Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2017/1001/З |
Дугаар | 408 |
Огноо | 2018-06-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 408
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Т
Хариуцагч: Батлан хамгаалахын сайд.
Нэхэмжлэлийн шаардлага: “Хурандаа цолны болзлыг хангасан байтал олгоогүй Батлан хамгаалахын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Бүгд Найрамдах Монгол Ардын Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1981 оны 147 дугаар зарлигаар батлагдсан Бүгд Найрамдах Монгол Ардын Улсын Бүх нийтийн цэргийн үүрэгтний тухай хуульд заасны дагуу Ц.Т-д хурандаа цол олгож, уг цолны мөнгө болон нормт хангамжуудыг нөхөн олгохыг Батлан хамгаалахын сайдад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2013 онд Монгол улсын Гавьяат багш цол хүртсэн. Ардын Боловсролын тэргүүний ажилтан, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, Монголын ахмадын академийн хөдөлмөрч Ачлалт аав, Боловсролын удирдах ажилтны холбоо болон маршал Ю.Цэдэнбалын академийн хүндэт академич, докторант, дэд профессор, Батлан хамгаалах яамны харьяаллын офицер, түүх философийн дээд боловсролтой багш. Ерөнхий Цэргийн операттив тактик команд штабын мэргэжилтэй ахлах офицер. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, сэтгүүлч хүн.
Би 1958 онд хотын багшийн сургууль төгсөж төрөлх Хяргас суманд багшилж байгаад 1960 оны намар цэрэгт татагдаж бага дарга нарыг бэлтгэх сургуульд номын багш, тасгийн захирагчаар 1961 оны хавар хүртэл алба хашиж байгаад 1961-1964 онд ЗХУ-ын Алс Дорнодын цэргийн ерөнхий сургуульд суралцан 1964 онд дэслэгч цолтой офицер мэргэжил эзэмшин төгсөж ирээд 1964-1967 оны хавар хүртэл МАА-ийн 096 дугаар ангид салааны захирагчаар ажилласан. 1967 онд армийн нийт офицеруудын аттестат бичилт шалгалтад онц дүн үзүүлж Зэвсэгт Хүчний тэргүүний офицероор шалгарч хугацааны өмнө ахлах дэслэгч цолоор шагнуулж туршлагаа Улаан-Од сонинд нийтлүүлэн зургаа тавиулан албан тушаал дэвшин ЦЕДС-д тактикийн багшаар 1967-1970 оны зун хүртэл ажиллаж байгаад 1970-1973 оны зун хүртэл Москва хот дахь Ерөнхий Цэргийн академид сурч төгсөн Цэргийн нэгдсэн дээд сургуульд Ерөнхий цэргийн тэнхимийн эрхлэгчээр томилогдон ажилласан. Цэргийн нэгдсэн дээд сургуульд ажиллаж байхдаа тус сургууль болон армид анх удаа багш нарын сэхээтний нөхөрлөлийг санаачлан байгуулж үүргээ биелүүлэн 1977 онд цол мандатаа гардаж авсан. 1970-аад оны эцсээр Хятадын Зэвсэгт хүчин Вьетнам руу гэнэт довтлох үед манай гадаад улс төрийн байдал хурцадсан үед Улсыг батлан хамгаалах Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал тусгаар тогтнолоо хамгаалах зорилгоор зэвсэгт хүчний нөөцийг бүрдүүлэхийн тул Батлан хамгаалах яамны сайд, армийн генерал Б.Доржид орон даяарх залуучуудын цэргийн сургалтыг удирдах хэлтэс байгуулж бэлтгэл бүрэн хангахын зэрэгцээ үүнтэй холбогдох төр засгийн тогтоолын төслийг боловсруулан мөрдөж ажиллахад бэлэн болгох албан даалгавар өгсөн юм. Энэ асуудлыг хэрэгжүүлэх зорилгоор намайг Батлан хамгаалах яамны Цэргийн нэгдсэн дээд сургуулиас дуудан Батлан хамгаалах яамны Коллегийн хуралд оруулж хэлэлцүүлэн Батлан хамгаалах яамны сургалт эрхэлсэн ахлах офицероор түр хугацаагаар томилсон юм. 1989 онд Батлан хамгаалах яамны орлогч сайдаар томилогдон ирсэн хошууч генерал Ж.Ёндон, хэлтсийн даргаар томилогдон ирсэн хурандаа Д.Р нарын тушаалаар хот хөдөөгийн цэргийн өмнөх насны залуучуудыг удирдах офицер, цэрэгжлийн багш нарыг бэлтгэх цугларалт семинарыг Батлан хамгаалах яаманд удирдан явуулах тушаалыг надад даалгасны дагуу би хот, хөдөөгийн бэлтгэлээр халагдсан зарим офицер, ахлагч зэрэг залуучуудыг дуудан ирүүлж Батлан хамгаалах яаманд 7 хоногийн цугларалт семинарыг Удирдан зохиож тэднээс шалгалт авч бэлтгэл офицерууд болгон
төгсгөсөн. Би Батлан хамгаалах яаманд хамт ажиллаж байсан офицерууд болон СнЗ-ийн цэргийн референт Хурандаа Дэмчигсүрэнтэй хамтарч залуучуудын цэргийн сургалтыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай МАХН-ын ТХ, СнЗ-ийн 38 дугаар тогтоолын төслийг боловсруулан холбогдох яам, газруудын санал авч 1980 оны намар энэ тогтоолыг мөрдөн ажиллахад бэлэн болгож батлан гаргуулсан. Энэ тогтоолын заалтыг үндэслэн Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Н/32 дугаар тушаалаар би УБДС-ийн оюутны цэргийн сургалт эрхэлсэн тэнхимийн эрхлэгчээр томилогдсон. 1982 оны хавар МАХН-ын ТХ-ны Захиргааны байгууллагуудын хэлтэс, Батлан хамгаалах яамны Удирдлагаар надад их, дээд сургуулиудын цэргийн тэнхимүүдэд шууд туршлага болгон авч хэрэглэхүйц тийм оюутны цэргийн сургалтын иж бүрэн, үлгэр жишээч сургалтын материаллаг баазыг УБДС-д байгуулж шалгуулах тушаал өгөөд түүний биелэлтийг 1983 оны хавар иж бүрэн комисс УБДС-ийн миний удирдсан цэргийн тэнхимийн ажлыг бүхэлд нь шалгаад Онц" гэсэн үнэлгээ өгөөд тус сургуулийн захирал гавьяат багш О.О бид хоёрт баяр хүргээд ялангуяа Цэргийн тэнхимийн эрхлэгч дэд хурандаа Ц.Т мэргэжлийн ур чадвар гарган төр засаг, армийн командлалын өгсөн тушаалыг онц сайн биелүүлсэн тул энэ тэнхимийн эрхлэгчийг хөхүүлэн урамшуулбал зохино гэж дүгнэсэн юм.
Миний бие хурандаа цолны болзлыг хангасан, хууль бусаар тус цолыг олгоогүй талаар Батлан хамгаалах яамны өргөдөл гомдол эрхэлсэн ажилтан, тус яамны ахмадын хороо, Зэвсэгт хүчний ахмадын хороонд уламжлан архиваас материал шүүж үзсэний үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1967, 1983 онд төр засгаас олон хүний бүрэлдэхүүнтэй комисс миний ажлыг шалгаж онц үнэлгээг өгч цол олгох тухай шийдвэр гаргасан боловч цагтаа хурандаа цолоо авч чадаагүй. Тухайн үед миний бие 46 настай байсан. Одоо 81 нас хүрсэн. 1979 онд дэд хурандаа цол авснаас хойш 39 жил нэг цолтой байна. Улсын Багшийн Дээд Сургуулийн Оюутны цэргийн сургалт эрхэлсэн тэнхимийн эрхлэгчийн ажлаа шалгуулахад энэ хүн мэргэжлийн ур чадвар гарган сайн ажилласан учраас хурандаа цолыг олгох нь зүйтэй гэсэн нэгдсэн шийдвэр гаргаж, тус сургуулийн ректор н.О энэ талаар мэдэгдэж баяр хүргэсэн. Миний бие хурандаа цолыг авах бүрэн үндэслэлтэй, цолны болзлыг хангасан гэж үзэж байна.
Мөн миний шавь нар “Хурандаа нарын нийгэмлэг” байгуулсан Цэргийн албаны хуульд 20 гаруй цэргийн цолыг дурдсан байдаг. Үүний дагуу 20 нийгэмлэг байгуулж болохгүй. Хурандаа цол дэд хурандаа цолоос эрс ялгаатай, илүү
нэмэгдлүүдтэй байдаг. Миний ажлыг тэтгэвэрт гарсан генерал хүн худал хэлж тушаал шийдвэргүйгээр булаан авсан. Үүний араас тус хүнийг өмөөрч хамгаалан надад янз бүрийн тээг, саад учруулсан. Миний бэлтгэсэн шавь нарт хурандаа цолыг олгочхоод надад яагаад тус цолыг олгохгүй байгаа юм бэ. Ингэж ялгавартай хандаж болохгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх тэгш байх зарчмыг зөрчиж байна. Надад хурандаа цол олгохыг Батлан хамгаалах яамны сайд, орлогч сайд, төрийн нарийн бичгийн дарга нар бүгд зөвшөөрч Зэвсэгт хүчний жанжин штабт уламжилж байсан” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Т нь Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1/32 дугаар тушаалаар тушаалаар Улсын Багшийн Дээд Сургуулийн Оюутны цэргийн сургалт эрхэлсэн тэнхимийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. Томилогдон ажилласнаас хойш ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, онц үнэлгээг авч өөрийн туршлагаа бусад их, дээд сургуулиудад хуваалцан ажилласан. Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д офицер, ахлагчид цэргийн цолыг анхны цолноос эхлэн дэс дараалан олгоно гэсэн заалтыг зөрчсөн. 1979 онд Ц.Т дэд хурандаа цолыг олгоод 1981 онд Багшийн Дээд Сургуулийн Оюутны цэргийн сургалт эрхэлсэн тэнхимийн эрхлэгчээр томилоод хурандаа цолыг олгох ёстой байсан.
Гэтэл өдийг хүртэл хурандаа цолыг олгоогүй байдаг. 1981 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 417 дугаар зарлигаар батлагдсан Бүх нийтийн цэргийн үүргийн тухай хууль батлагдсан байдаг. Энэ хуулийн 48 дугаар зүйлд зэвсэгт хүчний офицерын бүрэлдэхүүний цэргийн алба хаах журмыг Сайд нарын зөвлөл тогтооно гэж заасан. Зэвсэгт хүчний офицеруудыг дунд, ахлах, дээд офицер гэж ялгана. Хошууч, дэд хурандаа, хурандаа цолыг ахлах офицерын цолонд хамааруулна. Дунд ахлах офицерын цолыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Батлах хамгаалах яамны сайдын тушаалаар олгоно гэж заасан байдаг. Тус хуулийн 52 дугаар зүйлд офицерт цэргийн ээлжит цол олгохдоо Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын хурлын Тэргүүлэгчдээс тогтоосон хугацааг баримтална, 54 дүгээр зүйлд ахлах офицер цэргийн жинхэнэ албанд 55, бэлтгэл албанд 60 нас хүртэл байна гэж заасан. Нэхэмжлэгч Ц.Т Оюутны цэргийн сургалт эрхэлсэн тэнхимийн эрхлэгч гэсэн албан тушаалд томилогдоход хурандаа цолыг олгох ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол Улсын зэвсэгт хүчин цэргийн албан хаагчийн эрх хязгаарлагдмал бөгөөд захирах, захирагдах ёсыг эрхэмлэдэг алба юм. Өөрөөр хэлбэл хариу нэхдэг албан тушаал биш. Өгсөн үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ үүргээ сайн гүйцэтгэсэн гээд ийм гавьяа, шагнал, цол авах ёстой гэх эрх зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч Ц.Т нь Батлан хамгаалах яаманд маш олон өргөдөл гомдол гаргасан. Өнөөдрийн мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд Батлан хамгаалахын сайдаас Зэвсэгт хүчний жанжин штабт харьяаллын дагуу гомдлыг шилжүүлж байсан. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга мөн л хууль, дүрмийг мөрдөх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигт чөлөөнд байгаа офицер ахлагч нарт ямар ч тохиолдолд цэргийн цолыг ахиулан олгохгүй гэж заасан. Хуульд зааснаар ахлах офицер 60 нас хүрээнд бэлтгэл албанаас хасагдаж байгаа. Үүнээс хойш чөлөөнд гарна. Нэхэмжлэгч Ц.Т нь одоо 81 настай гэхээр 20 гаруй жилийн өмнө чөлөөнд гарсан байна. Энэ асуудлыг өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх ёстой субъект нь шийдвэрлэх боломжгүй болоод байна.
2013 онд нэхэмжлэгчийн багшийн ажил үйлстэй нь холбогдуулан гавьяат багш цолоор шагнуулахад Батлан хамгаалахын яам тодорхойлж шагнуулсан. Бид өнөөдрийн дагаж мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд түүнд олгож болох одон медаль, гавьяа шагнал өгөх асуудалд дэмжлэг үзүүлэн ажилласан. Батлан хамгаалахын яам нь өөрийн бодлогыг барьдаг яам. Цэргийн алба, цэргийн цолтой холбоотой асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцан ажиллахаар хуулиар зааж өгсөн. 1983 оноос хойш хэдэн удаа уг асуудлаар шүүхэд маргасан, хаана хэдэн удаа хандсан, яагаад одоо хангаж байгаа юм зэрэг асуудлууд байна. Одоо нэхэмжлэгч нь хугацааны дагуу чөлөөнд гарсан. Батлан хамгаалахын сайд нь улс төрийн албан тушаалтан бөгөөд хэн нэгэнд цол олгохтой холбоотой асуудлаар үүрэг даалгавар өгөх эрх байхгүй.
Өргөдөл гомдлыг харьяаллын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабт хүргүүлж байсан. Нэхэмжлэгч Хурандаа нарын нийгэмлэгт орох талаар ярьж байна. Нэхэмжлэгч өөрөө дэд хурандаа цолтой учраас энэ нийгэмлэгт хүсэлтээ гаргаад орох боломжтой.
Ц.Т нь 1979 оны 11 дүгээр сард дэд хурандаа цол авсан тул 1980 оны 11 дүгээр сард 1 жил болно. Нэхэмжлэгч өөрөө л би 1985 онд хурандаа цол авах байсан гэж хэлж байгаа болохоос 1983 оны 04 дүгээр сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн учраас 4 жилийн хугацаа нь хүрээгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т нь анх тус шүүхэд хандан “1985 онд хурандаа цолын болзлыг хангасан байтал өдий болтол уг цолыг олгохгүй байгаа Зэвсэгт хүчний жанжин штабын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу Ц.Т надад хурандаа цол олгож, уг цолны мөнгө болон бусад нормт хангамжуудыг нөхөн олгохыг Зэвсэгт хүчний жанжин штабын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа:
“хурандаа цолны болзлыг хангасан байтал олгоогүй Батлан хамгаалахын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Бүгд Найрамдах Монгол Ардын Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1981 оны 147 дугаар зарлигаар батлагдсан Бүгд Найрамдах Монгол Ардын Улсын Бүх нийтийн цэргийн үүрэгтний тухай хуульд заасны дагуу Ц.Т-д хурандаа цол олгож, уг цолны мөнгө болон нормт хангамжуудыг нөхөн олгохыг Батлан хамгаалахын сайдад даалгах” хэмээн өөрчилсөн.
Шүүх нэхэмжлэгчийн энэхүү эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, сэргээн тогтоох зорилготой болохын хувьд захиргааны байгууллагын, нийтийн эрх зүйн хүрээнд, тодорхой тохиолдлыг зохицуулахаар, гадагш чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг хянан шийдвэрлэдэг.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт авагдсан холбогдох бусад баримтаас үзэхэд, Батлан хамгаалах яамны Цэргийн гадуур сургалтын хэлтсийн ахлах офицер, хошууч Ц.Т-г БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын 1979 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн тушаалаар дэд хурандаа цолоор шагнаж, 1981 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Н/32 дугаар тушаалаар түүнийг Улсын Багшийн Дээд сургуулийн Цэргийн кафедрын даргаар /дэд хурандаа цолтой/ 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулсан байх бөгөөд 3 жил 5 сарын дараа Улсын Багшийн Дээд сургуулийн Ректорын 1983 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 125 дугаар тушаалаар “Цэргийн тэнхимийн эрхлэгч Ц.Т-г 1983 оны 4 дүгээр сарын 1-нээр тасалбар болгон тэнхимийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж Ардын боловсролын яамны мэдэлд шилжүүлэн”, улмаар Батлан хамгаалах яамны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн н/527 дугаар тушаалаар “цэргийн албыг удаан жил хаасны байнгын тэтгэвэр тогтоолгохоор дэд хурандаа цолтойгоор 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цэргийн албанаас бэлтгэлээр” халсан байна.
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 147 дугаар зарлигаар батлагдсан БНМАУ-ын бүх нийтийн цэргийн үүргийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд “Дунд, ахлан офицерийн цэргийн цолыг БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар, армийн генерал хүртэлх генералын цолыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор... олгоно”,
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 125 дугаар тогтоолоор батлагдсан БНМАУ-ын зэвсэгт хүчний офицерын бүрэлдэхүүний цэргийн алба хаах тухай дүрмийн 6 дугаар зүйлд “Тайван цагт офицерын анхны болон ээлжит цолыг БНМАУ-ын Батлан хамгаалахын яамны сайдын тушаалаар олгоно”, 7 дугаар зүйлд “Офицерт цэргийн ээлжит цолыг ... цолны хугацаа, албан тушаалын зэрэг, аттестатчиллын дүнг харгалзан цолны дарааллыг баримтлан олгоно. Офицерын цэргийн цолны хугацааг цол олгосон тухай тушаал гарсан өдрөөс эхлэн тооцно”, 11 дүгээр зүйлд “Офицерт цэргийн ээлжит цол олгох саналыг ангийн захирагч, түүнээс дээш албан тушаалын шууд захирах дарга гаргана”, 39 дүгээр зүйлд “... бүх офицерыг 4-5 жилд 1 удаа аттестатчилна”,
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан БНМАУ-ын Батлан хамгаалах яамны дүрмийн “БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын эрх“ гэсэн 4 дүгээр бүлгийн 33 дугаар зүйлд “Офицеруудад тогтоосон журмын дагуу цэргийн цол олгох ...” хэмээн тус тус заасан нь тайван цагт хууль, дүрэмд заасан шаардлагыг хангасан ахлах офицерт ээлжит цолыг олгох эсэх асуудлыг БНМАУ-ын Батлан хамгаалахын яамны сайд дангаар шийдвэрлэх бүрэн эрхтэй байсан болохыг илтгэж байна.
Нэгэнт хууль тогтоомжийн хүрээнд ахлах офицерт ээлжит цолыг олгох асуудал нь дан ганц “хугацаа”-ны шалгуурт үндэслэн шийдвэрлэгдэхгүй, албан тушаалын зэрэг, аттестатчиллын дүн, ангийн захирагчийн болон шууд захирах даргын санал зэрэг өөр бусад шалгуурыг харгалзан үзсэний үндсэн дээрх БНМАУ-ын Батлан хамгаалахын яамны сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхээр зохицуулсан, захиргааны байгууллагын дотоод харилцааны асуудал байх тул тус шүүхээс нэхэмжлэгч Ц.Т-д холбогдох БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын эс үйлдэхүйг захиргааны акт хэмээн үзэх, түүний хууль зүйн үндэслэлийг дүгнэх боломжгүй байна.
2. Нэхэмжлэгч Ц.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Батлан хамгаалахын сайдад холбогдуулан “хууль бус болохыг тогтоох”, “хурандаа” цол олгох”, “уг цолны мөнгө болон нормт хангамжуудыг нөхөн олгохыг” даалгах гэсэн байдлаар эцэслэн тодорхойлсон.
Энэхүү өөрчлөн тодорхойлсон дээрх нэхэмжлэлийн шаардлага нь өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “ахлах офицерын “хурандаа” цолыг” Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын дарга буюу Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга олгоно, 32 дугаар зүйлийн 32.3-т “Цэргийн бэлтгэл албанд дээд офицер 65 нас, ахлах офицер 60 нас, дунд офицер, ахлагч 55 нас, эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас хүртэл бүртгэлтэй байна”,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.7-д “....чөлөөнд байгаа офицер, ахлагчид ямар ч тохиолдолд цэргийн цол ахиулж олгохгүй” гэх эрх зүйн зохицуулалттай зөрчилдсөн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна биелэгдэх боломжтой зарчимд нийцэхгүй шаардлага байх тул шүүхээс нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүх, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 7282 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Т-ийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээсний дагуу энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. БНМАУ-ын бүх нийтийн цэргийн үүргийн тухай хуулийн 51 дүгээр зүйл, БНМАУ-ын зэвсэгт хүчний офицерын бүрэлдэхүүний цэргийн алба хаах тухай дүрмийн 7, 11 дүгээр зүйл, Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан “Цэргийн цол олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.7-д заасныг тус тус үндэслэн Батлан хамгаалахын сайдад холбогдох “Хурандаа цолны болзлыг хангасан байтал олгоогүй Батлан хамгаалахын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Бүгд Найрамдах Монгол Ардын Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1981 оны 147 дугаар зарлигаар батлагдсан Бүгд Найрамдах Монгол Ардын Улсын Бүх нийтийн цэргийн үүрэгтний тухай хуульд заасны дагуу Ц.Т-д хурандаа цол олгож, уг цолны мөнгө болон нормт хангамжуудыг нөхөн олгохыг Батлан хамгаалахын сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА