Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
Хэргийн индекс | 128/2018/0205/З |
Дугаар | 309 |
Огноо | 2018-05-18 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 309
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Я.П ,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэгдүгээрт: 1998 оны 07 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 01-ийг хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 12,172,336 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг,
Хоёрдугаарт: Тэтгэвэр тогтоох хувьд оруулан тооцохгүй гэж үзэж хассан 24 хоногт ногдох /2014 оны 02 дугаар сар гэж миний бие үзэж байгаа тул/ илүү төлөгдсөн 210,000 төгрөгийг хариуцагч буцаан олгохыг,
Гуравдугаарт: Тэтгэвэр гарсны дараа 2014 оны 06 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл “Э Б Ц Д С” ТӨХК-д ТУЗ-ын хараат бус гишүүнээр 24 сар ажилласан бөгөөд хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж байсан боловч тэтгэврийн нэмэгдэл тооцох хувь тогтоохдоо нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхдээ 2 сарын цалин нэг сард олгож байснаар тэмдэглэл хийсэн байна гэсэн үндэслэлээр 18 сар гэж үзэж тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 2.25 гэж тогтоосныг тэтгэврийн нэмэгдэл тооцох хугацааг 24 сар болгож тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 3 хувиар тогтоож тэтгэврийн нэмэгдлийг дахин тооцож олгох шийдвэр гаргахыг,
Дөрөвдүгээрт: Илүү төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголт хийгдээгүй тул шаардлагын 1, 2-д тодорхойлсон 12,382,336 төгрөгийн илүү төлөлтөд тэтгэвэр авч эхэлсэн 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс хойшхи хугацаагаар тооцон Иргэний хуулийн 231 дүгээр зүйл Үүргийн гүйцэтгэлийг хангах “231.1. Үүргийн гүйцэтгэлийг дараахь аргаар хангана. 231.1.1 анз” гэж заасны дагуу 6,191,168 төгрөгийг олгохыг тус тус хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014 оны 03 дугаар сард 60 нас хүрч Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас чөлөөлөгдөж “Нийгмийн даатгалын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 1, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заагдсаны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн тэтгэвэр тогтоолгон авч байгаа юм. Нийгмийн даатгалын хэлтсээс миний тэтгэврийг 682,235 төгрөгөөр тогтоон олгож эхэлсэн. Тэтгэврийг тогтоохдоо Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 15 дугаар тогтоолыг баримтлаагүйгээс миний тэтгэвэр багаар тогтоогдон би хохирч эхэлсэн юм. Хэрвээ Засгийн газрын өмнө дурдсан тогтоолын дагуу тооцоолол хийгдэж тэтгэвэр тогтоогдсон бол надад сарын 942,919 төгрөг тэтгэвэр олгогдох байсан тул үүнийг шийдвэрлэж өгөхийг нийгмийн даатгалын байгууллагад хандсан боловч зохих шийдэлд хүрээгүй тул шүүхэд хандаж шүүхээс шинэчлэн тогтоож өгөх шийдвэр гарсан. Гэвч Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 153 дугаар тогтоолын *2-ын в/-д 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1,080,000 (нэг сая наян мянган) төгрөгөөр тооцохоор заасан тул тэтгэврийг 942,919 төгрөгөөр шинэчлэн тогтоож олгохгүй гэсэн хариуг удаа дараа өгсөн ба хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 27-нд Нийгмийн даатгалын ерөнхий газар 3/3426 тоотоор Баянзүрх дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст энэ тухай мэдэгдсэн байсан.
Тэтгэвэр буруу тогтоогдсон асуудлаар Засгийн газрын ерөнхий сайдад хандсаны дагуу Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн хариу, Хүний эрхийн үндэсний комиссийн шаардлага, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаас өгсөн хариу болон Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс мөн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгсөн албан тоотуудыг хуулбарлан хавсаргав. Эдгээр нь илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан авах талаар миний зүгээс зохих шатны байгууллагад хандаж ирснийг харуулна.
Нэгэнт тэтгэврээ бүрэн тогтоолгох асуудлыг маань Засгийн газрын тогтоолоор тогтоосон хязгаарлалтыг зөрчин шийдвэрлэхгүй, боломжгүй гэсэн хариу авсан тул Тэтгэвэр тогтоох цалин хөлсний хязгаараас давсан хэсэгт төлсөн тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, ажилгүйдлийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлсөн илүү төлөлтөө буцан авах шийдвэр гаргуулахаар шүүхэд хандаж байгаа юм.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 4-д илүү төлсөн шимтгэлийг дараагийн сар, улирал, жилийн төлбөл зохих шимгэлд суутган тооцох буюу шимтгэл төлөгч хүсвэл тооцоо хийснээс хойш 30 хоногийн дотор эргүүлэх” олгох гэж заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 12,172,336 төгрөг нь надад тэтгэвэр тогтоогдон олгож эхэлсэн 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс хойш 30 хоногийн дотор олгогдох байсан. Энэ нь Иргэний хуульд заасны дагуу алданги тооцоход хүргэж байгаа юм.
Миний тэтгэврийг тогтоохдоо улсад нийтдээ 32 жил 9 сар 24 хоног ажилласан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дах заалтуудыг баримтлан тэтгэвэр тогтоолгох хувийг тогтоохдоо сар хүрэхгүй байгаа 24 хоногийг хасаж тооцсоноос түүнд нэмэгдэл тооцогдохгүй болж хувийг хасагдсан тэтгэвэрт ямар нэгэн нөлөөлөлгүй болгож байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу төлсөн Тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, мөн хуулийн 5 дах хэсэгт заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалыг буцаан авах нөхцөл үүсэж байгаа юм. Энэ нь миний 2 дахь шаардлага үүссэн нөхцөл бөгөөд энэ асуудлыг шийдүүлэхээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын гомдлын шаардлагын зөвлөлд хадсан боловч 2015 оны 03 дугаар сарын 03-ны 10 тоотоор 24 хоногт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох эрх зүйн үндэслэл байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн хариуг хэрэгт хуулбарлан өгсөн.
Тэтгэвэрт гарсны дараа би 2014 оны 06 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл “Э Б Ц Д С” хувьцаат компанид ТУЗ-ын хараат бус гишүүнээр 24 сар ажилласан бөгөөд хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж байсан боловч тэтгэврийн нэмэгдэл тооцох хувь тогтоохдоо нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхдээ хоёр сарын цалин нэг сард олгож байснаар тэмдэглэл хийсэн байна гэсэн үндэслэлээр 18 сар гэж үзэж тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 2.25 гэж тогтоон буруу тооцсон. Ингэснээр миний тэтгэвэр хуульд заасан хэмжээнд хүрч нэмэгдэхгүй байгаа болно. Иймд тэтгэврийн нэмэгдэл тооцох хугацааг 24 сар болгож тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 3 хувиар тогтоох шийдвэр гаргаж өнгө үү. “Э Б Ц Д С” ХК-д ажилласан хугацаанд шимтгэл төлсөн байдлыг тодорхойлсон нийгмийн даатгалын Нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарлан хавсаргасан.
Тэтгэвэр тогтоох цалин түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг баримталж хязгаараас давсан хэсэгт илүү төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгохгүй байгаа нь миний эрх ашгийг хохироож, хуулийн дагуу төрөөс тусламж авах эрхийг маань зөрчиж байна. Нөгөө талаас амьжиргааны эх үүсвэр болсон орлогын эх үүсвэрийг бууруулж байгаа төдийгүй, миний амьжиргаанд нөлөөлж хүнд өвчнөө эмчлүүлэхэд гарч байгаа төлбөрийг төлөхөд хүндрэлийг бий болгон хохироосоор байна. Монгол Улсын Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг дараах аргаар хангана, “...231.1.1. анз” гэж заасан бөгөөд 232.4 Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзийн нийт дүн нь нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу надад шаардлагын 1, 2-д тодорхойлсон илүү төлөлтийн алдангид 6,191,168 төгрөгийг харилцагчаас гаргуулан авах үндэслэл болно.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудын улмаас үүссэн Монгол Улсын хуулийн хүрээнд даатгуулагчийн хувьд миний эрх ашигт нийцсэн дараах шаардлагуудыг хангаж өгнө гэдэгт итгэж байна.
Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд түүний дотор үндсэн байгууллагаас өөр байгууллагад ажилласан мөн нэмэгдэл орлогын байдлаас шалтгаалан илүү төлөлтийн тооцоо нь явцын дунд хийгдэх боломжгүй байсан бөгөөд тэтгэвэр тогтоолгох үед тооцогдох боломж бий болж байгаа юм.
Засгийн газрын 1998 оны 92 дүгээр тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоосны дагуу Тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал гэсэн 4 төрлийн шимтгэлийг миний бие ажилласан байгууллагаараа дамжуулан сар бүр төлж байсан бөгөөд нэгтгэсэн дүнгээс тооцоог хийхэд дараах хүснэгтэд харуулсан илүү төлөлт гарч байгаа бөгөөд энэ нь "Нийгмийн даатгалын тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 4-д илүү төлсөн шимтгэлийг эргүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах гэж заасны дагуу миний бие нэгэнт тэтгэвэр гарч цаашид нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй болж байгаа учир буцаан авах нөхцөл нь болж байгаа юм.
Миний үндсэн ажлын газар болон бусад аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж авсан цалин хөлс төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдэн жил бүрийн эцэст төлбөр хийгдсэн дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, байцаагчаар хянагдаж баталгаажиж ирсэн бөгөөд тухайн үед илүү дутуу төлөлтийн тооцоо хийгдэж байгаагүй ба хянасан тухай байцаагч нарын гарын үсэг, байцаагчийн тэмдгээр баталгаажсан байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлж баталгаажсан дэвтрүүдийн хуулбарыг хавсаргасан.
Миний улсад ажилласан хугацааг 32 жил 9 сар 24 хоног гэж тогтоогоод 32 жил 9 сарын хугацаагаар тэтгэвэр тогтоохоор тооцож тэтгэвэр тогтоолгох хувийг 64.1 хувиар гаргажээ. Ингэж тооцсоноос миний ажилласан 24 хоног аль ч тооцоонд оролгүй хасагдсан. Нэгэнт л 24 хоногийг хасаж байгаа тул түүнд төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл нь илүү төлөлт болох учир надад буцаан олгогдох ёстой. Иймд нэгэнт сарын хугацаанд хүрэлгүйгээр тэтгэвэр тогтоох хувь тооцогдоогүй 24 хоногийг 2014 оны 02 дугаар сар гэж миний бие үзэж байгаа тул энэ сард илүү төлөгдсөн 210,000 төгрөгийг буцаан авах, түүнд алданги тооцуулах нөхцөл үүссэн.
Тэтгэвэр гарсны дараа би 2014 оны 06 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл “Э Ц Б Д С” хувьцаат компанид ТУЗ-ын хараат бус гишүүнээр 24 сар ажилласан бөгөөд хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж байсан боловч тэтгэврийн нэмэгдэл тооцох хувь тогтоохдоо нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхдээ 2 сарын цалин нэг сард олгож байснаар тэмдэглэл хийсэн байна гэсэн үндэслэлээр 18 сар гэж үзэж тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 2.25 гэж тогтоон буруу тооцсон. Иймд тэтгэврийн нэмэгдэл тооцох хугацааг 24 сар болгож тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 3 хувиар тогтоох, тэтгэврийн нэмэгдлийг дахин тооцож олгуулах шийдвэр гаргуулах.
Тэтгэврийг тогтоохдоо хязгаарлалт баримталж байна гэдэг нь илүү төлөлт хийсэн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгохгүй үндэслэл биш бөгөөд миний орлогын эх үүсвэрийг зориудаар бууруулж, хүнд өвчнөө эмчлүүлж буй надад дутагдаж байгаа эмчилгээний зардлын төлөлт хийхэд үүсч байгаа хүндрэлийг багасгах боломжгүй болгон хохироож байгаа тул Иргэний хуулийн дагуу алданги тооцон олгохыг хариуцагчид даалгах шийдвэрийг гаргуулах үндэслэл агуулга бий болсон, иймээс нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, илүү төлсөн шимтгэл болон анзыг нэхэмжлэгчид олгох, тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 3 хувиар тогтоох, тэтгэврийн нэмэгдлийг дахин тооцож олгохыг шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Я овогтой П нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэхдээ 1998 оны 07 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 01-ийг хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 12,172,336 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, тэтгэвэр тогтоох хувьд оруулан тооцохгүй гэж үзэж хассан 24 хоногт ногдох /2014 оны 02 дугаар сар гэж миний бие үзэж байгаа тул/ илүү төлөгдсөн 210,000 төгрөгийг хариуцагч буцаан олгох, тэтгэвэрт гарсны дараа 2014 оны 06 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл “Э Б Ц Д С” хувьцаат компанид Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр 24 сар ажилласан бөгөөд хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж байсан боловч тэтгэврийн нэмэгдэл тооцох хувь тогтоохдоо нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхдээ 2 сарын цалин нэг сард олгож байснаар тэмдэглэл хийсэн байна гэсэн үндэслэлээр 18 сар гэж үзэж тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 2.25 гэж тогтоосныг тэтгэврийн нэмэгдэл тооцох хугацааг 24 сар болгож тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 3 хувиар тогтоож тэтгэврийн нэмэгдлийг дахин тооцож олгох хэмээн нэхэмжлэл гаргасан байна.
1998-2014 оны хооронд ажиллаж байсан Үндэсний татварын ерөнхий газрын Сургалт үйлчилгээний төв, Төрийн өмчийн хороо, Гааль татварын ерөнхий газрууд нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй аж ахуйн нэгж бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж тайлан тооцоог тус дүүрэгт хийсэн байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/197 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан аргачлалын дагуу "Илүү төлсөн шимтгэл”-ийг тухайн даатгуулагчийн үндсэн ажил олгогчийн шимтгэл тооцоо хийдэг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тооцоо хийж даатгуулагчид олгоно гэж заасан тул нэхэмжлэгч Я.П нь нэхэмжлэлийн 1, 2, 4 дүгээр шаардлагад хамаарах илүү төлсөн шимтгэлийг буцаан авах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандан гаргаж шийдвэрлүүлэх боломжтой юм.
2014 оны 06 дугаар сараас 2016 оны 05 дугаар сарын хооронд Эрдэнэт- Булганы цахилгаан дамжуулах сүлжээ хувьцаат компанид Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажилласан нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тайланг хэрэгт ирүүлсэн байгаа тул “тэтгэврийн нэмэгдэл тооцох хугацааг 24 сар болгож тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 3 хувиар тогтоож тэтгэврийн нэмэгдлийг дахин тооцож олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн гурав дахь шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, өмнө нь бичгээр гаргасан тайлбартаа бас дурдаж байсан, одоо баримт нь ирсэн байгаа учир энэ шаардлагыг нь зөвшөөрч байна, тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 3 хувь болгон тогтоох боломжтой” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.П нэхэмжлэлийн шаардлагаа анх 1. 1998 оны 07 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 12.172.336 /арван хоёр сая нэг зуун даван хоёр мянга гурван зуун гучин зургаан/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах,
2. Тэтгэвэр тогтоох хувьд оруулан тооцохгүй гэж үзэж хассан 24 хоногт ногдох /2014 оны 02 дугаар сар/ илүү төлөгдсөн 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг хариуцагч буцаан олгох,
3. Тэтгэврийн нэмэгдэл тооцох хувь тогтоохдоо 18 сараар 2.25 хувиар тогтоосныг нэмэгдэл тооцох хугацааг 24 сар болгож тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 3 хувиар тогтоож тэтгэврийн нэмэгдлийг дахин тооцож олгох,
4.Илүү төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголт хийгдээгүй тул шаардлагын 1, 2-д тодорхойлсон 12.382.336 /12.172.336+210.000/ төгрөгийн илүү төлөлтөд тэтгэвэр авч эхэлсэн 2014 оны 04 дүгээр сарын 1-нээс хойшхи хугацаагаар Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д заасны дагуу анзыг 6.191.168 төгрөгийн хариуцагч олгох” гэж тодорхойлж байсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дээрх шаардлагуудаа “хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах” гэж тодруулсан болно.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. “Тэтгэврийн нэмэгдэл тооцох хувь тогтоохдоо 18 сараар бодож 2.25 хувиар тогтоосныг, нэмэгдэл тооцох хугацааг 24 сар болгож тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 3 хувиар тогтоож тэтгэврийн нэмэгдлийг дахин тооцож олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 3 дугаар шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад илэрхийлсэн ба /хариуцагчаас 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 19/137 дугаар албан бичгээр Т.Т-д олгосон итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” эрхийг тусгайлан олгосон байна/ энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар “Тэтгэврийн нэмэгдэл тооцох хувь тогтоохдоо 18 сараар бодож 2.25 хувиар тогтоосныг, нэмэгдэл тооцох хугацааг 24 сар болгож тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 3 хувиар тогтоож тэтгэврийн нэмэгдлийг дахин тооцож олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн асуудлаар хэргийн оролцогчид нь гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг хариуцагчид анхааруулахыг, нэхэмжлэгчийн энэ шаардлагатай холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар цуглуулсан баримтууд болох “Э Б Ц Т С” ТӨХК-ийн 2014, 2015 оны зарим саруудын нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангуудыг шүүхээс нотлох баримтаар үнэлж, эдгээрт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагын талаар
Нэхэмжлэгч нь “1998 оны 07 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 12.172.336 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах 1 дүгээр шаардлагын үндэслэлээ “...өмнө нь шүүхийн шийдвэрээр тэтгэврийг шинэчлэн тогтоож өгөхийг даалгасан шийдвэр гарсан, энэ асуудлаар Ерөнхий сайд, Хүний эрхийн үндэсний комисс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг байгууллагуудад хандсан боловч тэтгэврээ бүрэн тогтоолгох асуудлыг Засгийн газрын тогтоолоор тогтоосон 1.080.000 төгрөгийн хязгаарлалтыг зөрчин шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу авсан тул тэтгэвэр тогтоох цалин хөлсний хязгаараас давсан хэсэгт төлсөн тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, ажилгүйдлийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлсөн илүү төлөлтийг болон хуулийн дагуу тооцсон анзыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй, хариуцагч Баянзүрх дүүрэгт миний тэтгэврийн бүх материал байгаа тул Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс илүү төлсөн шимтгэлийг тооцож буцаан олгох боломжтой” гэх агуулгаар тайлбарлан маргаж байх ба харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “нэхэмжлэгчийн 1998-2014 оны хооронд ажиллаж байсан байгууллагууд нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд ба тайлан тооцоог тус дүүрэгт хийсэн байгаа учраас Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын А/197 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу даатгуулагчийн үндсэн ажил олгогчийн шимтгэл тооцоо хийсэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст энэ асуудлаа тавьж шийдвэрлүүлэх нь ёстой” гэж нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-ийн 1-д “даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг” ойлгоно гэж, 4 дүгээр зүйлийн 2-т “нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна” 4 дүгээр зүйлийн 3-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч Я.П нь Үндэсний татварын Ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Төрийн өмчит хувьцаат компани зэрэгт ажиллаж байснаас үзвэл төрийн албан хаагч бөгөөд хуульд заасан “албан журмаар даатгуулагч” байх ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын сангийн орлого дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ”, 1/даатгуулагчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, 2/ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл...” гэж зааснаас үзвэл ажил олгогч болон даатгуулагч нь тус бүрдээ мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн А/58 тушаал, 2013 оны 05 сарын 02-ны өдрийн А/197 тушаалаар /энэ тушаалаар 2012 оны А/58 дугаар тушаалыг хүчингүй болгосон/ “Даатгуулагчийн үндсэн ажил олгогчоос гадна нэгээс дээш байгууллагад ажиллан илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох аргачлал”-ыг батлсанаар даатгуулагч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т заасан “илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах” эрхээ хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын байгууллагаас мөн хуулийн 25 дугаар зүйлийн 4-т заасан “даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг тооцон эгүүлэн олгох” эрх зүйн үндэслэл бүрджээ.
Нэхэмжлэгчийн Я.П-ийн нийгмийн даатгалын дэвтэр , Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас зэрэгт бичигдсэнээр /1998 оноос хойш/ Я.П нь түүний үндсэн ажил олгогч болох Үндэсний татварын Ерөнхий газарт ажиллахын зэрэгцээ үндсэн ажлаас гадуур Төрийн өмчийн хороонд гишүүнээр 2000 оны 08 дугаар сарын 30-наас 2004 оны 12 дугаар сарын 15-ныг хүртэл /04 жил, 03 сар, 15 хоног/, Дарханы Дулааны Сүлжээ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2001 оны 07 дугаар сарын 27-ноос 2010 оны 09 дүгээр сарын 02-ныг дуустал /9 жил 01 сар 05 хоног/ хугацаанд тус тус ажиллаж байсан нь тогтоогдож байгаа хэдий ч дээр дурдсанчлан “Даатгуулагчийн үндсэн ажил олгогчоос гадна нэгээс дээш байгууллагад ажиллан илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох аргачлал” батлагдсанаар Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг 2011 оноос хойш тооцон олгосон байх тул нэхэмжлэгч Я.П-ийн үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн буюу Төрийн өмчийн хорооны гишүүн, Дарханы Дулааны Сүлжээ ХК-ны ТУЗ-ын гишүүнээр 2011 оноос өмнөх хугацаанд тус тус ажилласан байх тул нэхэмжлэгчээс 2011 оноос өмнөх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн илүү төлөлтийг буцаан авахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Я.П-ийн үндсэн ажил олгогч болох Үндэсний татварын ерөнхий газар нь Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст шимтгэлийн тооцоо хийдэг болох нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээр тогтоогдож байх тул “даатгуулагчийн үндсэн ажил олгогчийн шимтгэл тооцоо хийсэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст энэ асуудлаа тавьж шийдвэрлүүлэх ёстой” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлтэй байна. Учир нь “Даатгуулагчийн үндсэн ажил олгогчоос гадна нэгээс дээш байгууллагад ажиллан илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох аргачлал”-ын 3.1-д “Илүү төлсөн шимтгэлийг тухайн даатгуулагчийн үндсэн ажил олгогчийн шимтгэлийн тооцоо хийдэг аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тооцоо хийж даатгуулагчид олгоно”, 3.2-т “Хэрэв даатгуулагч илүү төлсөн шимтгэлээ авах үедээ ажилгүй болсон бол үндсэн ажил олгогчийн шимтгэл төлж байсан аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тооцоо хийж даатгуулагчид олгоно” гэж тус тус заажээ.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх татгалзлыг “Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст миний бүх материал байгаа тул хариуцагч илүү төлөлтийн тооцоог хийж олгох боломжтой” гэх үндэслэлээр үл зөвшөөрөн маргасан тул шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн энэ шаардлагад хамаарах хугацааны буюу 2011 оноос 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Я.П-ийн 4 төрлийн даатгалын шимтгэлд илүү төлөлт хийсэн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд:
Засгийн газрын 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолоор “даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар” тогтоож, уг тогтоолыг 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан ба Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны А/97 дугаар тушаалаар батлагдсан “Даатгуулагчийн үндсэн ажил олгогчоос гадна нэгээс дээш байгууллагад ажиллан илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох аргачлал”-ын 2.1-д “Тухайн сард үндсэн ажил олгогчоос гадна нэгээс дээш байгууллагад ажилласан даатгуулагчийн цалин хөлс, орлогын нийлбэр дүн нь Засгийн газрын тогтоосон тухайн үед мөрдөж буй шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлсний хөлсний дээд хэмжээнээс хэтэрч, уг хэтэрсэн хэмжээнээс шимтгэл төлсөн бол илүү төлсөн шимтгэлээ хүсэлт гарган буцаан авч болно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл даатгуулагчийн шимтгэлд төлөх дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүүгүй байхаар ойлгох юм.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 108.000 төгрөг байхаар тогтоосон байх ба /уг тогтоолыг 2008 оны 01 дүгээр сарын 01-нээс 2011 оны 04 дүгээр сарын 04-ныг дуустал дагаж мөрдсөн/ нэхэмжлэгч нь 2011 оны 01 сараас 04 дүгээр сар хүртэлх хугацаанд 108.000 төгрөгөөс илүү шимтгэл нь төлөөгүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээр;
Хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн гурван талт Үндэсний хорооны 2011 оны 04
дүгээр сарын 05-ны өдрийн хурлын “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай” 01 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140.400 төгрөгөөр тогтоосон байх ба уг тогтоолыг 2011 оны 04 дүгээр сарын 05-наас 2013 оны 08 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд дагаж мөрджээ. Нэхэмжлэгч нь 2011 оны 04 дүгээр сараас 2013 оны 02 дугаар сарыг дуустал, 2013 оны 04 дүгээр сараас 2013 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд нийтдээ 140.400 төгрөгөөс илүү шимтгэлийг төлөөгүй болох нь нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэнээр;
Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн гурван талт Үндэсний хорооны 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай” 07 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192.000 төгрөгөөр тогтоож, уг тогтоолыг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн байх ба нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд Я.П нь дээр дурдсан 4 төрлийн даатгалд илүү шимтгэл буюу 192.000 төгрөгөөс давсан шимтгэлийг төлөөгүй болох нь тус тус тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчээс 2011 оны 01 дүгээр сараас 2014 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд зөвхөн 2013 оны 03 дугаар сард 140.400 төгрөгөөс давсан буюу 11.944 төгрөгийн шимтгэлийг илүү төлсөн болох нь /152.344-140.400=11.944/ тогтоогдож байх боловч “Даатгуулагчийн үндсэн ажил олгогчоос гадна нэгээс дээш байгууллагад ажиллан илүү төлсөн шимтгэлийг буцаан олгох аргачлал”-ын 3.2-т “Хэрэв даатгуулагч илүү төлсөн шимтгэлээ авах үедээ ажилгүй болсон бол үндсэн ажил олгогчийн шимтгэл төлж байсан аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс тооцоо хийж даатгуулагчид олгоно”, 3.3-т “...даатгуулагч өөрийн биеэр ирж хүсэлт гаргасан тохиолдолд...олгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Я.П нь 2013 оны 03 дугаар сард илүү төлөгдсөн 11.944 төгрөгийн шимтгэлийг буцаан авах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргахаар байна. Өөрөөр хэлбэл илүү төлсөн шимтгэлийг буцаан авахаар Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ “Нийгмийн даатгалын 4 төрлийн шимтгэлийн илүү төлөлтийн тооцоог” хавсарган ирүүлсэн ба энэхүү тооцоог “хуульд зааснаар өөрөө тооцоолж хийсэн” гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Уг тооцооллоос үзэхэд нэхэмжлэгч нь ажил олгогчийн төлсөн шимтгэл дээр даатгуулагчаас буюу өөрийн төлсөн шимтгэлийг нэмж тооцсон байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т “илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах” гэж заасныг даатгуулагч нь зөвхөн өөрийн илүү төлсөн шимтгэлээ эгүүлэн авахаар ойлгож хэрэгжүүлэх ба дээрхийг дүгнэхэд нэхэмжлэгчээс 4 төрлийн даатгалын шимтгэлд 12.172.336 төгрөгийг илүү төлсөн гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.1.Тэтгэвэр тогтоох хувьд оруулан тооцохгүй гэж үзэж хассан 24 хоногт ногдох /2014 оны 02 дугаар сар гэж миний бие үзэж байгаа тул/ илүү төлөгдсөн 210,000 төгрөгийг хариуцагч буцаан олгохыг даалгуулах 2 дугаар шаардлагын тухайд:
Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2014 оны 02 дугаар сард “сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэх хэсэгт “1.000.000 төгрөг”, төлсөн шимтгэл гэх хэсэгт бүгд “210.000 төгрөг” гэж, үүнээс даатгуулагчаас “100.000 төгрөгийг” төлсөн гэж тэмдэглэсэн байх ба нэхэмжлэгч нь ажил олгогчоос төлсөн шимтгэл дээр даатгуулагчийн /нэхэмжлэгчийн/ төлсөн шимтгэлийг нэмж гаргасан нийт дүн болох 210.000 төгрөгийн шимтгэлийг төлсөн гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл “илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах” эрх нь зөвхөн даатгуулагчаас төлсөн шимтгэлд хамааралтай, түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д “Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын ...хувиар тогтооно” гэж зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь нэхэмжлэгчийн тэтгэвэрт тооцох хугацааг 32 жил 9 сараар тогтоосныг буруутгах боломжгүй байна.
2.2.Нэхэмжлэлийн 4 дүгээр шаардлагын талаар
Нэхэмжлэгчээс “1, 2-р шаардлагад хамаарах 12.382.336 /12.172.336+210.000/ төгрөгийн илүү төлөлтөд 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс хойшхи хугацаагаар Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д зааснаар тооцсон анзыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах” гэх энэ шаардлагын үндэслэлээ “тэтгэврийг тогтоохдоо хязгаарлалт баримталж байна гэдэг нь илүү төлсөн шимтгэлийг буцаан олгохгүй байх үндэслэл болохгүй, миний орлогын эх үүсвэрийг зориудаар бууруулж, хохироож байх тул Иргэний хуулийн дагуу 6.191.168 төгрөгийн анз тооцсоныг олгохыг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй” гэх агуулгаар тайлбарласан.
Өмнөх хэсэгт 1, 2 дугаар шаардлагад хамаарах 12.382.336 /12.172.336+210.000/ төгрөгийн илүү төлсөн шимтгэлийг хариуцагчаас гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангагдах үндэслэлгүйг дүгнэсэн ба 12.382.336 төгрөгт Иргэний хуульд зааснаар тооцсон 6.191.168 төгрөгийн анзыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах шаардлагыг мөн адил хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1, 2, 4 дүгээр шаардлагын тухайд хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй өөрөөр хэлбэл “хариуцагч захиргааны байгууллага болох Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, түүний ажилтны буруутай, хууль бус үйл ажиллагаа, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид нийгмийн даатгалын шимтгэлд 12.382.336 төгрөгийг илүү төлсөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймээс нэхэмжлэгчээс эрх зүйн этгээдүүдийн хооронд Иргэний хууль болон гэрээнд зааснаар үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангах буюу гэрээний хариуцлагын нэг хэлбэр болох Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар тооцсон 6.191.168 төгрөгийн анзыг хариуцагчаас гаргуулан олгохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Я.П нь дээр дурдсан аргачлалын дагуу 2013 оны 03 дугаар сард илүү төлөгдсөн 11.944 төгрөгийн шимтгэлийг буцаан авах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-ийн 1, 15 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 4, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “1998 оны 07 дугаар сарын 01-нээс 2014 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд тэтгэврийн даатгал, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын шимтгэлд илүү төлөгдсөн 12.172.336 /арван хоёр сая нэг зуун даван хоёр мянга гурван зуун гучин зургаан/ төгрөг, тэтгэвэр тогтоох хувьд оруулан тооцохгүй гэж үзэж хассан 24 хоногт ногдох илүү төлөгдсөн 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг, нийт 12.382.336 /12.172.336+210.000/ төгрөгийн илүү төлөлтөд тэтгэвэр авч эхэлсэн 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс хойш хугацаагаар тооцсон 6.191.168 төгрөгийн анзыг тус тус нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэгч Я.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Я.П-ийн “Тэтгэврийн нэмэгдэл тооцох хувь тогтоохдоо 18 сараар 2.25 хувиар тогтоосныг нэмэгдэл тооцох хугацааг 24 сар болгож тэтгэвэр нэмэгдүүлэх хувийг 3 хувиар тогтоож тэтгэврийн нэмэгдлийг дахин тооцож олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн зөвшөөрлийг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх зүйлд заасны дагуу шийдвэрийн 2 дахь заалтад хэргийн оролцогч нь гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү заалтыг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг хариуцагчид анхааруулсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх зүйлд зааснаар нэхэмжлэгч Я.П нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийн гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА