн зурагтын үнэ 180,000 төгрөг, хохирогч Батцэцэгт цонхны засварын үнэ 44,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Болдод учирсан хохирол 70,000 төгрөг нийт 294,000 төгрөгийг Б.Мгаас гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Мгийн гэх бор өнгийн нэг хос гутлыг шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг зааж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Шүүгдэгч И овогт Б.Мг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн   2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн /тав/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мгийн цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгаас нийт 294,000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Бүрэнчимэгт /Баян-Өндөр сум Их залуу баг Баруун задгай 19-02 тоот, МВ91031306/ 180,000 төгрөг, хохирогч Э.Батцэцэгт /Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 47-17 тоот ФА89010906 / 44,000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Ч.Болдод /Баян-Өндөр сум Булаг баг 38-03 тоот ФМ72042519 /70,000 төгрөг тус тус олгуулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  бор өнгийн нэг хос гутлыг тогтоол хчүин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ