Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/183

 

                                          

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Л.Энхтайван

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2025000000164 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Быг согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 18-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг 3-22 тоотод Х.Дэжидмаагийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Архинаас болж ийм хэрэг үүсгэсэн          гэх мэдүүлэг,

-Хохирогч Х.Дэжидмаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн... 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...Бадмаа 1 шил архи аваад Бадмаагийн гэрт очиж уусан...Тэгээд Батсайхан дэлгүүрээс  1 шил архи аваад гэрт нь очсон.Тэгсэн араас Бадмаа, Баяраа эгч 2 орж ирсэн, архиа уусан....Бадмаа бид 2 маргалдсан нэг мэдэхэд Бадмаа миний дээр гарчихсан миний нүүрэн тус газарт цохиж байсан...Өөр юу болсон талаар санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 5-6-р хуудас/

-Гэрч Ч.Лхагвасүрэнгийн “... Дэжидмаа нэг эмэгтэйтэй маргалдаад улмаар Дэжидмаа доор нь ороод нөгөө хүүхний үсийг нь зулгаачихсан одоо нэрийг нь сонсоход Бадмаа дээр нь гарчихсан Дэжидмаагийн нүүр лүү нь цохиод байсан. Тэгээд би Батсайхан гэх гэрийн эзэнтэй нь нийлж байгаад арай гэж салгаад би Дэжидмааг аваад гарсан ба хашааны гадаа үлдээчихээд хүүхдийг нь дуудах гээд явсан ба гэрт нь Дэжидмаагийн хүүхэд нь байхгүй байхаар нь би эргээд очтол Бадмаа Дэжидмааг Батсайханы хашааны гадаа унагаачихсан дээрээс нь нүүр лүү нь өшиглөөд байсан... “гэсэн мэдүүлэг /хх-н 8-р хуудас/

-Гэрч Л.Батсайханы "... Бадмаа Дэжидмаатай барьцалдаж аваад тэр 2 дээр доороо ороод ноцолдоод байсан. ... Тэгээд Дэжидмаагийн найзтай нийлж байгаад тэр 2-ыг арай гэж салгаад түлхээд гаргасан. Гадаа Дэжидмаа, Бадмаа нар бас л зодолдоод байх шиг байхаар нь би гарч Лхагвасүрэн гэх эмэгтэйтэй нийлж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-р хуудас/

- Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 310 дугаартай дүгнэлтэнд Х.Дэжидмаагийн биед баруун нүдний доод зовхи, зүүн завьж, дух, баруун гуянд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 6 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зөөлөн эдийн цус хуралтууд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтэл нь 2020-03-18-ны өдөр үүссэн байж болно...” гэсэн дүгнэлт /хх-н 13-14-р хуудас /

             Шүүгдэгч Д.Б нь  2020 оны 03 дугаар сарын 18-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг 3-22 тоотод архидан согтуурсан үедээ хамт байсан Х.Дэжидмаагийн нүүрэн тус газарт цохиж унагаж зодож биед баруун нүдний доод зовхи, зүүн завьж, дух, баруун гуянд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  дүгнэлтээр “...Х.Дэжидмаагийн  биед үүссэн зөөлөн эдийн цус хуралтууд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Иймд  Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 Шүүгдэгч, хохирогч нар шалтгаангүй архидан согтуурсан нь гэмт хэрэг гарах үндсэн нөхцөл болжээ.         

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 18-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг 3-22 тоотод Х.Дэжидмаагийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд “Би гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Торгуулийг 3-4 сарын хугацаанд хувааж төлөх саналтай байна гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Х.Дэжидмаа нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухай баримт /хх-ийн 44-р хуудас/ хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.    

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн  эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялыг оногдуулах үндэслэлтэй.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Д.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  5 сарын хугацаанд  сард 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ