Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 699

 

 

 

 

 

 

 

 

  2020        07          22                                   2020/ШЦТ/699       

 

                        

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: П.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч А.Ц (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Амартүвшингийн Цд холбогдох эрүүгийн 2009000000952 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

     Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Кола Кебаб" ХХК-д кассчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо, 24 дүгээр байрны 16 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Амартүвшингийн Ц /РД:НЕ00211408/,

 

            1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч А.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Кола Кебаб”-д кассчнаар ажиллах үедээ, тухайн өдөр үйлчлүүлж байхдаа кассын зүүн талын телевизийн доод талын ширээн дээр мартаж явсан хохирогч А.Цэдэнсүрэнгийн эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө буюу “Тошиба Ай-3” маркийн зөөврийн компьютерыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 312.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2009000000952 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч А.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кола Кебабд касс хийдэг ажилтай юм. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүн ихтэй байсан бөгөөд хүн гайгүй болоод ажиллаж байхад орой 18 цагийн орчимд ширээн дээр хар цүнх байхаар нь би тэнд байсан хүмүүсээс асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хар цүнхийг ширээн дээр байлгаж байсан ба орой 22 цаг болж байхад хаагаад цэвэрлэгээ хийгээд хар цүнхийг аваад гэрлүүгээ явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,  

 

            Хохирогч А.Цэдэнсүрэнгийн ”... 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 18 цагт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Кола Кебабд найз Батгэрэлийн хамт ороод Тошиба загварын Нөүтбүүктэй цүнхээ мартаж гарсан. Маргааш өглөө гэрээсээ ажил руугаа явах үедээ Нөүтбүүкээ Кола Кебабд мартсанаа санаад ороод нөүтбүүкээ асуухад байхгүй гэсэн учир өчигдөр нь гарж байсан кассчин охины дугаар луу залгаж асуухад манайх их хүнтэй байсан тэр цүнхийг нэг ах минийх гээд аваад гарсан гэж надад хэлсэн ... Надад гомдол санал байхгүй. Миний нөүтбүүкийг аваад сүүлд нь гаргаж өгсөн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

 

            “Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

            Эд зүйл хүлээлгэн өгч хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-8 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Ц нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Кола Кебаб”-д кассчнаар ажиллах үедээ, тухайн өдөр үйлчлүүлж байхдаа кассын зүүн талын телевизийн доод талын ширээн дээр мартаж явсан хохирогч А.Цэдэнсүрэнгийн эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө буюу “Тошиба Ай-3” маркийн зөөврийн компьютерыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 312,000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Цэдэнсүрэнгийн мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Цгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул А.Цгийн бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч А.Цг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч нь хохирогч А.Цэдэнсүрэнд зөөврийн компьютерыг нь буцаан өгч хохирол барагдуулсан /хх-ийн 6-8 дугаар хуудас/ болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд А.Цд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Ц нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь хохирогч А.Цэдэнсүрэнд зөөврийн компьютерыг нь буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Амартүвшингийн Цг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч А.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч,  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН