Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0150

 

Угийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Ц

Гомдлын шаардлага: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0178787 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч У, түүний өмгөөлөгч Б.Ц,

Хариуцагч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 124/2021/0076/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Угаас Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан “2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0178787 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан гомдол гаргагч Угийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.5-д зардлын тайлан гаргах, хүлээн авах, нийтэд мэдээлэх, танилцуулахтай холбоотой журамд маягт батлах бүрэн эрхийг Төрийн аудитын орон нутгийн салбар байгууллага хэрэгжүүлэхээр заасан байгаа. Иймээс Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож буй нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам баталсан байгаа. Тухайн журмын 1.1-ын гол зорилго нь сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээсэн бодитой эх үүсвэрээс бүрдүүлж зарцуулсан талаар тайлагнах, түүнд дүгнэлт гаргах, сонгуулийн санхүүжилтийг сонгогч иргэн олон нийтэд нээлттэй ил тод байлгахад оршино гэж заажээ. У нь сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн бодиттой эх үүсвэрээс бүрдүүлж зориулалтын дагуу зарцуулж, хөндлөнгийн Аудитаас “зөрчилгүй” гэх дүгнэлт гарсан. Төрийн аудитын газраас сонгуулийн зардлын дансны тайлан хүлээн авсан зэргээс үзэхэд Угийн сонгуулийн зардлын дансны орлого, зарлага нь дээр дурдсан хууль, дүрмийн зорилтод нийцсэн байна.

3.2. Анхан шатны шүүх Уг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бэлнээр зарлага гаргасан байхад 2020 оны 10 дүгээр сарын 14-ний журам зөрчсөн гэж үзэж буйн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор н.Төгөлдөр нь зөрчлийн хэргийг хянаад Уд зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол гаргасан бөгөөд тогтоолоо танилцуулаагүй, гардуулаагүйн процессын хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн татварын улсын байцаагч хэдэн төгрөг данснаас бэлнээр гаргасан гэдгийг тогтоохгүйгээр шууд шийтгэл ногдуулж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж  шийдвэрлэлээ.

2.1. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2.2. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0178787 дугаар шийтгэлийн хуудсаар 2020 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч У нь “сонгуулийн зардлын данснаас бэлнээр буюу хэвлэлийн зардлыг гаргасан” зөрчил гаргасан хэмээн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасны дагуу 10000000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

2.3. Гомдол гаргагч Угаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “... миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулж, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн эрхийг хангаагүй ... сонгуулийн зардлын данснаас бэлнээр буюу хэвлэлийн зардлыг гаргасан гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан маргасан байна

2.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд “Сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах”, 51.1-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд энэ хуулийн 38.2-т заасан арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” хэмээн зааж, уг дансны зарцуулалтын талаарх хуульд заасан журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Сонгуулийн хуулийг зөрчих”, 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор гэж хуульчлагджээ.

2.4. Гомдол гаргагч У нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар тойрогт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн, сонгуулийн сурталчилгаа явуулах зорилгоор сонгуулийн зардлын дансанд цугларсан хандиваас бэлнээр авч зарцуулсан болох нь хэрэгт авагдсан сонгуулийн зардлын дансны дэлгэрэнгүй хуулга болон холбогдогчийн мэдүүлэг, тайлбар зэргээр тогтоогдсон байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “...татварын улсын байцаагч хэдэн төгрөг данснаас бэлнээр гаргасан гэдэг тогтоохгүйгээр шууд шийтгэл ногдуулсан” талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.5. Нэгэнт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч сонгуульд оролцохоор бүртгэсэн өдрөөс эхэлж, сонгуулийн зардлын тайлан гаргах өдрийг дуусах хүртэл хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар зөвхөн сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болохоор заасан, энэ тохиолдолд сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарцуулсныг зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд сонгуулийн зардлын данснаас бэлнээр буюу хэвлэлийн зардлыг гаргасан ... зөрчил гаргасан гэж үзэж, торгох шийтгэл ногдуулсан нь татварын улсын байцаагчийг буруутгахгүй.

2.6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан гомдол гаргагч Угийн “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0178787 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

2.7. Түүнчлэн гомдол гаргагч У нь сонгуулийн санхүүжилтээ хуулиар хүлээн зөвшөөрсөн бодиттой эс үүсвэрээс бүрдүүлж, зориулалтын дагуу зарцуулсныг үгүйсгэхгүй боловч энэхүү үндэслэл нь сонгуулийн зардлын дансанд дахь мөнгөн хөрөнгийг зарцуулах талаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн үйлдлийг нь зөвтгөхгүй юм.

Ийнхүү гомдол гаргагч нь хуульд заасан хориглолтыг зөрчиж, сонгуулийн зардлын дансанд дахь мөнгөн хөрөнгийг данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарцуулах байтал бэлнээр авч сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан нь дээрх байдлаар тогтоогдсон байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                         Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ