| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0180/э |
| Дугаар | 2020/ШЦТ/180 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2020/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дт холбогдох эрүүгийн 2025002430179 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Д
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч А.Дыг Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-5 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Хамтдаа” урлах төвийн гадна 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч Ц.Эрдэнэчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. 6 хоног маск оёж байгаа гэж их орой ирсэн. 7 дахь хоногоо ирэхгүй болохоор нь би очсон. Ороод харчихъяа гэхэд оруулахгүй байхаар нь орж хармаар санагдаад гуя руу нь өшиглөсөн. Гарнаас зууралдсан. Би буруу юм хийснээ ойлгож байна. 300,000 төгрөгөөр эмчлүүлсэн гэх мэдүүлэг,
-Хохирогч Ц.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Хамтдаа” урлах төвд байж байхад Д ирээд намайг дуудсан. Би урлах төвөөс гарахад Д архи уучихсан, ганцаараа зогсож байсан ба гэртэй харих уу гэхээр нь би “маск оёж байгаад гэртээ харина” гэж хэлсэн. Д танай урлах төв рүү орж эрэгтэй хүн байгаа эсэхийг шалгана гэж хэлэхээр нь би уурлаад яасан ичдэггүй юм бэ, гэртээ хариад байж бай гэж хэлэхэд Д уурлаж миний хөл рүү өшиглөсөн, зүүн гар луу гараараа 2 удаа цохисон. Мөн баруун гар, хөл рүү цохисон. Тэр үед Баяржаргал эгч Урлах төвөөс гарч ирээд юу болоод байгаа юм, цагдаад дуудлага өглөө шүү гэж хэлэхэд Д зугтаачихсан юм. Би гэртэй хариад хүүхдүүдээ аваад өөрийнхөө ээж дээр очсон. Нэлээн бодож байгаад цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/
-Гэрч Б.Баяржаргалын ...2020.03.27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-5 дугаар байранд байрлах “Хамтдаа” урлах төвд оёдолчин Амарсанаа, Эрдэнэчимэг нарын хамт маск оёж байхад оёдлын цехийн хаалга тогшсон, би хаалга онгойлгоход архи уучихсан, согтуу, эрэгтэй хүн байсан ба Эрдэнэчимэгтэй уулзмаар байна гэж хэлсэн. Тэр залуугийн нүүр хэсэг хөхөрчихсөн, цус болчихсон байсан. Эрдэнэчимэгт энэ талаар хэлэхэд Эрдэнэчимэг гарсан ба Эрдэнэчимэгийг ямар хүнтэй уулзаад байгаа юм бол гэж бодоод оёдлын цехийн үүд хэсэгт очиход нөгөө залуу хараалын үг хэлээд Эрдэнэчимэгийн хөл, гар хэсэг рүү цохисон. Би тэр залууд хандаж яагаад байгаа юм бэ, цагдаад дуудлага өглөө шүү гэж хэлэхэд тэр залуу явчихсан. Тэр үед манай нөхөр болкон дээрээс хараад зогсож байсан. Би Эрдэнэчимэгээс юу болсон юм бэ гэж асуухад энэ залууг таньдаг, уулзсангүй гээд уурлаад намайг цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/
-Гэрч Э.Энхжаргалын “...2020 оны 03 дугаар сарын 27-ны орой 18 цаг өнгөрч байхад... Би болкон дээрээ гараад эхнэрийн оёдлын цех рүү харж байхад оёдолчин Эрдэнэчимэг, танихгүй нэг залуутай 8 дугаар орцны урд талд юм яриад зогсож байсан ба тэр залуу Эрдэнэчимэгийг хоёр хөл рүү нь 2-3 удаа өшиглөсөн, мөн гараараа Эрдэнэчимэгийн гар руу нь цохисон. Би тэр залуу руу хашхираад яагаад байгаа юм бэ, болиочээ гэж хэлэх үед эхнэр маань оёдлын цехээс гарч ирээд цагдаад дуудлага өгнө шүү гэж хэлсэн. Тэр залуу Хүлэг хүнсний зах тал руу явчихсан. Эхнэр Баяржаргалын утас руу залгаад юу болоод байгаа юм бэ гэж асуухад Эрдэнэчимэгийн таньдаг хүн ирж уулзаад цохичихлоо гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/
-Гэрч Э.Амарсанаагийн ...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 6-5 дугаар байрны 8 дугаар подвалд байрлах “Хамтдаа” оёдлын цехэд Эрдэнэчимэг, Баяржаргал нарын хамт маск оёж байсан. Орой 18 цаг өнгөрч байхад Эрдэнэчимэгийг нэг эрэгтэй хүн дуудаад Эрдэнэчимэг оёдлын цехээс гарсан. Гадаа орцны үүдэнд Эрдэнэчимэгтэй уулзаж байсан эрэгтэй чанга дуугарч, уурлаад байх шиг байсан ба гэнэт Эрдэнэчимэгийг зодож байгаа юм шиг дуу чимээ гарсан. Би Баяржаргалын хамт оёдлын цехээс гарахад тэр эрэгтэй Эрдэнэчимэгийн гараас нь зуурчихсан оруулахгүй байсан ба хөл рүү нь өшиглөсөн. Тэр залууд хандаж яагаад байгаа юм бэ, цагдаа дуудаж өгнө шүү гэж хэлэхэд урдаас хэрэлдэж байгаад явсан. Яагаад Эрдэнэчимэгийг цохисон талаар хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр залуу архи уучихсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 33 дугаартай “...Ц.Эрдэнэчимэгийн биед зүүн гарын бугалга, шуу, баруун гарын шуу хоёр хөлийн гуянд олон тооны цус хуралт үүсжээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19- р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Д нь Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-5 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Хамтдаа” урлах төвийн гадна 2020 оны 03 дугаар сарын 27-ны орой хамтран амьдрагч Ц.Эрдэнэчимэгийг зодож биед нь зүүн гарын бугалга, шуу, баруун гарын шуу хоёр хөлийн гуянд олон тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч А.Д нь бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Ц.Эрдэнэчимэгийн биед зүүн гарын бугалга, шуу, баруун гарын шуу хоёр хөлийн гуянд олон тооны цус хуралт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч А.Д нь Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-5 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Хамтдаа” урлах төвийн гадна 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч Ц.Эрдэнэчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд “Би гэм буруугаа хүлээж байна. Гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байна. Хэсэгчлэн төлөх саналтай гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч хохирогчид 300,000 төгрөг төлсөн байх ба хохирогч Ц.Эрдэнэчимэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж , хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялыг оногдуулах үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Б овогт А.Дыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар А.Дт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сард 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ