| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0361/Э |
| Дугаар | 445 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 445
2020 05 12 2020/ШЦТ/373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Чимгээ,
хохирогч С.Норхил,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъяан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад Боржигон овогт Цэрэндоржийн Бд холбогдох эрүүгийн 2011 00769 0325 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 37-04 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Хиад Боржигон овогт Цэрэндоржийн Б /РД: ______/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 24-13 тоотод төрсөн эх С.Норхилыг хөлөөрөө өшиглөж, гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохиж,
-2017 оны 11 дүгээр сарын 24, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 24-13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ахмад настан төрсөн эх С.Норхилыг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би архи уусан согтуу үедээ гэмт хэрэгт холбогдсон байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна миний буруу...” гэв
Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт найз Энхбат нь “Экс” нэртэй архи уучихаад тэндээсээ гэрлүүгээ явах гэж байгаад замаараа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 24-13 тоотод байрлах ээж Норхилын гэрт ороод цай ууж, хоол идэх гээд ороход намайг зайл архичин минь гээд хөөгөөд байхаар нь би уурлаад баруун гараараа ээжийнхээ зүүн нүд рүү нь 1-2 удаа цохисон. Тэр үед ээжийг орилхоор нь би гараад явчихсан. Тэгээд би өөрийн гэр болох СБД-ын 10-р хороо 37 дугаар байрны 04 тоотод унтаж байсан чинь гаднаас ээж, эгч хоёр цагдаагийн хамт ирээд намайг авч явж эрүүлжүүлсэн ...” гэх /хх-ийн 96-97х/,
Зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3х/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт/хх-ийн 7х/,
Хохирогч С.Норхил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 3 хүүхэдтэй. Ц.Б сүүлийн жилүүдэд архинд орсон. Архинд орсоны улмаас намайг зодсон. Би хүүгээ уучилна. Миний хүү удаа дараа намайг зодсон үйлдэл байхгүй. Миний хүү ганцаараа амьдардаг тул түүний амьдрал хүнд байгааг би ойлгож байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч С.Норхил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 19 цаг 10 минутын орчимд миний төрсөн хүү Ц.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой согтуу ирэхээр нь би гэртээ оруулсан. Тэгээд хүү маань гэрт орж ирэнгүүтээ аавыгаа үхсэн гэж худал ярьсан зүйлийгээ намайг ярьсан мэтээр чи миний аавыг үхсэн гэж хүмүүст хэлсэн байна лээ гээд тэгснээ намайг хоёр ч удаа зодох гэхэд би хүүдээ чи миний толгой руу битгий цохиж зодоорой гэж хэлсэн чинь хүү намайг цохиж зодоогүй. Тэгтэл удалгүй дахиад л чи миний аавыг үхсэн гэж хүмүүст хэлсэн гээд зодох гэхэд би нөхрийнхөө хажууд очоод суусан чинь араас ирэнгүүтээ эхлээд миний хөл рүү нэг удаа өшиглөчихөөд тэгснээ миний нүүрэн тус газарт зүүн талын минь нүдийг дайруулж, нүд болон хамар руу хоёр удаа гараараа цохисон. Хүү минь миний хамар руу цохисоноос болоод миний хамарнаас маш их цус гарсан. Тэгэхээр нь би цусаа гойжуулсан чигээрээ хүүхдээсээ зугтаж гараад хажуу талын айл руу орсон. Тэгээд тэндээс нэг залуу намайг гэр рүү оруулж өгөх хооронд миний хүү Б зөрөөд гараад зугтчихсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагын 102 утсанд дуудлага, мэдээлэл өгсөн. Хүүгийн минь энэ үйлдэл удаа дараа болж байна. Хүү минь өмнө нь буюу 2019 оны 11 дүгээр сард намайг зодоод чихний хажуу талыг сэтэлж байсан. Тухайн үед нь би цагдаагийн байгууллагад хандаж л байсан. Бас 2020 он гарсаар хүү маань 2 ч удаа гэрт ирж намайг дарамталж, намайг ална шүү гэж айлгаж, заналхийлж, хэд хэдэн ч удаа зодохыг оролдож завдаж байсан. Би тухай бүрт нь цагдаагийн байгууллагад хандаж байсан. Хүү маань байнга ирж агсам согтуу тавьж намайг тахир хамартай, Ховдын хүн биш гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, намайг ална барьна гэж айлгаж сүрдүүлж, хоолойг чинь огтолно, нүд рүү чинь халуун цай цацна гэж дарамталдаг. Хүүгийнхээ энэ дарамтаас болж би гэртээ ч тайван байж чадахгүй айдас түгшүүртэй байдаг болсон. Миний хүү 17-18 жил архи ууж байна. Архи уухаараа намайг байнгын дарамталж дандаа ална гэж сүрдүүлдэг” гэх /хх-ийн 4-5хы/,
Хохирогч С.Норхил мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2020 оны 3 дугаар сарын 22-ны орой хүү Б согтуу орж ирээд чи миний аавыг нас барсан гэж тараасан гэж над руу дайраад байхаар нь би айгаад хэвтэрт байдаг Цэрэндоржийн хажууд сууж байтал хүү Б зүүн нүд орчим гараараа 2 удаа цохисон. Тэгээд айж гараад эсрэг талын айлаас нэг хүү гарч ирээд намайг түшихэд наад эмэгтэй чинь миний эх биш өргөмөл гэж хэлээд гараад явсан. Би өөрийн биеэр цагдаа дуудсан. Өмнө бид 2 маргалдаж муудалцаж байсан. Эрүүл үедээ ч, архи уусан үедээ ч над руу дайраад байдаг. Зодохыг завдаж байсан. Би гомдолтой байна, эрүүл согтуу над руу дайраад байхаар нь айгаад байдаг. Өдий насандаа хүүхэддээ зодуулж, хүнд гэмтэл авмааргүй байна” гэх /хх-ийн 12-13х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №3909 тоот дүгнэлтэд:
С.Норхилын биед тархи доргилт, зүүн талын нүдний ухархайн хана дотогш этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн хацар, шанаа, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй.
Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх /хх-ийн 17-18х/,
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 24 дүгээр байрны 13 тоот хаягийн дуудлагын жагсаалт /хх-ийн 33х/,
Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоолууд /хх-ийн 34-36х/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 298 дугаар “зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 37х/, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяан “... Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч түүний өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн зарчмийн дагуу нэг гэмт хэрэгт 2 ял шийтгэл оногдуулж болохгүй. Байнгын гэдгийг 3-аас дээш байхыг шаарддаг. Ц.Бд 1 удаа зөрчлийн шийтгэвэр оногдуулж байсан. Байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдэг нь тогтоогдоогүй. Хохирогч олон удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан ч 1 удаа зөрчлийн хэрэг нээгдэж байсан. Хохирогчийн мэдүүлгээр намайг байнга зодоогүй би архи уусан хүнээс айсандаа дуудлага өгдөг байсан гэж мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл байнга үйлдэгдэж байсан нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 24 дүгээр байрны 13 тоот хаягийн дуудлагын жагсаалт /хх-ийн 33х/, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-н 27-32х/, Аюулын зэргийн үнэлгээний маягтанд эрсдэлийн түвшин “дунд”, Албадан сургалтанд хамруулж албадлагын арга хэмжээ авах шаардлагатай” /хх-н 7-8х/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Норхилын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №3909 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 24-13 тоотод төрсөн эх С.Норхилыг хөлөөрөө өшиглөж, гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
-2017 оны 11 дүгээр сарын 24, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр, 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 24-13 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ахмад настан төрсөн эх С.Норхилыг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нь 240 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ахмад настан төрсөн эх С.Норхилыг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт нь 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногт шилжүүлэн, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс цагдан хоригдсон бөгөөд түүний нийт цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Хохирогч С.Норхил нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хиад Боржигон овогт Цэрэндоржийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ахмад настан төрсөн эхийгээ байнга зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялд шилжүүлэн 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 7 /долоон/ сарын хугацаагаар тогтоож эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 19 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД