Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2016/00836

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд явуулж

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн ******* *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, *******гийн ******* тоотод оршин суух, ЖЮ61**************05 регистрийн дугаартай, овгийн холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 4530000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм

Нэхэмжлэгч С.*******

Хариуцагч Ц.Энхбулаг, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энхбулаг нь 2014 оны 7 сарын 03-ны өдөр надаас 4 сая төгрөг зээлж авсан бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Зээлийг 2 сарын хугацаатай авсан ба сарын 8 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Гэхдээ энэ мөнгийг би Зулаа гэж хүнээс дамжуулан давхар хүүтэй зээлж авсан байсан. Мөн манай ээж хүмүүст хувиараа бага хэмжээний мөнгө хүүтэй зээлдүүлдэг байсан ба Ц.Энхбулаг 2013 оны 9 сард мөн 500000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэл дээрээ 2015 оны 7 сар гэж бичсэн байсан боловч банкны хуулга болон өөрийнхөө хар дэвтрээс харахад Энхбулаг 2013 оны 10 сараас эхэлж төлөлт хийсэн байсан. Энхбулаг тухайн үед 500000 төгрөг зээлээч гэхэд нь би ээжийн хадгаламжийн дэвтрийн хамтран эзэмшигч учраас хадгаламжаас нь 500000 төгрөг аваад ээжийн мөнгө шүү гэж хэлээд өгсөн. Энэ мөнгийг би ээжийн данснаас авч өөрийн гараар өгсөн учраас би өөрөө нэхэмжилж байгаа юм. Тухайн үед сарын 10 хувийн хүүтэйгээр нэг сарын хугацаатай зээлсэн бөгөөд бичгээр гэрээ хийгээгүй нь үнэн. Энхбулаг ээжийн дансруу сар бүр 50000 төгрөгөө хийдэг байсан. Энэ мөнгийг сар сард нь төлдөг байсан. 2014 оны 7 сарын 03-ны өдөр би хүнээс 6 сая төгрөг зээлээд  буцаагаад өгөх гэж байсан учраас мөнгөтэй байсан юм. Энхбулаг ирээд 4 сая төгрөг зээлээч гэхэд нь удахгүй өгөх юм уу гэхэд тэгнээ тэгнэ, удаахгүй өгнө гэхээр нь итгээд тус болох гэсэндээ зээлүүлсэн. Энхбулаг надаас урьд нь буюу 2012 оны 8 сараас эхэлж мөнгө зээлээд сар сард нь төлөөд дуусгадаг байсан болохоор итгэсэн. Энэ 4 сая төгрөгийн өмнө буюу 2014 оны 2 сард 1 сая төгрөг зээлсэн байсан. Ингээд 4 сая төгрөгөөсөө өмнө нь зээлсэн байсан 1 сая төгрөгийг хүү 80000 төгрөгтэй нь буюу 1080000 төгрөгийг нь суутгаад би 2920000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Тэгээд гэрээгээ нотариат дээр очиж байгуулсан бөгөөд хугацаагаа 2014 оны 9 сарын 03-ны өдөр төлнө гэж 2 сарын хугацаатай хийсэн. Энхбулаг гэрээний хоёр сарын хүүг хугацаанд нь төлж явсан. 10 сард бас хүү өгсөн. Яасан бэ гэхэд хүүг нь өгье гэсэн. Гэрээгээ сунгах уу гэтэл яах юм бэ, би удаахгүй төлчихнө гээд гэрээний хугацааг сунгаагүй. Ингээд сар бүр хүү төлж явсаар Энхбулаг 4 сая төгрөгийн зээлэнд нийт 2980000 төгрөг төлсөн нь үнэн. Гэхдээ Энхбулаг энэ мөнгийг үндсэн мөнгөнөөс хасч байна гээгүй, хүүгээ төлж байна гэж л төлж явж байсан. Би энэ хугацаанд Энхбулагаас зээлүүлсэн мөнгөнийхөө хүүг л авсан. Түүнчлэн ээжийн 500000 төгрөгийн сарын хүү 50000 төгрөгийг сар бүр өгдөг байсан бөгөөд нийтдээ 600000 төгрөгийг төлсөн нь үнэн. Мөн л хүүндээ гэж төлж явсан. Харин сүүлд буюу 2016 оны 6 сарын 28-ны өдөр ээжийн мөнгийг өгөөчээ, ээж маань өвчтэй байна гэхэд 100000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг үндсэн мөнгөнөөс нь хасч тооцоход татгалзахгүй. Энхбулагаас мөнгөө өгөөчээ гэж олон удаа гуйсан, олон удаа хэлсэн боловч дандаа шалтаг зааж худлаа хэлсээр одоо болтол үндсэн мөнгөө төлөөгүй. Сураг сонсоход багш хүн байж хүнээс мөнгө зээлээд өгдөггүй, өрөнд баригдсан хүн гэдгийг мэдсэн.  Багш хүн ийм ёс зүйгүй байж болохгүй. Би энэ хүнд ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгөө зээлүүлж тус болсон. Гэтэл энэ хүн өнөөдөр миний мөнгийг авч өчнөөн олон сар ашиглачихаад зөвхөн хоёр сарын хүү төлөөд бусад  хугацаанд төлж байсан хүүгээ үндсэн мөнгөнөөсөө хасуулна гэж байгааг ойлгохгүй байна. Тэгээд энэ хүн бусад хугацаанд надаас хүүгүй мөнгө зээлсэн болж таарч байна. Ийм зүйл байж болохгүй гэж миний хувьд үзэж байгаа учраас би 4500000 төгрөгөө авч байж л энэ хүнээс сална. Тиймээс Энхбулагаас үндсэн зээл 4000000 төгрөг, ээжийн мөнгө болох 500000 төгрөг, мөн эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөг, нийт 4530000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Энхбулаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Миний бие *******аас мөнгө зээлж байсан нь үнэн. Урьд өмнө нь мөнгө зээлээд хугацаанд нь төлдөг байсан. 2014 оны 7 сарын 03-ны өдрөөс өмнө би *******аас 2012 онд 2 сая төгрөг зээлээд *******40000 төгрөг болгож төлсөн. Дараа нь 2014 оны 7 сарын 03-ны өдөр 2 сая төгрөг зээлээд өмнөх зээлийн үлдэгдэл 2 сая төгрөгийн хамт нийт 4 сая төгрөгөөр гэрээ хийсэн. 7 сарын 03-ны өдөр би *******аас 4 сая төгрөг бэлнээр тоолж аваагүй. Гэхдээ би *******аас мөнгө зээлсэн, 4 сая төгрөг төлөх нь үнэн байсан учраас 2014 оны 7 сарын 3-ны өдрийн 4 сая төгрөгийн гэрээг хүлээн зөвшөөрч байна. Энэ гэрээнд маргах зүйл байхгүй. 2014.07.03-ны өдрөөс өмнө *******д өгсөн мөнгөний талаар ч маргах зүйл байхгүй. 2013 оны 9 сард би *******аас 500000 төгрөг зээлсэн нь үнэн. Гэхдээ ******* ээжийн маань мөнгө шүү гэж хэлээгүй, Ээжийг нь мөнгө зээлдэг гэдгийг ч би мэдэхгүй. *******аас зээлсэн гэж ойлгож явсан. Энэ мөнгийг 10 хувийн хүүтэйгээр бичгээр гэрээ хийгээгүй авсан нь үнэн. Сарын хүү болох 50000 төгрөгийг нь би сар бүр төлж явсан. Заримдаа *******д бэлнээр нь өгдөг, заримдаа энэ дансруу хийгээрэй гээд дансны дугаар өгөхөд нь тэр дансруу нь хийдэг байсан. Ингээд ээжийнх нь 500000 төгрөгийг 600000 төгрөг болгож төлсөн. Сүүлд ******* ээж маань өвчтэй байна, настай хүн гомдоогоод яахав, мөнгийг нь өгчих гэхээр нь би мөнгийг нь өгсөн боловч настай, өвчтэй хүн гэж бодсоны үндсэн дээр би 100000 төгрөг өгсөн. Ингээд нийтдээ 700000 төгрөг болгож төлсөн.  Тухайн үед би хууль мэдэхгүйгээсээ болж өчнөөн төгрөгийн хүү төлсөн байсан. Бичгээр гэрээ хийгээгүй бол хүү төлөхгүй гэдгийг мэдсэн учраас нийт төлсөн мөнгөө үндсэн мөнгөндөө суутгуулна гэж бодож байна. Нэгэнт ээжийнх нь мөнгийг *******д 700000 төгрөг болгож төлсөн учраас одоо төлөх мөнгө байхгүй гэж бодож байна.

Мөн 2014.07.03-ны өдрийн 4 сая төгрөгөөс сар бүр 320000 төгрөгийг төлж нийтдээ 2980000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн. Гэрээний хоёр сарын хүүнд 640000 төгрөг төлсөн. Гэрээний хугацааг сар бүр сунгаагүй, гэрээгээ сунгах уу ч гэж надад хэлж байгаагүй, Иймд би 4 сая төгрөгөөс 2980000 төгрөг төлсөн учраас үлдэгдэл нь 1020000 төгрөг болж байгаа. Мөн 2013 оны 9 сард зээлсэн 500000 төгрөгийг 700000 төгрөг болгож төлсөн учраас илүү төлсөн 200000 төгрөгийг 1020000 төгрөгөөс хасаад 820000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний нөхөр өвчтэй ажил эрхлэх боломжгүй болсон учраас би *******аас авсан зээлээ цаг хугацаанд нь төлж чадаагүй нь үнэн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Ц.Энхбулагийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хариуцагч Ц.Энхбулаг нь нэхэмжлэгч С.*******аас 2012 онд 2 сая төгрөг зээлсэн ба 2014.07.03-ны өдөр нэмж 2 сая төгрөг зээлэн нийт 4 сая төгрөгийн гэрээг байгуулсан байдаг. Зээлийн гэрээ нь мөнгийг шилжүүлж өгснөөр хүчин төгөлдөр болдог гэрээ. Тэгэхээр энэ гэрээгээр зөвхөн 2 сая төгрөг л зээлсэн харагдаж байна. Гэвч Энхбулагийн хувьд нийт 4 сая төгрөг зээлсэн нь үнэн учраас 2014.07.03-ны өдрийн 4 сая төгрөгийн зээлийн гэрээг  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа.  Мөн хариуцагч нь 2013 оны 9 сард туулаас 500000 төгрөг зээлсэн байдаг. Энэ мөнгийг ******* ээжийнх нь мөнгө гэдэг боловч *******аас өөрөөс нь гарсан мөнгө учраас хариуцагчийн хувьд заавал ээж нь нэхэмжлэх ёстой гэж маргахгүй байгаа. Учир нь 500000 төгрөгийн зээлийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлэхдээ хоёр тал бичгээр гэрээ хийгээгүй байдаг. Гэвч Энхбулаг сар бүр 50000 төгрөг төлсөөр нийт 600000 төгрөг төлсөн. Мөн 6 сарын 28-ны өдөр нэмж 100000 төгрөг төлж нийтдээ 700000 төгрөг болгож төлсөн. Хүүтэй зээлийг бичгээр гэрээ хийж өгөөгүй бол хүү авах эрхээ алддаг учраас Энхбулагийн хувьд энэ зээлийг бүрэн төлж барагдуулсан. Харин илүү 200000 төгрөг төлсөн бөгөөд энэ мөнгөө буцаагаад нэхэмжлэх эрхтэй боловч Энхбулаг *******д мөнгө төлөх ёстой учраас 4 сая төгрөгийн зээлийн үлдэгдлээс хасч тооцуулах саналтай байна.

2014.07.03-ны өдрийн 4 сая төгрөгийн зээлийн гэрээний хувьд гэрээнд заасан хугацааны хүүг л зээлдэгч төлөх ёстой. Иймээс Энхбулаг гэрээний хугацааны хүү буюу 2014 оны 7 сард 320000 төгрөг, 8 сарын хүүнд 320000 төгрөг буюу нийтдээ 640000 төгрөгийн хүүг хугацаанд нь төлж барагдуулсан. Үүнээс хойш хоёр тал гэрээний хугацааг сунгаагүй байдаг. Гэрээний хугацааг сунгаагүй боловч Энхбулаг сар бүр 320000 төгрөгийг 2015 оны 6 сарын дуустал хугацаанд төлж нийтдээ 2980000 төгрөгийг дансаар болон бэлнээр *******д төлсөн байдаг. Тэгэхээр Иргэний хуульд зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон хугацааны хүүг төлөх үүрэгтэй учраас түүний 2015 оны 6 сарыг дуусталх хугацаанд төлсөн 2980000 төгрөгийг үндсэн зээлээс нь хасч тооцох нь зүйтэй. Ингээд 4 сая төгрөгөөс 2980000 төгрөгийг хасахаар 1020000 төгрөг болж байна. Үүнээс 500000 төгрөгийн зээлээс илүү төлсөн 200000 төгрөгийг хасч тооцуулах саналтай байгаа учраас зөрүү 820000 төгрөгийг хариуцагч Энхбулаг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4500000 төгрөг, мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30000 төгрөг буюу нийт 4530000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

1. Хариуцагч Ц.Энхбулаг нь 2014 оны 7 сарын 03-ны өдөр нэхэмжлэгч С.*******аас 4000000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 2 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулан тэдний хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулагдсан болон түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь үндсэн зээлээ хариуцагчаас шаардаж, хариуцагч нь зээлийн гэрээгээр хүү тохирсон хугацаа сунгагдаагүй тул хүүнд төлсөн мөнгөө үндсэн зээлээс хасч тооцуулахаар тус тус маргажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.Энхбулаг нь зээлийн гэрээний хугацаа дуусмагц үндсэн зээл болон түүний хүүг нэхэмжлэгч С.*******д төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр гэрээгээр тохирсон хугацааны хүү буюу 2014 оны 8, 9 сарын хүү болох 640000 төгрөгийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлсэн боловч үндсэн зээлийг хугацаанд нь төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 1 дэх заалт, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон хугацааны хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээсэн байх ба зээлдэгч Ц.Энхбулаг нь зээлийн гэрээгээр тохиролцсон хоёр сарын хүүг төлсөн боловч хоёр тал гэрээний хугацааг дууссанаас хойш хүү төлөх хугацааг дахин сунгаагүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна.

Гэвч хариуцагч нь 2014 оны 10 сараас хойш 2015 оны 6 сар дуусталх хугацаанд зээлийн хүүнд нийт 2980000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч С.*******ын ХААН банкин дахь дансны хуулга болон зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар батлагдаж байх ба нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.Энхбулагаас зээлийн хүүнд 2980000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон хугацааны хүүг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй ба талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгаагүй тохиолдолд зээлдүүлэгч хүү авах эрхгүй бөгөөд зээлдэгч гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д  зааснаар гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх, эсхүл мөн хуулийн  219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм. Гэвч нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.Энхбулагийг гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээс өөрт учирсан хохирол гэж нэхэмжлээгүй бөгөөд хоёр тал гэрээндээ алданги тооцож төлүүлэх талаар харилцан тохиролцоогүй байна. /талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар заалт/

Иймд хариуцагч Ц.Энхбулагийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүүнд төлсөн 2980000 төгрөгийг үндсэн зээл болох 4000000 төгрөгөөс хасч тооцон, үндсэн зээлийн үлдэгдэл 1020000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “..Ц.Энхбулаг нь 2980000 төгрөгийг үндсэн зээлэндээ өгч байна гэж өгөөгүй, зээлийн хүүгээ өгч байна гэж өгсөн. Би түүнээс мөнгөө ашиглуулсан хугацааныхаа хүүг л авсан учраас үндсэн зээлээс түүний төлсөн мөнгийг хасч тооцохгүй...” гэж маргаж байх боловч түүний энэ тайлбар нь дээрх үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байна.

2. Хариуцагч Ц.Энхбулаг нь 2013 оны 9 сард нэхэмжлэгч С.*******аас 500000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр нэг сарын хугацаатайгаар зээлсэн байх ба тэдний хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарууд болон шүүх хуралдаанд эх хувиар нь шинжлэн судалсан С.*******ын өглөг авлагын бичилт бүхий хар өнгийн дэвтэр, С.******* болон Г.Цэрэнпил нарын ХААН банкны 2012-2013 онуудын дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Нэхэмжлэгч нь дээрх 500000 төгрөгийг ээж Г.Цэрэнпилийн мөнгө боловч би өөрөө Ц. зээлүүлсэн учраас өөрөө нэхэмжилсэн гэж шүүх хуралдаан дээр тайлбарласныг хариуцагч болон түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч нь дээрх 500000 төгрөгийг 700000 төгрөг болгон төлсөн учраас түүний үндсэн зээл гэж нэхэмжилсэн 500000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичгийн баримтуудаас үзвэл нэхэмжлэгч С.******* нь дээрх 500000 төгрөгийг ээж Г.Цэрэнпилийн данснаас авсан боловч уг мөнгийг зээлэх зээлийн харилцаа С.*******, Ц.Энхбулаг нарын хооронд үүссэн байх тул дээрх 500000 төгрөгийг нэхэмжлэгч С.******* нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ. 

Хариуцагч нь шүүх хуралдаанд 500000 төгрөгийг 2013 оны 10 сараас эхэлж сар бүр 50000 төгрөгөөр зээлийн хүүнд төлсөөр нийт 600000 төгрөг болгож төлсөн, мөн 6 сарын 28-ны өдөр нэмж 100000 төгрөгийг С.*******д ээжийнх нь дансаар болон бэлнээр тоолж өгсөн гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд түүнээс 600000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож, 100000 төгрөгийг үндсэн зээлд тооцож, нийт 700000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байна.

Гэвч нэхэмжлэгч хариуцагч нар нь дээрх 500000 төгрөгийг зээлэх үед зээлийн гэрээг бичгээр хийгээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдсан гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ц.Энхбулагийн үндсэн зээл болон зээлийн хүүнд төлсөн 700000 төгрөгийг үндсэн зээлд тооцох нь зүйтэй байх ба хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн 500000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн хариуцагч нь дээрх 500000 төгрөгийг төлөхдөө 200000 төгрөгийг илүү төлсөн байх бөгөөд хариуцагч нь илүү төлсөн мөнгөө С.*******аас буцаан нэхэмжлэх эрхтэй юм. Гэвч хариуцагч Ц.Энхбулаг нь дээрх мөнгийг нэхэмжлэгчид төлбөл зохих мөнгөнөөс хасч тооцуулах саналыг шүүх хуралдаанд гаргаснаас гадна тэрээр нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэгтэй тул түүний илүү төлсөн гэх 200000 төгрөгийг 2014 оны 7 сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих 1020000 төгрөгөөс хасч тооцон, үлдэгдэл 820000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байх боловч шүүх уг шаардлагыг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2016 оны 01 сарын 11-ний өдөр эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр хариуцагч Ц. холбогдох маргаанаа шийдвэрлүүлэхээр тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандан өргөдөл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 30000 төгрөгийг төлжээ. Энэ нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас маргаан зохицуулахтай холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө талууд болон зохигчдоос төлж байгаа мөнгөн хөрөнгө бөгөөд хуульд заасны дагуу эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргасан этгээд урьдчилан төлдөг.

Нэхэмжлэгч С.******* нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсны дараа Ц. холбогдох нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжийг дээрх 30000 төгрөг дээр нэмж төлөх байтал уг 30000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болгон хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Харин түүний эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамжид төлсөн 30000 төгрөгийг шүүх улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн гэж үзэн улсын орлогоос буцаан гаргуулах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 4500000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 86950 төгрөг төлөх ёстой байтал 87430 төгрөг төлж 480 төгрөг илүү төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамжид төлсөн 30000 төгрөгийг илүү төлсөн 480 төгрөгийн хамт 30480 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Ц.Энхбулагаас 820000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 24230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ц.Энхбулагаас зээлийн гэрээний үүрэгт 820000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3180000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

                

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.Энхбулагаас зээлийн гэрээний үүрэгт 820000/ найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3180000 /гурван сая нэг зуун наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117430 төгрөгөөс 86950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 30480 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ц.Энхбулагаас улсын тэмдэгтийн хураамжид 24230 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.УРТНАСАН