Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 709

 

 

 

 

 

 

 

 

2020         07           24                                   2020/ШЦТ/709     

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Улсын яллагч: Д.Даваадорж,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,   

Шүүгдэгч: Г.ТТ /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хүрээд овогт Ганбилэгийн ТТад холбогдох эрүүгийн 2009000000845 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Волтам” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 1 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух, өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Хүрээд овогт Ганбилэгийн ТТ /РД:ШЖ85031474/,

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Г.ТТ нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 30 тоотод 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 16-нд шилжих шөнө олон тооны хүмүүсийг цуглуулан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “техас покер” нэршилтэй мөрийтэй тоглоом тоглуулж, хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2009000000812 дугаартай хэргээс:

           Шүүгдэгч Х.ТТ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…Би 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр танил ах Эрдэнээгээр дамжуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны захын орцны 2 дугаар давхарт байх байрыг 1 хоногийн хугацаатай ашиглахаар хэлсэн бөгөөд тухайн байранд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэж байгаа талаараа түүнд ямар нэгэн зүйл хэлээгүй. Уг байр бол Эрдэнэ ахын өөрийнх нь байр биш бөгөөд таньдаг сайн найзынх нь байр гэж хэлж байсан. Тэгээд тухайн өдөр хүмүүс цуглуулж тус байранд мөрийтэй тоглоом зохион байгуулсан бөгөөд энэ үед ашиг олоогүй ба зүгээр л нэг удаа хүмүүс дуудаж үзсэн юм. Түүнээс хойш 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байрны түлхүүрийг Эрдэнэ ахаас “нэг хоног байранд чинь баймаар байна” гэж хэлж дахиж аваад тухайн оройдоо хүмүүст газрыг нь зааж мэдээлэл тараасан байсан бөгөөд мөрийтэй тоглодог хүмүүс нэг, нэгнийгээ мэддэг учраас бие, биетэйгээ мэдээлэл солилцоод хүрээд ирсэн. Тэгээд 10 орчим хүн цуглаад “техас покер” тоглуулж байсан бөгөөд миний хувьд 1.300.000 төгрөгийн чтон тухайн хүмүүст өгсөн. Бооцооны буюу мөрийний мөнгийг өөрийнхөө “Хаан" банкны 5076020546 тоот дансаар авсан. ...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар хуудас/,

 

           Гэрч Н.Энхбатын “...Би энэхүү мөрийтэй тоглоомын газрыг Г.ТТаас сонсож 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр анх удаагаа ирсэн. Г.ТТ нь тухайн газрыг зохион байгуулсан бололтой байдаг. Би 300.000 төгрөгний чтон авч орсон ба уг чтоноо тоглож байгаад алдсан, тэгээд дахин 300.000 төгрөгний чтон аваад дахин алдсан бөгөөд 300.000 төгрөгөөр дахин авсан. Тэгээд хамгийн сүүлд 500.000 төгрөгний чтон авч, бүх мөнгөө Г.ТТын данс руу интернет банкаар шилжүүлсэн... Уг тоглоомын үр дүнг урьдчилан мэдэх боломжгүй, аз таарсан нь хождог тоглоом юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Уламмандахын “...Би 2020 оны 05 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Засгийн газрын байрны хойд талд байрлах арктай байранд буюу саяны цагдаа нарт баригддаг газарт очиж 300.000 төгрөгний чтон авч “техас покер” тоглосон. Мөрийний мөнгийг Г.ТТ гэсэн хүний “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд тоглож байтал цагдаа нар ирсэн. ...Уг тоглоомын үр дүнг урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд аз таарсан буюу хөзөр нь таарсан нь хождог...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч Х.Одонгэрэлийн “...Би 2020 оны 05 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед танил дүү Санжаагийн /Г.Санжлхагва/ хамтаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 2 дугаар давхрын баруун талын хаалганд байрлах мөрийтэй тоглуулдаг газрыг танил Түмээ /Г.ТТ/ гэх залуутай холбогдож ирсэн. Намайг ирэхэд барагцаагаар 13-14 хүн тэнд байсан. Би тухайн газарт тоглохоор ирээгүй, харин танил дүү Санжааг өмнөөсөө тоглуулахаар ирсэн бөгөөд би уг газрыг ажиллуулдаг Түмээтэй уулзаж мөрийний мөнгө болох 300.000 төгрөгийг Г.ТТын “Хаан” банкны данс руу шилжүүлээд 10.000 төгрөгний чтоноос 30 ширхгийг авсан. Удалгүй Санжааг ширээн дээр суулгаад дөнгөж эхэлж байхад цагдаа нар ирсэн. ...Уг тоглоомын үр дүнг тооцоолох боломжгүй бөгөөд аль азтай нь хождог...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Батсүхийн “...Би 2020 оны 05 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед танил дүү Н.Энхбатаас юм авахаар утсаар ярьтал саяны цагдаа нарт баригддаг газарт намайг дуудсан. Тэрээр надад хэлэхдээ “тоглоом тоглож байна, гарч болохгүй байна, авах юмаа ирээд авчих” гэж хэлсэн бөгөөд би Н.Энхбатын хэлсэн газарт ирэхэд хүмүүс мөрийтэй тоглож байсан ба би нэлээд харж зогссон. Тэгээд би ёндоогоо үзье гээд 500.000 төгрөгний чтоныг тухайн газрыг ажиллуулж байгаа бололтой өндөр залуугаас авсан. Мөнгийг ТТ гэх хүний “Хаан” банкны данс руу өөрийн “Хаан” банкны 5037084722 тоот данснаас шилжүүлсэн. Би тухайн үед суудал байхгүй байсан учраас хүлээж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. ...Уг тоглоомыг нь азаа үзэж тоглодог...” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Гэрч Т.Төртүвшингийн “...Би 2020 оны 05 дугаар сарын 15-ны орой 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр байранд байрлах мөрийтэй тоглоомын газарт ирсэн. Намайг ирэхэд ойролцоогоор 5-6 хүн байсан. ...Тэгээд 21 цагийн үед тоглоом эхэлж “техас покер” тоглосон. Би тухайн газрыг 7 хоногийн өмнөөс эхлээд мэддэг болсон ба урьд ирэхдээ 100.000 төгрөгөөр тоглоод алдсан. ...“Техас покер” нь азаа үзэж тоглодог тоглоом юм. Би 7 хоногийн өмнө ирж нэг удаа тоглохдоо мөнгөө бэлнээр өгч чтон авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Гэрч П.Эрдэнэбаярын “...Би 2020 оны 05 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчимд Мардан гэх найзтайгаа утсаар ярихад тэрээр “талбайн хойд талын байранд байрлах тоглоомын газар байна” гэхээр нь уг газарт ирсэн. Тэгээд би Марданг хүлээгээд компьютертой өрөөнд нь сууж байсан. Тухайн газрыг зохион байгуулсан хүнийг би таних бөгөөд түүнийг Г.ТТ гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Золбаярын “...Би 2020 оны 05 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд танил ТТтай утсаар ярихад тэрээр “тоглоом тоглож байна” гэхээр нь Засгийн газрын ордны хойд талын байрны 2 дугаар давхарт очиход 10 гаран хүн байсан. Тэгээд тоглох гээд хүлээж байтал цагдаа нар ирсэн. ...Тухайн газарт “покер” тоглож байсан ба зохион байгуулсан хүнийг нь Г.ТТ гэдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Санжлхагваагийн “...Би 2020 оны 05 дугаар сарын 15-ны орой буюу шөнийн 00 цагийн орчимд ах Х.Одонгэрэлтэй хамт явж байгаад Засгийн газрын хойд талын байранд тоглоом болж байна гэхээр нь ахыгаа дагаж очсон. Ах Х.Одонгэрэл нь ТТын данс руу мөнгө шилжүүлээд, би чтон аваад дөнгөж тоглоомын ширээн дээр суухад хаалга цохиод цагаа нар ирсэн. ...Би “покер” тоглох гэж байсан. Тухайн газрыг зохион байгуулсан хүн нь ТТ гэх хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Нямдоржийн “...Би 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн орчимд найз Түмээтэй /Г.ТТ/ ярихад тэрээр “Засгийн газрын ордны ард тоглоом болох гэж байна” гэж хэлэхээр нь 22 цагийн орчимд цэцгийн дэлгүүртэй байрны эхний орцны 2 дугаар давхарт ирсэн. Намайг ирэх үед хүмүүс их байсан бөгөөд 300.000 төгрөгийн тоглоом болж байсан. Тэгээд тоглож амжаагүй байхад цагдаа нар ирсэн. ...Тухайн тоглоомыг урьдаас мэдэж таамаглах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Пунцагбалжирийн “...Би 2020 оны 05 дугаар сарын 15-ны орой 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах мөрийтэй тоглоомын газарт найз Баттулгатай уулзахаар тохиролцоод тухайн газрын гадаа очтол гадаа нь цагдаа нар тааралдаад намайг хамт дагуулаад тухайн газар руу орсон. Цагдаа нартай хамт ороход тухайн газарт 15-17 хүн байсан бөгөөд мөрийтэй тоглож байгаа бололтой харагдсан. Би бараг 1 жил гарангийн өмнө нь хэзээ гэдгийг сайн санахгүй байна, өнөөдрийн газарт ирж нэг удаа 100.000 төгрөгөөр тоглож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Эрдэнийн “...Би Г.ТТыг одоогоос 2-3 жилийн өмнө таньдаг болсон. Тухайн үед тэрээр “АПУ” ХХК-ийн борлуулагч ажилтай байсан. Би тээвэрлэлт хийдэг байсан болохоор тэгээд л ерөнхийдөө таньдаг болсон. Би уг байрны эзэмшиг биш бөгөөд тухайн байр нь манай нэг танил ахын эзмшлийн байр юм. Манай танил ахыг Жаргалсайхан гэдэг ба тэрээр гадаад буюу Швейцарь улсад амьдардаг. Тэрээр явахаасаа өмнө надад байрныхаа түлхүүрийг үлдээсэн бөгөөд байрыг нь би хариуцаж үлдсэн. Би анх Жаргалсайхан ахтай уулзахдаа “том оврын авто машинаар тээвэр хийдэг учраас Улаанбаатар хотод ирсэн жолооч нарыг байрлуулах газар хэрэгтэй байна” гэж хэлээд байрны түлхүүрийг нь авсан. 2020 оны 05 дугаар сарын үед, хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, Г.ТТ надтай холбогдоод надад хандан “та нөгөө байрныхаа түлхүүрийг өгөөч, компьютер дээр чинь сууж юм хийх гэсэн юм” гэж хэлсэн ба би тухайн үед Сайншанд руу тээвэрт явах ажилтай байсан болохоор байрны түлхүүрийг Г.ТТад үлдээсэн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Саяхан намайг цагдаагаас дуудахад Г.ТТыг уг байранд хүмүүс цуглуулж, мөрийтэй тоглуулж байсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Өрөөний гол хэсэгт зууван хэлбэрийн тавцантай, тавцан дээр нь ногоон өнгийн зөөлөн цэмбэн материалтай бүрээс дэвссэн бөгөөд ширээг тойруулан 9 ширхэг сандал байрлуулсан харагдаж байв. Уг ширээн дээр гурвалжин хэлбэртэй жижиг хуванцар зүйл 1 ширхэг, дугуй хэлбэртэй хар, цагаан өнгийн 2 талтай, гарын алганы хэмжээтэй хуванцар зүйл, мөн хар өнгийн хайрцагтай 3 ширхэг хөзөр, 1 ширхэг улаан өнгийн хөзөр зэрэг зүйл байсныг хураан авч гэрэл зургаар бэхжүүлэв. Мөн урд өрөөнөөс хураагдсан чтонуудыг тоолж үзэхэд дугуй дүрстэй ногоон, цэнхэр, ягаан өнгүүд бүхий жижиг чтон 750 ширхэг, дөрвөлжин хэлбэртэй чтон 15 ширхэг байсныг тоолж, хайрцаганд нь хийж битүүмжлэн хураан авсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-16 дугаар хуудас/,

 

Г.ТТын “Хаан” банкны 5076020546 тоот дансны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хоорондох дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 42-51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.ТТ нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 24 дүгээр байрны 30 тоотод 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 16-нд шилжих шөнө олон тооны хүмүүсийг цуглуулан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “техас покер” нэршилтэй мөрийтэй тоглоом тоглуулж, хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулсанболох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Н.Энхбат, Ц.Уламмандах, Х.Одонгэрэл, Л.Батсүх, Т.Төртүвшин, П.Эрдэнэбаяр, Б.Золбаяр, Г.Санжлхагва, М.Нямдорж, Б.Пунцагбалжир, Л.Эрдэнэ нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.ТТын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Г.ТТыг олон тооны хүмүүсийг цуглуулан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “техас покер” нэршилтэй мөрийтэй тоглоом тоглуулж, хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.ТТыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Г.ТТад ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх Г.ТТад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.ТТ  нь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гурвалжин хэлбэртэй жижиг хуванцар зүйл 1 ширхэг, дугуй хэлбэртэй хар цагаан өнгийн хайрцагтай 3 ширхэг хөзөр, 1 ширхэг улаан өнгийн хөзөр, дугуй хэлбэртэй ногоон, цэнхэр, ягаан өнгөнүүд бүхий жижиг чтон 750 ширхэг, дөрвөлжин хэобэртэй чтон 15 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Г.ТТ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Хүрээд овогт Ганбилэгийн ТТыг олон тооны хүмүүсийг цуглуулан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “техас покер” нэршилтэй мөрийтэй тоглоом тоглуулж, хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.ТТыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.ТТад оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.ТТ нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

             5. Шүүгдэгч Г.ТТ нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хураагдан ирсэн гурвалжин хэлбэртэй жижиг хуванцар зүйл 1 ширхэг, дугуй хэлбэртэй хар цагаан өнгийн хайрцагтай 3 ширхэг хөзөр, 1 ширхэг улаан өнгийн хөзөр, дугуй хэлбэртэй ногоон, цэнхэр, ягаан өнгөнүүд бүхий жижиг чтон 750 ширхэг, дөрвөлжин хэобэртэй чтон 15 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

             8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.ТТад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН