Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 733

 

 

 

 

 

 

 

 

 2020         08           06                                   2020/ШЦТ/733     

 

 

                                 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Улсын яллагч: М.Отгонбаатар,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,   

Шүүгдэгч: М.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Мөнхбатын Бөд холбогдох эрүүгийн 2009000000998 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гаалийн эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43а-501 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Боржигин овгийн Мөнхбатын Б, регистрийн дугаар: УЮ89071119,

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 1 зуслангийн задгай тоотод М.Өлзийнарантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож биед нь цээжний зүүн 7-р хавирганы хугарал, зовхи, цээж, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

  Эрүүгийн 2009000000998 дугаартай хэргээс:

  Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “…2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Отгонбуян гэх нагац эгчийн зуслангийн хашааг Өлзийнарангийн хамт янзалсан. Тэгээд дуусчихаад орой 18 цагийн үед гадаа гал түлж 3 лааз шар айраг уусан. Өлзийнаран 1 лааз шар айраг уусан байх. Тухайн үед хашаа янзлах ажил, гэр нүүлгэх ажил байсан тэгэхэд Өлзийнаран худлаа яриад ирж туслахгүй байсан юм тэгэхээр нь би тэрийг нь хэлж уурлахад өөдөөс Америкаас хар ажил хийх гэж Монголд ирээгүй гэж хэлсэн юм. Тэгэхээр нь миний уур хүрээд хавирга тус газар нь нэг удаа гараа атгаж байгаад цохиход газар унасан. Тэгээд дараа нь баруун гуяны ар хэсэгт нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-6, 19-20 дугаар хуудас/,

 

                 Хохирогч М.Өлзийнарангийн “...2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 1 зуслангийн задгай тоотод үеэл ах Мөнхбатын Бийн хамт архи согтуүруулах ундаа хэрэглэсэн. Ингээд бид хоёр юм ярьж сууж байгаад яриа нийлэхгүй маргалдаад зууралдаж, нэгнийгээ түлхээд намайг хальт цохиод... би газрын хөрсөн дээр тээглээд хойш унахад үеэл ах ирээд миний хавирга орчим гурван удаа өшиглөсөн бөгөөд боль гээд босоход хавирга өвдсөн... би гэрлүү ороход миний хойноос орж ирээд дахиад намайг цохиод дайраад байсан... миний биед учирсан гэмтлийг үеэл Б 3 удаа өшиглөж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-18 дугаар хуудас/,

 

                 Гэрч Б.Эрдэнэтуяагийн “...тэр хоёр эгч нарынхаа талаар ярьж байсан тэгтэл Өлзийнаран, Б ахад чи манай ээжийг элдвээр хэллээ гээд маргалдаад байсан... Б ах намайг утсаар ярих гэсэн юм утас олоод өг гэхээр нь би залгаж өгөх гэтэл Өлзийнаран миний утсыг унагаад энэ тэнэг юмны утсыг нь битгий ол гэхээр нь Б ах босч ирээд тэр хоёр зууралдаад... Б ах өшиглөсөн тэгтэл Өлзийнаран газар унаад ёооё үхлээ гэж орилоод зүлгэн дээр хэвтэхэд нь Б битгий баашлаад бай гээд дахиад цохих шиг болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №7527 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:  

            1. М.Өлзийнарангийн биед цээжний зүүн 7-р хавирганы хугарал, зовхи, цээж, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 1 зуслангийн задгай тоотод М.Өлзийнарантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож биед нь цээжний зүүн 7-р хавирганы хугарал, зовхи, цээж, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Өлзийнарангийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7527 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас” /хх-31 дүгээр хуудас/-аар, хохирогч М.Өлзийнаран нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч М.Бтэй эвлэрсэн талаар хүсэлт /хх- 40 дүгээр хуудас/ гаргаж өгсөн зэрэг нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа. 

Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүгээс гаргасан үйлдэл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигин овгийн Мөнхбатын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг  шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

          5. Шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

   7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН