| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0814/э |
| Дугаар | 734 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Даваадорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 734
2020 08 07 2020/ШЦТ/734
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Улсын яллагч: Д.Даваадорж,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: Ж.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Жамсрангийн Мд холбогдох эрүүгийн 2009000000989 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто машины инженер мэргэжилтэй, “Ану болор” ХХК-д борлуулалтын менежер ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 10 дугаар гудамжны 7-а тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Харчин овогт Жамсрангийн М, /РД: УШ91071099/,
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Ж.М нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Бизнес плаза” төвийн урд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замаар гарч явсан А.Даваа- Очиртой маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009000000989 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “…Би тэр өдөр эхнэр, 3 хүүхдийн хамт Талбай дээр шинээр баригдсан усан оргилуур үзчихээд номын сангийн эсрэг талд байрлах КРС орж хүүхдүүддээ ундаа авч өгөхөөр орсон. Тэгээд машинаа унаад яг төв зам руу орохын алдад нэг үл таних эрэгтэй хүн миний машины хажуу талаас ороод ирсэн. Тэгээд л над руу “чи замаа хараач гээд” уурлаад дайраад байсан. Тэгэхлээр би “та өөрөө замаа хараач гээд” зам руу нийлэх гээд байж байхад гар нь цонхоор орж ирээд миний баруун нүдний дээд хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхлээр нь би хөдөлгөөнөө зогсоогоод машинаасаа буугаад тэр ахтай маргалдсан. Тэгээд би тэр ахын хамар руу 1 удаа цохиод, бид 2 заамдалцаад тэр ахын цамц нь урагдаж хамарнаас нь цус гарсан. Тэгсэн чинь нөгөө ах миний нүүр рүү дахиад 1 удаа цохихлоор нь би зөрүүлээд нүүр нь тус газарт 1 удаа цохиод бид 2 харилцан зодолдсон. Тэгээд над руу дайраад байхлаар нь барьцалдаж аваад нөгөө ах намайг газарт унагаж хоорондоо ноцолдож байхад тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд би босоод машиндаа суух гэтэл нөгөө ах намайг машинд суулгахгүй хаалганаас бариад хэрүүл өдөөд байхлаар нь хэрэлдэж байгаад миний машин руу өшиглөхөөр буух гэж байгаад болиод тэвчээд яваад өгсөн. Тэр эрэгтэй надад түрүүлж гар хүрч миний баруун талын шанаа руу цохихлоор нь би машинаасаа буугаад тэр хамар болон нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж улмаар бид 2 хоорондоо барьцалдаж аваад харилцан зодолдсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Хохирогч А.Даваа-Очирын "... Би 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэг найзтайгаа Уулз гэдэг нэртэй пабад суугаад жаахан пиво уугаад сууж байгаад гэрлүүгээ харих гээд явж байгаад Номын сангийн КРС-ийн тэнд замаар гарах гээд явж байхад саарал өнгийн Тоёота Приүс маркийн тээврийн хэрэгсэл дайрах шахам өнгөрөх шахуу болоод зогсохлоор нь би өөдөөс нь чи аятайхан яваач явган зорчигчийг өнгөрөөх дүрмээ мэддэггүй юмуу гээд тэр хүн рүү уурласан. Тэгсэн чинь нөгөө жолооч залуу чи дуугүй бай гээд тэгээд бид 2 муудалцаад нөгөө залуу машинаасаа бууж ирээд намайг ална тална гээд миний нүүр нь тус газарт 2-3 удаа цохих үед би манараад тэрнээс хойш тэр залуутай барьцалдаж аваад хоорондоо зууралдсан. Тэгээд нөгөө залуу миний зүүн талын хавирга руу хүчтэй цохихлоор нь би айгаад энэ намайг яг алах нь байна гээд 2 хөлийг тэврээд хамтдаа зууралдаад газар унасан. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад нөгөө хүмүүстэй байж байхад нэг л мэдэхэд нөгөө намайг цохиж зодсон залуу яваад өгсөн. Тэгээд би тэр өдөртөө гэртээ хариад унтаад өгсөн. Тэгээд өглөө босож ирсэн чинь нүд ам, уруул хавдаж хөхөрсөн бас зүүн талын хавирга орчмоор хөндүүртэй байхлаар нь шууд гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд тэгээд цагдаа дээр ирээд хүнд зодуулсан гэж гомдол гаргасан” гэсэн мэдүүлэг /6-8 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №7455 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. А.Даваа-Очирын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, уруулын гадна салстад зулгаралт, дотор салстад язарсан шарх, хүзүү, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 14-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.М нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Бизнес плаза” төвийн урд тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замаар гарч явсан А.Даваа- Очиртой маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Даваа-Очирын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7455 дугаартай дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Д.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх- 38 дугаар хуудас/-аар, хохирогч А.Даваа-Очир нь хохиролд 1.475.820 төгрөг авсан ба шүүгдэгч Ж.Мтэй эвлэрсэн талаар хүсэлтийг шүүхийн шатанд гаргаж өгсөн /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүгээс гаргасан үйлдэл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.М нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч нь хохиролд 1.475.820 төгрөг авсан ба шүүгдэгч Ж.Мтэй эвлэрсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар цагаан өнгийн 1 ширхэг Си ди хавсаргаж ирүүлсэн байх ба уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Харчин овогт Жамсрангийн Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мөнх-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав / сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ж.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН