Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01322

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00672 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 993 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Г” ХХК

         Хариуцагч: Бт холбогдох

         Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.124.714 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Намхай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь 2011 оны 6 сард Бтай гэрээ хийж тамгын газрын хурлын танхимын  засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээгээр 42,494,278 төгрөгийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, ажил хүлээлцэх комисс томилогдож актаар хүлээлгэн өгсөн. Гэрээний төлбөрийн 5 хувийг чанарын баталгаат 1 жилийн хугацаа дууссаны дараа олгохоор болсон. Ажлын хөлсөнд дээрх 5 хувь буюу 2,124,714 төгрөгийг аваагүй. Гэтэл Нийслэлийн Аудитын газраас 2,124,714 төгрөгийг Баянгол дүүргийн төсөвт төвлөрүүлэхээр акт тавьжээ. Энэ мөнгө нь төсвийн захиран зарцуулаагүй хөрөнгө биш бөгөөд  ажлын хөлсний барьцаа болгож дараа авах байсан мөнгө юм. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 2,124,714 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч  хариу тайлбартаа: Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын талаар маргаагүй. Нийт 42,494,278 төгрөгийн ажил хийснээс 30 сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр, 12,494,278 төгрөгийг дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2011-08-02-ны өдрийн актаар хүлээн авсан. Гэрээний тусгай нөхцөлд чанарын баталгаат хугацаа 365 хоног байх ба  энэ хугацаа дуустал гэрээний үнийн дүнгийн 5 хувийг барьцаа хөрөнгийн дансанд байршуулна гэж заасан. Баталгаат хугацаа дуусахад Г ХХК нь барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлт гаргаад мөнгөө авах боломжтой байсан. Гэтэл Нийслэлийн Аудитын газрын 2017-03- 27-ны өдрийн 01/126 дугаар актаар 2010-2014 онуудад хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд заасан барьцааны хугацаа дууссан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд 107,710,466 төгрөгийг буцаан олгоогүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.4, Төсвийн тухай хуулийн 7.7-г зөрчсөн гэж үзээд төсөвт төвлөрүүлэхээр шийдсэн. ЗДТГ-ын барьцаа хөрөнгийн дансанд байршсан аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь дүүргийн төсвийн хөрөнгө биш бөгөөд энэ данс нь он дамжин үлдэгдэлтэй байж болдог данс тул  акт үндэслэлгүй гарсан. Дүүргийн 2018 оны төсөвт дээрх мөнгөний зарцуулалтыг тусгаж өгөөгүй тул Г ХХК-ийн  2,124,714 төгрөгийг буцаан олгох боломжгүй байна. Иймд төсвийн тодотгол хийх замаар  мөнгийг шийдвэрлэх боломжтой гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00672 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 2,124,714 төгрөг гаргуулж Г ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 945  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 48 945 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 993 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагч хяналтын  гомдолдоо: Төсвийн тухай хуулийн 64.1.2-т дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дүүргийн тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 16.5.5, 41.2.2 дахь заалтын дагуу “Төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй” байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт дурдсанчлан дүүргийн 2018 оны төсөвт дээрх мөнгөний зарцуулалтыг тусгаж өгөөгүй байхад дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс олгох боломжгүй бөгөөд Засаг даргын тамгын газар захиран зарцуулах эрхгүй юм. Энэ ч утгаараа Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчийн зүгээс өгсөн хариу тайлбарт 2018 оны төсөвт тодотгол хийж Г ХХК-д шилжүүлэх боломжтой гэж тайлбарласан. Гэтэл шүүхийн шийдвэрт Засаг даргын тамгын газраас 2.124.714 төгрөг гаргуулж Г ХХК-д олгосугай гэсэн нь үндэслэлгүй байна. Иймд  шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанчлан “дүүргийн төсөвт төвлөрүүлсэн дээрх мөнгийг төсвийн тодотгол хийх замаар Г ХХК-д олгох боломжтой бөгөөд үүнийг буруу биш гэж дүгнэсэн” дүгнэлттэй уялдуулан шүүхийн шийдвэр, магадлалд ИХШХШТХ-ийн  167.1.2-т заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж зөвтгөж “Баянгол дүүргийн орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж Г ХХК-д олгохыг Бт даалгасугай” хэмээн өөрчлөлт оруулж өгнө үү.

ХЯНАВАЛ:

       “Глобалгейтвей” ХХК 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 2,124,714 төгрөг шаардсан байна. /хх 1/

       Хариуцагч нэхэмжлэлтэй холбогдуулан “...төсвийн тодотгол хийж мөнгийг төлөх боломжтой...” гэсэн тайлбар гаргажээ. /хх 14/

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Талууд 2011 оны 6-р сарын 10-ны өдөр гэрээ байгуулан нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн тамгын газрын хуралдааны танхимын засварын ажлыг 42,494,278 төгрөгөөр хийлгэхээр  тохирч, ажлын хөлс 40,369,594 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, Г ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.    

       Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авсан байх тул хариуцагч хэлэлцэн тохирсон хөлсийг бүрэн төлөх үүрэгтэй юм.      

       Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 2,124,714 төгрөгийг гүйцэтгэгчид төлөөгүй нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн  зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.  Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

       “Глобалгейтвей” ХХК Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас төлбөр гаргуулахыг шаардсан тул  уг хариуцагчид холбогдох хэргийг хэлэлцэж, шийдвэр гаргах нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцнэ. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах дарааллыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулдаг тул   төлбөрийг “...Баянгол дүүргийн орон нутгийн төсвийн орлогоос...” гаргуулах тухай хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус  хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00672 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 993 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ