Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 737

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Г.Түвшинбаяр,

Шүүгдэгч Р.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.Ст холбогдох эрүүгийн 2009010790536 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1956 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн команд мэргэжилтэй, “Ханхүү бат” ХХК-д хамгаалалтын албаны нөөцийн ажилтан ажилтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Р.С нь: 

 

- 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-2 тоот гэртээ хохирогч Б.Бүрэнжаргалыг “Үглээд байна. Дуугай бай” гэж нүүрэн тус газар нь ном шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Бүрэнжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн орчим би гэртээ буюу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, 33-2 тоотод хамтран амьдрагч Р.Сын хамт байсан. Хэд хоногийн өмнө найз Отгонбаяр нөхөр Энхбаярын хамтаар ирж хоноод тэрнээс хойш нөхөртэйгээ маргаантай байсан. Тэр өдөр би нөхөртөө өмнө болсон  асуудлын талаар хэлээд байж байтал гэнэт толгой дундуур манараад нүд харанхуйлаад явсан юм. Тэгээд хэсэг хугацаанд байж байгаад харсан чинь хамтран амьдрагч Р.С ном аваад шидсэн байсан. Уг ном нь миний зүүн нүдний зовхи хэсэгт оноод нүдний зовхи орчмоос цус гараад улмаар хамтран амьдрагч хөвөн авч ирж дарж өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 21-24 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3666 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Бүрэнжаргалын биед зүүн зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /  27-28/

 

Яллагдагч Р.С мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 12-13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо бэлхийн 33-2 тоотод хамтран амьдрагч Б.Бүрэнжаргалын хамтаар байж байхад эхнэр намайг “Чи араншин муутай” гээд үглээд байсан юм. Тэгэхээр нь би ном уншиж хэвтэж байгаад номоо эхнэр рүү шидсэн чинь зүүн нүдний дээд хэсэгт оноод цус гарсан. Тухайн үед хүйтэн жин тавьж, өгөөд боолт нааж өгсөн юм. Тэгтэл эхнэр хүчирхийллийн төв рүү залгаад удалгүй цагдаагийн хоёр алба хаагч ирсэн гэжээ. / 05-06 /

 

Шүүгдэгч Р.Сыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх  01-02 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Р.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад болсон зүйлээ үнэн зөв мэдлүүлсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм асуудал гаргахгүй гэв.

 

Шүүгдэгч Р.С нь 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Р.С дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-2 тоот гэртээ хохирогч Б.Бүрэнжаргалыг “ Үглээд байна. Дуугай бай “ гэж нүүрэн тус газар нь номоор шидэж,  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Хэд хоногийн өмнө найз Отгонбаяр нөхөр Энхбаярын хамтаар ирж хоноод тэрнээс хойш нөхөртэйгээ маргаантай байсан. Тэр өдөр өмнө болсон  асуудлын талаар хэлтэл хамтран амьдрагч Р.С ном авч шидээд миний зүүн нүдний зовхи хэсэгт оноод нүдний зовхи орчмоос цус гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Бүрэнжаргалын мэдүүлэг / хх 24-25 /, ... 1.Б.Бүрэнжаргалын биед зүүн зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3666 дугаартай дүгнэлт / хх 27-28 /,  ...Эхнэр намайг “Чи араншин муутай” гээд үглээд байхаар нь би ном уншиж хэвтэж байгаад номоо эхнэр рүү шидсэн чинь зүүн нүдний дээд хэсэгт оноод цус гарсан  гэж  мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Р.Сын  мэдүүлэг / хх 05-06 зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.Ст ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Р.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын  саналаар ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.С нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Сыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Р.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй. Р.С нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Р.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

            5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.С-т авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ