| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0187/э |
| Дугаар | 2020/ШЦТ/211 |
| Огноо | 2020-05-02 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч С.Батмөнх-Очир
Хохирогч Э.Энх-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан шүүхийн танхимд хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эад холбогдох эрүүгийн 2025000480103 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Э
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Эыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулагийн нутаг дэвсгэр Гок гарден хотхоны гадаа машины зогсоол дээр байсан иргэн Э.Энх-Эрдэний эзэмшлийн 51-52 ОРА улсын дугаартай 8.500.000 төгрөгийн үнэ бүхий тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч явж 1.990.000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
-хохирогч Э.Энх-Эрдэний шүүх хуралдаанд мэдүүлсэн “Урьд өгсөн мэдүүлэг үнэн. Би түлхүүр авч карманд хийсэн, өглөө босоход машин байгаагүй. Эаас асуухад би аваагүй гэсэн. Журмын хашаанд 1 сарын 15-наас хойш байсан 480,000 төгрөгийн төлбөр гарсан. Одоо 330,000 төгрөг авчихвал хохиролгүй болно. Гомдолгүй гэх мэдүүлэг
-Тээврийн хэрэгслийн гэрэл зураг, гэрчилгээний хуулбар /хх-ийн 5-8-р хуудас/
-хохирогч Э.Энх-Эрдэний мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2020 оны 01 сарын 05-ны оройн 19-20 цагийн үед манай гэрт Э, Уранболор, Ариунтуяа нарын хамтаар архи уусан юм. Би уусан архиндаа согтоод унтсан. Өглөө 08 цагийн үед сэрээд машины түлхүүрээ хайгаад олохгүй болохоор нь гарч зогсоол дээр хартал миний машин байгаагүй. Тэгээд Эыг дуудаж гэртээ ирүүлээд түлхүүрээ асуутал би аваагүй, юу гэж таны машины түлхүүрийг би авдаг юм гэж уурласан. Тэгж байгаад айл руу яваад ирье гэж хэлээд гарч яваад эргэж ирээгүй. Маргааш нь гадуур машинаа болон Эыг хайгаад явж байтал Э, Ариунтуяа хоёр таксинд сууж байхаар нь дагаж очиж зогсоогоод Эаас машины түлхүүрээ авсан. Машин хаана байгааг асуухад Говилын цагдаагийн хэлтсийн урд талд юм мөргүүлчихсэн байгаа дүү нь 2-3 хоногт засуулаад өгье гэж хэлсэн. Ингээд машин байгаа газраа очтол урд талын гупер хагарч бутарсан, копут нь үрчийж хэлбэрээ алдсан, асааж явах боломжгүй болсон байсан...Түүнээс би түлхүүрээ ил тавиагүй. Би машинаа Говилын Цагдаагийн хэсгийн шороон зогсоол дээрээс олсон... Миний машины эвдрэлийг 1.990.000 төгрөгөөр үнэлсэн энэ төлбөрийг гаргуулж авах хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/
-Гэрч Б.Ариунтуяагийн мэдүүлсэн... Ингээд бүгдээрээ архи ууж сууж байхад Энх-Эрдэнэ архиндаа нэлээн согтоод би амарлаа та гурав харьж амар гэхээр нь бид гурав гарсан. Гэрээс нь гараад явж байтал Э надад машиных нь түлхүүр байна гурвуулаа унаад явах уу гэхээр нь Болороо бид хоёр юу гэж согтуу, хүн машин барьдаг юм гээд болиулсан. Тэгээд бид гурав шууд такси бариад Болороогийн 2-26-р байранд очиж Эыг харь гээд гаргаад явуулсан. Маргааш нь буюу 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10-11 цагийн үед төвөөр явж байгаад Этай 2-р микрт таарч түүнтэй хамт такси бариад гэрлүүгээ хүргүүлэхээр явж байтал нэг машин дэргэд ирж зогссон. Тэр машинаас Энх-Эрдэнэ бууж ирээд машины түлхүүрээ Эаас нэхсэн, юу машин түлхүүр вэ гэхэд Энх- Эрдэнэ өчигдөр намайг унтсан хойгуур Э машин авч яваад мөргүүлчихсэн байна гэж хэлсэн бөгөөд Э миний хажууд халааснаасаа машины түлхүүрийг нь гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
-“Арвижих эстимейт” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №16511066 дугаартай...үнэлгээгээр тогтоогдсон дүн 1,990,000 төгрөг” гэсэн авто машинд техникийн үнэлгээ хийсэн тайлан /хх-ийн 20-35-р хуудас/
Шүүгдэгч Д.Э хохирогч Э.Энх-Эрдэнэд учирсан хохиролд 2,000,000 төгрөг өгсөн тухай баримт, үнэлгээний хөлсний болон журмын хашааны төлбөрийн баримтууд /хх-ийн 20, 23, 77-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр архидан согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр Гок гарден хотхоны гадаа машины зогсоол дээр байсан иргэн Э.Энх-Эрдэний эзэмшлийн 51-52 ОРА улсын дугаартай 8.500.000 төгрөгийн үнэ бүхий тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явахдаа гэрлийн шон мөргөж осол гарган 1,990,000 төгрөгийн эвдрэл хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь иргэн Э.Энх-Эрдэний эзэмшлийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 1.990.000 төгрөгийн хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 1,990,000 төгрөгийн шууд хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, Шүүгдэгч Д.Э 2020 оны 01 сарын 05-ны өдөр Гок гарден хотхоны гадаа машины зогсоол дээр байсан иргэн Э.Энх-Эрдэний эзэмшлийн 51-52 ОРА улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр завших зорилгогүйгээр авч явж 1.990.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд, би ажил хиймээр байгаа тул торгох ял оногдуулна уу гэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шууд хохирол төлөгдсөн, гэм буруугаа хүлээсэн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Д.Э нь хохирогчид 2,150,000 төгрөг төлсөн байх бөгөөд, журмын хашааны 480,000 төгрөгийн төлбөрөөс 330,000 төгрөг төлөгдөөгүй гэх тул шүүгдэгчээс гаргуулахаар заалаа.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ш овгийн Д.Эыг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Эад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сард 83333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Эаас 330,000 төгрөг гаргуулан Э.Энх-Эрдэнэд олгуулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ