| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0730/э |
| Дугаар | 721 |
| Огноо | 2020-07-31 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 721
2020 07 31 2020/ШЦТ/721
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Н.Түвшинбаяр,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Өсвөр насны шүүгдэгч Н.С, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Баярбаатар,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э. Батжаргал нарыг оролцуулан Нийслэлийн Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нэргүйн Сад холбогдох эрүүгийн 2009000000953 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тдорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 3-р багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нэргүйн С /РД:АР02321117/,
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Н.С нь 2020 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Нарантуул зочид буудлын замын урд байрлах автобусны буудлын орчимд Д.Хүрэлбаатарын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 374.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч Н.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…тухайн үед мөнгөгүй байсан учраас гудамжинд явж байсан хүний гар утсыг булаагаад гартаа бариад гандан руу өгсөөд явж байтал нөгөө гар утасны хүн над руу залгаад байхаар нь утсыг нь аваад ярихад утсаа авъя наад утас чинь хурууны хээ уншдаг утас гэж хэлсэн. Тэр хүнд утсыг аваачиж өгөх гээд очтол цагдаа нар ирчихсэн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Хохирогч Н.Хүрэлбаатарын: “...2020 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Нарантуул зочид буудлын замын урд байрлах автобусны буудлын орчим явж байтал үл таних залуу миний хажуугаар гарахдаа гар утас булаагаад зугтсан. Би араас нь хөөгөөд 4 замын гэрлэн дохио гараад явж байгаад гүйцэхгүй алдчихаад цагдаа дуудсан. Тэгээд би өөрийн гар утас руу залгахад би уруудаад явж байна. Энэ утсыг чинь энд тавьчих уу гээд байсан. Тэгээд би цагдаа нартай ярьж байгаад хөөж байгаад модны 2 орчимоос барьж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 13 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд самсунг 10 эс маркийн утас 374.960 төгрөг гэсэн үнэлгээ /хх-ийн 14-15 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Н.С нь 2020 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Нарантуул зочид буудлын замын урд байрлах автобусны буудлын орчимд Д.Хүрэлбаатарын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 374.960 төгрөгийн хохирол учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгч Н.Сын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Хүрэлбаатарын мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний газрын эд зүйлийн үнэлгээ, эд зүыл хүлээн авч хүлээлгэн өгсөн баримт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилготой, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан нь нийгэмд аюултай, гэм буруутай, санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Өсвөр насны шүүгдэгч Н.С нь 2020 оны 06 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Нарантуул зочид буудлын замын урд байрлах автобусны буудлын орчимд Д.Хүрэлбаатарын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 374.960 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Н.Сын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. 5 дугаар зүйлд заасанаар: тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамааруулсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н. С нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 6 сартай байсан болох нь түүний насыг тоолсон тэмдэглэлээр тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан тусгай журмыг хэрэглэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдлүүлэхээр санал гаргасан ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгэмд үзүүлэх хор аюул, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан төрөл, хэмжээний дотор болох 1 жил хугацаагаар хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгчид хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж , мөн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь өсвөр насны шүүгдэгчид цаашид нийгэм, хамт олныхоо дунд зөв дадал, төлөвшил хүмүүжил олоход ач холбогдолтой гэж үзэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэрэг үйлдэж авсан гар утсыг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн тул бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Нэргүйн Сыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Сад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.3 –т заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н.Сад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н. Сад 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах ,хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л. Баярбаатарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 , 3 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч Н. Сад анхааруулсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч Н. С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН