| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0739/э |
| Дугаар | 728 |
| Огноо | 2020-08-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 728
2020 08 04 2020/ШЦТ/728
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Улсын яллагч: Б.Мөнгөншагай,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: Ж.Мөнхбаатар /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Яргайт овгийн Жанчивдоржийн Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 2009000000965 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ТТС ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 47 дугаар байрны 20 тоотод оршин суух, урьд 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял, 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3-т зааснаар 210 цаг албадан ажил хийлгэх ял, 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Яргайт овгийн Жанчивдоржийн Мөнхбаатар, регистрийн дугаар: /МЛ76033014/,
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 47 дугаар байрны 20 тоот өөрийн гэртээ архидан согтуурч, улмаар иргэн Д.Даваасүрэнтэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, түүний толгойн тус газар гараар цохих, заамдалцаж зууралдах, хутгаар биеийн хэсгүүдэд зүсэх зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун дал, баруун бугалга, зүүн тохойд зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн дал, баруун бугалганд зүсэгдсэн шарх, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009000000965 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Даваасүрэн ирээд надтай зууралдсан. Би Даваасүрэнгийн толгой хэсэгт 1-2 удаа цохиж зүүн дал, гарын бугалга хэсэгт зүссэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Хохирогч Д.Даваасүрэнгийн “...Мөнхбаатар гэрийнхээ гал тогооноос хутга авч ирээд миний баруун гарын булчин хэсэгт 1 удаа, зүүн дал орчимд 2 удаа, духанд 1 удаа, хөмсөгхэсэгт 1 удаа хутгаар зүссэн. Мөнхбаатар бид хоёр нэгнийгээ заамдаж аваад зууралдаж байх үед Мөнхбаатар гэрийнхээ хутгыг бариад авахаар нь би хутгыг нь тавиулах гэж зууралдаж байгаад тавиулсан. Тэгж зууралдаж байгаад нэг мэдэхэд миний биеийн хэд хэдэн газарт зүсэгдэж цохигдсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №7341 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Д.Даваасүрэнгийн биед тархи доргилт, дух, баруун дал, баруун бугалга, зүүн тохойд зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн дал, баруун бугалганд зүсэгдсэн шарх, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6- 12 дугаар хуудас/, гэрч Х.Мөнхбатын мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 47 дугаар байрны 20 тоот өөрийн гэртээ архидан согтуурч, улмаар иргэн Д.Даваасүрэнтэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, түүний толгойн тус газар гараар цохих, заамдалцаж зууралдах, хутгаар биеийн хэсгүүдэд зүсэх зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун дал, баруун бугалга, зүүн тохойд зулгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн дал, баруун бугалганд зүсэгдсэн шарх, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Даваасүрэнгийн мэдүүлэг, гэрч Х.Мөнхбатын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7341 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Мөнхбаатарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Ж.Мөнхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ж.Мөнхбаатарыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогч Д.Даваасүрэн нь хохиролд шүүхийн шатанд 1.000.000 төгрөг авсан ба шүүгдэгч Ж.Мөнхбаатартай эвлэрсэн талаар хүсэлтийг шүүхийн шатанд гаргаж өгсөн зэрэг нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүгээс гаргасан үйлдэл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч нь хохиролд 1.000.000 төгрөг авсан ба шүүгдэгч Ж.Мөнхбаатартай эвлэрсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Яргайт овгийн Жанчивдоржийн Мөнхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхбаатарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхбаатарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав / сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Даваасүрэн нь цаашид энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мөнхбаатард урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН