| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/00705/э |
| Дугаар | 698 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 698
2020 07 22 2020/ШЦТ/698
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Улсын яллагч: М.Отгонбаатар,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: С.Амарсанаа, Б.Бүжинлхам, Б.Отгончимэг /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хулууд овгийн Баттогтохын Бүжинлхам, Өндөрийнхэн овгийн Батмөнхийн Отгончимэг, Дархад овгийн Сүхбаатарын Амарсанаа нарт холбогдох эрүүгийн 2009004490902 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гэр бүл судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, охины хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 46-26 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Хулууд овгийн Баттогтохын Бүжинлхам, /РД:УП91040362/,
2. Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, сэлбэ 14-55 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 877 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Өндөрийнхэн овгийн Батмөнхийн Отгончимэг, /РД: УП96090440/,
3. Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 01-ны өдөр Увс аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Увс аймгийн Улаангомбо сумын 4 дүгээр баг, сургуулийн 12 дугаар гудамжны 8 тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 хоног хорих ял шийтгүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дархад овгийн Сүхбаатарын Амарсанаа, /РД: ОЮ94080113/,
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Б.Бүжинлхам нь Б.Отгончимэг, С.Амарсанаа нартай бүлэглэн 2020 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Отгончимэг нь Б.Бүжинлхам, С.Амарсанаа нартай бүлэглэн 2020 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Амарсанаа нь Б.Бүжинлхам, Б.Отгончимэг нартай бүлэглэн 2020 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009004490902 дугаартай хэргээс:
Шүүгдэгч С.Амарсанаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…хохирогч А.Ууганбаярыг Отгончимэг эхлээд цохисон. Тэгээд Бүжинлхам хажуунаас нь ороод хохирогчийн үснээс нь зулгаагаад зодолдоод эхэлсэн. Зодооны үеэр хохирогч... Хажуунаас нь Баяржаргал бид хоёр гар хүрээгүй. Харин хэрүүл маргаан дуусаад баарны шатаар буух гэхэд хохирогч Ууганбаяр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би Ууганбаярыг нүүр хэсэгт нь мангасдаад түлхсэн. Би Алтаншагайгийн дагз хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисон. Тухайн үед Отгончимэг годон гуталтай, Бүжинлхам хар өнгийн харааны нүдний шилтэй явсан, харин би улбар шар өнгийн юүдэнтэй цамцтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 38 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бүжинлхам нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…хоёр эмэгтэйгийн хохирогч эмэгтэй хар өнгийн хувцастай намхан нь, арай өндөр тод өнгийн хувцастай найз нь байсан. Тэр хоёр эмэгтэй бүжиглэхгүй зогсож байгаад бид хоёрыг зааж байгаад дунд хуруу, салаавч энэ тэр гаргаад байсан. Тэгээд Отгончимэг бид хоёр очоод Отгончимэг хохирогч эмэгтэйд нэг үг хэлсэн. Тэгээд хохирогч бид хоёр бие биетэйгээ үсдэлцсэн. Тэгээд би хохирогчтой үсдэлцээд нилээд юм болсон. Намайг манай найзууд салаач гэхээр нь би тавьчихсан байна шүү дээ гэж хэлээд гараа өргөсөн. Би гараа тавьчихсан, наадах чинь намайг тавихгүй байна гэж хашигарсан. Тэгээд баарны хамгаалагч, хажууд байсан хүмүүс бид нарыг салгасан. Би салаад шууд ариун цэврийн өрөө рүү орсон. Тэгээд буцаад гараад ирсэн чинь хохирогч эмэгтэй шатан дээр зогсож байсан. Тэгээд хохирогч эмэгтэй, эрэгтэй хоёр Амарсанаатай маргалдаад байсан. Би очоод тэр хэдийг салгаад хохирогч эмэгтэйг чи одоо болио гэж хэлсэн чинь намайг үсдээд авсан. Би шатан дээр болсон хэрүүл маргааны үеэр хохирогчийг үсдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32, 40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Отгончимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…Би тухайн үед хохирогч Ууганбаяр гэх эмэгтэйг хамгийн эхлээд нэг удаа түлхсэн. Тэр үед Бүжинлхам хохирогчтой үсдэлцээд зууралдаж эхэлсэн. Би хэрүүл маргааны дундуур хохирогч Ууганбаяр гэх эмэгтэйтэй хамт явж байсан улаан цамцтай охиныг үсдэж газарт унагаасан. Тэгээд Бүжинлхамыг хохирогч Ууганбаяртай үсдэлцээд зууралдаж байх үед нь нэг удаа өшиглөх гэсэн боловч салгаж байсан хамгаалагч залууг өшиглөсөн байсан тухайн үед баарнаас гарч ирээд зогсож байх үед хохирогч Ууганбаярын нөхөр гээд залуу Амарсанааг заагаад чи намайг зодсон гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 39 дүгээр хуудас/,
Хохирогч А.Ууганбаярын “...Холливүүд бааранд 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байх үед годон гуталтай Отгончимэг гээд байгаа эмэгтэй миний нүүрний зүүн зовхи хэсэгт гараараа цохисон ... дараа нь Бүжинлхам гэх эмэгтэй нь миний үснээс зулгааж зулайн хуйх, үс уналт гэмтлийг учруулсан .. хэрүүл маргаан дуусаад Холливүүд баарны шатаар явж байх үед манай нөхрийг цохисон Амарсанаа гэх залуу миний дух хэсэг рүү гараараа цохиж миний духанд гэмтэл шарх учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Хохирогч Б.Алтаншагайгийн “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Холливүүд бааранд манай эхнэр Ууганбаярыг танихгүй хоёр эмэгтэй зодож, цохиж байх үед би дундуур нь ороод эхнэрээ салгаж авах гэхэд манай эхнэртэй маргалдаж, манай эхнэрийг зодсон хоёр эмэгтэйтэй хамт явж байсан Баяржаргал гэх залуу миний хүзүүг гараараа боож татсан... Харин Амарсанаа гэх залуу миний нүүрний баруун тал руу гараараа 1-2 удаа цохисноос болоод миний биед баруун хөмсөг няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, хамар уруулд зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Гэрч А.Мөнхзаяагийн “...2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр би найз Ууганбаяр, Алтаншагай нарын хамт Холливүүд бааранд бүжиглэж байтал 03 цагийн үед бүжгийн талбай дээр нэг танихгүй годон гуталтай хар цамцтай эмэгтэй ирээд юм хэлэхээр нь би сонсолгүй айн гэтэл шууд тэр эмэгтэй намайг үсдээд авсан. Тэгтэл дундуур нэг танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд салгасан. Тэгээд эргээд хартал хүмүүс бужигнаад байхаар нь очтол Алтаншагай танихгүй хүмүүстэй маргалдаад байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэрч Б.Баяржаргалын “...Бүжинлхам, Отгончимэг, Амарсанаа нарын хамт Холливүүд бааранд орсон... ариун цэврийн өрөө орчихоод иртэл Бүжинлхам үл таних эмэгтэйтэй манай сууж байсан ширээний хажууд үсдэлцээд байж байсан... Б.Ууганбаярын биед хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй байна. Сүүлд нь Бүжинлхам над руу Холливүүд баарны хяналтын камерын бичлэгийг чатаар явуулсныг харахад хохирогчтой Отгончимэг, Бүжинлхам хоёр л зууралдаж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31, 37 дугаар хуудас/,
Гэрч Г.Базарсадын “...Улбар шар өнгийн малгайтай цамцтай залуу Алтаншагайтай зодолдох гээд араас нь татаад байсан ба миний харснаар Алтаншагайгийн нүүр рүү 2 удаа цохисон. Улмаар хамгаалагч нар ирээд салгаад байж байтал улбар шар өнгийн малгайтай цамцтай залуу Ууганбаярын толгой руу 2 удаа гараараа цохисон. Мөн Ууганбаярыг нүдний шилтэй эмэгтэй цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар худас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн №1576 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. А.Ууганбаярын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, дух, чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үс уналт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 13 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн №1571 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Б.Алтаншагайгийн биед тарх доргилт, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, хамар, уруулд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 15 дугаар хуудас/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-44 дүгээр хуудас/
зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Бүжинлхам нь Б.Отгончимэг, С.Амарсанаа нартай бүлэглэн 2020 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Отгончимэг нь Б.Бүжинлхам, С.Амарсанаа нартай бүлэглэн 2020 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Амарсанаа нь Б.Бүжинлхам, Б.Отгончимэг нартай бүлэглэн 2020 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Ууганбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Ууганбаяр, Б.Алтаншагай нарын мэдүүлэг, гэрч А.Мөнхзаяа, Б.Баяржаргал нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1571, №1576 дугаартай дүгнэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Амарсанаа, Б.Бүжинлхам, Б.Отгончимэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч С.Амарсанааг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Бүжинлхам, Б.Отгончимэг нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж зүй бус авир гаргаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүх шүүгдэгч С.Амарсанаа, Б.Бүжинлхам, Б.Отгончимэг нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирогчтой эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх С.Амарсанаа, Б.Бүжинлхам, Б.Отгончимэг нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Амарсанааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 900.000 төгрөгийн торгох ялаар, Б.Бүжинлхам, Б.Отгончимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгийн торгох ялаар тус бүрийг шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Амарсанаа, Б.Бүжинлхам, Б.Отгончимэг нар нь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч А.Ууганбаяр, Б.Алтаншагай нар нь нь гомдол саналгүй, хохиролд 420.000 төгрөгийг төлсөн ба шүүгдэгч С.Амарсанаа, Б.Бүжинлхам, Б.Отгончимэг нартай эвлэрсэн талаар хүсэлт /хх-ийн 156-157 дугаар хуудас/ гаргаж өгсөн, шүүгдэгч С.Амарсанаа, Б.Бүжинлхам, Б.Отгончимэг нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Дархад овгийн Сүхбаатарын Амарсанааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Хулууд овгийн Баттогтохын Бүжинлхам, Өндөрийнхэн овгийн Батмөнхийн Отгончимэг нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амарсанааг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгончимэг, Б.Бүжинлхам нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амарсанаад оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Б.Отгончимэг, Б.Бүжинлхам нарт тус бүр оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Амарсанаа, Б.Бүжинлхам, Б.Отгончимэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амарсанаа, Б.Бүжинлхам, Б.Отгончимэг нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Амарсанаа, Б.Бүжинлхам, Б.Отгончимэг нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН