| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0746/э |
| Дугаар | 735 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 735
2020 08 07 2020/ШЦТ/735
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Улсын яллагч: М.Отгонбаатар,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржцэмбийн Бд холбогдох эрүүгийн 2009012541022 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 01 сарын 11-ний өдөр Завхан аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Батлан Хамгаалах Их Сургуулийн Хуягт такийн командийн ангийн 4 дүгээр күрсийн оюутан, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 17-105 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овогт Доржцэмбийн Б, /РД: ИН92021138/,
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Дөлгөөн нуурын орчимд хохирогч Б.Бат-Оргилын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2009012541022 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “…маргалдаж байхдаа би нүүр хэсэгт нь нэг удаа цохисон уг гэмтлийг би учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Хохирогч Б.Бат-Оргилын “...таксинд суусан тухайн машин нь 98-47 СЭА улсын дугаартай Марк X зио маркийн машинд суусан. Би сүүлд нь уг машины дугаарыг нь санасан. Гэхдээ одоо бол Дөлгөөн нуурын орчимд зодуулсан байх яг хаана гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн машины жолоочтой ярихад манай найз 0.33 граммын нэг шил архи хувааж уусан. Манай найз таныг цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Г.Баясгалангийн “...манай найз тэр ахтай архи хувааж уусан Тэгэхээр нь би найз Бд хандан битгий миний машинд архичин юмнуудтай уугаад бай гэсэн Тэгсэн тэр хоёр хамт буусан. Тэгээд 10-20 минут орчим болсон байхаа манай найз Б уучихаад ирлээ гээд орж ирсэн. Тэгэхээр нь би нөгөө ах чинь хаачсан юм бэ гэж асуухад манай найз Б надад хэлэхдээ би нэг цохичихсон гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №4482 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Бат-Оргилын биед баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн шарх, баруун, зүүн, нүдний доод булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Дөлгөөн нуурын орчимд хохирогч Б.Бат-Оргилын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бат-Оргилын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4482 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Д.Бг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-46 дугаар хуудас/-аар, хохирогч Б.Бат-Оргил нь эмчилгээний зардалаа авсан ба шүүгдэгч Д.Бтай эвлэрсэн талаар хүсэлт /хх- 76 дугаар хуудас/ гаргаж өгсөн зэрэг нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамаарууллаа.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүгээс гаргасан үйлдэл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б нь эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Доржцэмбийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН