| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0185/э |
| Дугаар | 2020/ШЦТ/188 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Л.Энхтайван |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч Л.Энхтайван
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн 2025002530187 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Д.Быг 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багын нутаг дэвсгэрт Тоёота Фан Карго маркийн 11-06 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16 1, 12.3, 3 5 а.г заалтуудыг зөрчин гарцаар зам хөндлөн гарч явсан Д.Мэндбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бы мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Хохирогчид 2,178,173 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-10-р хуудас/
-Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 11-р хуудас/
-Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 112-р хуудас/
-Шүүгдэгч Д.Бы согтуурал шалгасан баримт /хх-ийн 13-р хуудас/
-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 14-р хуудас/
-Хохирогч Д.Мэндбаярын мэдүүлсэн...2020 оны 04 дүгээр сарын 05-ны орой 19 цаг өнгөрч байхад би Зэст баг 1-21-08 тоотоос гараад хотын төвөөр салхилж явж байгаад Уурхайчин баг Спорт ордоны үүдэнд ирээд төв зам хөндлөн явган хүний гарцаар урдаас хойш чиглэлтэй гарч байхад зүүнээс баруун тийш явж байсан цагаан өнгийн маркийг нь сайн мэдэхгүй 11-06 ОРХ улсын дугаартай жижиг тэрэг ирээд миний хөлрүү мөргөж гэмтэл учруулсан. Тухайн үед осол гаргасан жолооч машинаасаа бууж ирээд намайг эмнэлэг рүү шууд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-р хуудас/
-Орхон аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №25 дугаартай “... 1. Д.Барясайхан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, осол гэрчилэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг осол нь 1-д заасан Должинсүрэнгийн Бы Замын хөдөлгөөн дүрмийн 3.5 а,г, 12.3, 16.1 дахь заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 23-р хуудас/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 348 дугаартай “...Д.Мэндбаярын биед аарцаг ясны зүүн талын умдаг ба суудал ясны хугарал, хоёр талын гуянд цус хуралт үүсчээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 27-28-р хуудас/
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Орхон аймгийн Техикийн хяналтын үзлэгийн төвийн тээврийн хэрэгсэлд хийсэн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-39-р хуудас/
-Шүүгдэгч Д.Баас хохирогч Д.Мэндбаярын 5135269746 тоот дансанд хохирлын мөнгө 1,600,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 53-р хуудас/
-Хохирогч Д.Мэндбаярын хохирол зардлын баримтууд /хх-ийн 54-61-р хуудас/
-Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэцогтын ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Б нь, 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багын нутаг дэвсгэрт Тоёота Фан Карго маркийн 11-06 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчиж гарцаар зам хөндлөн гарч явсан Д Мэндбаярыг мөргөж биед нь аарцаг ясны зүүн талын умдаг ба суудал ясны хугарал, хоёр талын гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багын нутаг дэвсгэрт Тоёота Фан Карго маркийн 11-06 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3 5 а.г дэх заалтуудыг зөрчин гарцаар зам хөндлөн гарч явсан Д.Мэндбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр “...Д.Мэндбаярын биед аарцаг ясны зүүн талын умдаг ба суудал ясны хугарал, хоёр талын гуянд цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Д.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багын нутаг дэвсгэрт Тоёота Фан Карго маркийн 11-06 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин гарцаар зам хөндлөн гарч явсан Д.Мэндбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 800 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.
Шүүгдэгч шүүх хуралдаанд, би гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Би групптэй, хүүхэдтэйгээ хоёулаа гэртээ байдаг. Торгуулийн ялыг багасаж өгнө үү гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд, хэрэгт 550,400 төгрөгийн хохирлын баримт авагдсан ба шүүгдэгч Д.Б нь хохирогчид 2,178,173,000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Мөн Тоёота Фан Карго маркийн 11-06 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэцогт нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Ш овгийн Д.Быг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд, сард 80,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ