| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0181/э |
| Дугаар | 2020/ШЦТ/185 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ
Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Бд холбогдох эрүүгийн 2025000000189 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, У.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч У.Бг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 34-10 тоотод иргэн Ц.Ганцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Бгийн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Гар утсыг маань авчихаад өгөхгүй байхаар нь маргаан эхэлсэн. Тэгээд хөөгөөд байхаар нь зодсон. Хамраа засуулна гэхээр нь хохиролд 1,000,000 төгрөг төлсөн. Одоо хүртэл утсаа авч чадахгүй байгаа. 980,000 төгрөгийн үнэтэй утас гэх мэдүүлэг,
-Хохирогч Г.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... Би Б болон хүүхдүүдэд нь ор засаж өгсөн. Тэгээд би өөрөө орондоо орсон. Тэгээд удаагүй байж байтал манай нөхөр миний араар орж унтсан. Тэгээд нэг мэдсэн миний нүүр ам руу хүн цохиод байсан. Би сэрээд хартал Б миний дээр гарчихсан миний нүүр ам руу гараараа цохиж зодож байсан. Би юу болж байгаа юм бэ гээд нөхрөө дуудаж сэрээсэн. Хэсэг байж байгаад манай нөхөр сэрээд чи болиоч гээд Бг надаас салгасан. Бгийн хоёр хүүхэд нь ааваа болиоч та хүн аллаа ш дээ гээд хашгираад байсан. Миний хамраас их цус гарсан...” гэх мэдүүлэг/хх-6-7-р хуудас/
- Гэрч Г.Мягмардоржийн мэдүүлсэн “... нэг мэдсэн манай эхнэр намайг сэрээсэн. Би сэрээд хартал Б манай эхнэр Ганцэцэгтэй бие биеэ барьчихсан зогсож байсан. Манай эхнэр Ганцэцэгийн хамраас цус гарсан байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан юм....” гэх мэдүүлэг/хх-ийн 8/
-Насанд хүрээгүй гэрч Б.Алтансүхийн мэдүүлсэн... тэр айлд дүү Алтаншагайтай хамт аавын гар утсаар юм үзэж байсан. Аавын утасны цэнэг дуусаад унтарсан. Тэгээд дүү бид хоёр аавын гар утсыг цэнэглэж байтал аавын найз ахын эхнэр нь аавын гар утсыг хүнтэй яриад өгье гээд авсан. Тэгээд тэр эгч буцааж аавын гар утсыг өгөөгүй. Би аавд энэ эгч таны гар утсыг авсан гэдгийг нь хэлсэн. Аав тэр эгчээс гар утсаа нэхтэл нөгөө эгч би тэр утсыг чинь аваагүй гээд аавтай маргалдаад байсан. Тэр эгч аавын хамарт нь гараараа цохисон. Тэгээд аав уурлан тэр эгчийг нүүрэн тус газар нь гараараа алгадаж зодсон юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
- Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 353 дугаартай “...Ц.Ганцэцэгийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний салстад цус харвалт, нүүр, баруун чихний дэлбээнд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, 1 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 14-15-р хуудас/
-Хохирогч Г.Ганцэцэгийн эмчлүүлсэн тухай амбулторын картын хуулбар, хохирлын баримт, нэхэмжлэл /хх-ийн 62-67-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч У.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 34-10 тоотод Ц.Ганцэцэгийнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гар утас өгсөнгүй, гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар Ц.Ганцэцэгийг зодож биед нь хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний салстад цус харвалт, нүүр, баруун чихний дэлбээнд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, 1 тооны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч У.Бгийн бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Г.Ганцэцэгийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна...” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч У.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч У.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 34-10 тоотод иргэн Ц.Ганцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд, би гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Торгуулийг бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Г.Ганцэцэг нь хохиролд 3,000,000 төгрөг нэхэмжилсэн ба эмчилгээ оношлогооны 508,000 төгрөгийн баримтыг хавсаргасан байна. Шүүгдэгч түүний хохиролд 1,000,000 төгрөг төлснөөр хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх баримт /хх-ийн 74-р хуудас/-т авагдсан ба шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ч овогт У.Бг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар У.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сард 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ