Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 557

 

“Ар баян шанд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06122 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Ар баян шанд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Содномд холбогдох          

2 636 363 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Дэлгэрмаа

Хариуцагч өмгөөлөгч Э.Одонтунгалаг, Д.Хэрлэнчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч “Ар баян шанд” ХХК-ийн төлөөлөгч С.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2013 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б.Содномоос 26 636 363 төгрөгийн барилгын материал худалдаж авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг хамт төлж, шилжүүлсэн. Тухайн үед Б.Содном манайд материал зарахдаа “Аврасиа” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж өгсөн бөгөөд өөрийгөө н.Содгэрэл гэж танилцуулсан. Гэтэл Б.Содном манай худалдан авсан бараанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар 2 636 363 төгрөгийг улсын төсөвт төлөөгүй бөгөөд түүний бичсэн “Аврасиа” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч бичилт хийж тараасан, аж ахуйн нэгжийн жагсаалтад орж, Татварын ерөнхий газраас зарлагдсан. Өмнө нь шүүхэд манай компани нэмэгдсэн өртгийн албан татварыг “Аврасиа” ХХК хамаагүй гэж мэдүүлэг өгсөн байна. Иймд манай компанид акт бичиж уг нэмэгдсэн өртгийн албан татварыг манайхаар төлүүлсэн тул уг татварт төлсөн мөнгийг Б.Содномоос гаргуулж өгнө үү. Мөн “Аврасиа” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.          

Хариуцагч Б.Содном шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь хувь хүн, тоосгоны үйлдвэрээс тоосго худалдан авч нийлүүлдэг ба “Ар баян шанд” ХХК-д мөн тоосго нийлүүлж байсан. “Аврасиа” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр бичигдсэн мөнгийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Б.Содном өөрөө нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Содномоос 2 636 363 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ар баян шанд” ХХК-д олгож,

Нэхэмжлэгч “Ар баян шанд” ХХК нь хариуцагч “Аврасиа” ХХК-д холбогдох 2 636 363 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Содномоос улсын тэмдэгтийн хураамжид 57 132 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ..Нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөр төлөгдсөн учраас "Аврасиа" ХХК нь өөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг "Ар баян шанд" ХХК-д өгсөн. Төлбөр төлөгдөөгүй байхад нэмэгдсэн өртгийн албан татварын падаан өгдөг байгууллага гэж байхгүй. Төлсний нотолгоо бол баримт юм. Миний бие "Аврасиа" ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хулгайлан, хуурачмаар үйлдэн “Ар баян шанд" ХХК-д өгсөн асуудал байхгүй. Тэр ч байтугай тоосго хүлээн авч мөнгө төлсөн баримт нь хүртэл "Аврасиа" ХХК-ийн тамга тэмдэгтэй. Ингээд"Аврасиа" ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг Б.Содном буюу иргэнээс гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Ар баян шанд” ХХК нь хариуцагч Б.Содномд холбогдуулан 2 636 363 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.4 дэх хэсэгт бусдаас өгсөн даалгавар гүйцэтгэх зорилгоор мөнгө авсан этгээд уг үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэхээс татгалзсан байгаа тохиолдолд шилжүүлэн авсан мөнгөө, даалгавар өгөгчид учирсан хохирлын хамт буцаан төлөх үүрэгтэй.

Худалдан авагч “Ар баян шанд” ХХК-ийн худалдан авсан бараанд төлөх  нэмэгдсэн өртгийн албан татварыг хариуцагч Б.Содном худалдаж буй барааныхаа үнэд багтаан татварын байгууллагад төлөх үүрэг хүлээжээ.

Уг татварын төлбөрийг зохих төрийн байгууллагад төлөөгүй гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон тул талуудын хооронд татварын төлбөр төлөх талаар даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүргийг худалдан авагч буюу  нэхэмжлэгч ”Ар баян шанд” ХХК хүлээх бөгөөд уг албан татварыг хариуцагч Б.Содномд худалдах-худалдан авах гэрээний үнэд төлж байгаа төлбөрийн хамт төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ар баян шанд” ХХК-д хариуцагч нь хууль зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан, гэм буруутай гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан “Ар баян Шанд” ХХК-ийн кассын зарлагын ордер /хх 138-140х/, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан /хх-4/ зэрэг баримтаар Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.4 дэх хэсэгт  гэж заасны дагуу хариуцагч Б.Содном нэхэмжлэгчээс татвар төлөхөөр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй.        

Хариуцагч Б.Содном нь “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч нэхэмжлэгчийн худалдан авсан бараанд төлөгдөх нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийг нэхэмжлэгчээс хүлээн авсан үйл баримтыг няцаагаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлаа баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд хариуцагч Б.Содномын хувьд даалгаврын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсантай холбоотой нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан нэмэгдсэн өртгийн албан татварт төлбөл зохих төлбөрийг буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2016/06122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ”Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1” гэснийг   “Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.4” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

                                                                                                                       Д.БАЙГАЛМАА