| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0743/Э |
| Дугаар | 738 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Баярмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Г.Баярмаа,
Шүүгдэгч Б.М, О.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.М, О.Г нарт холбогдох эрүүгийн 2009016310951 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт .....тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д.М,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт ......тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн О.Г нар нь:
-2020 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчимд бүлэглэн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын замын эсрэг талд хохирогч Ж.Мөнхбадамыг зодож, эрүүл мэндэд баруун нүдний зовхинд зулгаралт, доод уруулын салстад язрал, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.Мөнхбадамын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл / хх 3 /
Хохирогч Ж.Мөнхбадам мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2020 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би Соёлын төв өргөөний хойд тал буюу Туушин зочид буудлын замын эсрэг талын машины зогсоол дээр иртэл тэр хавиар эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлдэг Б.М, О.Г нар нь надаас бичиг баримт, поднус, перцний саваа нэхэхээр нь би машинаасаа бичиг баримт, поднусыг нь гаргаж өгөөд “ Перцний савыг нь орхичихжээ. Дараа өгье “ гэтэл О.Г миний машины хажууд намайг түлхээд байсан. Тэгээд би улаан өнгийн машинд суугаад явах гэтэл араас Б.М нь ирээд миний үсийг зулгааж, хиймэл үсийг газар авч шидсэн. Тэгэхээр нь би машинаасаа буух гээд баруун хөлөө эхлээд гаргаж газар тавьтал Б.М хөлийн тавхайны гадна хэсэгт хөлөөрөө гишгэхээр нь би “ Яая. Хөл” гэтэл “ Чиний хөлийг яасан ч яадаг юм “ гээд 2-3 удаа гишгэсэн газарлуугаа өшиглөсөн. Б.М миний үсийг авч шидсэнд нь уур хүрээд Б.М рүү очоод барилцаж авсан. Ингээд бид 2 зууралдаж байх хооронд О.Г нь хажуунаас ороод тэр 2 хоёулаа намайг татаж чангаагаад байсан ба О.Г нь миний нүүр лүү 2-3 удаа цохьсон гэжээ. / хх 10-11 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 6675 дугаартай дүгнэлтэнд:
“ 1. Ж.Мөнхбадамын биед баруун нүдний зовхинд зулгаралт, доод уруулын салстад язрал, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 19-20 /
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Ж.Мөнхбадам машины баруун урд талын хаалганы харалдаа зогсож байх үед О.Г нь Ж.Мөнхбадамын цээж рүү түлхэх ба Ж.Мөнхбадам зөрүүлээд түлхэхэд О.Г дахин түлхэж байгаа нь харагдав. ...О.Г араас нь улаан машин дээр ирэхэд Б.М, Ж.Мөнхбадамтай ноцолдож байгаад хар өнгийн ямар нэгэн зүйл аваад машинаас 5 метр орчим зайд шидэв. Ж.Мөнхбадам машинаас буугаад урагшаа явах гэхэд Б.М нуруу хэсэг рүү нь нэг удаа түлхээд машин руу чиглээд явж байгаа нь харагдана. Тэгтэл Ж.Мөнхбадам Б.Мгийн араас очоод үснээс нь зулгаах гэж дайрч Ж.Мөнхбадам, Б.М нар хоорондоо зууралдаж, бие биеийнхээ хувцас, хүзүүнээс зуурч ноцолдох ба О.Г энэ үед салгах гэж оролдож байгаа мэт харагдана. Ингээд ноцолдсон чигээрээ Б.Мгийн машины цаад талд очиход О.Г хажуунаас нь Ж.Мөнхбадамын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиж байгаа нь 17:40 секундэд харагдана. 17:47 секундэд О.Г нь Ж.Мөнхбадамын нүүр хэсэг рүү дахин цохиж байгаа нь харагдана. 19:25 секундэд О.Г нь Ж.Мөнхбадамын өөдөөс харж байгаад Ж.Мөнхбадамын нүүр лүү гараараа нэг удаа цохиход Б.М нь араас нь ирж гар нь Ж.Мөнхбадамын нүүр хэсэг руу сарвалзах үед Ж.Мөнхбадам нь гарыг нь холдуулж байгаа нь харагдана...” гэжээ. / хх 27-28 /
Шүүгдэгч Б.Мг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 53-56 /
Шүүгдэгч О.Гийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 48-49 /
Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 59-60 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Ж.Мөнхбадам бид нар олон жилийн найз нөхөд бөгөөд хэн аль нь уураа барьж чадаагүйгээс болж гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хувийн байдлыг харгалзан хамгийн багаар торгож өгнө үү гэв.
Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Б.М, О.Г нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын замын эсрэг талд хоорондын таарамжгүй харьцаанаас маргалдан хохирогч Ж.Мөнхбадамыг зодож, түүний биед баруун нүдний зовхинд зулгаралт, доод уруулын салстад язрал, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Машинд суух гэтэл Б.М миний хиймэл үсийг газар авч шидээд хөлийн тавхайны гадна хэсэгт хөлөөрөө гишгэхээр нь би “ Яая. Хөл” гэтэл “ Чиний хөлийг яасан ч яадаг юм “ гээд 2-3 удаа гишгэсэн газарлуугаа өшиглөсөн. О.Г нь миний нүүр рүү 2-3 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Мөнхбадамын мэдүүлэг / хх 10-11 /, ... Ж.Мөнхбадамын биед баруун нүдний зовхинд зулгаралт, доод уруулын салстад язрал, баруун тавхайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6675 дугаар дүгнэлт / хх 19-20 /, ... О.Г хажуунаас нь Ж.Мөнхбадамын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиж байгаа нь 17:40 секундэд харагдана. 17:47 секундэд О.Г нь Ж.Мөнхбадамын нүүр хэсэг рүү дахин цохиж байгаа нь харагдана. 19:25 секундэд О.Г нь Ж.Мөнхбадамын өөдөөс харж байгаад Ж.Мөнхбадамын нүүр лүү гараараа нэг удаа цохиход Б.М нь араас нь ирж гар нь Ж.Мөнхбадамын нүүр хэсэг руу сарвалзах үед Ж.Мөнхбадам нь гарыг нь холдуулж байгаа нь харагдана...” гэсэн Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 27-28 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч О.Г, Б.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Г, Б.М нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Г, Б.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн байх тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаад тус бүр прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулав.
Хохирогч Ж.Мөнхбадам нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул О.Г, Б.М нарыг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г, Б.М нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Мөрдөн шалгалтын явцад хохирогч Ж.Мөнхбадамыг 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.3.1-д зааснаар 100.000 төгрөгөөр торгосон / хх 90 / байгааг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М, О.Г нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.М, О.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 450 /дөрвөн зуун тавин / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, О.Г, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Г, Б.М нар нь шүүхээс тогтоосон торгуулийг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. О.Г, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Г, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ