| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0184/э |
| Дугаар | 2020/ШЦТ/187 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч Л.Энхтайван
Шүүгдэгч К.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Бод холбогдох эрүүгийн 2025000000190 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, К.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч К.Быг согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хуримт зочид буудлын өрөөнд Б.Буянхишигийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч К.Бын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Би архи битгий уу гэсэн чинь урдаас маргаад байхаар нь нэг алгадсан чинь урдаа байгаа ширээг мөргөж хөмсөгнөөс нь цус гарсан. Хохирогчид 500,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.Буянхишигийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ... 2020 оны 04 дүгээр сарын 19-ний 02 цагт ... Балоат ах намайг ямар нэгэн шалтгаангүй зодсон. Нүүр лүү гараараа цохисон, мөн газар унагаагаад толгой руу хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг/хх-н 4-р хуудас/
-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 372 дугаартай”.... Б.Буянхишигийн биед зүүн хөмсөгний гадна буланд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрх гэмтлүүдийн зүүн хөмсөгний гадна буланд шарх нь мэс заслын оёдолтой тул ямар хүчин зүйлээр үүсгэгдсэнийг нарийн тогтоох боломжгүй, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Зүүн хөмсөгний гадна буланд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Шинэ гэмтлүүд байна...” гэсэн дүгнэлт /хх-н 13-14-р хуудас/
- Гэрч Д.Мөнхтуяагийн “...Би өрөө рүү нь орох гээд явж байтал намхан нь гарч ирээд би явлаа та өрөөгөө ав гэж хэлсэн. Тэгээд өрөө рүү нь ороход духнаас нь цус гарсан байсан. Намайг хамт орж ирсэн өндөр залуу цохисон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 8-р хуудас/ зэрэг болно.
-Зочид буудлын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 41-42-р хуудас/
-Хохирогч Б.Буянхишигийн эмчилгээний төлбөрт 500,000 төгрөг хүлээн авсан цаашид гаргах гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч К.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хуримт” зочид буудлын өрөөнд архидан согтуурсан үедээ “архи уулаа” гэх шалтагаар хамт байсан Б.Буянхишигийг нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн хөмсөгний гадна буланд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч К.Бын бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Б.Буянхишигийн биед зүүн хөмсөгний гадна буланд шарх нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна...” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч К.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч К.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 18- наас 19-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Хуримт зочид буудлын өрөөнд Б.Буянхишигийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд, би гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Б.Буянхишиг нь хохиролд 1,200,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч түүний хохиролд 500,000 төгрөг төлснөөр хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх баримт /хх-ийн 41-р хуудас/-т авагдсан ба шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч С овгийн К.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар К.Бод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ