Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/191

 

            

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Л.Энхтайван

Шүүгдэгч Я.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Бт холбогдох эрүүгийн 2025001930181 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Я.Б

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Я.Быг согтуурсан үедээ, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 41-4 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Г.Мөнхтулгын биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж галын дэгээ төмөрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Бын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Тэр өдөр архи уусан. Орой эхнэрийн төрсөн өдөр гээд хуушуур хийсэн чинь эхнэр түүхий байна гээд маргалдсан. Гэтэл Мөнхтулга миний хөлнөөс хазсан юм билээ. Тэгээд би галын төмрөөр 2 удаа цохисон гэсэн. Би зарим юмаа мэдэхгүй байгаа. Гэмшиж байна гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч Я.Бын согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 6-р хуудас/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-10-р хуудас/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Зоригтын мэдүүлсэн “...2020 оны 03 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед хажуу байшинд амьдардаг хүргэн Бынд хүүхэд уйлаад байхаар нь гэрт нь ороход Мөнхтулга дээшээ хараад татсан байдалтай бөөлжсөн, ээж Гантуяа нь тэвэрсэн, 2 бага хүүхэд нь уйлчихсан Б Гантуяа 2 архи уучихсан согтуу маргалдсан байдалтай байсан. ...Галынх нь дэгээ төмөр далийсан байхаар нь асуухад 6 настай дүү нь аав ахыг цохисон гэж хэлсэн...Г.Мөнхтулга төрөлхийн бие муутай ярьж чадахгүй, тэргэнцэр дээр суудаг бүрэн хүний асаргаанд байдаг. Биеийн байдал хэвийн байгаа. Эмчилгээ хийлгээгүй. Хийлгэх шаардлагагүй байсан. Мөнхтулгын толгойг үзүүлсэн. Мөнхтулга бухимдаж уурлахаараа таталт өгдөг, эмчийн баримт бичиг байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14-р хуудас/

-Гэрч З.Гантуяагийн “...Б бид хоёр маргалдаад Б намайг багалзуурдсан. Гэтэл миний хөгжлийн бэрхшээлтэй том хүү Мөнхтулга мөлхөж ирээд Бын хөлнөөс хазсан чинь Б галын дэгээ төмрөөр 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 12-ны өдрийн 283 дугаартай ... Г.Мөнхтулгын биед хуйх, зүүн чихний дэлбээ, хүзүүний зүүн ар хэсэг, цээжний урд хэсэг, зүүн хөхний гадна хэсэгт цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 20-21-р хуудас/

 -Шанд багийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 36-41-р хуудас/

 -Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 42-46-р хуудас/

-Хохирогч Г.Мөнхтулгын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 48-49р хуудас/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Зоригтын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

             Шүүгдэгч Я.Б 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 41-4 тоот гэртээ согтуурсан үедээ эхнэртэйгээ маргалдаж барилцаж авахад нь  хөгжлийн бэрхшээлтэй хүү Г.Мөнхтулга мөлхөж ирж хөлнөөс нь хазахад нь галын шилээвэр төмрөөр толгой цээж руу нь 2 удаа цохиж биед нь хуйх, зүүн чихний дэлбээ, хүзүүний зүүн ар хэсэг, цээжний урд хэсэг, зүүн хөхний гадна хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Я.Б нь 1995 оны 6 дугаар сарын 11-нд төрсөн, тал биеийн саажилтын улмаас 90% ийн хөдөлмөрийн чадвар алдалттай Г.Мөнхтулгыг галын шилээвэр төмрөөр цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  дүгнэлтээр “...Г.Мөнхтулгын  биед  хуйх, зүүн чихний дэлбээ, хүзүүний зүүн ар хэсэг, цээжний урд хэсэг, зүүн хөхний гадна хэсэгт цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна...” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон ба хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдал нь түүний эмнэлгийн бичиг баримтаар нотлогджээ. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Харин шүүгдэгчийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөлөөр зүйлчилснийг үндэслэлгүй гэж үзэв.  Шанд багийн хүүхэд хамгааллын хамтарсан багийн хурлын тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, гэрч З.Гантуяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар гэр бүлийн хүчирхийллийн шинж тогтоогдоогүй бөгөөд энэ талаар өөр нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

 Шүүгдэгч Я.Бын гэм буруутай үйлдэл нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.               

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Я.Б нь согтуурсан үедээ, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 41-4 тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Г.Мөнхтулгын биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж галын дэгээ төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 800 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд, би гэм буруугаа хүлээж гэмшиж байна. Ялыг саналыг зөвшөөрч байна. 3 сарын хугацаанд төлөх саналтай гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Зоригт нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.    

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн  эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй.

         Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, хохирогчийн хувийн байдлын талаархи нотлох баримтыг цуглуулахдаа мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байгааг анхааруулж дурьдах нь зүйтэй.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Оотон овгийн Ядмаагийн Быг яллах дүгнэлтэд  “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч  Я.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Я.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  6 сарын хугацаанд сард 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ