Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/454

 

                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Л.Энхтайван

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн Б.Год холбогдох эрүүгийн 1925007790002 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:, Монгол Улсын иргэн, Б.Г

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Гыг 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 5-р гудамжны 5 тоотод Б.Эрдэнэтуяагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд /яллах дүгнэлтэд бичсэнээр/ орсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын мэдүүлсэн “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Хохирогчид 1 600 000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

- Хохирогч Б.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  “Би архи сайн уудаггүй болохоор архи уухгүй гэсэн чинь 2 талаас шахаад байсан. Миний утас дуугарсан чинь Хасаа булааж аваад гар утсыг минь унтраагаад халаасандаа хийсэн. Би гар утсаа авах гэсэн боловч Хасаа гэх залуу намайг пизда, гичий минь утсыг чинь өгөхгүй гээд нүүр ам руу нилээд хэдэн удаа алгадаад миний хувцасыг тайлах гээд дайраад байсан. Би болиочээ гэж хэлсэн боловч тоохгүй дайраад байсан. Тэгээд дотуур хувцас хөхний даруулга, хувцас хунар гээд бүгдийг нь тайлаад хүчиндсэн. Би тухайн үед нилээн согтолттой байсан. Би эсэргүүцсэн боловч тэр залуу миний нүүр ам руу алгадаад байсан...Би эсэргүүцэх гэхээр үснээс зулгаагаад байсан. Би босоод цамц дотуур өмсдөг өмдөө аваад, куртикээ шүүрч аваад гарсан...Өглөө боссон чинь миний эрхтнээс цус гарсан байсан...Би жирэмсний онцгой хяналтад байдаг. 2 сартай жирэмсэн...Би энэ хэргээс болоод нөхрөөсөө салсан. Дундаасаа нэг хүүхэдтэй, 2 нас 4 сартай. Цаашид амьдрахад бэрхшээлтэй болсон. Би жирэмсэн учир ажил хийх боломжгүй байгаа. Энэ хэргээс болоод доошоо цусархаг зүйл гараад эмнэлэгт үзүүлэх, эм тарианы мөнгө хэрэгтэй байсан тул Гоос 1,000,000 гаруй төгрөг бэлнээр авсан. Бадархундага эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн...Би маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-21-р хуудас/

- Гэрч Д.Нарантуяагийн мэдүүлсэн ...Б.Эрдэнэтуяаг, Цэнгэл гэх найз нь дуудаад гарсан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байхад бага зэрэг согтолттой пиво үнэртүүлсэн, гадуур өмссөн байсан жинс, дотуур хувцасгүй уйлсан байдалтай орж ирсэн. “Яасан” гэж асуутал “Хасаа гэх залуу намайг хүчиндсэн, би эсэргүүцсэн боловч нүүр ам руу алгадаад зодоод байсан. Тэгээд арай гэж зугтаагаад зам дээрээс такси бариад учир байдлаа хэлээд ирлээ. Таксины жолооч мөнгө аваагүй, би мөнгө гар утасгүй, Хасаа булаагаад авсан...Манай охин 2 нас 2 сартай охинтой, бас 1 сар гарантай жирэмсэн. Биеийн байдлын хувьд хүндрэлтэй байгаа. Доошоо цус гараад байгаа. ” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-7-р хуудас/,

-Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15-р хуудас/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 760 дугаартай “...Б.Эрдэнэтуяагийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Бэлгийн замын халдварт өвчин тогтоогдоогүй. Хэрэг болсон гэх өдрөөс хугацаа их өнгөрсний дараа үзүүлсэн тул үтрээнээс наалдац аваагүй болно. Хүчиндүүлсэн гэх ул мөргүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33–р хуудас/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын ...Б.Эрдэнэтуяа нь стрессийн байдалтай байна ”гэх дүгнэлт /хх-ийн 51-р хуудас/

-Яллагдагч Б.Гын мэдүүлсэн ... Тэр үед Б.Эрдэнэтуяа гэх эмэгтэй миний хажууд суугаад хамт ууж идээд яваад байсан болохоор нь надад талтай юм байна гэж ойлгоод байсан юм. Тэгээд ууж байсан архи дуусаад Цогоо ах дахин архи авч ирээд тэрийг нь ууж дуусгаагүй унтацгаасан. Б.Эрдэнэтуяа бид хоёр газар хамт унтсан. Б.Эрдэнэтуяа унтаж байсан гарын хажууд бөөлжсөн. Тэгээд түүний цамц, өмд, хөхөвч, дотуур хувцсыг нь тайлсан, тайлах үед Б.Эрдэнэтуяа болиоч дээ хэрэггүй ээ гээд байсан. Бэлгийн харьцаанд орж дууссаны дараа Б.Эрдэнэтуяа өөрийнхөө утсаар нөхөр лүүгээ залгаад уйлаад яриад байсан. Тэгэхээр нь би утсыг нь булааж аваад түүний зүүн хацар руу баруун гараараа 2 удаа алгадсан. Хэсэг байж байгаад Б.Эрдэнэтуяа бие заслаа гэж гараад гэр лүүгээ явчихсан байсан. Тэгээд маргааш нь түүний ээж цагдаад мэдэгдсэн байсан...Бид нар ууж байх үед Эрка Цэнгэлд жирэмсэн гээд хэлж байхыг нь ярианаас нь сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад   дараахь үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г нь нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 5-р гудамжны 5 тоотод архидан согтуурсан үедээ хамт байсан эмэгтэй Б.Эрдэнэтуяаг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж гар утсыг  нь унтрааж  халаасандаа хийгээд” пизда, гичий минь утсыг чинь өгөхгүй” гэж нүүр ам руу нь алгадаад хүчээр хувцсыг нь тайлж эсэргүүцэхэд нь нүүр ам руу нь алгадаж бэлгийн харьцаанд орсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Эрдэнэтуяад хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй, нотлох баримтууд зөрүүгүй байна. Шүүгдэгч Б.Гын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг хүчиндэх гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл мөн бөгөөд Б.Гыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

 Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.        

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б.Г нь Б.Эрдэнэтуяагийн хүсэл зоригийн эсрэг эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогдсон. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хохирогчид 1,200,000  төгрөг төлсөн гэдэг боловч хохирогч 10 сая төгрөг нэхэмжилсэн тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд, шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа маргаангүй. Хохирогчид 1,600,000 төгрөг төлсөн.10 сая төгрөгийн нэхэмжлэл үндэслэлгүй, өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэнэ үү. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа гэж мэтгэлцсэн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэргийн материалд авагдсан шүүгдэгчийн хувийн байдлын баримтуудыг шинжлэн судлаж, хохирол төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд үзсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан   хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэргийн нөхцөл байдлын тухайд, ахуйн хүрээний шалтгаангүй архидалт, хохирогчийг жирэмсэн гэж ярьж байхыг нь сонссон атлаа  эмэгтэй хүнийг үл хүндэтгэн хүч хэрэглэсэн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэж дүгнэх үндэслэлтэй.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Б.Эрдэнэтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ / хх-ийн 96-р хуудаст/ “...нөхрөөсөө салсан, 2 хүүхэд өнчирсөн, сэтгэл санаа, миний гэж амьдрал энэ хэргээс болж үгүй болчихоод байна. Ээж ах 2-тойгоо байна. Хүнд хүчиндүүлж нөхрөөсөө салсан, хүүхдээ өнчрүүлсэн гээд өдөр болгон хөөгөөд байгаа. Одоо орох оронгүй мөнгө төгрөггүй 2 хүүхэд өсгөх баталгаагүй болсон. Энэ хохирлоо  барагдуулахын тулд 10 сая төгрөг нэхэмжилж байна” гэжээ. Хохирогчийн мэдүүлэг болон хэргийн 153-155 дугаар хуудаст авагдсан баримтуудаар Б.Г нь хохирогчид нийт 1,446,000 төгрөг төлсөн байна. Хохирогч давж заалдах шатны шүүхэд “нэхэмжлэх зүйлгүй” гэж тайлбар гаргасан байх боловч анхан шатны шүүх хурлын өмнө “хуралд орж чадахгүй төрөх гээд хотод ирсэн байна, хохирлын баримтуудаа явуулах гээд аваачиж өгөх хүнгүй байна, нэхэмжлэх болно” гэж мэдэгдсэн байх тул хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,554,000 төгрөгийн хэсгийг нь хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хөх өнгийн хөхний даруулга, цэнхэр өнгийн эмэгтэй хүний жинсэн өмд, улаан өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж цагдан хоригдсон хугацааг эдлэх ялын хугацаанд оруулан тооцохоор заалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гын цагдан хоригдсон 97 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.  Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хөх өнгийн хөхний даруулга, цэнхэр өнгийн эмэгтэй хүний жинсэн өмд, улаан өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Эрдэнэтуяагийн 8,554,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг  дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АРИУНЦЭЦЭГ