Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/199

 

    

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч С.Батмөнх-Очир

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа

Шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Цид холбогдох эрүүгийн 2025000000194 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Ц

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Н.Цийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн Рашаант багийн 28 дугаар гудамжинд иргэн Б.Баасансүрэнгийн биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Цийн мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө гэх мэдүүлэг,

-Хохирогч Б.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн........”Миний аав Баярсайхан нь Цд 2019 оны 11 дүгээр сард машинаа өгч явуулаад Ц нь машиныг нь унаж яваад аваарь хийж машиныг нь эвдсэн. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө Ц над руу утсаар ярьж элдэвээр доромжилсон, учир нь Ц машины кабин авсан мөнгөнөөс 500,000 төгрөг өөрөө авсан байсан. Тэгээд хэлтэл намайг янз бүрээр хараасан. Тэгээд 10 цагийн үед Цтай Рашаант багийн 28 дугаар гудамжны үзүүрт таарсан гэтэл машинаасаа буугаад хэрүүл хийгээд би Цийн баруун талын ташаа руу гараараа хөгшин хүмүүсээс мөнгө унагаагаад яаж байгаа чи гээд нэг удаа цохисон гэтэл намайг зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохиж газар унагаасан тэгээд дээрээс миний баруун талын шанаа руу нэг удаа дэвссэн тэгээд намайг хашаа мөргүүлээд явсан. Би найз Алтанхуягын хамт явж байсан. ..Миний бие одоо толгой өвдөж байна. Эмчийн бичиж өгсөн эм тариаг авч уусан. Эмнэлэгийн бичиг баримт байхгүй... Ц надад учруулсан хохиролдоо 160,000 төгрөг төлсөн. Надад гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-н 8-9-р хуудас/

- Гэрч Б.Алтанхуягийн мэдүүлсэн...Ц утсаар яриад 500,000 төгрөгийн хэрүүл хийж байсан, тэгээд удалгүй гудамжны үзүүрт Баасансүрэнтэй таараад тэр хоёр хэрүүл маргаан хийж байгаад Ц, Баасансүрэн хоёр барьцалдаад зодолдоод унасан. Тэгээд би дундуур нь орж Цийг салгах гэтэл Ц намайг хойшоо түлхээд Баасансүрэнг очиж толгойн тус газарт нь нэг удаа гараараа цохиж өвдгөн тус газарт нь нэг удаа өшиглөж байсан. Хашаа руу толгойгоор нь түлхэж байсан. Тэгээд би аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-р хуудас/

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 390 дугаартай... Б.Баасансүрэнгийн биед хоёр хөлийн гуя, өвдөг, шилбэний эргэн тойронд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 13-14-р хуудас/

-Хохирогч Б.Баасансүрэнд эмчийн бичиж өгсөн эмийн жор /хх-ийн 35-р хуудас/

-Хохирогч Б.Баасансүрэнгийн хохиролд 160,000 төгрөг төлсөн цаашид гаргах гомдол саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

             Шүүгдэгч Н.Ц нь 2020 оны 04 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Рашаант багийн 28 дугаар гудамжинд хувийн шинжтэй маргаанаар шалтаглан  Б.Баасансүрэнг цохиж өшиглөн зодож биед нь хоёр хөлийн гуя, өвдөг, шилбэний эргэн тойронд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан  байна.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Н.Цийн бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан  энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  дүгнэлтээр “...Б.Баасансүрэнгийн  биед  хоёр хөлийн гуя, өвдөг, шилбэний эргэн тойронд цус хуралт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна...” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Иймд  Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Цийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                  

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Н.Ц 2020 оны 04 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Рашаант багийн 28 дугаар гудамжинд иргэн Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа шүүх хуралдаанд, гэм буруугийн тухайд маргахгүй, торгуулийн ялыг 3 сард хэсэгчлэхээр тогтоож өгнө үү гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Б.Баасансүрэнгийн хохиролд 160,000 төгрөг төлснөөр  хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх баримт /хх-ийн 39-р хуудас/-т авагдсан ба шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.    

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн  эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч И овогт Н.Цийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Н.Цид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  90 хоногийн хугацаанд сард 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ