Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01320

 

Б.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

         2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00312 дугаар шийдвэр,

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1028 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Б.Н

         Хариуцагч: С.Ж

         Хариуцагч: Д.Б нарт холбогдох

         2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 43Б байр, 211 тоот хаягт байрлах 54,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг даалгах, хариуцагч Д.Бг орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч Д.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч С.Жгийн төлөөлөгч С.Б, хариуцагч Д.Бгийн өмгөөлөгч Ч.П, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Голомт банкнаас зээл авах хүсэлтэй байсан тул С.Жд хэдсэн. С.Ж нь  барьцаа хөрөнгөө  нэр дээр нь шилжүүлбэл өөрийнхээ  нэр дээр зээл гаргаж өгч чадна гэсэн. 2016-03-24-ний өдөр  бэлэглэлийн гэрээг хийж,Б.Н миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 43Б байрны 211 тоотод байршилтай 54.5 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээрС.Жгийн нэр дээр шилжүүлсэн.  Зээл бүтэж, би  зээлээ төлж дуусгаад орон сууцаа буцааж  шилжүүлж авахаар  тохиролцсон. С.Жд зээл олгоогүй бөгөөд уг байрыг буцааж шилжүүлэхдээ манай ажилтан Д.Бгийн өмчлөлд 2016-04-08-ны өдөр шилжүүлсэн байсныг мэдсэн. 2016-03-24-ний өдрийн бэлэглэлийн гэрээг талууд жинхэнэ хүсэл зоригоо илэрхийлж хийгээгүй, бэлэглэх зорилгогүй, дүр үзүүлэн хийсэн гэдгийг мэдсээр байж миний орон сууцыг надад буцааж шилжүүлээгүй.  Иргэний хуулийн 56.1.2-р энэ гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд энэ нь хүчин төгөлдөр бус байдаг. С.Жгээс орон сууцыг Д.Б надад мэдэгдэлгүй өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би Д.Бг гэр бүлийн компанидаа нягтлан бодогчоор ажиллуулж байсан. Манай компани барилгын материал нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас ажилтны хувьд Д.Бг тус байранд амьдруулсан. Миний нэр дээр зээл гарахгүй байсан болохоор орон сууцаа бусдын нэр дээр шилжүүлж зээл авах зорилготой байсан.   Иймд 2016-03- 24-ний өдрийн болон 2016-04-08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, уг 3 өрөө орон сууцыг Б.Нын өмчлөлд шилжүүлэх бичиг баримтуудыг гаргаж өгөхийг Д.Бд даалгаж, уг орон сууцнаас Д.Бг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч С.Ж хариу тайлбартаа: Б.Нд Голомт банкнаас зээл авахад туслах зорилгоор түүний өмчлөлд байсан 3 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан боловч зээл бүтээгүй. Ингээд байж байтал Д.Б ирээд Б.Н таныг орон сууцаа миний нэр лүү шилжүүлчих гэж байна гэхээр нь орон сууцыг нь шилжүүлж өгсөн. Би орон сууцыг Б.Нд буцааж өгсөн гэж ойлгож байснаас Д.Бд бэлэглэх хүсэл зорилго байгаагүй. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

        Хариуцагч Д.Б хариу тайлбартаа: Би 2007 оноос Б.Нтай хамтран ажилласан бөгөөд 2011 оноос Хөнгөн бетон ХХК-ийн захирал болох үед нь нягтлан бодогчоор ажиллах саналыг нь хүлээн авсан. Надад  орон сууц өгөхөөр амласан. Ингээд 2014 оноос эхлэн миний бие уг орон сууцанд амьдарч байгаа. Бидний хэн аль нь энэ байрыг анх ажилд ороход амласан байр гэж ойлгож, ямар ч маргаангүй, байрыг миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцож байсан. Харин Б.Н 2014-10- 22-ны өдөр уг байрыг өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авснаас эхлэн зээлийн барьцаанд тавьж барьцааны зүйл болгон ашиглаж байгаа бөгөөд компанийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс би миний бие түүнээс орон сууцыг өөрийн нэр дээр болгохыг шаардаж байгаагүй. 2016 оны 03 дугаар сард Голомт банкнаас зээл авах зорилгоор бэлэглэлийн гэрээгээр байрыг С.Жд шилжүүлсэн бөгөөд С.Ж уг байрыг миний нэр дээр шилжсэнийг Б.Н сайн мэдэж байсан. Өөрөө ч үүнийг зөвшөөрсөн. Учир нь, 2016-04-08-ны өдөр буюу би өмчлөгч болсноос хойш 2016-06-17-ны өдөр Глобал девелопмент партнер ББСБ ХХК-д 50 сая төгрөгийн барьцааны гэрээнд надаар гарын үсэг зуруулж зээлийн барьцаанд тавьж байсан.   Б.Н уг орон сууцыг миний өмчлөлд ирсэн гэдгийг мэдэж байсан юм. Иймд орон сууцыг би нэр дээрээ шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй. Бидний тохиролцооны дагуу  би байрыг өөрийн нэр дээр өмчилж авсан. Уг бэлэглэлийн гэрээ дүр үзүүлсэн гэрээ биш. Миний бие 2016 оны 12 дугаар сараас өөрийн хүсэлтээр ажлаас гарсан бөгөөд энэ үед 2014 оноос эхлэн бүрэн аваагүй цалингийн үлдэгдэл 30,360,802 төгрөг, компанийн өр төлбөрт тооцож Тоёота Харриер маркийн машиныг 22 сая төгрөгөөр бусдад өгсөн. Уг өр, төлбөрийг надад төлөхгүй байх арга хайж, анх ажилд оруулахдаа амалсан ёсоор бэлэглэсэн орон сууцаа буцаан авахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Миний зүгээс орон сууцнаас гадна аваагүй цалин, дээрх машины мөнгөө компаниас нэхэмжлэх эрхтэй боловч олон жил гар нийлж хамтарч ажилласнаа бодон цалин, машины мөнгөө дээрх орон сууцанд тооцон, өр авлагыг дуусгах бодолтой байсан.  Уг байранд 4-5 жил хууль бусаар амьдарсан зүйлгүй.  Б.Нтай тохиролцсоны дагуу өмчлөгч нь болсон.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00312 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5-д заасныг баримтлан Д.Бгийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр гудамж, 43Б байр 211 тоотын 3 өрөө орон сууцыг Б.Нын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж, С.Жд холбогдох болон өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг  Д.Бд даалгах, орон сууцнаас хариуцагч Д.Бг албадан гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид Б.Наас төлсөн 547,750 төгрөгийн 210,000 төгрөгийг улсын орлогод үлдээж,  төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас  илүү төлсөн 337,750 төгрөгийг  Б.Нд буцаан олгож,  Д.Бгаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1028 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/00312 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “56.1.2, 56.1.10” гэснийг хасч, “56.5” гэсний дараа “106 дугаар зүйлийн 106.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: С.Жгээс маргаж буй орон сууцыг Д.Бд шилжүүлэхийг Б.Н өөрөө өгсөн буюу татгалзаагүй. Энэ нь Б.Н орон сууцыг Д.Б надтай харилцан тохиролцож миний зөвшөөрлийн дагуу хоёр удаа  зээлийн гэрээний барьцаанд тавьж байснаар тогтоогдно.   Б.Н байрны өмчлөх эрх надад шилжсэнийг гэнэт мэдсэн бол хоёр удаа барьцаанд тавьж байсан үйлдлийг юу гэж ойлгох вэ? Дээр нь Б.Н байрны түлхүүрийг надад 2014 онд гардуулан өгч тэр цагаас хойш миний бие тус байранд өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байгаа.  Би 2016 оны 12 сараас өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан бөгөөд 2014 оноос хойш “Хөнгөн бетон” ХХК-иас надад олгох ёстой үлдэгдэл цалин болох 30.360.802 төгрөг,  автомашины үнэ 22 сая төгрөгийг  надад өгөх ёстой.Энэ өр төлбөрөө барагдуулахгүй байх арга хайж, надад өгсөн орон сууцаа буцаан авахаар нэхэмжлэл гаргаж байна. Энэхүү өр төлбөрийг Б.Н  үгүйсгээгүй ба  нотлох баримт гаргаж өгөөгүй. Б.Н болон С.Ж нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээний үр дагавар болон тохиролцоог шүүх дүгнэх шаардлага байхгүй байсан. Учир нь Б.Н С.Ж нар нь ашиг сонирхол нэгтэй этгээдүүд болох нь нотлогдож байгаа.  С.Жг Б.Нын талын хүн төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байж Б.Нын даалгавраар үнэн бодит байдлыг гуйвуулсан тайлбарыг шүүхэд өгсөөр байгаа юм. Шүүх тус орон сууцыг С.Жгийн өмчлөлийн биш гэж дүгнэсэн нь  алдаатай байсан.Шүүх өмчлөх эрх  С.Жд байсныг  анхаарч үзэх ёстой  байсан. Бас Д.Б миний бие тус маргаж буй орон сууцанд 2014 оноос одоог хүртэл амьдарч байгаа ба мөн одоог хүртэл тус орон сууцны өмчлөгч нь хэвээрээ байгаа.  Орон сууц  Б.Нын өмч юм бол  зээл авахдаа Д.Бгаас зөвшөөрөл авах ёсгүй байсан. Хоёр шатны шүүх тус маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн бэлэглэлийн гэрээг дүр үзүүлсэн хэлцэл хийсэн гэж дүгнэсэн, гэтэл Д.Б миний шүүхэд өгсөн хариу тайлбартаа дурдсан цалин, болон машины авлага нийт 52.360.802 төгрөгийн авлагыг Б.Н огт үгүйсгээгүй нь орон сууцыг шилжүүлэхэд татгалзаагүй нотолгоо болж байгаа  харгалзаж үзсэнгүй. Иймд магадлал, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Б.Н 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд С.Ж, Д.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2016 оны 03 сарын 24-ний өдрийн мөн 2016 оны 04 сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Хан-уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр гудамж, 43Б байр, 211 тоот орон сууцыг Б.Нын өмчлөлд шилжүүлэх бичиг баримтыг гаргаж өгөхийг Д.Бд даалгах, уг орон сууцнаас Д.Бг гаргуулахыг шаардсан байна.

       Хариуцагч С.Ж нэхэмжлэлийг зөвшөөрч, Д.Б нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ.

  Анхан шатны шүүх “...орон сууцнаас Д.Бг гаргуулах...” шаардлагаас бусдыг нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан Д.Бгийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Б.Н Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, Үйлдвэр гудамж, 43б байр, 211 тоот, өөрийн өмчлөлийн орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр С.Жд, С.Ж 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээгээр  Д.Бд тус тус бэлэглэх гэрээ хийсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

        Давж заалдах шатны шүүх Б.Нын нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн холбогдох  зохицуулалтыг  зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.  

         Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, Үйлдвэр гудамж, 43б байр, 211 тоотыг  С.Жд бэлэглэх тухай 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон, хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг нэхэмжлэгч шаардсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

        Маргааны зүйл болсон орон сууцыг Д.Б нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр эзэмшиж, амьдарч байгаа нь нотлогдсон, энэ талаар маргаангүй байх тул Д.Бгийн орон сууцны эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

        Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд зохигчийн тайлбар, нотлох баримтын талаар дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1028 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ