Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 700

 

 

 

 

 

 

 

 

2020         07           22                                   2020/ШЦТ/700     

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Улсын яллагч: П.Эрдэнэбаатар,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,   

Шүүгдэгч: Н.С /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга тайж овгийн Нэргүйн Сд холбогдох эрүүгийн 2009000000933 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Хишиг Уул ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Сэлхийн 20-29 тоотод оршин суух, өмнө нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №141 дугаартай шийтгэх тогтоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 237 дугаар зүйлийн 237.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Авга тайж овгийн Нэргүйн С, /РД: УШ92072177/,

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Н.С нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 2 дугаар гудамжны 29 тоотод өөрийн төрсөн эгч Н.Сүндэръяатай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж хамрын ясны хугарал, хамрын нуруу, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2009000000933 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Н.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…Би Н.Сүндэръяаг гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин би ийм үйлдэл гаргахгүй. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

           Хохирогч Н.Сүндэръяагийн "... Би 2020 оны 05 дугаар сарын 31-ний 14 цагийн орчим Эх үрсийн баярыг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо 2-29 тоотод байрлах аав, ээжийнхээ гэрт очиход гэрт манай төрсөн дүү болох Н.С хоол хийгээд байж байсан. Энэ үед миний төрсөн дүү болох Н.С надад энэ хоолыг би ээжид зориулж хийсэн юм чамд өгөхгүй гэж хэлэхээр нь би доод давхарт байсан ээж Ц.Роза дээр очиж Н.Сын талаар хэлж ярилцаж байх үед миний төрсөн дүү Н.С нь ээж бид хоёр дээр ирж шалтгаангүйгээр хэвлийн тус газар 1 удаа цохисон. Дараа нь толгой хэсэгт 1 удаа цохисон тэгээд би газар унаад миний ам хамараас цус асгараад байсан. Хамраа үзэхэд миний хамар яс нь хугарсан бололтой хөдөлж байсан. Миний хамар маш их өвдөж байсан. Гэрээс гараад шууд гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Маргааш нь 1-р эмнэлэгт үзүүлчихээд хамар гэмтсэн байна гэсэн учир би цагдаагийн байгууллагад хандсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

                 Гэрч Я.Нэргүй "... Удалгүй С уурлаад араас нь буухаар нь би дагаад буусан. Сүндэръяа шалны мод мэтийн хуванцар зүйлийг бариад Сүлд- Оргилыг цохих гэхэд нь манай эхнэр Роза дундуур нь орсон чинь С ээжийнхээ хажуугаар Сүндэръяагийн нүүрэн тус газар баруун гарын ар хэсгээр 1 удаа алгадсан тэр үед Сүндэръяагийн хамраас цус гараад цусыг нь тогтоогоод маргаан дууссан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №6663 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:  

            1. Н.Сүндэръяагийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруу, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 22-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.С нь 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 2 дугаар гудамжны 29 тоотод өөрийн төрсөн эгч Н.Сүндэръяатай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж хамрын ясны хугарал, хамрын нуруу, баруун нүдний зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Сүндэръяагийн мэдүүлэг, гэрч Я.Нэргүйн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6663 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Сыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Н.Сд ял оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохиролыг нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх Н.Сд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.С нь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Н.Сүндэръяа нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч Н.Стой эвлэрсэн талаар хүсэлт /хх- 57 дугаар хуудас/ гаргаж өгсөн, шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Авга тайж овгийн Нэргүйн Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

  5. Шүүгдэгч Н.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

             6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

    7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН