| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2020/0353/З |
| Дугаар | 221/МА2022/0149 |
| Огноо | 2022-02-23 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2022/0149
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 788 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Э, өмгөөлөгч Ч.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2020/0353/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 788 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.4-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2017/16 дугаартай удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар тус компани нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй тул Нийслэлийн Засаг дарга “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” 2017 оны А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтыг үндэслэн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн.
3.2. “Э” ХХК-д М\/-015593 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдөр анх олгосон байдаг харин Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7/24 дугаартай “Дүүргийн зарим түүхийн дурсгалт газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол нь 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр батлагдсан байна. Өөрөөр хэлбэл тус компанид тусгай зөвшөөрөл олгосноос 3 жил 3 сарын дараа дээрх тогтоол батлагдсан байна. Тус аж ахуйн нэгж хуульд заасан хугацаанд үйл ажиллагаа эхлүүлэх бүрэн боломжтой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлүүлээгүй тул газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3.3. Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор Нийслэлийн засаг дарга дуусгавар болгох эрхтэй. Нийслэлийн засаг дарга Газрын хэвлийн тухай хуулийн 7.2.4-д заасан бүрэн эрхийн хүрээнд газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж газрын хэвлий ашиглахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй тул газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосны үр дагавар нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохыг шүүх дүгнээгүй.
3.4. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д “Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид. төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно”, тус хуулийн 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” Тайлбар: Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно хэмээн тус тус хуульчилсан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамж нь 95 аж ахуйн нэгжид хамаарч гарсан тул Нийслэлийн Засаг дарга тус өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, уг захирамжийг олон нийтэд мэдээлсэн бөгөөд захирамжид орсон аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг тухайн өдрийн 08 цаг 15 минут 21 секундэд нийслэлийн албан ёсны цахим хаяг болох www.Ulaanbaatar.mn веб сайтад байршуулснаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй бүх аж ахуйн нэгжүүдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Э” ХХК-д холбогдох хэсгийг хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт хэмээн үзэх боломжгүй хэмээн дүгнэсэн нь ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй, үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч хууль хэрэглээний болон бичиглэлийн алдаа гаргасан байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 644 дүгээр шийдвэрээр Улаанбаатар хотын Налайх дүүрэг, “Элстэйн зуунмод” хэмээх нэртэй газарт орших 22.54 гектар талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгожээ.
2.2. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасныг үндэслэн 2 дахь заалтаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй, энэ захирамжийн 2 дугаар хавсралтад заасан 33 аж ахуйн нэгжийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосонд нэхэмжлэгч “Э” ХХК багтсан байна.
2.3. Хариуцагч маргаан бүхий актын 1 дэх заалтаар нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн бол 2 дахь заалтаар нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байх бөгөөд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, харин газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох асуудлыг Газрын хэвлийн тухай хуульд зааж хуульчилсан байна.
2.4. Хариуцагчийн маргаан бүхий актын 2 дахь заалтаар нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл болгосон Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын хэвлийг ашиглах эрхийг дор дурдсан тохиолдолд бүрэн буюу хэсэгчлэн дуусгавар болгоно:”, мөн хэсгийн 5/-д “хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно:”, мөн хэсгийн 1/-д “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэж тус тус заажээ.
2.5. Ийнхүү газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тохиолдолд Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно” гэж заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг анх олгосон байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох замаар дуусгавар болгохоор байсан боловч шийдвэрлэлгүй орхигдуулсан гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.
2.6. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална:” 37.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчны нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж заасан байна.
2.7. Энэхүү маргааны тохиолдолд хариуцагчаас маргаан бүхий актын 2 дахь заалтаар “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэсэн үндэслэлээр газрын хэвлий ашиглах эрхийг нь дуусгавар болгосон харин тусгай зөвшөөрлийг цуцлаагүй буюу өөрөөр хэлбэл, хариуцагч “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын санал гарсан түүнийг нь харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэх үндэслэл бүрдсэн гэж үзээгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байна.
Иймд анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид хамаарах хэсгийг “хуульд нийцсэн, үндэслэл бүхий захиргааны акт хэмээн үзэх боломжгүй” гэж дүгнэснийг агуулгын хувьд үндэслэлтэй гэж үзлээ.
2.8. Мөн анхан шатны шүүх “хариуцагчаас нэхэмжлэгч “Э” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэх үндэслэлээр газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэхдээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3, 37.4-т заасан ажиллагаануудыг хийгээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэх заалттай тус тус нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрхийг зөрчсөн” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
2.9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2010 оны 644 дүгээр шийдвэрээр Налайх дүүргийн “Элстэйн зуунмод” хэмээх нэртэй газарт 22.54 гектар талбай бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын MV-015593 дугаарын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “Э” ХХК-д эзэмшүүлж шийдвэрлэсний дараа 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Нийслэлийн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Дүүргийн зарим түүхийн дурсгалт газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 7/24 дүгээр тогтоолоор “Орон нутгийн байгалийн унаган төрх, иргэдийн эрх, ашигт нийцүүлэн дүүргийн нутаг дэвсгэрт орших “Зуун мод”-ны 50 га газрыг ... дүүргийн тусгай хамгаалалтад авсан, уг хамгаалалтад авсан газарт “Э” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн 7.1 га талбай давхацсантай холбоотой нэхэмжлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж маргасан, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 534 дүгээр захирамжаар “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон байна.
2.10. Хариуцагчаас нэхэмжлэгчийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон үндэслэлийг “анх тусгай зөвшөөрөл олгосон 2010 оноос хойш 3 жилийн хугацааг авч үзсэн” гэж тайлбарласан байх боловч нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч “... манай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг буюу 7.1 га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсны улмаас шүүхэд хандаж маргасан, улмаар тусгай хамгаалалтад авсан талбайг ашиглахгүй байхаар хариуцагчтай эвлэрсэн, эвлэрлийг шүүх баталгаажуулсан боловч хамгаалалтад авсан талбайн байршлыг тогтоох асуудал шийдвэрлэгдэхгүй байснаас ашиглах боломжгүй байсан ... анх тусгай зөвшөөрөл авснаас хойш орд ашиглах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулах зэрэг шат дараатай арга хэмжээнүүд явагдаж байсан, хариуцагчаас сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бол энэ талаар тайлбарлах холбогдох баримтыг гаргах боломжтой байсан” гэж маргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.11. Хэрэгт “Э” ХХК-ийн Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дахь “Элстэйн зуун мод”-ны талбайд 2009 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө, Байгаль, орчин аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч Д.Энхбатын баталсан авагдсан “Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дахь “Элстэйн зуун мод”-ны элсний ордыг ашиглах төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний 2010 оны тайлан”, мөн шинжээчийн баталсан “Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дахь “Элстэйн зуун мод”-ны элсний ордыг ашиглах төслийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, хяналт шинжилгээний хөтөлбөр”, 2010-2015 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын баталсан “Ашигт малтмал ашиглах лицензтэй байгууллага, аж ахуйн нэгжийн уурхайн эдэлбэрийн хилийг тогтоож, шав тэмдэг суулгасан ажлын тайлан”, мөн Ашигт малтмалын газрын холбогдох хэлтсийн даргын баталсан “Налайх дүүргийн “Элстэй зуун мод”-ны элсний ордын 2011 оны уулын ажлын төлөвлөгөө” зэрэг баримтуудаас үзвэл 2009-2011 онуудад нэхэмжлэгч “Э” ХХК-ийг тусгай зөвшөөрлийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах бэлтгэл ажиллагааг хийж гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан эдгээр баримтуудыг хариуцагчаас үгүйсгэж мэтгэлцээгүй атлаа анх олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгасныг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.
2.12. Учир нь, хариуцагч нь төрийн захиргааны байгууллагын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж хуулиар хүлээлгэсэн үүргийн хүрээнд нэхэмжлэгч “Э” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгохын өмнө шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг олгох, шийдвэр гаргахад хамааралтай дээрх үйл баримтуудыг тодруулж, үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой байтал хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль бус, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах Газрын хэвлийн тухай хуулийн холбогдох зарим зохицуулалт болон нэхэмжлэгчийн нэрийг тус тус тусгаагүй орхигдуулсан алдааг засч зөвтгөх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0788 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5/, 2 дахь хэсгийн 1/, 21 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ