| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0201/э |
| Дугаар | 2020/ШЦТ/204 |
| Огноо | 2020-05-28 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч Ц.Алтангадас, Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Т.Батхүлэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хохирогч С.Цэрэннадмид,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхтуяа
Хохирогчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Д.Оюунчимэг, М.Найдан
Шинжээч Ж.Гэрэлмаа, Ч.Буянзаяа
Гэрч Ж.Отгонбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, Д.Наранхүү
Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төмөрбаатарын Дд холбогдох эрүүгийн 2025001770115 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Т.Д
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Т.Дг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Шанд 22-24 тоотод иргэн Н.Чинбатын толгойн тус газар цохиж алсан гэмт хэрэгт /яллах дүгнэлтэд бичсэнээр/ холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Дгийн мэдүүлсэн “Тэр өдөр гэртээ найзтайгаа архи уусан. Тэгээд Ж.Отгонбатын машинаар найзыгаа хүргүүлэх санаатай гэрт нь орсон. Отгонбат, Чинбат 2 архи ууж байсан. Отгонбатыг машинаараа вокзал руу хүн хүргэж өгөөч гэхэд чадахгүй, архи уусан гэсэн. Гэтэл Чинбат “чи муу гуйлгачин ганц машин авчихад яадаг юм, гутлын хулгайч чинь гэсэн. Тэгээд Чинбат бид 2 барилцаж авсан. Цагаан сараар гутал солигдсон байсан юм. Байшингийн үүдэнд зууралдаад гадаа гарсан. Чинбат намайг заамдаад боогоод байхаар нь би нэг хурууг нь хазсан. Тэгээд салаад гэртээ ороод буцаж Отгонбатынд орсон. Үүдний сандал дээр Чинбат сууж байсан. Гутлын хулгайч гэхээр нь би бостол Отгонбат намайг тэвэрсэн ба би түүний дээгүүр нь гараа явуулж талийгаач Чинбатыг нэг удаа л цохиход газар савж унасан. Төрсөн ахаас минь ялгаагүй хүн байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна гэх мэдүүлэг,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхтуяагийн мэдүүлсэн “Ах маань хадам ээжийнхээ гэрт амиа алдсан. Энэ хүмүүс бүгд “өөрөө унасан” гэж худал мэдүүлсэн. Их гомдолтой байгаа. Эмнэлэг цагдаа дуудаагүй нууж ул мөрөө арилгасан гэж бид үзэж байгаа. Эмнэлэгт очихдоо л найдваргүй тархи нь урссан байсан гэж эмч хэлсэн. Тархи толгой нь энд тэндээ хөхөрсөн байсан. Ухаангүй байгаа хүнийг босгож суулгаж чирж гулдарсан байсан. Дахин шалгуулах хүсэлтэй. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
-Хохирогч Н.Найдангийн мэдүүлсэн “2020 оны 3 сарын 04-нд бэр Цэрэннадмид утасдсан. Чинбат хальтирч унаад ухаангүй байна гэсэн. Ирэхэд маш хүнд байсан. Гомдолтой байна. Дахин шалгуулах хүсэлтэй. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
-Хохирогч С.Цэрэннамдмидын мэдүүлсэн “2020 оны 3 сарын 04-ний өглөө Чинбат оймсоо хайж байгаад хромон гутлаа гаргаж ирснээ “гутал солигдсон юм шиг байна. Д бид 2 л сольчихлоо” гэсэн. Тэгээд Дгийнх рүү орсон. Д нь “үгүй байхаа” гэсэн гэнэ лээ. Гэтэл хүргэн нь сольсон байсан гэсэн. Тэгээд Чинбат гарч яваад 17 цагийн үед ажил дээр халамцуу ирсэн. Надад “чи явж гутлыг маань авчир, би явж архи уулаа “гэсэн. Би очоод гутлыг нь аваад гарах гэж байхад талийгаач ороод ирсэн. Тэгээд намайг харь, би энд Отгонбаттай 1 шил архи ууна гэсэн. Би хүүгийн хамт гэртээ харьсан. Тэгээд 30 орчим минутын дараа Цэрэнжаргал утасдаад “ах их согтуу байна, та ирэх үү” гэсэн. Тэгээд очиход Чинбат үүдний буйдангийн сандал дээр сууж байсан. Яав гэхэд талийгаач “харья даараад байна “гэсэн. Хальтирч унасан, эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж тэд нар хэлсэн тул эмнэлэг авч явсан. Толгойн зураг авахуулсан. Талийгаач бөөлжсөн. Гэмтлийн эмч Сундуй үзээд “ар гэрийг нь дууд, сэхээнд оруулах шаардлагатай” гэсэн. Эмнэлэг дээр нь тэд нар “Д цохиж унасан” гэж хэлсэн. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
-Гэрч Ж.Отгонбатын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “2020 оны 3 сарын 04-ний өглөө Чинбат ах утасдаж “хромон гутал солигдсон байна “гэсэн. Тэгээд Чинбат ах ирээд хажуу талын Д ахынд орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа манайд орж ирээд “миний гутлыг өгөхгүй байна” гэсэн. Тэгтэл Д ах орж ирээд “би яахаараа таны гутлыг авдаг юм гээд гарч яваад буцаж орж ирээд “авсан байна уучлаарай” гэсэн. Тэгээд Чинбат ах гарч явсан. 18 цагийн үед Цэрэннадмид эгч гутлыг нь авах гэж ирсэн. Чинбат ах ч нэлээн согтуу ирсэн. Тэгээд “би энд жаахан байна та 2 харь гэсэн. Чинбат ах архи уумаар байна гэсэн тул эхнэр Цэрэнжаргал 0,5 гр архи гаргаж өгсөн. Тэгээд би 2-3 татаад байж байхад гаднаас Д ах орж ирсэн. Вокзал руу хүн хүргэе машинаа өгчих гэсэн. Би архи уусан, түлхүүрээ өгөхгүй гэхэд Д ах “муусайн юмнууд“ гээд намайг заамдаад гадаа гарсан. Би Дгийн гарыг хазсан, Чинбат тэр 2 ноцолдоод газар унасан. Тэгээд би Чинбат ахтай гэрт ороход Чинбат ах “хуруу хаздаг байна ш дээ, модоор цохидог байна ш дээ” гэсэн. 20-30 минутын дарааа Д ах дахин орж ирэхэд Чинбат ах “гутлын хулгайч зайл гэсэн” ба би Д ахыг хаагаад зогсож байхад Чинбат ах ард ирсэн байсан. Тэгтэл Д ах миний мөрөн дээгүүр нэг цохих шиг болсон. Чинбат ах дээшээ харж унасан. Д гарч явсан. Цэрэннадмид эгч орж ирсэн ба “яав” гэхэд нь би сандраад “хальтираад уначихлаа” гэсэн. Тэгээд эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг,
- Шинжээч Ж.Гэрэлмаагийн шүүх хуралдаанд мэдүүлсэн, 2020 оны 3 дугаар сарын 09-нд Чинбатын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Цусан хурааг авахын тул тархины зүүн талд хагалгаа хийсэн байсан. Үзлэгийг аппаратанд залгаатай үед харагдах байдлаар л хийсэн. Толгойн зүүн талд хүч үйлчилсэн байгаа. Гараар цохиход энэ гэмтэл үүсэхгүй. Гэмтэл нь их талбайг хамарсан байсан тул хязгаарлагдмал бус талбайтай үйлчилсэн гэж үзнэ гэх мэдүүлэг,
-Шинжээч Ч.Буянзаяагийн шүүх хуралдаанд мэдүүлсэн, анхны дүгнэлтээс онош зөрүүгүй. Зүүн чамархайд цус хуралттай. Хугаралын дотор хатуу хальс урагдсан, тархи гоожсон байсан. Амь аврах боломжгүй гэмтэл. Зүүн чамархайд гэмтэл үүссэн. Энэ гэмтэл нь толгойноос том хэмжээтэй зүйлээр хүч үйлчилснээс үүсэх боломжтой гэмтэл гэх мэдүүлэг,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 4-7-р хуудас/,
-Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 8-11-р хуудас/,
-Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-н 12-20-р хуудас/,
-Шүүгдэгчийн согтуурлыг шалгасан баримт /1-р хх-ийн 29-р хуудас/
-Хохирогч С.Цэвэгмидийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...2020 оны 03 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хүү Баярмөнх маань ирж ах эмнэлэгт хэвтсэн талаар хэлсэн. Тэр шөнөө би эмнэлэг дээр очтол Цэрэннадмид гэж эмэгтэй хүүг маань саваад уначихсан гэж хэлж байсан. Хүүгээ гайгүй болов уу гэж бодож байсан ч сэхээний тасаг руу орж хүүгээ үзэж эмч нартай уулзаад ер нь найдваргүй болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-р хуудас/
Гэрч Ж.Отгонбатын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “..Би өмнөх мэдүүлэг дээрээ Чинбат ахыг халтирч унасан гэж хэлсэн. Учир нь ах дүү нарын хооронд хэрүүл маргаан болчих юм болов уу Чинбат ахыг гайгүй байх гэж бодсон чинь Чинбат ах одоо болтол ухаан орохгүй байгаа юм. Тийм учраас би болсон асуудлыг үнэн зөвөөр ярья. Тухайн өдөр Чинбат ах бид 2 нэг шил архи уугаад талд нь оруулчихсан сууж байтал Д ах манайд орж ирээд намайг машинаараа гудамжны үзүүрт хүргээд өг гэж хэлсэн. Гэтэл цаанаас нь Чинбат ах Д ахад чи миний гутлыг хулгай хийсэн шүү дээ хулгайч минь гэж хэлэхэд Д ах Чинбат ах руу би чиний гутлыг хулгай хийсэн юм уу гээд дайрахаар нь би дундуур нь ороод Д ахыг боль гэж хэлээд Д ахыг аваад гарсан. Гэтэл Д ах чи юу юм гээд намайг заамдаад авсан. Би тавиулах гэж байтал Д ах миний гарыг хазсан. Гэтэл цаанаас нь Чинбат ах Д ахыг чи наад хүүхдийн гар тавь гэтэл Д ах надаас гараа тавиад Чинбат ахтай барьцалдаж аваад гэрийн гадаа давхралдаад Чинбат ах доор нь ороод унасан. Чинбат ахыг газар уначихсан байхад Д ах Чинбат ахын ар дагз руу нь түлээний тайрдас аваад далайж байсан. Би тухайн үед Д ахыг арай ч цохичхоогүй байх гэж бодсон. Гэтэл цаанаас нь Д ахын эхнэр нь гарч ирээд аваад орсон ба би Чинбат ахыг аваад гэртээ орж иртэл Чинбат ах Д муу новш чинь миний гарыг хазаад түлээний тайрдсаар цохидог байна ш дээ гэж ярьж байсан. Энэ үед манай эхнэр Чинбат ахын эхнэр рүү залгаад Чинбат ах нэлээн согтчихсон байна ирээд авах уу гэтэл эхнэр нь очиж явна гэсэн. Энэ үед Д ах гаднаас дээгүүрээ подвольктой орж ирсэн ба Чинбат ахыг чи муу юу гээд байгаан гэтэл Чинбат ах орон дээр сууж байснаа чи муу миний гутлыг хулгай хийсэн биз дээ гээд орон дээрээс босоод ирсэн.Тухайн үед би Д ахыг үүдний жижиг буйдан дээр бэлхүүсээр нь тэврээд боль гээд сууж байтал Чинбат ах цаанаас алхаад зуухны урд иртэл Д ах миний дээгүүр эргээд Чинбат ахыг маш хүчтэй цохисон. Гэтэл Чинбат ах манай хулдаасан доороо бетонон шалан дээр толгойгоороо тас гээд нэлээн хүчтэй унасан. Энэ үед Д ах манайхаас гараад явсан ба Чинбат ахыг босгоод үнэртэй ус үнэртүүлээд байж байтал Д ах эргэж орж ирээд Чинбаа ахаа намайг уучлаарай гээд үнсээд байсан. Тухайн үед Чинбат ах ухаан алдчихсан сэрэхгүй байсан. Манай ээж “Д чи хүн алчихлаа ш дээ” гэсэн чинь Д ахын царай сонин болоод гараад явсан. Удалгүй Чинбат ахын эхнэр, хүүхэд ирээд Чинбат ахыг эмнэлэг рүү аваад явсан...талийгаач Н.Чинбат тархиндаа 20-21 цагийн хооронд гэмтэл авсан байх гэж бодож байна, яг тодорхой цагийг бол хараагүй...Д Чинбатын баруун гарын ядам хурууг хазсан байсан санагдаж байна, цус гарч байсан бөгөөд хурууны лентээр манай эхнэр боож өгсөн гал тогооны өрөөний жижиг үүдэнд унасан. Өөрөөр хэлбэл зуухны урд талд унасан бетонон дээрээ хулдаастай шал, намайг эргээд харахад өрөөний залгааны ирмэгээс наахан талд дээшээ хараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 45-46. 47-48-р хуудас/
-Гэрч Ж.Отгонбатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 49-54-р хуудас/
- Гэрч С.Цэрэнжаргалын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...Одоо би болсон зүйлийн талаар үнэн зөвөөр нь ярья. Тухайн өдөр манай нөхөр Чинбат ах 2 манайд архи уугаад сууж байсан юм. Гэтэл гаднаас Д ах согтуу орж ирээд Отгонбаттай муудалцаад улмаар гадаа гараад Отгонбатын гарыг нь хазсан байсан. Би араас нь гартал Чинбат ах Отгонбат, Д 2-г салгасан чинь Д ах Чинбат ахтай маргалдаад заамдалцаж байгаад Чинбат ахыг түлхээд унагаачихсан. Гэтэл Д ахыг эхнэр нь гарч ирээд аваад орсон. Ингээд Чинбат ах манай нөхөр бид 3 манайд орсон ба ууж байсан архиныхаа үлдэгдлийг уугаад Чинбат ах нэлээд согтчихсон байхаар нь би Чинбат ахын эхнэр рүү залгаад ирээд ав гэтэл одоо очлоо гэсэн. Тухайн үед Д гаднаас орж ирээд Чинбат ахтай маргалдах гээд байхаар нь би Отгонбатын сууж байсан сандал руу Д ахыг түлхсэн. Отгонбат Д ахыг тэврээд сууж байтал Чинбат ах орон дээр сууж байснаа босоод Д ах руу дөхөөд ирсэн чинь Д ах манай нөхрийн дээгүүр гар нь гарч ирээд Чинбат ахыг цохисон чинь Чинбат ах газар саваад нэлээд хүчтэй унасан. Энэ үед Д ах гараад явсан ба Чинбат ах босож ирэхгүй байхаар нь манай нөхөр өргөөд сандал дээр суулгасан чинь ухаан орохгүй байсан ба цээж нь сонин дуугараад байсан. Удалгүй Чинбат ахын эхнэр нь орж ирээд Чинбат ахыг эмнэлэг рүү аваад явсан ба эмнэлэгт хэвтсэнийх нь дараа толгойн зураг авахуулж толгойн хагалгаанд орсон ба эмч найдваргүй гэж байна лээ....” гэх мэдүүлэг /хх- ийн 56-57-р хуудас/
- Гэрч Д.Ренчинхандын мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... Тухайн үед би нөгөө өрөөнд орчихсон утсаар ярьж байтал Д Чинбат нар маргалдаад байхаар нь би нөгөө өрөөнөөс гараад ирсэн чинь Д Чинбат руу дайраад Отгонбат боль гээд хориод байсан. Гэтэл Чинбат сандал дээр сууж байгаад Д рүү дөхөөд очсон чинь Д Отгонбат дээгүүр гар нь гарч ирээд Чинбатын дух руу нь цохисон, гэтэл Чинбат манай шалан дээр нэлээд хүчтэй саваад унасан. Гэтэл Чинбат царай нь сонин болоод цээж нь дуугараад унахаар нь би Дг хөөе чи хүн аллаа ш дээ гээд хашгирсан чинь Д гараад гүйсэн. Энэ үед Цэрэнжаргал, Отгонбат нар Чинбатыг өргөж сандал дээр суулгасан ба удалгүй Чинбатын эхнэр хүүхэд нь орж ирээд эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/
- Гэрч С.Цэрэндолгорын мөрдөн байцаалтад мэдүүслэн ...Намайг ажлаас ирэхэд л архи уучихсан согтуу байсан ба нэг найз нь ирээд дахиад нэг шил архи уусан. Ер нь нэлээд согтуу байсан....ээжийн байшингийн үүдэнд хүмүүс байгаа харагдахаар нь Д гэж хашгирч байгаад орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/
-Гэрч Б.Мөнхнасангийн мөрдөн байцаалтад мэдүүслэн...жорлон орчихоод гараад иртэл эмээгийн байшингийн хаалга онгорхой дотор талаас хүмүүс чанга чанга дугараад байхаар нь юу болсон юм бол гээд дотогш ортол талийгаач ах шалан дээр хэвтэж байсан...талийгаач амьсгаатай боловч нүд нь аниатай хамраараа сонин дуугарч амьсгалж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-р хуудас/
-Насанд хүрээгүй гэрч Ч.Хөххийморийн мэдүүлсэн ... Тэгээд ээж, бид хоёр аавыг очиж авахаар эмээгийн гэрт очсон. Гэрт нь аав маань үүдэнд байдаг буйдан дээр бөхийгөөд суучихсан байхаар нь ээж маань яасан юм гэхэд тэнд байсан эмээ, эгч, ах нар энд хальтираад уначихсан гээд шал зааж байсан. Аавыг авч гарахаас өмнө Отгонбат ах ер нь эмнэлэг ороод үзүүлсэн нь дээр байхаа гэж хэлсэн. Ээж маань яг юу болсон юм бэ гэхэд хальтираад уначихсан гээд гурвуулаа хэлж байсан. Тэр үед аав маань сул дуугаар гэртээ харимаар байна, харъя гэж хэлсэн. Тэгээд аавыг өөрөөр нь алхуулаад явах гэтэл явж чадахгүй болохоор нь Отгонбат ах бид хоёр 2 талаас нь сугадаж байгаад машинд суулгасан. Арын суудал дээр Отгонбат ах аавыг өвөр дээрээ хэвтүүлээд авч явсан. Мөн Отгонбат ахын эхнэр хамт явсан. Тэгээд эмнэлэг дээр ирж аавыг үзүүлсэн. Тухайн үед хүлээн авах тасгийн эмч нар үзэж байхад гэрлээ унтраа гээд нилээн уурлангуй дугарч байсан. Ээж бид хоёр аавыг аваад харьдаг юм уу гээд байж байтал эмч нар нь та нар согтолтыг нь гаргаад 2 цагийн дараа авч яв гэж хэлсэн. Ингээд хүлээгээд байж байтал 2 цагийн дараа аав бөөлжсөн, энэ үед эмч толгойны зураг авахуул гэж хэлсэн. Аавын дэргэд сууж байтал аав зайлаач миний дэргэд хэн суугаад байгаа юм гэж хэлж байсан. Эмч нар толгойны зураг авахуулах хэрэгтэй гэхэд нь гинжийг нь тайлж авсан, бөгжийг нь авах гэтэл аав гараа атгачихаад тавихгүй болохоор нь ээж ханиа би байна гэж хэлж гарыг нь тавиулж бөгжийг нь тайлж авсан. Ингээд толгойны зураг авахуулсаны дараа эмч ар гэрийг нь дууд гэж хэлэхээр нь би Баярмөнх ах руу залгасан боловч утсаа аваагүй. Мөн Мөнхтуяа эгч, эмээ рүү гээд зөндөө залгасан боловч утсаа аваагүй. Ингээд аавын том ахын хүү Анхбаяр /99351458/ ахын гэр рүү очиж түүнийг дуудсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн №43 дугаартай ...Н.Чинбатын биеэс авсан цусанд этилийн спирт илэрч байна. Н.Чинбатын биеэс авсан гэх цусанд 2.95 промилл процент этилийн спирт илэрсэн байна. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 108-109-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн №266 дугаартай ... Н.Чинбатын биед гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархай ясны суурь луу шилжсэн хугарал, тархины эдийн цусархаг няцрал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх болон доорх цусан хураа бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Гэмтэл нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр үүссэн байж болно...” гэх дүгнэлт / 1-р хх-ийн 111-112-р хуудас/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаартай “...талийгаачийн биед гавал схины битүү гэмтэл, гавлын хүнхрээ /зүүн чамархай/ ба суурь ясны хугарал, тархины духны дэлбэнгийн доод хэсэг хоёр талын чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал /гавал тархины хагалгааны дараах байдал/, хуйхны дотор тал, баруун гарын ядам хурууны өндгөнд цус хуралт, баруун гарын ядам хурууны өндгөнд зулгаралт үүсжээ. Гавал тархины битүү гэмтэл: гавлын хүнхрээ /зүүн чамархай/ ба суурь ясны хугарал, тархины духны дэлбэнгийн доод хэсэг хоёр талын чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал /гавал тархины хагалгааны дараах байдал/, хуйхны дотор талд цус хуралт нь толгойн зүүн чамархай хэсэгт хязгаарлагдмал бус талбайтай хатуу зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. Хохирогч нь босоо суугаа аль ч байрлалд байсан байж болох ба толгойн зүүнээс баруун тийш хүчтэй хүчээр үйлчилсэн байна. Талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл: гавлын хүнхрээ /зүүн чамархай/ ба суурь ясны хугарал, тархины духны дэлбэнгийн доод хэсэг хоёр талын чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 124-135-р хуудас/
-Шинжээч эмч Ч.Буянзаяагийн “...Талийгаачийг үхэлд хүргэсэн тархины гэмтлээс харахад талийгаач нь толгойн зүүн талаас гэмтэл авсан байна. Иймд өөрийн биеийн жингээр унах үед цементэн шалан дээр толгойн зүүн талаар цохих үед үүссэн байхыг үгүйсгэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-135-р хуудас/
-Амь хохирогч Н.Чинбатын 2020 оны 03 дугаар сарын 04-нөөс, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан тухай өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 210-240-р хуудас/
-Шүүгдэгч Т.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн...Отгонбат намайг тэврээд авахаар нь би Отгонбатын мөрөн дээгүүр гараа давуулж Чинбатад хүрсэн, тэр үед Чинбат хойшоо газар унасан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна...тэгээд эргэж Отгонбатын гэр рүү явж ортол Отгонбат Чинбат ахыг өвөр дээрээ хэвтүүлчихсэн сэрээрэй ахаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 150- 151-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.
2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 19-20 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Шанд 22-24 тоотод Г.Ренчинхандын гэрт Т.Д, Н.Чинбат нар согтуурсан үедээ “гутал солигдсон” гэх шалтагаар маргалдаж гадаа гарч Ж.Отгонбаттай гурвуулаа ноцолдож унахад Т.Д нь Н.Чинбатын хурууг хазсан ба салж гэртээ орцгоосон байна. Улмаар хэсэг хугацааны дараа Т.Д дахин орж ирээд маргалдахад нь Т.Дг Ж.Отгонбат хорьж байхад түүний мөрөн дээгүүр гараа явуулж Н.Чинбатыг нэг удаа цохисноос тэрээр хулдаас дэвссэн цементэн шалан дээр унаж гавал тархины битүү гэмтэл: гавлын хүнхрээ /зүүн чамархай/ ба суурь ясны хугарал, тархины духны дэлбэнгийн доод хэсэг хоёр талын чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хуйхны дотор тал, баруун гарын ядам хурууны өндгөнд цус хуралт, баруун гарын ядам хурууны өндгөнд зулгаралт бүхий гэмтэл авч тархины хагалгаанд орж эмчлэгдэж байгаад 3 дугаар сарын 10-ны өдөр нас барсан ба үхлийн шалтгааныг гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ /зүүн чамархай/ ба суурь ясны хугарал, тархины духны дэлбэнгийн доод хэсэг хоёр талын чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал болохыг шинжилгээгээр тогтоожээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийж тэмдэглэл үйлдэж бэхжүүлсэн бичмэл нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Т.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн... Отгонбат намайг тэврээд авахаар нь би Отгонбатын мөрөн дээгүүр гараа давуулж Чинбатад хүрсэн, тэр үед Чинбат хойшоо газар унасан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна...гэх мэдүүлэг нь, гэрч Ж.Отгонбатын... Тухайн үед би Д ахыг үүдний жижиг буйдан дээр бэлхүүсээр нь тэврээд боль гээд сууж байтал Чинбат ах цаанаас алхаад зуухны урд иртэл Д ах миний дээгүүр эргээд Чинбат ахыг маш хүчтэй цохисон. Гэтэл Чинбат ах манай хулдаасан доороо бетонон шалан дээр толгойгоороо тас гээд нэлээн хүчтэй унасан. Энэ үед Д ах манайхаас гараад явсан ба Чинбат ахыг босгоод үнэртэй ус үнэртүүлээд байж байтал Д ах эргэж орж ирээд Чинбаа ахаа намайг уучлаарай гээд үнсээд байсан. Тухайн үед Чинбат ах ухаан алдчихсан сэрэхгүй байсан. Манай ээж “Д чи хүн алчихлаа ш дээ” гэсэн чинь Д ахын царай сонин болоод гараад явсан.”...гэх мэдүүлэг, гэрч С.Цэрэнжаргалын ... Отгонбат Д ахыг тэврээд сууж байтал Чинбат ах орон дээр сууж байснаа босоод Д ах руу дөхөөд ирсэн чинь Д ах манай нөхрийн дээгүүр гар нь гарч ирээд Чинбат ахыг цохисон чинь Чинбат ах газар саваад нэлээд хүчтэй унасан. Энэ үед Д ах гараад явсан ба Чинбат ах босож ирэхгүй байхаар нь манай нөхөр өргөөд сандал дээр суулгасан чинь ухаан орохгүй байсан ба цээж нь сонин дуугараад байсан. Удалгүй Чинбат ахын эхнэр нь орж ирээд Чинбат ахыг эмнэлэг рүү аваад явсан ба эмнэлэгт хэвтсэнийх нь дараа толгойн зураг авхуулж толгойн хагалгаанд орсон ба эмч найдваргүй гэж байна лээ....” гэх мэдүүлэг, гэрч Д.Ренчинхандын ... Тухайн үед би нөгөө өрөөнд орчихсон утсаар ярьж байтал Д Чинбат нар маргалдаад байхаар нь би нөгөө өрөөнөөс гараад ирсэн чинь Д Чинбат руу дайраад Отгонбат боль гээд хориод байсан. Гэтэл Чинбат сандал дээр сууж байгаад Д рүү дөхөөд очсон чинь Д Отгонбат дээгүүр гар нь гарч ирээд Чинбатын дух руу нь цохисон, гэтэл Чинбат манай шалан дээр нэлээд хүчтэй саваад унасан. Гэтэл Чинбат царай нь сонин болоод цээж нь дуугараад унахаар нь би Дг хөөе чи хүн аллаа ш дээ гээд хашгирсан чинь Д гараад гүйсэн... гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнхнасангийн ...жорлон орчихоод гараад иртэл эмээгийн байшингийн хаалга онгорхой дотор талаас хүмүүс чанга чанга дугараад байхаар нь юу болсон юм бол гээд дотогш ортол талийгаач ах шалан дээр хэвтэж байсан...талийгаач амьсгаатай боловч нүд нь аниатай хамраараа сонин дуугарч амьсгалж байсан...”гэх мэдүүлэг, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд эдгээр нотлох баримтууд нь амь хохирогч Н.Чинбат, шүүгдэгч Т.Д нарын хооронд маргаан болсон, маргааны явцад Т.Д нь Н.Чинбатыг гараараа цохисноос хатуу цементэн шалан дээр унаж гавал тархины битүү гэмтэл авч нас барсан болохыг нотолж байна.
Шүүгдэгч Т.Дгийн санаатай үйлдлийн улмаас Н.Чинбатын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ /зүүн чамархай/ ба суурь ясны хугарал, тархины духны дэлбэнгийн доод хэсэг хоёр талын чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирч улмаар нас барсан шууд шалтгаант холбоотой болох нь дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогдлоо. Амь хохирогчийн биед учирсан уг гэмтэл нь эмнэлгийн тусламжийг цаг тухайд нь үзүүлсэн ба амь насыг нь аврах боломжгүй гэмтэл болохыг шинжээчийн 31 тоот дүгнэлтээр тогтоожээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг, зориуд үйлдсэн санаатай, бусдын амь насыг нь хохироосон үйлдэл мөн байх тул хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд, ахуйн хүрээнд шалтгаангүй архидан согтуурснаас шалтгаантай, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ямар нэг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдэгдсэн “хүнийг алах” гэмт хэрэг гэж дүгнэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Т.Д нь талийгаач Н.Чинбатыг толгойн тус газар нь цохисноос унаж хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Биеэ хамгаалах чадваргүй нөхцөл байдалд орох нь хүний биеийн онцлогтой холбоотой. Д нь өөрөө согтуурсан байсан. Талийгаачийг түлээгээр цохисон эсэхийг шалгах шаардлагагүй гэж, хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд “нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” үйлдсэн хүндрүүлэх нөхцөлтэй, шинжээчийн дүгнэлтээр хохирогч хүнд хэлбэрийн согтолттой болох нь тогтоогдсон гэж, хохирогчийн өмгөөлөгч М.Найдан “хэргийг прокурорт буцаая, гэрч Отгонбатын мэдүүлэг зөрүүтэй, хэргийн газрын үзлэгийг гадаа хийгээгүй, гэр бүлээрээ худал мэдүүлсэн гэж, хохирогчийн өмгөөлөгч С.Цэрэнханд “хэрэг нотлогдсон шийдэх боломжтой гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нар “шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, цохилтоос савж унаж гэмтэл авсан, биеэ хамгаалах чадваргүй байсан гэдгийг нотлох боломжгүй” гэж тус тус мэтгэлцсэн.
Шүүх бүрэлдэхүүн хохирогчийн өмгөөлөгчийн “хэргийг буцаах” тухай дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ. Хохирогч Н.Чинбатын биеэс авсан цусанд этилийн спирт 2,95 промилл процент илэрсэн, энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэж шинжээчийн 43 тоот дүгнэлтэд /хх-ийн 108/ дүгнэсэн нь шүүгдэгчийн үйлдлийг “хохирогчийг тухайн үед биеэ хамгаалах чадваргүй байсныг мэдсээр байж” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл болохгүй юм. Учир нь шүүгдэгч, хохирогч нар аль алин нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, хохирогч маргалдаж барилцаж авч гадаа гарч ноцолдож өөрөө үйлдэл хийж байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Иймд энэ үндэслэлээр хэргийг буцаах үндэслэлгүйн зэрэгцээ, гэрч Ж.Отгонбатын мэдүүлэг зөрүүтэй байдал нь хэргийг буцаах үндэслэл болохгүй. Хохирогч Н.Чинбатыг шүүгдэгч Т.Д цохисноос цементэн шалан дээр унаж гавлын хүнхрээ /зүүн чамархай/ ба суурь ясны хугарал, тархины духны дэлбэнгийн доод хэсэг хоёр талын чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсны доорх цус харвалт, тархины эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирч улмаар нас барсан хэргийн нөхцөл байдал шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд шинжээч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн “...Толгойн зүүн талд хүч үйлчилсэн байгаа. Гараар цохиход энэ гэмтэл үүсэхгүй. Гэмтэл нь их талбайг хамарсан байсан тул хязгаарлагдмал бус талбайтай үйлчилсэн гэж үзнэ” гэх мэдүүлэг, шинжээч Ч.Буянзаяагийн мэдүүлсэн”...Амь аврах боломжгүй гэмтэл. Зүүн чамархайд гэмтэл үүссэн. Энэ гэмтэл нь толгойноос том хэмжээтэй зүйлээр хүч үйлчилснээс үүсэх боломжтой гэмтэл” гэх мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд нь “Дд цохиулж шалан дээр савж унасан” гэх гэрчүүдийн болон шүүгдэгчийн мэдүүлэгтэй тохирч байна.
Хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдсон, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогч нарын эрхийг зөрчөөгүй, нотлох баримтууд ноцтой зөрүүгүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадварын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судалж, хэрэг үйлдэгдэх үеийн нөхцөл байдал, хэргийн улмаас учирсан хохирлын шинж байдал, хэр хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч С.Цэрэннадмид оршуулгын зардал 5,113,980 төгрөг, С.Цэвэгмид /хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхтуяа/ 4,559,860 төгрөг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгчээс С.Цэрэннадмидад 5,420,000 төгрөг, С.Цэвэгмидэд 4,560,000 төгрөг тус тус төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон, шүүх хуралдаанд хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн оруулгатай /судалтай/ саарал өнгийн майк, хөх улаан өнгийн оруулгатай срочкон цамц, ногоон өнгийн ноосон цамц, ногоон эрээн өнгийн куртик, хүрэн өнгийн хилэн өмд, саарал өнгийн нэг хос даавуун өвдгөвч, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн нэг хос ботинк, хар саарал өнгийн нэг хос даавуун оймс, зэс улавч, хар өнгийн савхин бээлий, цэнхэр өнгийн хамрын алчуур, тамхины хайрцаг, архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж, хохирогч С.Цэвэгмидээс гаргаж өгсөн бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ч овогт Т.Дг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Т.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Дгийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Дгийн цагдан хоригдсон 79 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх өнгийн оруулгатай /судалтай/ саарал өнгийн майк, хөх улаан өнгийн оруулгатай срочкон цамц, ногоон өнгийн ноосон цамц, ногоон эрээн өнгийн куртик, хүрэн өнгийн хилэн өмд, саарал өнгийн нэг хос даавуун өвдгөвч, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн нэг хос ботинк, хар саарал өнгийн нэг хос даавуун оймс, зэс улавч, хар өнгийн савхин бээлий, цэнхэр өнгийн хамрын алчуур, тамхины хайрцаг, архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж, хохирогч С.Цэвэгмидээс гарган өгсөн дүрс, дуу бичлэгийн 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС
Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ